НийгэмОнцлох

Б.Гүррагчаа: Арван зүрх зэрэг цохилж байхад үхэх байтугай өвдөх эрх надад байхгүй

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлах ахлагч, найман хүүхэдтэй Б.Гүррагчаад гурван өрөө байрны батламж гардуулан өгсөн билээ. Тэрээр 14 дэх жилдээ цагдаагийн албанд ажиллаж байгаа бөгөөд “найман хүүхдийнхээ буян заяагаар хамгийн том хүсэл мөрөөдөл минь биеллээ” хэмээн өгүүлж байсан юм.  

Түүний аж амьдрал, баярт үеийнх нь сэтгэгдлийг сонсохоор гэрт нь очиход эхнэр Г.Эрдэнэчулуун хүүхдүүдийн хамт биднийг угтав. Б.Гүррагчаагийнх хоёр хүү, зургаан охинтой. Охидын дөрөв нь ихэр бөгөөд 02-12  насны найман хүүхэд нь дэрсхэн өсцгөөж байна.

Б.Гүррагчаа, Г.Эрдэнэчулуун нар 2006 онд танилцаж байжээ. Тэд хэрхэн танилцаж талаар Г.Эрдэнэчулуун “Би хүүхдийн ордонд тогоочоор найзтайгаа ажилладаг байсан юм. Манай найз охины үеэрхдэг залуу 805 дугаар ангид ажилладаг байсан. Тэр хоёр найз минь бид хоёрыг учруулсан даа” хэмээн өгүүлэв. Ингээд тэд 2007 оны  арванхоёрдугаар сард хүүгээ өлгийдөн авчээ. Тухайн үед өөрсдийн гэсэн орон гэргүй байсан учир ээжийнхээ дөрвөн ханатай гэрт амьдарч эхэлсэн байна.

Дараа нь ихэр охин тээж байгаагаа зургаан сартай жирэмсэн байх үедээ мэдсэн гэнэ. Эмчид үзүүлэхэд “ус нь их байгаа юм болов уу дахиад эхо-д үзүүл нэг л биш байна” хэмээн түгшин өгүүлсэн нь Г.Эрдэнэчулууны сэтгэлийг ихэд эмзэглүүлсэн байна. Эмчийн зөвлөснөөр давтан үзүүлж хоёр ихэр охинтой болж байгаагаа мэджээ.  Г.Эрдэнэчулууны удамд ихэр төрж байгаагүй бөгөөд айлын бага тэрээр хамгийн олон хүүхэдтэй нь гэнэ. Харин Б.Гүррагчаагийн талынханд ихрүүд цөөнгүй байдаг аж.

Бага ихэр бие биеэ мэдэрч, өвдөхөд нь санаа зовж, хэн нэгнийг нь гомдоовол өмөөрдөг. Харин том ихрүүдийн нэг нь математик, нөгөө нь монгол хэлнийхээ хичээлд сайн гэсэн юм. Ихэр охид дүү нараа сайн харж, ээждээ ус авах, гэр цэвэрлэх гээд бүхий л зүйлст  тусалдаг тэднээр эцэг, эх нь бахархдаг болохоо ярьж байв.

Тэдний одоогийн амьдарч буй таван ханатай гэрийг 2017 онд цагдаагийн байгууллагаас бэлэглэсэн байна. Дотоодын цэрэг татан буугдаж Б.Гүррагчаа цагдаагийн байгууллагад эргүүл хийдэг байхад 10 цагдаад гэр өгсөн нь энэ гэр бүлийг өөрийн гэсэн гэр оронтой болгож өгчээ.

“Бид улам олуулаа болох байх аа”

Гэргий Г.Эрдэнэчулуунтай ярилцахад “Бид анх ийм олон хүүхэдтэй болно гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ цаашдаа улам л олуулаа болох байх аа. Намайг төрөх үед нөхөр маань хамт байхыг хичээдэг. Гэвч заримдаа ажилтай байх тохиолдол байна. Төрсний дараа машиндаа газан плитка асаан шөл хийгээд хүлээж байгааг нь хараад ийм сайхан ханьтай учирсандаа баярлаж, бахархаж явдаг. Хүүхдийн 160 мянган төгрөг, хүнсний талоноор үр хүүхдээ өлсгөхгүйг хичээн урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэдэг шиг л амьдарч явна. Нөхрийн цалингийн 70 хувь нь  зээлэнд, үлдсэн нь ээж нарын эмчилгээнд зарцуулагддаг. Гэхдээ шантарч, хойш суусан удаа бид хоёрт байдаггүй. Хэдий бид хоолгүй, түлээгүй байж, ээжийнхээ гэрт хамтдаа бөөгнөрөн хонож байсан удаа цөөнгүй ч элэг бүтэн байгаадаа баярлаж явдаг. Мөн аав минь өөд болохоосоо өмнө “Охиныг минь сайн харж хандаж яваарай. Чамаас өөр харах хүн байхгүй шүү” гэж нөхөрт минь хэлж байсан юм. Аавын минь захиасыг сайн биелүүлж, үр хүүхдийнхээ бахархал болсон халамжтай сайн нөхөртөө талархаад баршгүй” хэмээн өгүүлэв.  

Г.Эрдэнэчулуун энэ оны эхэнд нэгдүгээр эмнэлэгт асрагчаар ажилд орсон ч долдугаар сар хүртэл ажиллаад гарчээ. Учир нь түүний болон хадам ээжийн бие сайнгүй байгаа аж. Гэвч он гарсны дараа ажилдаа эргэн орохоор болсон. Түүний нөхцөл байдлыг ойлгон эргэж ажилд нь авч байгаа хамт олондоо талархан, итгэлийг нь алдалгүй сайн ажиллаж, байранд орохоосоо өмнө ганц шинэ зурагт ч болтугай аваад орохыг хичээнэ гэсэн юм.

Зургадугаар ангийн сурагч Г.Оюумаа “Би дүрслэх урлагийнхаа хичээлд сайн. Гэхдээ том болоод аавтайгаа адилхан бусдыг авардаг эмч мэргэжилтэй болно. Ааваараа маш их бахархдаг. Удахгүй байртай болох гэж байгаадаа баяртай байна” хэмээв.

Тэд таван настай хүүгээ цэцэрлэгт өгсөн боловч элдэв зүйл нэхээд байсан болохоор гаргачихжээ. Харин дөрвөн настай хоёр охиноо ирэх жил сургуульд орохоос нь өмнө нэг жил ч гэсэн цэцэрлэгт сургах төлөвлөгөөтэй байгаагаа учирлаж байв. Биднийг ийн ярилцаж байх үед гэрийн эзэн Б.Гүррагчаа орж ирэв. Хэдий амралтын өдөр ч гэнэтийн ажил гарсан үед ажил дээрээ зайлшгүй очих ёстой учир 17.00 цагийн орчимд буцаж ирлээ. Хүүхдүүд аав руугаа уралдан гүйж, өдөр болсон сонин содон зүйлсээ тоочиж гарав. Ах, эгч нар нь аавдаа эрхлэх гэвч бага охин өврөөс нь сална гэж үгүй. Заримдаа бага охиноо унтсан үед хүүхдүүдээ нууцхан эрхлүүлдэг гэнэ шүү.

Хүүхдүүдээ л мэдлэг боловсролтой, зөв хүн болгох зорилго тавьсан”

Б.Гүррагчаа 2005 онд хугацаат цэргийн алба хааж, 18 настайдаа дотоодын цэрэгт ажилд орсноор өнөөг хүртэл тууштай ажиллаж байгаа нь энэ.  Түүний аав бидний сайн мэдэх барилгын цэрэгт ажилладаг байсан бөгөөд бага насаа цэргүүдийн дунд өнгөрсөн гэнэ. Харин ээж нь барилгын цэргийн ангид тогоочоор ажилладаг байжээ. Б.Гүррагчаа гурван эмэгтэй дүүтэй айлын том хүү бөгөөд аав, ээждээ дэм болохын тулд их сургуульд суралгүй цэргийн албанд зүтгэхээр болжээ. Түүндээ цөөн хором ярилцлаа.

-Танай гэр бүл өмнө нь түрээсийн орон сууцанд орохоор материалаа өгч байсан болов уу?

-Өгч байсан. Гэхдээ би төрийн албан хаагч гэсэн ангилалд өгсөн болохоор тэнцээгүй байх. Олон хүүхэдтэй залуу гэр бүл гэж тодорхойлон өгөх ёстой байсан юм билээ.  

-Байранд орох тухайгаа өмнө нь мэдэж байсан уу?

-Дарга маань чамайг байранд оруулах материалыг явуулчихсан байгаа. Гэхдээ баттай биш учраас гэрийнхэндээ хэлээд хэрэггүй байх шүү гэж хэлж байсан юм. Түүнээс хойш хэд хоног өнгөрсний дараа би хөдөө ажлаар яваад хотод дөнгөж орж ирж байхад дарга залган маргааш хуралтай, эхнэр хүүхэдтэйгээ ирээрэй гэдэг юм байна. Маргааш нь бид Цагдаагийн ерөнхий газарт очиход гурван өрөө байрны батламж олголоо гэхийг сонсоод өөрийн эрхгүй хоолой зангирч билээ. Тэр үед манай гэр бүлийн хамгийн том хүсэл биелж, нуруунаас том ачаа аваад хаячих шиг л санагдсан. Манай гэр бүлийн хүслийг биелүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Бригадын генерал С.Баатаржав, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч болон бусад бүх хамтрагчид даа маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

-Та гэр бүл болохоосоо өмнө хэр олон хүүхэдтэй болно гэж боддог байсан бэ?

-Ийм олон хүүхэдтэй болно гэж бодож байгаагүй л дээ. Миний багын найз эхээс арвуулаа байсан. Бид хоёр бие биенийхээ гэрт очиж хоол иддэг байлаа. Тухайн үед олуулаа байхыг хараад их л гоё санагддаг байсан. Гэхдээ л ийм олон хүүхэдтэй болно гэж төсөөлж байгаагүй. Анх эхнэрээ жирэмсэн болсон гэдгийг  сонсоод маш их баярласан. Аав, ээждээ “Би аав болж байгаа” гэж хэлсэн тэр мөч огт мартагддаггүй. 

-Цаашдынхаа зорилгоос хуваалцаж болох уу?

-Ганц миний цалингаар хуримтлал үүсгэж байртай болоход хэцүү байсан бөгөөд ядаж урьдчилгааг нь бүрдүүлчихвэл ч гэж бодоод л явж байлаа. Алсын зорилгыг минь биелүүлж өгсөн хамт олныхоо тусыг марталгүй, найман хүүхдээ боловсролтой л болгоно. Манай том хүү цагдаа, хоёр ихрийн нэг нь дизайнер, нөгөө нь цэргийн хүн болно гэцгээдэг юм. Өөрсдийнх нь хүсч сонирхож байгаа мэргэжлийг эзэмшүүлнэ. Төрөөс намайг үр хүүхдээ сайн хүн болго гэж энэхүү байрыг өгсөн гэж бодож байгаа. Олны дэмжлэгийг умарталгүй үр хүүхдээ улс эх орондоо хэрэгтэй, мэдлэг боловсролтой хүн болгоход л анхаарах болно. Арван зүрх зэрэг цохилж байхад надад өвдөх, үхэх эрх байхгүй.

Б.Гүррагчаагийнх шинэхэн байрандаа 2020 оны арванхоёрдугаар сард орох аж. Цалин хөлс нь өр төлбөр, найман хүүхдийн хоол, хүнс, хувцас авахад хангалттай байдаггүй ч төрд өргөсөн тангаргаа умарталгүй ажилдаа шамдан зүтгэсэн гавьяаг мялаасан нь түүнд улам их зорилго өгчээ. Ажлаасаа ирэхэд инээгээд угтах найман инээмсэглэл залуу гэр бүлийн баяр хөөр, аз жаргал, амьдралын утга учир ажээ.

Related Articles

Back to top button
Close