Танин мэдэхүй

Оюутолгойнхон гадаргын усаар “гар”-аа угаахаар шийджээ

 

-Тус компанийнхан гүний усны нөөцийг дуусгасан уу- 
Өмнийн цэнхэр говьд өөрийн юм шиг эзэн суусан Оюутолгойн ноёрхол хэрээс хэтэрлээ.  Олборлолтоо хийх нэрийдлээр гүний усыг хайр найргүй ашиглаж дуусгаад одоо гадаргын ус руу улайран оржээ.
Гадаргын усыг өнгөрсөн долоо хоногоос хэрэглэж эхэлсэн гэнэ. Үүнийгээ нутгийн иргэд болон бусад газруудад мэдэгдэхгүй гэсэндээ түргэн авч ашиглаж буй усны ундаргаа дарах оролдлогыг хийж эхлүүлсэн аж.
Оюутолгой компани нэг секундэд 870 литр ус ашиглах гэрээг Монгол Улсын Засгийн газартай байгуулж байсныг иргэд мартаагүй. Гэтэл цаасан дээрх гэрээг салхинд хийсгэж, цаг хожих гэсэн Оюутолгойнхон ундны усыг ховх сорж эхэлсэн бололтой.
Оюутолгойн олборлолт энэ хэвээр үргэлжилвэл гурван жилийн дараа өмнийн цэнхэр говьд цөлжилт нүүрлэж хүн, мал нь ундны усгүй хатах аюултай гэгдэж байсан сануулга биелэлээ “олов”.
Тэгэхээр өмнийн цэнхэр говийнхон цангаж мэдэхээр болжээ. Гүний усны нөөц дуусч, гадаргын ус хэрэглэж эхэлсэн гэх мэдээллийн мөрөөр Оюутолгой компаниас тодруулахад “Наадах чинь үндэслэлгүй мэдээлэл. Гүний үйлдвэрлэл ч эхлээгүй байхад худлаа мэдээлэл байна” гэлээ.
Энэ нь өөрсдийн арьсаа хамгаалах гэсэн жижүүрийн хариулт ч байж мэдэх юм.  Ямартай ч ирэх долоо хоногт Оюутолгой компанид албаныхан десант бууж алдаа дутагдлыг нь дэнслэх гэнэ. Говь нутаг ус багатай. Тэр дундаа ундны ус хомсдолтой байдаг.
Үүнийг нь Оюутолгойнхон мэдэхийн дээдээр мэднэ. Гэсэн атал ашиг л олж байвал хамаагүй мэтээр амьд байгалийг сүйтгэж байна.  Сүйтгэх сүйтгэхдээ хүн байгалийн шүтэлцээ болсон усыг нь ховх сорсоор. Гүний ус дууссан явдал нь аюулын харанга дэлдэхтэй адилхан.
Учир нь газрын хөрсөнд байх усны гольдирлууд нэг нэгнээсээ эх авдаг нарийн тогтоцтой. Үүнийг нь хүчирхэг техникээр ховх соруулахад усны нөөц хэр зэрэг багасах нь тодорхой юм.
Оюутолгой компанийнхан 30 жилийн турш гүний цэвэр усыг ашиглана гэгдэж байсан. Элий балай энэ шийдвэрийг нь эрх мэдэлтнүүд болоод эрдэмтэн судлаачид нь нягталж үзээгүйгээс өнөөдөр Өмнөговийнхон ундны усны хомсдолд орох аюулд оржээ.
Одоогоос хэдэн жилийн өмнө Оюутолгой баяжуулах үйлдвэрийн хүчин чадал хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулна. Оюутолгой цогцолборын нийт хэрэгцээний усны 84 хувийг эргэлтээр дахин ажиллах бөгөөд 16 хувийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт гүний хоолойн талбайд газрын гүний уснаас авч ашиглана гэж байсныг эргэн сануулъя.
Энэ нь Оюутолгой ордоос 25-70 километр зайд орших гүний хоолойн газрын доорх усны ашиглалтын нөөцийг хоногт 75 мянга 168 шоо метрээр ашиглах тооцоо. Энэ бүгд нь “Улсын усны мэдээллийн санд” бүртгэгдсэн байхаар яригдаж байлаа. Тэгвэл Оюутолгойн компани хэдий хэр ус ашиглав, усны нөөц хэдэн хувьтай байна гэдгийг тайлагнах газар өнөөдөр алга.
Б.Чанцал 
Эх сурвалж: 

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close