ОнцлохУЛС ТӨР

Д.Баатарсайхан: Нэр дэвшинэ гэж ажлаа өгөөд, ялагдахаараа буцаад төрд ажиллана гэдгээ болих хэрэгтэй

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрийн албаны дарга нар сонгуульд өрсөлдөнө гээд ажлаа өгөөд явчихдаг. Сонгуульд ялагдахаараа “ажилдаа оръё” гээд буцаад ирдэг, шүүхдээд маргадаг. Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байлгая гэвэл улстөрч дарга нарыг төрийн албанд буцааж авдагаа болих хэрэгтэй санагддаг. Та 20-иод жил Төрийн албаны зөвлөлд ажиллаж байна. Энэ тухай юу боддог вэ?

-Төрийн албанд тогтворгүй байдал үүсгэдэг, хэл ам татладаг хүчин зүйл бол энэ асуудал. Өөрөөр хэлбэл, улс төрийн албан тушаалын сонгуульд өрсөлдөх гээд байгаа энэ байдал нь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Өөрийн амьдралдаа эрсдэл хийж, “Би улс төрийн албан тушаалыг сонгож байна” гээд төрийн албанаас явж байгаа хүн. Ингээд УИХ, ИТХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бол улс төрийг сонгож байна гэж ойлгоно. Ингэж өрсөлдөж ялагдчихаад “Би төрийн албандаа ормоор байна” гээд пижигнээд байж болохгүй. Би өмнө нь ч хэлж байсан, төрийн жинхэнэ алба гэдэг бол улс төрийн албан тушаалтны шат дамжлага биш гэж. Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага гэдэг зүйл бий. Улс төрийн албан тушаал, төрийн албан тушаалаас чөлөөлөгдөхөөр иргэний хариуцлага, иргэний ёс зүй гэж яригдах ёстой. Улс төрд амжилт олохгүй болохоороо буцаад төрийн албанд орогнох гэж дайрах нь монгол төрийн тогтвортой байдал, эрх тэгш байдал, бусад төрийн албан хаагчдын итгэл үнэмшил зэрэгт сөргөөр нөлөөлдөг гэж хардаг. Өөрөөр хэлбэл, төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сонгуульд өрсөлдөөд амжилт олохгүй болохоороо “Би төрийн нарийн бичгийн дарга байсан хүн, энэ албан тушаалдаа л ажиллана” гэдэг шаардлага тавиад байдаг. Ийм зохисгүй зүйлийг хязгаарласан заалт манайд алга. Гэхдээ сайн дураараа төрийн албыг хаяад явсан хүнийг буцаад ажилдаа орно гэвэл шалгалт авна. Шинэ хуулийн зохицуулалтаар шалгалтаа аваад тэнцвэл анхан шатанд ажиллуулах учиртай. Мэдээж агентлагийн дарга, тамгын даргаар ажиллаж байсан хүн төрийн албанд 16 ажил ажилласан, эрхэлсэн тэргүүн түшмэлд арваас доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлагыг хангасан байх. Тийм учраас дараагийн шатанд яригдах байх.

-Бусад улсад яадаг бол. Төрийн албан хаагчид улс төрийн нам, төрийн алба хольж солиод томилогдоод байдаг юм уу?

-Канадад төрийн жинхэнэ албан хаагч нь улс төрийн сонгуульд өрсөлдөх бол түр чөлөө авдаг. Түдгэлзэнэ гэсэн үг. Эргээд төрийн албанд ажиллах эрх нь нээлттэй. Харин өмнө нь эрхэлж байсан ажил, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд томилдоггүй. Энгийнээр яривал, агентлагийн дарга ажлаа өгөөд өрсөлдөөд ялагдсан бол аймгийн салбарын эрхлэгчээр ажиллуулж болж байна гэдэг санал хэлдэг юм байна.

Японы төрийн алба бол төрийн жинхэнэ албан хаагчийг сонгуульд өрсөлдөхийг нэг их таашаадаггүй. Японы Үндэсний боловсон хүчний газар сүүлийн таван жил улс төрийн алба хашаагүй, сонгуульт ажил эрхлээгүй, улс төрийн нөлөөтэй байгууллага, намд ажиллаагүй байх шаардлага тавьдаг байх жишээтэй.

Сингапурын тухайд, төрийн албан хаагчдаа сонгуульд өрсөлдүүлэх сонирхолгүй. Япон, Солонгосын төрийн алба бол насан туршийн төрийн алба байдаг. Насан туршийнхаа албанд орсон хүн хэр барагтай улс төрийн сонгуульд явах хүсэл, зорилгогүй. Манайхан шиг төрийн нарийн, яамны газрын дарга байсан нөхөр сонгуульд өрсөлдөе гэхгүй.

Энэтхэгийн төрийн албан хаагчдыг улс төрийн сонгуульд оролцохыг хориглочихсон. Хэрэв оролцвол сахилгын шийтгэл оногдуулдаг. Сахилгын шийтгэлийн дээд хэмжээ нь хорих ял хүртэл үргэлжилдэг тогтолцоотой.

Англи улсын хувьд “Сонгуулийн жилд төрийн албан хаагчид яах вэ” гэдэг гарын авлага гаргасан байна. Агуулгаас нь ярихад, бүх төрийн албан хаагчийг парламентын сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан. Хэрэв сонгуульд оролцох бол огцруулна. Огцорч байж сонгуульд өрсөлдөнө гэдэг бол хувь хүний карьер, амьдралд эрсдэл. Ийм учраас тэр болгон ийм сонголтыг хийдэггүй.

Монголын төрийн алба гадаад улсаас туршлага судалъя, сайн жишгийг хэрэгжүүлье гэдэг. Төрийн албанаас нэгэнтээ л өөрсдөө гарч, улс төрийг сонгож байгаа бол улс төрийн эрсдэлээ хүлээгээд явж болдоггүй юм уу. Сонгуульд өрсөлдөөд явдаг бол дөрвөн жилийн хугацаанд эргэж төрийн албанд ажиллахгүй байх тогтолцоотой болоосой гэж боддог юм. Жишээ нь, Солонгосын төрийн албаны шалгалтад хоёр удаа унасан бол зургаан сарын хугацаагаар шалгалт өгөх эрх нь хязгаарлагддаг. Үүнийгээ ч өөрсдөө ойлгодог. Манай Монголд бол хэдэн ч удаа төрийн албаны шалгалт өгөх эрх нээлттэй. Өгөөд унасан шалгалтаа булхайтай, луйвартай боллоо гэж шүүмжилдэг байж жишээтэй.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг оны өмнө баталсан. Хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид улс төрийн сонголт хийж, ажлаа өгцгөөж байна. Төрийн албаны тухай хуультай холбогдсон ямар хориглолт, хязгаарлалт байдаг юм бэ?

Төрийн албаны тухай хуулийг 2017 онд баталж 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж, төрийн албан хаагчийг харилцааг зохицуулж ирлээ. Ингээд бүтэн жил мөрдөөд байна. Энэ хуульд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйл гэсэн бүлэг бий. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл дээр төрийн албан хаагчийн нийтлэг эрх бий. Энд улс төрийн албан хаагчаас бусад албан хаагч нь улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн заалт бий. Энэ заалт өмнөх хуульд ч байсан. Өөрөөр хэлбэл, улстөрч, улс төрийн байгууллагын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон. Зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд нь үг хэлэх, ивээн тэтгэх, дайллага цайллагад оролцох, зураг хөргөө даруулахыг хориглосон байгаа. Улс төрийн намын гишүүнчлэлтэй байхдаа ажил албан тушаалд томилогдохдоо хүрвэл гишүүнчлэлээсээ түдгэлзэж, томилогдоод долоо хоногийн дотор удирдах дээд байгууллагадаа өргөдөл өгч улс төрийн намын гишүүнчлэлээсээ татгалзана гэсэн заалт байдаг. Мөн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлого чиглэлтэй холбоотой хувийн байр сууриа илэрхийлэхгүй байх үүрэгтэй.

Төрийн албан хаагчид багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, төрийн албанаас чөлөөлөгдөх нийтлэг эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу сонголтоо хийн төрийн жинхэнэ албанаасаа татгалзаж, улс төрийн карьераа сонгож төрийн албанаас чөлөөлөгдөж байна гэж ойлгодог. Төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн намын гишүүнчлэлтэй байх, үйл ажиллагаанд нь оролцох зэргээр Төрийн албаны тухай хууль зөрчвөл сахилга, хариуцлага хүлээдэг. Улс төрийн намын хөдөлгөөн, дэргэдэх төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусдаар оролцохыг хориглосон. Дээрээс нь Ерөнхийлөгчийн, УИХ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглосон. Түүнд зориулалтын бус хөрөнгөө зарцуулах, төрийн өмч хөрөнгө, албаны унааг ашиглах нь бас хориотой. Ер нь бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн Нэр дэвшүүлэх нийтлэг журмыг 29 дүгээр зүйлээр зохицуулсан байгаа. Нэр дэвшигч нь сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Нэгдүгээр сарын 1-нээр гэдэг бол өмнөх оны арванхоёрдугаар сарын 31-нд ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхыг ойлгоно.

-Арванхоёрдугаар сарын 31-нд өргөдлөө өгсөн байхыг биш чөлөөлсөн тушаал нь гарсан байхыг ойлгоно биз дээ?

-Чөлөөлөх тушаал нь гарсан байхыг тооцно. Энд янз бүрийн зохицуулалт байгаа. Нэр дэвших хүн татварын хугацаа хэтэрсэн өр, төлбөргүй байх, ял шийтгэлгүй байх, банк бус санхүүгийн байгууллагад барьцаагүй байна гэх мэт шаардлагыг хангах ёстой. Чөлөөлөгдөх албан тушаалтны жагсаалт гэж бий. Нэгдүгээрт нь төрийн жинхэнэ албан хаагч. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа төрийн захиргааны албан хаагчид, дипломат алба, цагдаа, тагнуул, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр, жанжин штабынх зэрэг төрийн тусгай албан хаагчид хамаарагдана. Хоёрдугаарт нь, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушгаалтан. Энд төрийн албаны ангилал зэрэглэлээрээ Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын тэнхимийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн захирал, ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, цэцэрлэгийн эрхлэгч зэрэг албан хаагчид хамаарна.

-Энд төрийн өмчийн их, дээд сургуулийн захирал, эрхлэгч хамаарах уу?

-Төрийн үйлчилгээний албаны ангилал зэрэглэл дотроос хасагдсан байгаа. Төрийн өмчийн сургууль байна, тэнд байгаа албан хаагчид өөрсдөө төсвөө бүрдүүлж цалинжина гэдэг зарчмаар хассан. Ийм учраас төрийн өмчийн их, дээд сургуулийн ректор, проектор, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны дарга, багш нар хамаарахгүй.

Гуравт гэвэл, төрийн  өмчийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд захирлууд хамаарна. Энэ хүмүүс сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө чөлөөлөгдсөн бол сонгуульд нэр дэвших тухайгаа ярина.

-Энд Эрдэнэс Тавантолгой, Хөгжлийн банк, Хавдар судлалын үндэсний төвийн захирал, удирдлагууд багтах уу?

-Багтаж байна гэсэн үг. Сонгуульд өрсөлдөх зорилгоор Төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд гаргана гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин өөрийг нь томилдог, чөлөөлдөг байгууллага, албан тушаалтанд хүсэлтээ гаргана гэж заасан байгаа. Бидний авсан мэдээллээр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга бол Засгийн газарт хүсэлтээ гаргаад арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна гэж ойлгосон. Бусад нь Төрийн албаны зөвлөлд мэдээлэл нь ирдэггүй учраас хэдэн албан хаагч чөлөөлөгджээ гэсэн мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Сонгуулийн дараа баахан хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилдог. Тэгээд тэр хүндээ тохирсон ажлын байрны шалгуурыг захиалагч байгууллага нь Төрийн албаны зөвлөлд ирүүлдэг. Ингээд өөрт нь зориулсан шалгаруулалтаар дарга болгодог муу жишиг олон жил явсан. Үүнийг Төрийн албаны тухай хуулиар болиулж, ажлын байр болгон дээр шалгуурыг нь Төрийн албаны зөвлөл өөрсдөө тавьдаг болсон нь дэвшил гэж ойлгосон.

-Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд авсан хамгийн том арга хэмжээ бол энэ. Ажил албан тушаалд томилогдож байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий байгууллагын албан тушаалтан шууд өөрөө боловсруулдаг байдлыг болиулсан. Төрийн албаны зөвлөлд ирж зөвшөөрөл аваад, зөвшөөрлийнхөө үндсэн дээр шалгуураа тавьдаг. Төрийн албаны зөвлөлийн хурлаар орсон ажлын байрны тодорхойлолтын төсөл ямар ч мэргэжил, туршлага, боловсрол, тавигдах шаардлагын засвар орохгүйгээр батлагдаж, буцаад захиалга болж ирж байгаа. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар тухайн хүнийг томилох гэж байгаа албан тушаалтан нь ийм мэргэжилтэй, ийм туршлагатай хүн албан тушаалд тавина гээд дураараа захиалга өгөх боломжгүй болсон нь үнэхээр дэвшил шүү. Тэргүүн түшмэл, ахлах түшмэл ямар туршлагатай, хэдэн жил ажилласан байх зэргийг нь хуульчлаад өгчихсөн учраас бид хуулиа дагаж ажиллана. Төрийн байгууллагууд ч үүнийг мэдэж байгаа гэж бодож байна.

-Шатлан дэвших зарчмыг Н.Учрал гишүүн чуулганы хуралдаан дээр Үндсэн хуулийг хэлэлцэх үед шүүмжилж байгаа харагдсан. Гадаадад их дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой залуучууд, эсвэл хувийн хэвшилд ажиллаж байсан сайн боловсон хүчний төрд ажиллах эрхийг нь хязгаарлачихлаа гэж.

-Шатлан дэвших зарчим бол нэг талдаа төрийн албан хаагчдад ээлтэй. Нөгөө талаасаа төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс “төрийн албанд гаднаас хүн орж болохгүй юм уу” гэсэн шүүмжлэл дагуулсан. Бид гурван үе шаттай сонгон шалгаруулалт зарлана. Суларсан ажлын байрыг нөхөх чиглэлээр байгууллага дотор нь сонгон шалгаруулалт эхлээд зарлана. Байгууллага дотроосоо нөхөгдөхгүй бол төрийн албан хаагчдын дунд зарлана. Тэгээд нөхөгдөхгүй бол нөөцөд байгаа иргэдийн дунд зарлана. Өмнөх хуулиар нөөц нь яамны, агентлагийн, мэргэжилтний гэж зарлагддаг байсан бол одоо бол ерөнхий шалгалт гээд өөрөөр зарлагддаг болсон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ерөнхий шалгалтыг зохион байгууллахад улсын хэмжээнд 8800 гаруй иргэн бүртгэлд хамрагдсан. Эндээс 1116 иргэн шалгалтад тэнцсэн. Боловсрол заасан ч ямар нэгэн мэргэжил, туршлага заагаагүй учраас шалгалт өгье гэж хүссэн болгон оролцсон. Шинэ зохицуулалтаар Монгол Улсын түүх, нийгэм, эдийн засаг, соёлын чиглэлийн даалгавар орсон учраас хүнд байлаа гэсэн шүүмжлэл сонсогдож байгаа. Гэхдээ энэ болгоныг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд зохицуулсан учраас бид дагаж мөрдөнө. БНСУ-ын туршлагыг харлаа, эхлээд улсынхаа түүхтэй холбоотой 25 асуулттай даалгавар хийдэг. Энийгээ давж гарвал улсынхаа үндэсний хэл бичгийн сорил даалгаврыг хийх болдог. Энэ хоёрыг давбал асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх зэрэг асуултууд ордог юм билээ.

-Ярилцсан: Г.Улсболд

Related Articles

Back to top button
Close