НийгэмОнцлох

Д.Сумъяабазар: Баяжуулах үйлдвэртэй, үйлдвэргүйгээс үл хамаарч олборлосон хүдрээс АМНАТ авах ёстой

УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн 47.1 буюу Ашиг малтмалын нөөц ашигласны төлбөр авах тухай заалтыг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас хүчингүй болгох шийдвэр гаргасан. Цэцийн шийдвэртэй холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэж байна.

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 140 гаруй компани угаах үйлдвэр ажиллуулж байгаа юм байна. Зарим нь өөрийнх нь, тал нь өөрийнх нь биш юм байна.  Өөрийн уурхайгүй нөхөд нь татвар тавибал үйл ажиллагаагаа зогсоох юм байна. Угаах үйлдвэр дээр АМНАТ г тавих гэж байгаа бол буруу гэж бодож байна. Зөв зүйтэй боловсруулж оруулж ирэхгүй бол Цэц дээр дахиад унана шүү. 

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хэрвээ баяжуулах үйлдвэрээс татвар авахгүй гэж байгаа бол Оюутолгой, Эрдэнэт ч төлөхгүй. Энэ тохиолдолд газрын доорх баялаг ард түмний өмч гэдэг заалт хэрэгжих боломжгүй болно. Тиймээс бүгд ижил хэмжээгээр татвараа төлөх ёстой. Төлбөр бол татвар биш гэж яриад байх юм. УИХ-ын дарга байсан хүн энэ үгийг одоо хүртэл ойлгоогүй байгаад үнэхээр гайхаж байна. Татварын хуульд төлбөр, хураамж, албан татвараас татварын орлогыг бүрдүүлнэ гэж заасан байгаа. Би байнга энэ хүнтэй сошиалаар хэрүүл хиймээргүй байна. Мөнгөн аяга, алтаар хийсэн эд зүйлсээс АМНАТ төлж байгаа тохиолдол өнөөг хүртэл байхгүй шүү. Бэлэн бүтээгдэхүүнээс АМНАТ авдаг юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Цэцийн шийдвэрээс болж АМНАТ-аас оруулах 1.3 их наяд төгрөгийн орлого тасрах  гээд байгааг зөв ойлгох ёстой.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Олборлосон хүдэр дээрээсээ татвар авах ёстой. Баяжуулах үйлдвэрээ барьж татвараас зайлсхийнэ гэсэн ойлголт ярьж байгаа. АМНАТ-ийг хүдэр дээрээсээ төлнө. Ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани төлөх ёстой.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Уул уурхайн сайд Цэцийн шийдвэрээс болж төсөвт хүндрэл үүсэхгүй гэж хэлсэн байна. Сангийн сайд нь мөнгө олох үүрэгтэй болохоор тасарна гээд байгаа юм уу. Уул уурхайн сайдаас энэ асуудалд дахиад хариулт авъя. Заавал роялти авах шаардлага байгаа юу?

-Д.Сумъяабазар: Энэ бол хоорондоо яриад шийдэх боломжтой асуудал гэж ярьсан. 2019 оны байдлаар 1.2 их наяд төгрөгийг АМНАТ-өөс бүрдүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1.1 их наяд төвлөрүүлсэн байна. Оны эцэст давуулан биелнэ. Харин 2020 оны төсөвт ямар байдлаар шийдэх вэ гэдгээ бид ярилцаж шийдэх хэрэгтэй. Тиймээс одоо энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдгээ л ярих ёстой. Өнөөдөр уул уурхайн яам, салбарынхнаас саналыг нь авахгүйгээр төслөө оруулж ирсэн байна. Ер нь олборлосон хүдрээс АМНАТ-өө аваад явах хэрэгтэй. Төр авдаг татвараа аваад л явах хэрэгтэй. Борлуулбал, баяжуулбал бас татвараа авах ёстой. Зөв ярилцаж, зөв шийдэл л гаргах хэрэгтэй байна.

-Ч.Хүрэлбаатар: Цэцийн шийдвэр дээрАМНАТ төлөгчийг буруу тодорхойлсон, улсын төсөвт төвлөрүүлэхийг аваад хаячихсан  байгаа юм. Үүнээс болж 2020 оны төсөв 1.3 их наяд төгрөг алга болж байгаа юм. Энэ нь эдийн засагт сөрөг нөлөөтэй. Гишүүнийхээ хувьд байр сууриа хэлэхэд, цэц буруу шийдвэр гаргасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр АМНАТ төлнө гэвэл маш буруу шүү. Тиймээс өмнөх заалтыг буцааж сэргээх хэрэгтэй. 

-Ж.Бат-Эрдэнэ: Цэцийн дунд суудлын хуралдаанд би очсон. Алтны татвар дээр ач холбогдол өгөөд, бусад дээр нь бага  ач холбогдол өгсөн. 47.1-д байгаа ганц заалт дээр нь унасан. Олборлолт, баяжуулалт, борлуулалт гээд тус бүр дээр ижил хэмжээний татварыг давхардуулж авч байна гээд унасан. Хэрвээ Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон заалтыг буцаагаад оруулаад ирвэл Цэц дээр дахиад унана шүү. Тиймээс Уул уурхай яамны байр суурийг сонсох хэрэгтэй. Олон төрлийн давхардсан нэг ижил татвар авч байхын оронд зөвхөн олборлосон хүдэр дээр нь татварыг нь аваад явчихаач дээ. Баяжуулаад, үйлдвэрлээд явбал зах зээлийнхээ жамаар төлөөд явах ёстой. Хэрвээ цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй бол дахиад л Цэц дээр унана шүү.

-Ч.Хүрэлбаатар: Лиценз эзэмшиж байгаа бүх хүнээс АМНАТ авна гэвэл жинхэнэ ард түмнээ хорлоно шүү. Олборлосон баялгаа хамгийн хямдаар худалдаалах эрсдэлтэй шүү. Давхардсан татвар авахгүй гэдгийг журмаараа зохицуулсан байгаа шүү дээ. Газрын хөрсөнд байгаа баялгаа ард түмний өмч байх ёстой. Тиймээс татварыг гүйцэт авах ёстой. Гэтэл яаж үүнийг бага болгох уу гэж бид энд яриад сууж болохгүй ш дээ. Боловсруулах үйлдвэрүүд АМНАТ-аас бусад олон төрлийн татварын хөнгөлөлт эдлээд явах боломжтой.

-Ж.Бат-Эрдэнэ: Хаана хулгай хийгээд байгаа хэн ч мэдэхгүй. Хулгай хийж байгаа бол тар нар засч, илрүүлэх ёстой. Ингэж ярьснаараа зөв зүйтэй санал ч гарахгүй. Харин хэдэн төгрөгийн татвар төвлөрүүлэх ёстой юм, тэрнээс нь татвараа ав. Харин хуульд байгаа давхардлаа та зас л даа. Буруу нэр томьёоллоо зас л даа. Үүнийгээ та хар  даа.

-Д.Эрдэнэбат: Тэр 1.3 их наядын тасралтаа тодорхой тайлбарлаад өг дөө. АМНАТ-ын хэдэн хувь ирээдүйн өмч рүү очдог вэ. Хэрвээ ард түмний өмч мөн л юм бол АМНАТ-ын татварыг 100 хувь баялгийн сан руу хий.

-Ч.Хүрэлбаатар: Зөвхөн олборлоход АМНАТ төлнө гэсэн зарчим дэлхийн хаана ч байхгүй шүү. Тэгэхээр нэг хэсгээс нь авч, бусдаас нь авахгүй гэж болохгүй. Ном журмаараа татвараа төлсөн компаниуд чимээгүй л байгаа. Гэтэл хэсэгхэн компани асуудал үүсгээд яриад байгаа юм. Тэрийг нь хэсэг улстөрчид дагаж намираад байна.

Ирээдүйн өв сан дээр АМНАТ-ийн 60 хувь төвлөрдөг. Зөвхөн олборлохоос авна гэдэг дээр би санал нийлэхгүй.

-Д.Сумъяабазар: Монгол Улс зах зээлийн эдийн засагтай орон. Дэлхийн зах зээл дээр бүх түүхий эдийн үнэ нээлттэй байгаа ш дээ. Үүнийг бусдаас нууж, татвараас зугтаана гэдэг чинь гэмт хэрэг болно. Тиймээс энэ зарчмыг барьж бид ажиллах ёстой.

Баяжуулахаар 30 хувиа алдсанаас АМНАТ авах, олборлосон 100 хувиасаа АМНАТ авах хоёрын ялгааг Сангийн яамныхан тооцсон уу.

-Ч.Содбаатар: Давхардсан татвар авч байгааг цэгцлэх хэрэгтэй. Роляти бол хүдэр дээрээс авдаг татвар мөн. Манай гишүүдийн ярьж байгаа зөв. Гэхдээ Монголын нөхцөлд хоёр эрсдэл гараад байгаа. Олборлосон нүүрснээс авахаар түүхий нүүрс хэрэглэж байгаа хэрэглэгчид очих үнэ нэмэгдээд байгаа. Хоёрт, дотоодын нүүрсний үнийг гэрээний үнээр 2.5 хувийн татвар, гадаадын нүүрсээ жишиг үнээр 5 хувийн татвар төлж  байгаа. Энэ зөрүүгээ хаана шингээх вэ гэдэг асуудал гарна. Энэ талаас нь харвал хүн болгон ижил татвар төлөх ёстой гэдэг Сангийн яамны зарчим зөв. Тэгэхээр энэ асуудлуудаа ярьж байгаад зөв шийдэл гаргах хэрэгтэй. Тиймээс энэ бүгдээ ирэх долоо хоногийн бүлэг дээр ярих ёстой. Тэгэхгүй бол ойлголтын зөрүүтэй асуудлууд байна.

-Ц.Нямдорж: Эд нар хоорондоо маргалдаад байхаар нь тэр хуулийг нь харлаа. Сэмлэсээр байгаад системийг нь алдагдуулчихсан юм байна. Нэмэлт бүтээгдэхүүнд 23 нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг. Үүнээс баяжуулсан нүүрс, эцсийн бүтээгдэхүүн гэдэг дээр хагас коксжих гэдгийг хүчингүй болгосон гээд яриад байна. Хэрвээ энийг нь хүчингүй болгочихсон юм бол Сангийн сайдын 1.3 их наяд тасарна гэдэг үнэн ш дээ. Энэ хуулиа үзэж байж та нар юм ярь л даа. Зүгээр л саваад байх юм. Тамгын газар мэргэжлийн зөвлөгөө өгөх ёстой. Яг ийм юмыг цорын ганц хуулийг нь барьж байгаад ярих ёстой ш дээ. Занданшатар дарга Тамгын газраа ажлуулаад эцсийн төслөө гар дээр бариад яръя. Энэ хугацаанд Сангийн сайд, Уул уурхай яам ойлголц. Хүрэлбаатар сайдын зөв. Нэг л буруу цоорхой гаргавал татвараас зайлсхийнэ. Тэр 47.1 гэдэг заалтаа зөв тодорхойлоод явахгүй бол замаа алдлаа.

АМНАТ-тэй холбоотой асуудлыг хойшлуулж, дахин боловсруулж оруулж саналыг гишүүдээс гаргасан учраас уг асуудлыг ирэх хоногт хэлэлцэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэрлэлээ. 

Related Articles

Back to top button
Close