Танин мэдэхүй

Дэлхийг өөрчилсөн 12 “вэбсайт”

Цахим ертөнцийн цаглашгүй “орон зай”-гүйгээр орчлонг тольдохын аргагүй болсон өнөө үед дэлхий дээр 370 сая

орчим сайт (2012 онд нэмэгдсэн) үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн урьтал судалгааны дүнг Английн интернэт үйлчилгээний нэгэн компаниас өнгөрөгч 12 сард гаргасан байна. (Дэлхий дээр нийт 20 гаруй тэрбум сайт үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн албан бус судалгаа байдаг.)

Цахим эрх чөлөөний индэр болж тэртээ 1960-аад оноос Америкт хөгжиж эхэлсэн “онлайн” ертөнцийн сонин хачинаас энэ удаад интернэт + хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэгдэх дараах 12 сайтын жагсаалтыг сонирхуулж байна. Жич: Энэхүү жагсаалтыг дэлхийд нэртэй цөөнгүй сайтуудаас гаргасан жагсаалтад үндэслэн + харьцуулалт хэлбэрээр дүгнэж оруулж байгаа болно.


1. Google
Үүсгэн байгуулагч: Сергей Брин ба Ларри Пэйж
Байгуулагдсан он: 1998 оны 9 сар
Орлого: $37.905 тэрбум (2011)
Хандалт: 2011 оны 5 сарын байдлаар 1 тэрбум гаруй хандалттай байсан.
Америкийн алдарт Стэнфорд Их Сургуулиас амжилтын гараагаа эхлүүлж байсан Сергей, Ларри нарын үүсгэн байгуулсан дэлхийн хамгийн том хайлтын систем “Google” өнөөдөр 1 сая гаруй серверт үйл ажиллагаагаа явуулдаг. Хэдэн тэрбумаараа тоологдох хэрэглэгчдийнхээ хүрээгээр онлайн ертөнцөд цахиур хагалсан тэд YouTube, Blogger ба Orkut сайтуудыг эгнээндээ нэгтгэжээ.

2. Wikipedia
Үүсгэн байгуулагч: Жимми Уэйлс ба Ларри Сангер
Байгуулагдсан он: 2001 оны 1 сар
Хандалт: 365 сая гаран
Wikipedia = Wiki + encyclopedia: “Wiki”нь “quick” буюу “хурдан, түргэн шуурхай” гэсэн утгатай Хавай үг ажээ. Дэлхийн 285 гаруй хэл дээр үйл ажиллагаагаа явуулдаг тус сайт дэлхийн хамгийн эрэлттэй мэдээллийн санд тооцогддог.

3. Facebook
Үүсгэн байгуулагч: Марк Зүкербэрг ба түүний найзууд болох Эдуардо Саверин, Дастин Москович, Крис Хью
Байгуулагдсан он: 2004 оны 2 сар
Хандалт: 2012 оны 4 сарын байдлаар 900 гаран сая идэвхитэй хэрэглэгчидтэй гэсэн дүн гарсан байна.
Харвардын Их Сургуулийн оюутнуудыг хооронд нь холбох, нэгтгэх зорилгын доор нэгдэн ажиллаж эхэлсэн тэдний оюуны гайхалтай бүтээл өнөөдөр цахим ертөнцийн хамгийн шилдэг нээлтийн нэгээр тодорч жагсаалтын №3-т бичигджээ.

4. YouTube
Үүсгэн байгуулагч: Стив Чень, Чад Хөрли, Карим
Байгуулагдсан он: 2005 оны 2 сар
Хандалт: 2011 онд гаргасан судалгаагаар өдөр бүр 3 тэрбум гаруй
Онлайн худалдааны “ebay”компаний охин компани болох “PayPal”-д ажиллаж байсан гурван найзын хамтран байгуулсан “YouTube LLC” нь 2006 оноос Google Inc.-ийн мэдэлд шилжсэн бөгөөд цахим ертөнцийн шилдгийн шилдэг энтертайнмент сайт билээ. Дизайны шийдлээ өөрчилж илүү цэгцтэй, хэрэглэхэд хялбар болгосон нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн хүрсэн байна.

5. ebay
Үүсгэн байгуулагч: Пиэрр Омидъяр
Байгуулагдсан он: 1995 оны 9 сар
Орлого: $11.651 тэрбум (2011)
Онлайн дуудлага худалдаа, арилжааны “ebay” сайт удаах байрт бичигдсэн байна. Хэрэглэгчээс хэрэглэгчид чиглэсэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн худалдааны хялбарчилсан бас баталгаатай үйлчилгээгээрээ олон орны хэрэглэгчдэд ам сайтай тэд саяхан 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнд хориг тавьсан байна.

6. Napster
Үүсгэн байгуулагч: Шаонь Фэннин, Жон Фэннин ба Шон Паркер
Байгуулагдсан он: 1999
Хөгжмийн ертөнцийнхний уугуул гэж хэлж болохоор онлайн дуу хөгжмийн энэхүү www.napster.com сайт энэ чиглэлийн бусад сайтуудаасаа хамгийн их амжилттай яваа сайтаар нэрлэгдсэн байна.

7. Twitter
Үүсгэн байгуулагч: Жэк Дорси
Байгуулагдсан он: 2006 оны 7 сар
Хандалт: Сард 200 гаран сая ба 140 сая идэвхитэй хэрэглэгчидтэй.
Цахим ертөнцийн шилдгүүдийн жагсаалт үргэлжилсээр энэ удаад №7-д иржээ. Өдөр бүр 340 сая “жиргээг” нэгээс нөгөөд онлайнаар идэвхитэй шулганадаг тус сайт дэлхийн хамгийн их ачааллагддаг Топ – 10 сайтын нэг билээ.

8. amazon
Үүсгэн байгуулагч: Жэфф Безос
Байгуулагдсан он: 1995
Орлого: $48.07 тэрбум (2011)
Хандалт: 2011 оны 10 сарын байдлаарх судалгаагаар сар бүр 120 сая хэрэглэгч, зочид ханддаг.
Цахим номын дэлгүүр хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Америкийн нэрт бизнесмэн Жэфф Безосын үүсгэн байгуулсан amazon.com сайт өдгөө дэлхийн толгой цохих эрэлттэй сайтуудын нэг болжээ. Тэд барилга архитектур технологийн A9.com, Kindle-д зориулсан үйлчилгээний Lab126.com зэрэг хэд хэдэн салбар сайтуудаар үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

9. Yahoo!
Үүсгэн байгуулагч: Жерри Ян ба Дэвид Фило
Байгуулагдсан он: 1995 оны 3 сар
Орлого: $4.98 тэрбум (2011)
Хандалт: Сар бүр 700 сая
14.000 гаран ажиллагсадтай, дэлхийн 30 орчим хэл дээр цэнхэр гарагийнхаа эргэн тойронд өрнөж буй бүхий л мэдээ мэдээллийг цогцоор нь хүргэдэг медиа группыг Yahoo Messenger ба Yahoo Search программуудаар нь илүүтэй мэдэх биз ээ. Америктаа дээгүүрт ордог компаний “Yahoo!” хэмээх нэрийг үүсгэн байгуулагчдын нэг Филогийн коллежийн найз охин нь санал болгосон гэдэг. Энэ нь “Yet Another Hierarchical Officious Oracle”-ийн товчлол гэж үздэг ба мөн Гулливерын аялал зохиол дээр гардаг зохиомол дүр ч гэлцэх нь бий.

10. Blogger
Үүсгэн байгуулагч: Пайра Лабс ба Эван Уиллямс
Байгуулагдсан он: 1999 оны 8 сар
Хандалт: 2011 оны байдлаар alexa-гийн жагсаалтад №7-д бичигдэж байсан амжилттай сайт ба өнөөдрийн байдлаар олон улсын ранк нь №43 байна.
2003 онд Google Inc.-д нэгдсэн блогчдын сүлжээ сайт удаах байрт бичигдсэн байна. Дэлхийн маш олон орны иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болсон тус сайтаас БНХАУ, Турк, Казакстан тэргүүтэй 10 орчим орны хэрэглэгчдийг блог үүсгэхийг хориглосон байдаг ажээ. 2011 оны сүүлээр гаргасан судалгаагаар дэлхий дээр 156 сая гаран блог байдаг гэсэн дүн гарсан байна.

11. craigslist.org
Үүсгэн байгуулагч: Крэйг Ньюмарк
Байгуулагдсан он: 1995
Дэлхийн 50 гаруй орны 570 орчим хотыг хамарсан зарын нэгдсэн тогтолцоог үүсгэж чадсан Крэйг анхлан найзуудынхаа хооронд и-мэйл үйлчилгээний зориулалт бүхий сайтыг эхлүүлж байснаа өргөжүүлж хайсан бүхнээ түүний сайтаар зочлон нэг дор цогцоор нь авах боломжийг бүрдүүлж өгчээ. Тэрээр 2001 онд хямд өртгөөр онлайн арилжаа хийхийг хүссэн хүмүүст зуучийн үүргийг гүйцэтгэдэг ашгийн бус “Craigslist Foundation” сангаа байгуулж байжээ.

12. WikiLeaks
Үүсгэн байгуулагч: Жулиянь Осэнж
Байгуулагдсан он: 2006 оны 10 сар
Олон нийтэд хүртээмжтэй, мэдлэг оюуныг хөгжүүлсэн онц сонирхолтой “онцлох” мэдээ мэдээллийг түгээдэг ашгийн бус сайтыг Австралийн програмист, улс төрч, сэтгүүлч Жулиянь Пол Осэнж нээжээ. Жил хүрэхгүй хугацаанд 1.2 сая орчим мэдээллийн санг бүрдүүлж чадсанаас гадна улс төртэй холбоотой нууц материалуудыг олноо дэлгэн үзүүлдэг нь уншигчдын сонирхлыг ихээхэн татдаг ажээ.

WWW.BOLOD.MN

Show More

Related Articles

Close