НийгэмОнцлох

Т.Гантогтох: Яам шаардлага хангаагүй, үйлдвэргүй компанид хэзээ ч мах экспортлох квот өгөхгүй

Сүүлийн үед мах экспортлох зөвшөөрөлтэй компаниуд нь квотоо дамлан зарж их хэмжээний ашиг олдог гэх мэдээлэл гараад байгаа. Түүнчлэн ХХААХҮЯ-аас мах экспортлох квот олгохдоо үйлдвэргүй, стандарт шаардлага хангаагүй компаниудад өгч байгаа мэдээлэл гарсан юм. Энэ асуудлуудын талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтохоос тодрууллаа.

-Мах экспортлох зөвшөөрөлтэй хэчнээн аж ахуйн нэгж байдаг вэ. Аж ахуйн нэгжүүд квотоо зарсан гэдэг асуудал гардаг.  Энэ тухай тодруулахгүй юу?

-Мах экспортлогч компаниуд импортлогч орныхоо шаардлагыг хангасан мах махан бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй байдаг. Төрөл төрлөөсөө хамаараад экспортлох компаниуд өөр байдаг. БНХАУ руу гэхэд зөвхөн адууны мах экспортлох зөвшөөрөлтэй 12 компани байна. Дулааны аргаар чанасан мах экспортлох зөвшөөрөлтэй 19 компани бий. Ямар төрлийн бүтээгдэхүүн гаргахаасаа хамаарч компаниуд нь өөр байгаа гэсэн үг. Гэхдээ энэ байдал нь нэг гажуудал үүсгэсэн. Шударга бусаар бизнес хийх гэдэг асуудал гарч байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн бус аргаар бэлтгэсэн махаа чанаад зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн нэр дээр экспортолж байна. Мөн өөрийн үйлдвэр дээрээ үйл ажиллагаагаа явуулахгүйгээр махны ченж нараас мах худалдан авч экспортод гаргах тохиолдлууд гарсан. Үүнээс үүдэн махны үнэ өссөн. Мөн өөрсдийн үйлдвэрт үйлдвэрлээгүй эрүүл ахуйн шаардлага хангаагүй нянгийн бохирдолтой мах орж ирж байна гэсэн гомдлыг Хятадын талаас ирүүлсэн. Иймээс бид дулааны аргаар чанасан мах экспортлох зөвшөөрөлтэй дөрвөн компанид зөрчил үүсгэж, эрхийг нь цуцалсан байгаа. Одоо зөвшөөрөлтэй 15 компани байгаа. ХХААХҮЯ-наас зөвшөөрөлтэй үйлдвэрүүд зөвхөн өөрийнхөө үйлдвэр дээр махаа боловсруул, экспортолсон хэмжээ боловсруулсан хэмжээ ижил байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Харин зөвшөөрөлтэй компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа эсэх дээр мэргэжлийн хяналт болон Мал эмнэлгийн газрууд хяналт тавин ажиллах үүрэгтэй. Гэвч хяналтын үйл ажиллагаа сул байгаагаас зарим компаниуд зөрчил гаргадаг. Тийм учраас манай яам энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй бодлогын гэрээ байгуулсан. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагад зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудын үйлдвэр дээр нь очиж хяналт шалгалт хийх шаардлагыг хүргүүлэн ажилласан. Одоогийн байдлаар зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд зөрчил гараагүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

-Аж ахуй нэгж байгууллагуудад ямар шалгуураар мах экспортлох зөвшөөрөл олгодог вэ. Зөвшөөрөл бүхий компаниудын зарим нь үйлдвэргүй гэх юм, үнэн үү?

-Бид стратегийн хүнсийг экспортлох, импортлох журамд заасан шаардлагуудыг бүрэн хангасан компанид квот өгдөг. Тус шаардлагад тухайн аж ахуйн нэгж байгууллага нь мах бэлтгэх өөрийн үйлдвэртэй байх үүнийгээ баталгаажуулан зурган мэдээллүүдийг оруулсан байх, малын гарал үүсэл, мах бэлтгэх төлөвлөгөө, экспортлогч болон импортлогч улсууд хоорондоо Мал эмнэлгийн гэрчилгээ, хорио цээр, ариун цэврийн нөхцөлийг хангасан байх гээд маш олон шалгуурыг тавьдаг. Эдгээр шаардлагуудыг бүрэн хангасан аж ахуй нэгж байгууллагыг сонгон аваад тухайн байгууллагын үйл ажиллагаатай  ажлын хэсэг танилцан, квот олгодог. Тийм учраас шаардлага хангаагүй үйлдвэргүй компанид квот хэзээ ч өгөхгүй. Хэрвээ зөвшөөрөлтэй компани зөрчил гаргасан гэж мэргэжлийн хяналтаас мэдээлэл ирвэл бид тухайн компанийн зөвшөөрлийг цуцалдаг.

-Мах экспортлох зөвшөөрөлтэй “Грийнгрэсс ланд” гэх компани нь өөрийн үйлдвэргүй, квотоо өөр үйлдвэрт дамлаж зарсан зөрчил илрэн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэсэн. Яагаад үйлдвэргүй компанид зөвшөөрөл өгсөн бэ?

-Одоогийн байдлаар манай яамд “Грийнгресс ланд” компани зөрчил гарсан гэх мэдээлэл ирээгүй. Тус компани нь өөрийн үйлдвэртэй. “Грийнгресс ланд”, “Мон Тува” хоёр хамтран үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд махаа “Мон Тува”-гийн үйлдвэрт үйлдвэрлэдэг. Квот олгоход хамгийн чухал шалгуур бол тухайн аж ахуй нэгж өөрийн үйлдвэртэй байх гэсэн шалгуур байдаг. Тийм учраас бид гол шалгууртаа л тулгуурлаж зөвшөөрөл олгоно. Хэзээ ч үйлдвэргүй аж ахуй нэгж байгууллагад квот олгож байгаагүй. Бид хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулдаг.

-2019 онд хэчнээн тонн мах экспортод гарсан бэ?

-2019 онд Монгол Улс 58 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Махны экспорт өнгөрсөн оныг бодвол бага зэрэг бууралттай байгаа. Өнгөрсөн онд Монгол Улс 70.4 мянган тонн мах махан бүтээгдэхүүн экспортод гаргасан.

-Мах экспортлох үнийн тухайд ямар байдаг вэ?

-2019 онд 58 мянган тонн мах экспортолсон байгаа. Одоохондоо бид 58 мянган тонн махны үнийг тооцож гаргаагүй байна. Харин 2018 онд бол  70.4 мянган тонн мах экспортлоход 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт болсон.

-Энэ жил экспортод гаргах махны төрөлд квот тогтоосон уу?

-Энэ онд тодорхой хэмжээний мах махан бүтээгдэхүүн экспортлохоор тооцоолол гаргасан. 2020 онд нийт  эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээг 20 сая малаар тооцсон. 13 сая мал буюу 500 гаруй мянган тонн махыг дотооддоо хэрэглэнэ. Долоон сая мал экспортлох тооцоо гарсан. Өөрөөр хэлбэл, 174 мянган тонн мах экспортлох боломжтой байгаа юм. Үүнээс үхэр, адууны мах болон дулааны аргаар боловсруулсан маханд квот тогтоосон. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн болох зайдас зэргийг экспортлоход квотгүй. Мөн хонь, ямааны мах квотгүйгээр экспортолно. Адуу, үхрийн тоо толгой Монголд бага тул квот тогтоосон. Харин бэлчээрийн даац хэтэрсэн тул хамгийн их тоо толгой эзэлж  байгаа хонь, ямааны маханд квот тогтоогоогүй.

-Монгол Улс жил бүр 10 гаруй мянган тонн мах нөөцөлдөг. Энэ онд дотоодын хэрэгцээнд хэдэн мянган тонн мах бэлтгэх вэ?

-Хаврын улирлын махны хомсдлын үед дотоодын хэрэгцээг тогтвортой байлгахын тулд мах бэлтгэдэг. 2017 онд 15.8 мянган тонн мах бэлтгэсэн бол 2018 онд 12.8 мянган тонныг бэлтгэж, худалдаалсан. Харин 2019 онд дөрвөн мянган тонныг бэлтгэсэн. Ийм бага мах  нөөцөлсөн шалтгаан нь санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотой. 10 мянган тонн мах бэлтгээд, 6-7 мянган төгрөгөөр худалдааллаа гэхэд 60-70 тэрбум төгрөг хэрэгтэй болдог. Энэ мөнгө нь төсөв дээр ачаалал үүсгэдэг. Тийм болохоор мах бэлтгэх ажлыг арилжааны банкны эх үүсвэрээр шийддэг. Мэдээж, хүүг нь хөнгөлөх нөхцөлтэй байдаг. 2020 онд дотоодын хэрэгцээнд 20 мянган тонн мах бэлтгэнэ гэж төлөвлөж байгаа. Өнгөрсөн жил мах бэлтгэх 10 аж ахуйн нэгж хүсэлтээ явуулсан ч гурав нь л банкны шаардлага хангасан. Тиймээс бага мах бэлтгэсэн. Энэ жил эртнээс бэлдээд 14 аж ахуйн нэгж 20 мянган тонн мах бэлтгэнэ.

Related Articles

Back to top button
Close