Онцлох

Тэр хэн нэгний түшиц газар уу, эсвэл түшиц газартай хүн үү

Ардын намын залуус намын дарга Ө.Энхтүвшиндөө шаард­лага гардуулав. Шаард­лагатай бол мань хүнийг намын даргын албан тушаалаас нь авч хаях тухайгаа ч дуулгаад амжлаа. Сонгуулиар ялагдал хүлээсэн буурал намынхан шинэчлэл хийж, удирдлагуудаа “цэвэрлэсэн” гэлцдэг. Энэ тухай өнөө цагийн намын аппаратынхан тун ч сайн ухуулан, тайлбарлах нь бий.

 

Гэтэл нэр бүхий эрх­мүүдийн хувьд энэ нам удирдлагуудынхаа байрлалыг сольсноос биш шинэчлэл огт хийгээгүй гэж үзэж байгаа юм. Иймд ах намын залуус бослого гаргаж, Ардын намаа шинэчлэхийн тулд намын их хурлыг ойрын хугацаанд хуралдуулах нь зүйтэй гэх шаардлага сүүлийн үед бүр ч их тавигдах болж. Энэ дуулианаар нэрд гарч, тодрох болсон Я.Төмөрбаатар, Аюур­сайхан, Батсүмбэрэл нарын гурван эрхмийг нэгэн зүйл холбоод байгааг анзаарахгүй байхын аргагүй.

 

Тодруулбал, мань гурав намын Ерөнхий нарийн бич­гийн дарга асан У.Хүрэл­сүхийн зөвлөхүүд. Я.Төмөр­баатарын тухайд урьд нь намын Хэвлэл мэдээлэл, суртал­чил­гааны албаны дар­гаар ажиллаж байсан нэгэн. Улмаар 2009 оны Ерөн­хий­лөгчийн сонгуулийн ялагд­лын дараа У.Хүрэлсүхийн ах­лах зөвлөхөөр ажиллах болжээ. Аюурсайханы хувьд Чин­гэл­тэй дүүргийн Засаг дар­гаар хоёр жил ажилласан.

 

Боловс­ролтой мэдлэгтэй энэ залууг буурал намын залгамж халаа гэж үнэлэх хэсэг бий. Туг дагаж намирдаг дарцаг биш гэлцэх ч мөн л генсекийн зөвлөх гэсэн хүзүүвчтэй. Батсүмбэрэлийн хувьд ялгаа­гүй. Ухнаа гуайн хүүгийн зөв­лөх. Ийм нэгэн гинжин ур­валаар холбогдсон гурван эр­хэм бослого уриалж, намын залуусын цөсийг хөөргөж явна.

Улстөрөөс ангид байж, ар гэртээ санаа тавихаар явсан генсекийн зөвлөхүүд намын шинэчлэл ярьж, эргэж харан чулуу шидлэх болсон нь хардлага дагуулна. Тэр ч бүү хэл, намын шинэчлэл нэрийдлээр бослого гаргаж, намын даргаа огцруулах гэх нь бүр ч сонирхол татна. Хэргийн учир нь тэдний араас У.Хүрэлсүхийн дүр тодорч харагдаад байгаад орших.

 

Эх орондоо эргэн ирсэн шалтгааныг ч үүнтэй холбон тайлбарлаж байна. УИХ-ын гишүүнийнхээ бүрэн эрхээс татгалзаж, ар гэрээ сонгосон мань хүнийг улс төр судлаачид “У.Хүрэлсүх эргэн ирнэ ээ” гэж байсныг мартаагүй биз. Ирэх ирэхдээ илүү дуулиан шуугиантайгаар эргэн ирнэ гэснийг ч санах хэрэгтэй. Харин ийм хурдан гэж үү…
Уг нь түүнд өнөөгийн намын даргыг муухай хараг­дуулах шалтаг шалтгаан үгүй л байлтай. Гэхдээ үргэлж дуулиан тарьж явдаг энэ нөхрийн өмнөх үйлдлүүд хачирхалтай бас хардлага төрүүлэм байсан нь эргэлзээ төрүүлнэ. Тэр цаг ямагт Ардчилсан намын тагнуулч шиг, ах намын дайсан шиг ажиллаж ирснийг өнгөрсөн цаг сануулна. Буурал намыг энэ удаагийн сонгуулиар өвдөг шороодуулахад хүр­гэсэн ууган нэрийг Ухнаа гуайн хүү хамгийн ихээр хүсэмжилсэн.

 

Н.Энхбаярын үед намын нэрийн асуудал хөндөгдөж, Х үсгийг халах тухай яригдсан ч тэгсгээд дарагдсан. Хариуцлагатай сонгууль хаяанд ирсэн үед намын нэрээрээ оролдох бүр ч хэрэггүйг С.Баяраас эхлэн олон хүн анхааруулсан ч цус шингэн, нас залуу генсек тоогоогүй. Ямартаа л “Намын нэрнээс болж ялагдал хүлээвэл бүх хариуцлагыг би өөрөө хүлээнэ” хэмээн хэвлэлийнхний өмнө том дуугарч байхав.

 

Гэвч нэрнээс болж нам хоёр хуваагдаж, улмаар тэд тугаа бөхийлгөсөн нь маргашгүй үнэн. Гэтэл хариуцлагыг гон бие гозон толгойгоороо хүлээнэ гээд байсан залуу УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, журмын нөхдөө дайны талбарт орхиод явав. Намын даргадаа ч хэлэлгүй ийм шийдвэр гаргасан гэдэг. Өөрөөр хэлбэл, цөөнхийн эрхээ ч эдэлж чадахгүй,

 

УИХ дахь бүлэг нь АН-ыг царайчилж байсан хүнд үед тэр өрсөлдөгчдөдөө мөн л ашигтай хувилбар үлдээгээд арилсан нь саяхан. Үзэгчдийн суудлаас бол түүнд хүний нам өгөөмөр хандаж байхад өөрийнхөн нь өшиглөөд хаясан дүрийг тэр бүтээсэн. Одоо гэтэл асуудалд хэрхэн хандаж эхлэв. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж, хаалга тогшсон энэ үед түүний зөвлөхүүд мөн л намынхаа эсрэг ажиллаж, Ө.Энхтүвшинг муухай харагдуулах гэж санаархана.

 

Ах нам муухай харагдах тусам Ардчиллынхан өнгө орно. Улмаар ялалт биш ялагдал мөн л энэ намынх болж ирэх нь. У.Хүрэлсүхийн хүсэл, хүсээд буй шинэчлэл нь энэ гэж үү. Үнэхээр дээрх гурван босогчдын ард хуучин генсек алга хавсран суугаа нь үнэн бол тэр улс төрд эргэн ирж байгаа байх нь. Магадгүй улс төрөөс яваагүй ч юм бил үү.

 

Эсвэл, цэцгийг услаж л байхгүй бол хатаж, хорчийдог шиг У.Хүрэлсүхээр баг хийж, түүнийг улс төрд байгаа мэт сэтгэгдлийг сонгогчдод, олон нийтэд төрүүлж байж тэжээгддэг хэсэг бүлэг ч байж болзошгүй юм. Юутай ч ХҮК-ийн эргэн тойрон дахь улс төр эрчимжиж эхэллээ. Тэр хэн нэгний түшиц газар шиг харагдаж байна.
Л.Нинжсэмжид

Эх сурвалж: “Нийгмийн толь”

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close