НийгэмОнцлох

Н.Оюундарь: НӨАТ-ын буцаан олголтыг 70 хувь болгосноор улсын төсөвт харин ч эерэг нөлөө үзүүлнэ

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа. Тэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувийг 70 болгон нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа юм. 

-НӨАТ-ын буцаан олголтыг 70 хувь болгон нэмэгдүүлэх хуулийн төслийг Засгийн газар дэмжих болов уу?

-Хуулийн төслөөр санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байна. Засгийн газар яах вэ хуулийн төслийг дэмжихгүй л гэх байх. Гэхдээ ямар ч байсан УИХ-д өргөн барин хэлэлцүүлнэ. Одоогоор Засгийн газраас хариу нь ирээгүй байна. Ер нь НӨАТ-ын тухай хууль бол далд байгаа эдийн засгийг ил болгох зорилготой хэрэгжүүлдэг. НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сүүлийн гурван жилийн байдлаар авч үзэхэд татвар ногдуулалт болон төвлөрүүлэлт жил дараалан нэмэгдсэн. 2016 онд НӨАТ төлүүлэхээр 652.7 тэрбум төгрөгийн татвар ногдуулж, 492.7 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан. 2017 онд 699.2 тэрбум төгрөгийг ногдуулж 630.3 тэрбум төгрөг, 2018 онд 828.5 тэрбум төгрөг ногдуулж, 785.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүний зэрэгцээ НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа, ажил үйлчилгээний дүн 2016 онд 6.6 тэрбум төгрөг, 2017 онд 5.2 тэрбум төгрөг, 2018 онд 13.9 тэрбум буюу сүүлийн гурван жилд 25.7 тэрбум төгрөг болсон байна.

-НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг Сангийн сайд өмнө нь хэд хэдэн удаа хэлж байсан. Харин хуулийн төсөлд 70 хувь нэмэгдүүлэх санал тусгасан байсан. Эдийн засгийн хувьд боломж бий юү?

-Хуулийн төсөлд 70 хувь болгох санал оруулсан ч хэлэлцүүлгийн явцад гишүүд бууруулж болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.1-д 20 гэснийг 70 гэж, мөн зүйлийн 15.13 дахь хэсгийн 30 гэснийг 40 гэж тус, тус өөрчлөх санал оруулсан. Хэрэв хуулийн төсөл дэмжигдвэл 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Харин ч НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэсэн судалгаа гарсан. Нэг үгээр нийтээрээ ашиг хүртэнэ. Өнөөдөр иргэдийн амьжиргаа дээрдэхгүй, ядуурал буурахгүй байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд судалгаа хийсэн байна. “…НӨАТ нь ядуу иргэдэд хүндрэл учруулж байна” гэсэн дүгнэлт гарч, 2018 оны байдлаар манай улсын хүн амын ядуурлын хүрээ 28.4 хувьд хүрсэн. Хүн амын 51.5 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй, нийгэм, эдийн засагт сөрөг цочрол үүсэхэд олон иргэн ядууралд гулсан орох эмзэг байдалтай байна” хэмээн судалгаанд дурдсан байсан. Харин НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирна. Татварын орлогын суурь өргөжих боломжтой. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт сайжирч, улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Төсөвт төвлөрсөн тухайн орлого Засгийн газрын зүгээс иргэдийн амьжиргааг дэмжих цогц арга хэмжээ болж бүх салбарыг дэмжих болов уу гэж харж байгаа.

-НӨАТ-ын хууль хэрэгжүүлж байгаа улс орнуудаас буцаан олголтыг хамгийн бага хувь олгож байгаа нь манай улс байх?

-Манай улсын хувьд эдийн засгийг бүртгэлжүүлэх тогтолцоог НӨАТ-тай уяж өгсөн. Дэлхийн бусад оронд ч ийм тогтолцоо бий. Гэхдээ энэ нь зөвхөн НӨАТ гэсэн үг биш, тухайн татвартай агуулга нэгтэй боловч өөр нэртэй татварууд байдаг. Бараа, үйлчилгээний татвар эсхүл орлогын татварыг ч энэ буцаан олголтын тогтолцоотой холбож болдог. Дээрх системүүдийн буцаан олголтын хэмжээ нь манай улстай харьцуулахад өндөр байдаг. Жишээлбэл, Солонгост үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгө буцаан олгодог бол Швейцарьт 7.7, Японд 8, Люксенбург 17, Герман 19, Англи, Австри, Монакод 20, Португали, Грек 23, Дани, Испани, Норвеги, Швед зэрэг оронд 25 хувийг буцаан олгодог жишиг бий.

-НӨАТ-ын хувийг нэмсний давуу тал юу гэж харж байгаа вэ?

-Монгол Улсын хэмжээнд 2000 гаруй татварын байцаагч байна. Байцаагчдынхаа ажлыг хөнгөвчлөөд гурван сая иргэн маань гурван саяулаа өөрсдөө давхар хяналт тавиад явна гэсэн үг. Иргэн үйлчлүүлж байгаа бүх газраасаа Е баримтаа авъя гэж шаардах эрх нь илүү нэмэгдэнэ. Тухайлбал, би нэг сүү Нарантуулаас арай хямд үнээр баримтгүй авах уу, дэлгүүрээс арай үнэтэйгээр Е баримттай авна. Ингээд 10 хувиасаа 70 хувийг нь буцааж авахыг хүснэ. Миний хувьд жил НӨАТ-ын буцаан олголтоос 270 орчим мянган төгрөг авдаг. Хэрвээ 70 хувь болговол 800, 900 орчим мянган төгрөг авна. Иргэд энэ мөнгийг авахын тулд үйлчлүүлж байгаа газруудаасаа Е баримтаа шаардаж авна.

Мөн Иргэдэд буюу эцсийн хэрэглэгчдэд ногдож байгаа татварын ачааллыг бууруулах (буцаан олголтын хувийг нэмэх) замаар татвараас зайлсхийдэг албан бус секторыг бүртгэх, татвар төлөлтийг эрчимжүүлэх, НӨАТ суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийг хумих, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангана гэж харж байна. Монгол Улсад НӨАТ ногдохгүй бараа, ажил, үйлчилгээ гэж бараг байхгүй. Аль нэг шатандаа заавал ногддог. Энэ нь эцсийн борлуулалтад үнэ нэмэгдэх хэлбэрээр илэрдэг. Хамгийн гол нь татвар төлөгчдөөс суутган авсан татварын мөнгө аливаа нэгэн этгээдийн халаасанд үлдэхгүй татвар төлөгчдөө эргэн төлөгдөнө. Энэ нь татварын суурийг тэлнэ, бүртгэл сайжирна. Учир нь хүн бүр E-баримт нэхдэг болсон. 2000 гаруй татварын байцаагчийн хийж байгаа ажлыг бүх нийтээрээ хийгээд, хяналт тавина. НӨАТ суутган төлөгч болоогүй жижиг худалдаачдыг урамшуулах, дэмжих сугалаа хэвээрээ байна. Шинээр хэрэгжих Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар зөвхөн E-баримтын системээр бүртгүүлсэн зардлыг хасагдах зардал гэж үздэг болсон. Ингэснээр бизнесийн үр ашгийг нэмэх, ил тод байдлыг хангахад аж ахуйн нэгжүүд орлого, зарлагаа ил болгодог болсон.

Related Articles

Back to top button
Close