ОнцлохУЛС ТӨР

ОУВС: Тэтгэврийн зээлийг тэглэснээрээ Монголын Засгийн газар амлалтаасаа буцаж, гэрээгээ зөрчлөө

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг баталлаа. Энэхүү хууль батлагдсанаар Салхитын мөнгөний ордыг байрьцаалж, Хөгжлийн банкны баталгаатай 900 тэрбум төгрөгийн бонд босгож, тэтгэврийн зээлтэй иргэдийн зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэж, тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн олгох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Ингэхдээ, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр зээлийн үлдэгдэлтэй 233 мянган ахмад настны зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг нэг удаа төрөөс тэглэнэ. Үлдсэнийг нь өөрсдөө төлөх юм Мөн ахмад настан жилд нэг удаа зургаан сараар тэтгэврийн зээл авахаар болов. Харин зээл аваагүй 194 мянган иргэнд 2021 оны тавдугаар сарын 1-н гэхэд нэг сая төгрөгийг олгохоор боллоо.  Одоо дотоодод 900 тэрбум төгрөгийн бонд босгох ажил эхэлнэ. 

Тэгвэл уг хуулийн төслийн талаар Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлийб Монголын талд захидал илгээсэн талаар “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Тэрээр захидалдаа Монголын парламентаар хэлэлцэж байгаа Иргэний тэтгэвэр барьцаалан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн нь 2017 онд ОУВС-гийн Монголын Засгийн газартай тохирсон хөтөлбөрийг зөрчиж байгааг сануулжээ. Энэхүү халамжийн бодлогыг хэрэгжүүлбэл ДНБ-д эзлэх өрийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлж, Төв банкны төвсийн гадуурх зардал нь төгрөг сулрах, инфляцийн төвшин өсөх эрсдэл үүснэ гэдгийг дурджээ. Цаашлаад өнгөрсөн хугацаанд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний зохистой бодлого алдагдах, засаглалын сайн нөлөөллүүдэд сөргөөр нөлөөлөх вий гэж санаа зовж байгаагаа  илэрхийлсэн байна. 

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ОУВС-гийн хөтөлбөртэй хэр нийцэх, хөтөлбөр зогсох шалтгаан болох уу гэдэг талаар Эдийн засагч Б.Лакшми хэлэхдээ “ОУВС-гийн хөтөлбөр энэ жилийн тавдугаар сард дуусна. Сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ирж, ээлжит үнэлгээгээ хийгээд явсан. Энэ үеэр Монгол Улсад хоёр гол зөвлөмжийг өгсөн. Төсвийн  хөрөнгө оруулалтыг багасгах. Хоёрт, 2021 оноос эргэн төлөгдөх хуваарьтай өр төлбөрүүдийн бэлтгэлийг хангах чиг өгсөн. Гэтэл энэ жилийн төсвийг харахаар хөрөнгө оруулалтын зардлыг хэтэрхий өндөр тавьсан байгаа. Энэ бүгдээс харахад Засгийн газар болон Монголбанк хөтөлбөрийн хүрээнд тохирсон амлалт үүргээ биелүүлж чадахгүй нь тодорхой болж байна. Цаашдаа ОУВС-гаас хийх ээлжит төлбөрүүд гацах магадлалтай. Хэрвээ  хөтөлбөр амжилттай хэрэгжээгүй гэсэн мэдэгдлийг гаргавал олон хүндрэлийг дагуулна. Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцэл, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Японы Засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, өр төлбөртэй холбоотой зардлууд өснө” гэж анхааруулсан байдаг юм.

Ямартай ч эрх баригчид ахмадуудаа баярлуулж, тэтгэврийн зээлийг нь тэглэх, зээлгүйд нь нэг сая төгрөгийн үнэт цаас олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Харин хэтдээ энэхүү шийдвэр нь  улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх, ОУВС-гийн хөтөлбөр амжилтгүй цуцлагдах шалтгаан болж магадгүй нь. 

Related Articles

Back to top button
Close