Танин мэдэхүй

Хоёулаа адилхан улаан юм байж

Ойрын үед Монголын улстөрд үүсээд байгаа хоржоонтой даа­жиг­налыг харж, сонсох тусам зарим нэг наргиантай зүйрлэл ой ухаанд гялсхийтэл орж ирэх нь зугаатай.
Жишээ нь Монголын уран сайхны “Төөрсөөр тө­рөлдөө” хэ­мээх нэг сайхан кино байдаг даа. Тэр ки­нонд шархадсан хоёр орос офицерын нэг нь “Би улаан, тэр цагаан” гэж хэлдэг хэсэг бий. Харин киноны гол дүр, уулын агуйд орогногч Балт   “Хэ цэс. Хоёулаа шар юм байж” гэдэг шүү дээ.

Тэгвэл дэлхийн хам­гийн том,  ядуухан социа­лист улсыг өнөөд­­рийн хөгжлийнх нь зөв голд­рилд оруулсан Хятадын агуу их шинэчлэгч, өвгөн Дэн Сяопин “Муур ямар өнгөтэй байх нь ха­маагүй. Оготно барьдаг байх нь л чухал” хэмээн тунхагласнаар урд хөршийнхөн өнөөдөр эдийн зас­гийн гайхамшгийг бүтээж байгаа. Ухаандаа Дэн өвөөгийн то­дорхойлсон өмнөд хөршид гай­хамшгийг бүтээгч том муурын арьс, үсний гялалзсан сор нь зах зээлийн эдийн засгийн өнгөөр туяарах хэдий ч хавь ойрын харх, оготныг тасар татах хүчирхэг араа, шүднийх нь цаанаас аль эрт социализмын үеийн нэвширсэн  үнэр сэнхийж л байгаа.

Харин өнөөдрийн Монголын улстөрд хоёулаа адилхан улаан юм байж, оготно барих нь бай­тугай өөхөлж таргалаад босч ча­дахаа больсон хоёрын зэрэг муур багшийн үлгэр хөвөрч байна. Уг нь 90 нас хүрсэн жигтэйхэн хашир, урдуураа улаан хөлтэй оготно, хулгана алхуулалгүй, тэр дор нь гялс манас шүүрдэг ганц­хан том улаан муур  байв.

Сүүлийн жилүүдэд  оготно, хулгана гэнэтхэн  айхтар сүрхий өсч, муур багшид  илүү хөдөлгөөн хийлгүй хэвтэж байгаад гэдсээ дүүртэл идээд байх бололцоо нээгдсэнээр  хөдөлж чадахгүй болт­лоо таргалж, элдэв өвчинд ороогдох болжээ. Арьс нь язрах шахтлаа тар­галсан том улаан муур хөдөлж ч чадахгүй хэвтэж байтал түүний төрсөн дүү хаанаас ч юм гүйж ирснээр хамаг хэрэг мандсан түүхтэй.

Хөнгөн шингэн биенийх нь улаавтар шаргал сор нь  “МАН”-ын өнгөөр солонгорох залуухан муур эхэндээ тун ч түрэмгий бас омголон байв. Урдуураа огот­но, хулгана байтугай зарим үед нохой, шувуу ч явуулахгүй хоргоож хөөрхөн шоглосоор бай­гаад жинхэнэ аймшигтай араатан болж хувирсан. Шазруун омогтой, залуухан улаан муур эхэндээ  том улаан муур руу  сэрвээний үсээ байдгаар нь босгож, хорсолтой муухайгаар чарлан дургүйцлээ илэрхийлдэг байсан бол тун удалгүй  өчүүхэн ч эмээлгүйгээр самардалцах бол­сон билээ. Тэгээд ч энэ тэмцэл удаан үргэлжилсэнгүй.

Бүдүүн улаан муур өдрөөс өдөрт хүч чадал нь бүрэлдэж яваа залуухан, омогтой дүү муур­­таа хэдэнтээ цусаа гоожтол са­мар­дуулж аваад дуртай дур­гүй­хэн дулаан хэвтрээ тавьж өгөөд  хаашаа ч юм гүйж одсон түүхтэй.  Ингээд  дүү муурын хаанчлал эхэлж жил гаруй жаргаж үзэв. Гэвч арьсаа язартал зоолсон энэ жар­гал нь хоног хугацаатай байжээ.

Нэгэн удаа урд нь харагдаагүй  орог саарал хархыг тасар татан хаяхаар өндрөөс үсэртэл буух газ­раа буруу тооцоолж, том хар чулуу мөргөснөөр  хамаг бие нь үйрэх шиг болж, хоёр нүднээс нь гал бутарч, байдаг чадлаараа чарлан хөсөр унасан билээ. Хоёр ч хөлөө хугалж, хэдэн хавиргаа сан­жуулсан тэр өдрөөс ихэмсэг дүрт дүү улаан муурын сүр, сүлд өдрөөс өдөрт доройтсоор өнөөдөр арайхийн хэвтрээсээ босч ус долоох төдийгөөр амиа торгоож явна.

Урьдын сайхан цагт ганц үсрэлтээр барьдаг байсан огот­но, хулганууд нь “одоо энэ маньд халдах нь өнгөрсөн” гэсэн шиг хамрынх нь өмнүүр гүйл­дэж,  өвдөж шаналсан  биеийг нь өлс­гө­лөн­гийн аюулаар тарч­лаана. Хэзээ ямагт гурвалжлан, зэр­лэг догшноор ногоорч асан хоёр нүд нь ширгэж царцаад, үзэгдэх төдий ёлтойно. Цээжнийхээ цаа­­наас зовиуртай хүржигнэх өөрийн­­хөө амьсгалын үл ялиг чи­мээг сонсон сүүлчийнхээ хү­чийг шавхан зантгар толгойгоо арай ядан хөдөлгөж хэвтэхэд цаг хугацаа зогсчихсон мэт туйлын шаналантай.

Бага улаан муур үхлийн өм­нөх аймшигт нам гүмийн дунд өнгөрсөн амьдралаа дурсан са­нах­даа гэнэтхэн ирсэн азгүй то­хиолыг бодох бүр хатаж ширгэн, ёозгүйхэн  ёлтойх  нүднээс нь ганц­хан дусал нулимс бөмбөрөн гарч ирснээ газар уналгүй ууршиж одно. Сүүлчийн хүчээ шавхан ом­голон давлиун үеийнх шигээ сэрвээний үсээ босгох гэж хэдэн­тээ  оролдоод хүч нь хүрэлгүй та­мир­дахдаа хий дэмий л хор­сол­тойгоор чарлавч түүний дууг сонсож байгаа оготно ч байхгүй нь гачлантай.

Ширгэж  ёлтойсон хоёр нүд нь тэрүүхэндээ занал, хорсол, үзэн ядалтаар буцлах хэдий ч хор­годон хэвтээ харанхуй нүх­нийх нь булангаас сүүмийсэн улбар цэг төдий л сүүмэлзэх ажээ. Тэгтэл харанхуй нүхэнд нь нэгэн пөөнийсөн хар юм гул­бил­зан орж ирсэн нь жилийн өмнө өөрийнх нь тасар татчих шахан хөөж явуулсан том улаан муур амандаа сүүжний яс зуусаар орж ирсэн байжээ.

 

Сүүжний яс­ны үнэрээр зантгар толгойгоо арайхийн газраас хөндийрүүлж, горьдлого  тээсэн  харцаар  хөг­шин  улаан муур руу харвал нө­гөөх нь “За гарзтай ч юм биш. Энэ муу ясыг мэрвэл мэр” гэсэн байдалтай нүхнийх нь нөгөө буланд өмнөөс нь хараад тэрийгээд хэвтжээ. Ийнхүү жилийн өмнө цусаа гар­тал маажилцаж асан хоёр муур хэн нэгнээсээ аврал, дэмж­лэг харсан шиг харанхуй нүх­ний­хээ хоёр талд цээжнийхээ гүнээс  үл ялиг хүржигнэх чимээг сонсон хэвтэнэ. Муурнууд хэдийгээр нэгэндээ дургүй, болж л өгвөл хэмлэлдэх хэдий ч хөгширч, өвдөж зовоод ирэхээрээ нохой, гахай, тахиаг бус муураа л барааддаг нь амьд­ралын жам юм даа.

 

Эх сурвалж:

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close