Эрүүл мэнд

Б.Буд-Ирээдүй: Кето дэглэм, мацаг барих нь турах сайн арга биш. Хамгийн зөв нь…

Охид бүсгүйчүүдийн дунд илүүдэл жингээ хаях асуудал ярианы гол сэдэв болсоор ирсэн. Баяр ёслолын өдрүүд ойртох тусам уг асуудал анхаарлын төвд ирдэг. Энэ үед эмэгтэйчүүд дор бүрнээ янз бүрийн тураах арга хэрэглэдэг. Гэхдээ тураах эм бэлдмэл, аргыг буруу хэрэглэснээс болж амь насаараа хохирч байгаа харамсалтай тохиолдлууд гарах боллоо. Тиймээс уншигчдадаа зориулан кето дэглэм, мацаг барих нь ямар ашиг тустай, тэдний хоорондын ялгаа, зөв хооллолтын талаар Сонгдо эмнэлгийн хоол зүйч Б.Буд-Ирээдүйтэй ярилцлаа.

-Сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн ихэнх нь жингээ хасахын тулд кето дэглэмийг барьж, ярих боллоо. Тэгвэл кето дэглэм гэж яг ямар дэглэмийг хэлдэг юм бэ?

-Кето дэглэм гэдэг нь өөх тос давамгайлсан, нүүрс ус багатай, уураг зохистой хэмжээнд агуулсан хоолны дэглэмийг хэлнэ. Нүүрс усны хэрэглээг хязгаарласнаар хүний бие нүүрс усны хэмжээг багасгах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Ингэснээр бие махбод өөрт хуримтлагдсан өөхөө шатаах горимд шилждэг юм. Уураг давамгайлсан энэ төрлийн дэглэм нь бөөрөнд хүчтэй ачаалал өгдөг. Тиймээс кето дэглэм барьж эхлэхээс өмнө таны бие ямар нэгэн архаг хууч өвчингүй байх хэрэгтэй. Энэ нь хамгийн чухал юм.

-Нүүрс усыг хасдаг гэлээ. Тэгвэл нүүрс ус хүний биед дутагдана гэж байдаг уу, дутагдсанаар хүний биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ. 

-Нүүрс усыг кето дэглэмээс хассан тохиолдолд бусад хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан авах боломжтой байдаг. Хүний биед уураг дутагдах явц нь хурдан хугацаанд мэдэгддэг бол нүүрс усны дутагдал нь аажимдаа хүний биед илэрдэг. Нүүрс усны хэрэглээг эрс хязгаарласнаар цусан дахь сахарын хэмжээ багасаж, сэтгэл санааны байдал тогтворгүй болоход хүргэнэ. Гэдэсний бичил орчны хэвийн үйл ажиллагааг дэмждэг ислэг дутагдсанаар ходоодны үйл ажиллагаа муудах, өтгөн хатах, хоол боловсруулалтад сөрөг нөлөөтэй. Мөн шээснээс эвгүй үнэр ялгарах магадлалтай. Тийм учраас кето дэглэм барих гэж байгаа бол аль болох хэрэглэдэг нэгж төрлийнхөө бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна дээр хэлсэнчлэн уургийн хоолны дэглэм нь үе мөч, бөөрний байдалд сөргөөр нөлөөлдөг.

-Кето дэглэм барьж байгаад амь насаа алдсан тохиолдлууд гарсан. Энэ дэглэм нь хүн хүний биеийн онцлогоос шалтгаалаад сөргөөр нөлөөлдөг гэсэн үг үү. Ер нь кето дэглэмийг ямар хүмүүс барих ёсгүй вэ?

-Кето дэглэм нь давуу талаас илүү сул тал ихтэй. Кето дэглэмийг ашиглан хэдхэн хоногийн дотор үнэхээр жин хасах боломжтой. Гэхдээ дотор муухайрах, өтгөн хатах, бөөлжих, бөөрний чулуу үүсэх зэрэг гаж нөлөөнүүд нь уг дэглэмийг эрүүл мэндэд аюултай болгодог. Энэхүү дэглэмийг архаг хууч өвчтэй, бөөр болон зүрх судасны өвчтэй хүмүүс барихгүй байх шаардлагатай. Эмэгтэйчүүд өөрийн бие организмд таарсан дэглэмийг хэрхэн барихаа мэддэггүй. Хүмүүсийн ярианаас үндэслээд өөртөө хэрэгжүүлж эхэлдэг. Гэтэл дэглэм бүр өөр өөрийн онцлогтой байхаас гадна хүний биед нөлөөлөх чанар нь адил өөр, өөр байдаг. Тийм учраас адилхан дэглэм барьсан эмэгтэйчүүдийн хэсэг бүлэг нь тураад зарим турдаггүй шалтгаан нь ийм учиртай юм. Гэхдээ жингээ хасахын тулд хоолны дэглэм барих бус өдөр бүр зөв хооллох нь хамгийн зөв арга.

-Эрүүл зөв хооллолт гэж ямар хооллолтыг хэлэх вэ?

-Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах ёстой. Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд таны юу идэж байгаа төдийгүй, ямар хэмжээгээр идэж байгаагаас ихээхэн шалтгаална. Хоол хүнснийхээ зүйлийг зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямрал, жингийн илүүдэл болон дутагдалд орохоос урьдчилан сэргийлж чадна. Өглөөний цайгаа ууж хэвшээгүй, нэг доор ихээр идэх, өлөн ходоодон дээрээ кофе уух, удаан хугацаанд юм идэлгүй явдаг зэрэг ихэнх хүний өдөр тутамдаа хийдэг эдгээр зүйлүүд нь буруу хооллолтын үндэс болж байдаг. Тиймээс өглөө гэрээсээ гарахдаа нэг ширхэг талх ч хамаагүй идээд гарах хэрэгтэй. Мөн хоол идэх цагаа ойртуулж, бага багаар ойрхон идэж байх ёстой. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ баяжуулж, төрлийг нь нэмэгдүүл. Ингэснээрээ та зөв хооллох эхний алхмаа хийж байгаа юм.

-Зарим хүн жингээ хасах зорилгоор мацаг барих нь ихэссэн. Бүтэн өдөр, 7 хоног, бүр сарын мацаг барьж байна. Мацаг барихдаа юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ?

-Эрүүл байхын нэг үндэс нь зөв хооллолтын дэглэм баримтлах явдал юм. Зөв хооллолтын дэглэмд хамаарах нэг зүйл бол мацаг барих буюу хоол сойх арга. 24 цаг мацаг барьж болно. Энэ нь өдрийн хоолноос маргааш өдрийн хоол эсвэл оройн хоолноос маргааш оройн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ хооронд ямар нэг хоол хүнс болон жимс, ногооны шүүснээс татгалзах хэрэгтэй. Мацаг барихдаа нэрмэл ус л ууна. Үүнийг бүрэн мацаг барилт гэнэ. Өмнө нь мацаг барьж үзээгүй бол эхний удаад тараг уух, жимс ногоо идэх мэтээр хөнгөн чанарын хүнс бага зэрэг хэрэглэж болно. Мацгаа хөдөлгөөнтэй хослуулбал гайхалтай үр дүнтэй гэдэг. Гэхдээ өөртөө хэт их ачаалал өгөх хэрэггүй, алхах, хөнгөн дасгал хийх зэргээр биеийнхээ бодисын солилцооны өөрчлөлтийг дэмжиж өгөх хэрэгтэй. 24 цагийн мацаг барих тохиолдолд ганц л зүйлийг зөвшөөрдөг.  Аяга усанд цайны халбаганы гуравны нэг хэмжээтэй цэвэр зөгийн бал, эсвэл нэг халбага нимбэгний шүүс нэмж хийж болно. Эдгээр нь бие дэх хорт бодис салстуудыг уусгах нөлөөтэй. Мацаг тайлах нь мацаг барихаас ч төвөгтэй. Мацаг тайлахдаа гадил зэрэг шүлтлэг биш жимс идээрэй. Гэхдээ шууд идчихэж болохгүй. Эхлээд жимснээс бага зэргийг нухаад усанд найруулж ууна. Энэ мэтчилэн орцыг нь бага багаар нэмсээр гурав дахь өдрөөс ердийн хоол хүнсээ хэрэглэж болно. Хэт их, тостой хоол идвэл таны мацаг барьсны үр дүн гарахгүй. Харин мацаг барихаа хэт олон хоног үргэлжлүүлбэл сөрөг нөлөөтэй. Хоёр буюу түүнээс дээш хоногоор мацаг баривал тухайн хүний даралт нь унах, толгой эргэх, ухаан алдаж унах болон өөрт хэрэгтэй эрдэс бодисын дутагдалд орж биед сөргөөр нөлөөлдөг. Хүндэвтэр хэлбэрийн зүрх судас, бөөрний болон элэгний дутагдлын үед мөн ходоодны шархтай хүмүүст мацаг барихыг хориглодог. Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд мацаг барих хэрэггүй.

Ингээд эцэст нь хэлэхэд жингээ хасахын тулд өөрийгөө зовоож янз бүрийн арга хэрэглэх хэрэггүй, хамгийн зөв бол арга өдөр бүр зөв хоолло, дасгал хөдөлгөөн хийх. Зөв хоолловол илүүдэл жингээсээ салахаас гадна бие эрүүл байна гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Э.Мөнхзаяа

Related Articles

Back to top button
Close