Онцлох

Автомат машин саналын хуудасны “өнгө”-ийг хувиргажээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчид, иргэдийн хамтаар автомат машинтай холбоотой асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуулийн саналыг  автомат машинаар тоолсон нь олон будилаан дагуулсан хэмээн мэдэгдсэн юм.

 Улмаар өнгөрсөн сонгуулиар ажиглагдсан автомат машины алдаа дутагдлуудыг баримттайгаар дэлгэв.

Орон нутгийн сонгуулийн өмнөхөн автомат машины хэвийн үйл ажиллагааг шалгах комисс 19 хүчинтэй саналын хуудас хийхэд зургааг нь хүчингүй гэсэн хариу гаргажээ. Энэхүү хэргийг сонгуулийн хороонд мэдэгдсэн ч авч хэлэлцээгүй гэнэ. Мөн нэг хэсгийн хорооны өөр машины саналын худасны тоо ижилхэн байсан нь хачирхалтай. Баянзүрх дүүргийн I хэсгийн хорооны хоёр машины саналын хуудасны тоо ижилхэн 670, үүнээс хүчингүй саналын хуудасны тоо мөн тэнцүү 26 байжээ.

Үүнээс ч илүү сонирхолтой нь машины дүнгийн хуудас дээр хүчинтэй саналын хуудас болон хүчингүй хоёрын нийлбэр нь нийт саналаа өгсөн сонгогчдын тоонд хүрэхгүй байх, зарим газарт илүү гарах тохиолдол их байсан аж. Жишээлбэл, Байнзүрх дүүргийн I болон II хэсгийн хороонд тус тус 60-аад саналын хуудас хүчинтэй эсэх нь мэдэгдэхгүй алга болжээ.

Сонгуулийн үед автомат машинд нууцлал байхгүй нь тодорхой болсныг мөн шүүмжиллээ. Учир нь автомат машины дэлгэцийн баруун доод буланд саналаа өгч буй хүн хэд дэх сонгогч болохыг харуулсан тоо байгаа аж. Ажиглагч нар энэхү тооныхоо дагуу өөрсдийнхөө өгсөн саналыг авч үзвэл санал нь хувирсан байжээ. Тухайлбал, нэр дэвшигч Н.Доржхандын гэр бүлийн хамт бүгд МАН-д санал өгсөн ч тэдний саналыг хар хайрцаг АН болгон хувиргасан байсан тухай мэдээллээ.

Мөн иргэн Ц.Ядамсүрэн хамгийн сүүлд саналаа өгч, дараа нь өөрийн өгсөн саналыг харахад өгсөн санал нь өөрчлөгдсөн байжээ. Нийт сонгогчдын санал хоёр өөр машинд яг тэнцүү байж, мөн намд өгсөн саналын тоо нь хүртэл хоорондоо зөрүүгүй таарч, саналын хуудас дутаж байгаа зэрэг нь автомат машиныг алдаа мадагтай ажилладаг гэдгийг баталж буй гэнэ. Тиймээс энэхүү машиныг ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэвч ашиглаж болохгүй гэдгийг тэд хэлж байлаа.

Л.Нинж

Эх сурвалж: “Нийгмийн Толь”

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close