Танин мэдэхүй

Шүхэргүй үсэрсэн монгол буюу эвдэн сүйтгэх шатлал

 

Ажлын байрны төлөөх сонгуулийн өрсөлдөөн
Сонгууль гэгч нэгэн хийрхэл Монголд өрнөсөөр… Нам намаар талцан хэрэлдэж, телевиз, сонин хэвлэлүүд өөр сэдэв багтаах зай, завгүй сурталчилна. Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгууль буюу Иргэдийн төлөөлөгчдийн хуралд арван есөн мянга гаруй хүн нэр дэвшсэн гэнэ. Тэднийг дэмжиж, дагалдаж, сурталчилгааны ажилд нь  оролцсон хүн хүч, хөрөнгийг тооцвол үнэхээр нүсэр тоо гарна.
Магадгүй үүнийг гадаадынхан “улс төрд зүтгэх хүсэлтэй, нийгмийн зүтгэлтнээр “энэ жижигхэн улс” дүүрчихсэн юм байна!” хэмээн гайхан дуу алдах байх. Гадаадынхан байтугай нэр дэвшигчид маань ч өөрсдөө бараг тэгэж бодож, дүрдээ итгэчихээд янз бүрийн амлалтыг сонгогч олонд өгсөн. Харамсалтай нь харин тэдний амлалт биелэхгүй, амлалтаа биелүүлэх нөхцөл бололцоо бий эсэх талаар ч тэд бодолцоогүй.
Ердөө л сонгогдохын тулд сайхан юм ярьж, явсан хэрэг. Түүнийг нь ч сонгогч олон мэдэж байгаа. Тэгвэл мэдсээр байж яах гэж тийм хүмүүс өрсөлдөж, өрсөлдүүлж, сонгогчид талцаж, өрсөлдөн дэмжиж сонгууль өгдөг байна аа?! гэсэн нэгэн гайхширсан асуулт гарч ирнэ. Асуултын хариу ч тодорхой.  Тэд ердөө л ажлын байртай болж авахын тулд, үхэн хатан тэмцэлдэж байгаа нь тэр.
Мэдээж үүний цаана ажлын байраа хадгалж үлдэх, ах дүү найз нөхөд, дэмжигчиддээ “суудал” бэлтгэх, эрх мэдэлд амташсан нэлээд хэсэг нь нийгмийн хөрөнгө баялагаас овоохон завшчих боломж бүрдүүлэх гэх мэт олон хүсэл сонирхол багтана. Мөрийтэй тоглоомонд азаа үзэж байгаа донтой тоглоомчинтой л адил юм даа.
Муу хэлэх үгээ олж ядахдаа нэр дэвшигчдийг мөрийтэй тоглоомын донтон гэлээ гэж уншигч та бүү эндүү ойлгоорой.
Чухамдаа нэр дэвшигчдийг донтон гээд байгаа хэрэг биш харин сонгууль хэмээх ажлын байрны төлөөх тэмцэл нь бүтээсэн бүхнээ 4 жилийн шатлалтайгаар эвдэн сүйтгэх шалтгаан болж байгаа нь улс нийгмийг бүхэлд нь амьдралаа сүйтгэн тоглох донтонтой адил болгочихоод байгаа юм.
Хэн ч үл тоомсорлодог “Эвдэн сүйтгэх” ажиллагаа
Ажлын байрны төлөөх “сонгууль” гэх тэмцлийн үр дүн ямар өөрчлөлт авчирдагийг одоо харъя. Мэдээж ялагчид өөртөө ажлын байраа тохируулахын тулд хуучин байсныг эвдэн устгах хэрэгтэй болно. Ингээд л эхлэнэ дээ… УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар яамдын тоог нэмэж 16 болгож сайдыг 19 болгосон. Өмнө нь Засгийн газрын асар их зардал чирэгдэлтэй үрэлгэн бүтцийг цомхон болгох тухай сүржин ярьцгааж байсан тэдэнд яг ажиллах болохоор өмнөхөөс арай олон сайдын суудал хэрэгтэй болж л дээ.
Өнөөдөр ярьснаа маргааш нь буцдаг тэд дэд сайдгүй ажиллана гэж амласнаа буцаж “шахааны” дэдүүдтэй болсон.  Агентлагийг цөөлж байна гэж ард түмнээ мэхлээд хэрэгжүүлэгч агентлагийн үүрэгтэй “Улсын үйлдвэрийн газар” гэгч төсвөөс, бас иргэдээс мөнгө сааж өөрийгөө тэжээдэг хүнд суртлын байгууллагуудыг шинээр нэмэж бий болгосон.
Өмнөх байсан бүгдээ үзэн ядахын их хийрхэлээр бүх яам агентлаг байгууллагуудын нэрийг өөрчлөв. Бүр нийслэлд ч ийм өөрчлөлт явагдав.Шинэ яам, агентлаг, улсын үйлдвэрийн газар гэгчдийн гадна хаягаас эхлэн тамга тэмдэг, албан бичгийн хуудсыг “цоо шинээр өөрчлөх”, нүүдэл сэлгээ хийх, том жижиг дарга нарын өрөө тасалгааны сонголт, тавилга, хэрэгсэл, засвар шинэчлэл хийх гээд өчнөөн хөрөнгө зарж “хуучнаа устгах” ажиллагаа одоо ч дуусаагүй л явагдаж байна.
Засвар хийгдээд жил болоогүй барилгуудад ч Засгийн газар солигдох, бүтэц өөрчлөгдөх тоолонгоор өрөө тасалгааг заримыг нь томруулж, заримыг нь багасгаж, битүү ханыг цоолж шинээр хаалга гаргах гэх мэтээр ёстой л эвдэж өгдөг нь хэвшил болсон үзэгдэл. Манай өнөөгийн албан тасалгааны тавилга хэрэгслүүд ямар тансаг нүсэр болсныг, бас ямар их үнэтэйг иргэд бүгд л багцаалж байгаа байх. Тэр бүхнийг тэгээд гадаадаас авчирна.
За тэгээд барилгын гадна нүүр царайг, зам талбайг өөрчлөх гэх мэтээр явж өгнө дөө. Энэ бол шинээр томилогдсон даргын үзэмжээр шийдэгдэх дотоод асуудал. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаанд нь зайлшгүй байх ёстой жирийн “сүйтгэл”. Зөвхөн нэр хаяг өөрчлөгдсөн төдийгөөс болоод л тухайн байгууллагын сурталчилгаа мэдээллийн ханын самбар, интернет цахим хуудас гээд бүгд л өөрчлөгдөж таарна.
Тэр бүхэнд татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй урсаж, хүлээлтийн их цаг хугацаа зарцуулагдана. Манайхаас өөр хаана ч татвар төлөгчдийн мөнгөөр ингэж дураараа туйлдаг улс орон үгүй билээ. Гэвч энэ бүхэн зөвхөн наад захын өөрөөр хэлбэл “албан ёсны” зөвшөөрөгдсөн эхний сүйтгэх ажиллагаа.
“Үүрээ засах” буюу Төрийг “балчирдуулах” ажиллагаа
Бүтцийн өөрчлөлт нэрийн дор явагддаг ажлын байр булаах энэ ажил нь олон үе шаттай явагдана. Эхлээд дарга нар томилогдоно. За тэгээд шинээр “түр” болон бүр тавигдсан олон шатны дарга нар “үүрээ засах” ажлаа эхлэнэ. Энэ нь тухайн байгууллагынхаа жижиг “сэтэртэй” албан тушаалуудад өөрийн хүнийг тавина гэсэн үг.
Энэ нь ч олон шалтгаанаас үүдэлтэй.
1-рт өөрийг нь дэмждэг найз, намын нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхнээ ажлын байртай, орлоготой болгоно.
2-рт тэднийгээ хажуудаа авснаар хамгаалагчтай болж, албан тушаалдаа тэнцэхгүй ч гэсэн “унахгүй” байх бат суурьтай болно.
3-рт ямар нэг хяналтаас ангид дураараа загнаж хууль бус ажил хийх, төсвийн мөнгө завших, авилга авах, хуйвалдах нөхцөл боломжоо бүрдүүлж авна. “Үүрээ засах” энэ ажил нь ч ажил захисан хэн нэгэнд “ажлын байр худалдах” авилгыг өөртөө агуулж байдгийг ч иргэд бишгүй л ярьдаг даа. Ийм л зорилго, шалтгаанаар өнөөдөр олон хүнийг ажлаас халж, шахаж гаргаж байгааг бүгдээрээ мэдэж бас харж байгаа.
Хамгийн аюултай нь үүний үр дүнд төрийн алба ажлаа мэдэхгүй хүмүүсээр дүүрч, овоо учраа олж, ажлаа мэддэг болсон төрийн албан хаагчдын бүрдэл эвдрэн тухайн байгууллагын цэгцэрч байсан ажил задарч эмх замбараагаа алдана. Цомхотголд орсон тухайн ажилтны хариуцаж байсан ажил уялдаа холбоо нь алдагдаж нэг хэсэг ажил хариуцах эзэнгүй хаягдах нь энүүхэнд.
Шинээр орсон ажилтан хичнээн ч мэдлэг чадвартай байлаа гэсэн үйл ажиллагаандаа ямар хууль, дүрэм, журам мөрдөх, хэнээс, хаанаас ямар мэдээлэл авах учраа ч олохгүй нэг хэсэгтээ л самгардана.  Энэ нь угтаа төрийн ажлыг бүр “эд эсийн” түвшинд нь эвдэн сүйтгэж байгаа хорт ажиллагаа юм. Шуудхан хэлэхэд төрийн албанд ажиллаж үзээгүй шинэ хүн байтугай намуудын томилгоогоор энд тэнд дарга сэтэр зүүж олон жил ширээ дамжсан эрхмүүд хүртэл албан бичиг олигтойхон төлөвлөчих чадваргүй нь л олонхи байдаг шүү дээ. Тэр хүмүүс төрийн ажлыг яаж завхруулах нь ч тодорхой.  Тэр хэмжээгээр нийгэмд “Энэ төрийн тэргүүн, УИХ-ын гишүүн, сайд, дарга гэдэг чинь, хэн ч хийчих, хийгээд байх ажил багатай, ашиг орлого ихтэй аятайхан ажил байна” гэсэн ойлголт улам өсөн нэмэгдэх болжээ.
Хуулийг завхруулах ажиллагаа 
Өнөөдөр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг ч “түр” үүрэг гүйцэтгэгчээр, ИТХ нь Засаг даргаа сонгочихоод байхад томилолгүй, “түр” Засаг дарга тавиад байгаа Ерөнхий сайдын томилгоо хууль зөрчиж байна гэж МАН-ын УИХ-ын гишүүд бишгүй л шүүмжилж байна. Энэ ч үнэн. Харин өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө хуйвалдаж байгаад Монгол Улсын Үндсэн хууль зөрчин байж намын жагсаалтаар сонгогдох заалт бүхий сонгуулийн хууль батлалцсан МАН-ынхан ч өөрсдөө АН-ынхныг хууль завхруулах үйл явц руу түлхэснээ олж харахгүй, ойлгохгүй, бусад олон завхралыг ярихгүй байгаа нь харамсалтай.
Ер нь сонгуулийн дараахи Төр Засгийн хийж байгаа ажил, гаргаж байгаа шийдвэрүүд хуульд нийцэж байна уу гээд лавлаад үзэхэд л олон жил хууль батлаж, төр барьж байгаа эрхмүүд өөрсдөө ч хууль гэж юу болохоо ойлгодоггүй юм биш үү гэсэн сэтгэгдэл аяндаа төрнө.  Тухайлбал Яам болоод агентлагийн ажил үүрэг нь хуулиар, хуулийг хэрэгжүүлэхээр дагаж гарсан дүрэм журмаар зохицуулагддаг.
Салбарын бодлогын хэрэгжилтийг нэгтгэн зангидаж зохион байгуулах үүрэгтэй төрийн захиргааны байгууллага буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн үүргийг хувийн компаниас өөрцгүй нэг Улсын үйлдвэрийн газар гүйцэтгэх болж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж хувирах төдийгүй ажил гүйцэтгэх эрх үүргийн чадамж нь алдагдаж байгаа юм.
Жишээ нь Барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, зураг төслийн магадлал хийх гэх мэт ажлыг салбарын төрийн захиргааны байгууллага буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хариуцан зохион байгуулахаар Барилгын тухай хуульд заасан байдаг. Гэтэл тус агентлагийг татан буулгаад оронд нь Улсын үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан нь тусгай зөвшөөрөл олгох ажил хууль зөрчин явагдах болж байгаа юм. Гэтэл бүр тусгай зөвшөөрөл олгох ажлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр ч шийдвэр гаргаж байна.
Олон нийт сайн ялгаж ойлгодоггүй, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гэгчийг барилгын хэмжээгээр нь ангилаад хэдэн газар салгаж олгох юм гэнэ. Уг нь эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл гэдэг нь мэргэжлийн хяналтын байгууллага хяналтаа тавихын тулд хаана юу баригдах гэж байгааг бүртгэж авч байгаа хэрэг юм л даа. Гэтэл өөр газар эхлэх зөвшөөрлийг нь өгөхлөөр хаана ямар барилгын ажил хэзээ эхлэх гэж байгааг яаж мэдэж, хяналтыг хэрхэн тавих ч юм билээ. Энэ мэтээр ажлын уялдаа холбоо алдагдаж, хяналтгүй л болно гэсэн үг. Энэ бол наад захын жишээ.
Хуулийн дагуу явагдаж байсан ажлыг засгийн газрын тогтоол, эсвэл бүр Сайдын тушаалаар батласан журмаар өөрчлөх нь энүүхэнд. Тэгснээр хуулиа барих уу, журмаа барих уу гэдгээ ч мэдэхээ больж, аль нэг сайд даргын амаар ажил явагдаж эхлэдэг. Энэ нь хууль хамаагүй гэсэн ойлголтыг тухайн хэрэглэх хүрээнд, цаашлаад нийгэмд бий болгох жишээтэй.
Энэ байдлаар хууль зөрчигдөн дархан цаазат богд уулын аманд өдий төдий барилга баригдсаар байгааг, тусгай хамгаалалтын бүс дэх Нийслэлийн ундны цэвэр усны эх үүсвэрийн худгууд нь тэнд баригдсан орон сууцнуудаас гадагшлан хөрсөнд нэвчих бохирын усаар бохирлогдсоор байгааг, гудамжинд зүгээр явж байсан иргэдийн толгой дээр юм унаад амь насаа алдаж, үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байгааг та бид харцгааж байгаа.
Ингэж хуулийг, төрийн ажлыг завхруулж байна. Ямар сайндаа сүүлдээ бүр төрийн байгууллага, төрийн бус байгууллагынхаа ялгааг ч мэдэхгүй болчихсон байх вэ дээ. ТББ-ын статустай Монголын ШУА нь Төрийн байгууллагын статустай Хүрээлэнгүүдийн даргыг томилдог гажууд тогтолцооны тухай Ч.Дашдаваа доктор шүүмжлэн бичиж байсныг зарим нь уншсан л байх.
Ер нь төрийн албыг Нийтийн алба гэж нэрлэе гэх мэтээр балайраад байгаа нь ч төрийн ажлыг огт ойлгодоггүй болчихоод байгаагийн тод жишээ нь юм.
Гэхдээ энэ бүхэн манайдаа бол бага хэрэг. Цаашаа бүр яадаг гээч …
Учир шалтгаан хийгээд Намуудын хор хөнөөл  
Төрийн бодлого гэдэг хичнээн ч сонгууль болсон бай, хэдэн ч Засгийн газар солигдож байх нь хамаагүй хадгалагдаж үүний тулд тухайн бодлогыг хэрэгжүүлэгч Засгийн газрын бүтэц нь тогтвортой, яамдын нэр, тоо, агентлагуудын нэр, тоо чиг үүрэг нь хөдлөшгүй байх, байлгах ёстой байсан. Тиймээс ч энэ нь аль эрт хуульчлагдан тогтоогдчих ёстой байлаа.
Гэтэл яагаад үүнийг хүсэхгүй байна вэ?! Улс оронд зориуд дайсагнах санаа зорилго байв уу?!  Төрийн байгуулалт, бүтэц гэдэг хэн нэг намын дарга дураа хүрэхээр бий болгоод, дүргүйгээ хүрэхээр татан буулгаад байх зүйл биш.  Тухайн салбарынхаа талаар ямар ч ойлголтгүй нэг сайд тавигдаад өөрийнхөө үзэмжээр баахан худлаа ярьж байгаад буумагц дараа нь бас нэг нөхөр сайд болоод өөрийхөө санаанд орсноор шал өөр юм яриад унахыг төрийн бодлого гэж хэлдэггүй юм. Гэтэл сүүлийн 20 гаруй жил ийм л байдалтай явж ирлээ.
Улс орны эрх ашгийг үл ойшоон ингэж сүйтгэх зайлшгүй шаардлагыг нөхцөлдүүлж байгаа хүчин зүйл нь ердөө л намууд. Улс төрийн намууд бүхий өнөөгийн энэ тогтолцоо, засаглалын хэлбэр байгаа цагт ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил, эдийн засгийн хараат бус бие даасан байдлыг бий болно гэж горьдон хүлээгээд нэмэргүй билээ.
Учир нь нам гэгч бүлэглэлүүд төрийн эрх мэдлийг олж авахын тулд өөрийн дэмжигчдийг, хүрээллийг бий болохын төлөө асар их үргүй зардал сүйтгэлийг нийгэмд учруулдаг.  Зөвхөн намуудын үүр хороодын байр, контор хичнээн байгаа билээ. Тэдний ашиглалтын зардал гэхэд ямар их хөрөнгө урсдагийг иргэд багцаалаад ч гэсэн  ойлгодог л байх.
Гэтэл дээр нь дэмжигчдээ авч үлдэхийн тулд хороодоор гурил будаа тараахаас эхлэн улсын төсвийн болоод хувийн компаниудаас хандив нэртэй авдаг үлэмж хэмжээний хөрөнгийг үргүй урсгадгийг бид мэднэ. Энэчилэн намыг санхүүгээр дэмжигч компанийн эзэддээ тендер авч өгөхөөс эхлэн төсөл хөтөлбөрийн нэрээр хэдэн зуун тэрбумаар нь төсвийн мөнгийг хуваан авдаг, хуулийн хөнгөлөлт үзүүлдэг, төрийн янз бүрийн албан тушаал амладаг, худалддаг гэх мэт олон бусармаг хэргийг бид мэддэг болсон.
“Өнөөдөр Монгол Улс уул уурхайг хөгжүүлснээр ДНБ-ний асар хурдацтай өсөлтөөрөө хөгжиж буй орнуудын тоонд орж, улсын төсөв хэдэн их наяд төгрөгт хүрлээ” хэмээн гайхуулан сурталчилж буй тэр их хөрөнгийг эрх баригч намууд ард түмэнд өчүүхэн ч наалдуулалгүйгээр ингэж үгүй хийж байна. Тэрнээс ч илүү өр зээлийг тэд бас авсаар байгаа.
Тэр ч байтугай гадаадын ивээн тэтгэгчиддээ бие биенээсээ өрсөн улсын баялагаар найр тавьдаг, газар нутгаа хүртэл худалддаг, бэлэглэдэг гэх мэт улс үндэстнийхээ эрх ашгийн эсрэг үйл ажиллагааг намууд явуулж байгааг бид дуугүй харсаар суугаа. Хамгийн аймшигтай нь өнөөдөр намуудын гайгаар “Нярай хүүхдийг намын харъяаллаар ялгаварлаж” эмчлэхээс татгалзах хүртлээ нийгэмд эвдрэл хямрал бий болоод байна.
Хэрэв үнэхээр Монгол улс авилгаас салъя гэж бодож байгаа бол, бас шударга, ёс зүйтэйгээр мөрөөрөө амьдрах аргагүйгээр намын эрхшээл хавчлагад орж, аль нэг намыг дэмжээгүйнхээ төлөө ажил амьдралаасаа салчихвий гэсэн айдсаасаа ангижрая гэвэл тэр бүхний үндэс болсон намуудыг, намын тогтолцоог үгүй хийхээс эхлэх ёстой.
Бидний газардлага
Улсын өмчийг бүгдийг задлаж хувьчлах хэрэгтэй гэсэн заавар зөвлөмжийг өгч Үндэсний үйлдвэрлэх хүчин, эдийн засгийн чадавхииг бүрэн үгүй хийлгэж, ажилгүй орлогогүй болсон нийт иргэдийг нь олон намын систем гэгчээр хооронд нь талцуулан тэмцэлдүүлэх  гадны бодлого үнэхээр аймаар.  Харин тэднийг дагаж эрх чөлөөгөөр амьсгалахаар шийдсэн бид бусдыг дууриан онгоцноосоо үсрэхдээ тэд нуруундаа шүхэр бүхий үүргэвч авч явааг огт анзаарсангүй.
Шүхэргүй үсэрчисэн биднийг хараад инээдээ барьж ядах гадаадынхан “энэ ч харин жинхэнэ үлгэр жишээ эрх чөлөө, ардчилал байна шүү” хэмээн алга ташин хашгиралдаж хөөрөгдсөөр…
О.Лхагвадорж

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close