НийгэмОнцлох

О.Эрдэмбилэг: Ил тодын хуулиар хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг балансад тооцохгүй гэдгээ банкуудад мэдэгдсэн

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгээр ахлуулсан багийнхан Парис хотод болсон FATF-ын нэгдсэн хуралд оролцоод ирсэн билээ. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгээс зарим асуудлыг  тодрууллаа.

FATF-ын саарал жагсаалтад орсон нь банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр хууль бус буюу Эдийн засгийн ил байдлын тухай хуулийн хүрээнд ил болсон хөрөнгө орлогоос нөхсөн нь нөлөөлсөн гэсэн тайлбар байгаа. Яг хуралд нь оролцож, шийдвэрийг нь сонссон хүний хувьд энд үнэн зөв хариулт өгнө үү?

-FAFT-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах болсон үндэслэлээ маш тодорхой тайлбарласан байгаа. Шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн дөрвийг нь дахин сайжруулж ажиллах шаардлагатай байна гэж үзсэн. Энэхүү мэдэгдэл нь FATF-ын албан ёсны сайт дээр гарсан байгаа шүү дээ. Та бүхэн олж хараад тулгаад хараарай. Манай Монголбанкны сайтад ч байршсан. Үнэлгээгээ сайжруулах ёстой дөрвөн хэрэгжилтэд банктай холбоотой нэг ч өгүүлбэр байхгүй. Харин ч FATF-ын 40 зөвлөмж болон шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийг хэрэгжүүлж ажиллахдаа банкууд үүргээ сайн биелүүлж, үнэлгээ ахихад нөлөөлсөн байгууллагуудын нэг шүү.

Банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг ил тодын хуультай холбож байгаа. Нэр бүхий банкууд ил тодын хуулиар ил болсон эх үүсвэрээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэдгээ Монголбанкинд мэдэгдэж, баримтаа бүрдүүлж өгсөн. Гэтэл тус хуулиар ил болсон хөрөнгө орлогын цаад эх үүсвэрийг шалгая гэхээр хуулиар боломжгүй. 2016 оны эцсийн тайландаа ил болсон хөрөнгө орлогоо тусгасан. Үүнээс өмнөх хөрөнгө орлогыг шалгаж болохгүй гэсэн үг. Түүнээс хойшхыг бол шалгах боломжтой байгаа. Өнөөдрийн байдлаар ил тодын хуулиар ил болсон орлогоос өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн арилжааны банк байхгүй. Яагаад гэвэл Монголбанк ил тодын хуулиар хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг балансад тооцохгүй гэдгээ банкуудад мэдэгдсэн.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад FATF-ын үнэлгээгээ маш сайн ахиулсан хэрнээ яагаад дөрөвхөн асуудлаас болоод сааралд оруулах болсон юм бэ. Цаана нь улс төрийн ямар нэгэн шалтгаан байсан уу?

-Манай улсыг хоёр жилийн хугацаанд маш сайн үр дүн гаргаж, ахицтай ажиллаж байгааг гишүүн орнууд сайшаасан. Хоёр жилийн хугацаанд FATF-ын 40 зөвлөмжөөс 35-ыг нь хангасан, огт шаардлага хангахгүй байсан 11 үзүүлэлтийн  7 дээр нь улаан шугамаас дээгүүр алхсан улс байгаагүй гэж FATF-ын гишүүд өөрсдөө хэлсэн. Богино хугацаанд сайн ажилласан байна, цаашдаа энэ эрчээ битгий алдаарай. Гэхдээ тааруу үнэлгээ авсан дөрвөн үзүүлэлт дээр цаашид хийх ажил байна. Энэ дөрвөн асуудал дээр хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөө тодорхой учраас богино хугацаанд хүндрэлээс гарах боломжтой шүү гэдгийг хэлсэн. Мэдэгдэлдээ ч тэгж дурдсан. Яг нэгдсэн хурлын үеэр зарим гишүүнээс “FATF-аас төлөөлөгч томилж, Монголд руу явуулж, дахин шалгая” гэдэг санал гарсан. Зарим улс орнууд Монгол Улс дөрвөн асуудал дээр ажлын төлөвлөгөө аваад ажиллаж байна. Гэхдээ цаашид хийх ажил, эрсдэлийг нь тодорхойлохоос илүү хийсэн ажлыг нь үнэлье. Монголын Засгийн газарт FATF-аас тусгайлан захиа явуулъя гэдэг санал ч гарсан. Шийдвэрлэх санал хураахаас өмнө үг хэлсэн зургаан, долоон улс дандаа дэмжсэн үг хэлсэн. Гэхдээ эцсийн шийдвэр нь эрчимтэй хяналтад байх буюу саарал жагсаалтад оруулахаар болсон.

Одоо бид хамтарсан зөвлөл дээрээ дөрвөн үзүүлэлтийг сайжруулах төлөвлөгөө гаргаж, 2020 ондоо багтаж саарал жагсаалтаас гарахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгах ажил хэзээ эцэслэгдэх юм бэ. Үүнээс болоод ОУВС-гийн хөтөлбөр зогсонги байдалд ороод нэг жил болж байна шүү дээ?

-Хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад Активын чанарын үнэлгээ хийгдсэн, дүн нь гарсан. 2017 онд банкны салбарын өөрийн хөрөнгийн дутагдал  ДНБ-ий 1.9 хувь буюу 560 гаруй тэрбум төгрөгийн дутагдалтай гарсан. Хөрөнгийн дутагдалтай банкуудад тодорхой хугацаа өгч дутагдлаа нөхөх боломж өгсөн. Дутагдлаа ч нөхсөн. Үүний дараа хөрөнгийн дутагдлаа нөхсөн банкууд ямар эх үүсвэрээр нэмсэн бэ гэдгийг шалгахаар болсон. Ингээд магадлан шинжлэх аудитыг Сингапурт ажилладаг АНУ-ын компани хийхээр болсон. Тус компанийн мэргэжлийн багийнхны зөвлөгөөг Монголбанк авч ажилласан. Тус байгууллагын шинжээч нар есдүгээр сарын 1-нд Монголд  хийх ажлаа дуусгасан. Монголбанкны Ерөнхийлөгчид өөрсдийн тамга тэмдэгтэй аудитын тайлангийн дүгнэлтийг англи хэл дээр есдүгээр сарын 25-нд өгсөн. Одоо болтол монгол хэл дээрх албан ёсны хувийг аваагүй, бид англи хувилбар дээр нь ажиллаж байна. Сая ОУВС-гийн тайлангийн хуралд манай ерөнхийлөгч тайлангийн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө яриад ирсэн. Банкуудад хийсэн магадлан шинжлэх ажил дууссаны дараа хөтөлбөр хэвийн үргэлжлээд явах болов уу.

-Магадлан шинжлэх тайлангийн дүгнэлт нь юу гэж гарсан юм бэ. Эх үүсвэр нь асуудалтай банк байсан уу?

-Магадлан шинжлэх тайлангийн үр дүн, зөвлөмжийг арилжааны банкуудад хүргүүлсэн. Тус аудитын компани хуулийн компани биш учраас хуулийн дүгнэлт өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин тухайн мөнгөн эх үүсвэр яг хаанаас, хэнээс орж ирсэн бэ гэдгийг хөөж, шалгасан гэдгээ тайлбарласан. Тэдний зөвлөмж дээр үндэслэн банкуудад арга хэмжээ авч, өөрийн хөрөнгөөс нь хасагдах дүнг танилцуулж, зөвлөмжийг мөн хүргүүлсэн байгаа. Өөрийн хөрөнгөөс хасагдсан тохируулгууд энэ сарын банкуудын тайлан дээр гарна. Тайланд тусгагдаад явсны дараагаас Монголбанкнаас Банкны тухай хуульд заасан арга хэмжээг авна.

Зарим улс орнууд банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа эх үүсвэрийн тодорхой хувь нь бэлэн мөнгө байна гээд хувь заасан байдаг. Харин Монгол Улсад ийм хууль байхгүй. Зарим банкны хувьцаа эзэмшигчид өөрийнхөө өөр банкин дахь данснаас доллар авсан. Дараа нь доллараа банк бус санхүүгийн байгууллага дээр төгрөг рүү хөрвүүлж, төгрөгөө өөрийн банкиндаа бэлнээр тушааж, банкны хөрөнгөө нэмэгдүүлсэн байгаа. Үүн дээр хоёр асуудал гарсан. Монголбанк цаашдаа банкууд өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх эх үүсвэрийн тодорхой хувь нь бэлэн мөнгө байна гэдэг зохицуулалтыг хийе гэж байгаа. Хоёрт, тухайн хувь эзэмшигчийн өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөд тооцохгүй, хасагдуулна гэдгийг мэдэгдсэн.  Учир нь, доллар, төгрөг бэлнээр авсан баримт нь байгаа мөртлөө ББСБ-д хөрвүүлсэн баримт байхгүй учраас үүнийг шууд цэвэр эх үүсвэр гэж үзэх боломжгүй. Дээр нь их хэмжээний үнийн дүнтэй бэлэн мөнгө байсан учраас энэ эх үүсвэрийг тооцоогүй.

Үүнээс гадна Иргэний хуулиар зохицуулсан бэлэглэлийн асуудлууд гарсан. Маш өндөр дүнгээр хөрөнгө нэмэгдүүлээд, эргээд эх үүсвэрийг нь асуухад бэлэглэлийн гэрээ гэж тайлбарласан. Гэтэл яагаад ийм өндөр дүнтэй зүйлээ нөгөө хүнд бэлэглэв гэдэг асуудал үүсч байгаа.

Энэ бүх асуудлаа Валютын сангийнханд танилцуулж, харилцан ойлголцсоны үр дүнд арга хэмжээ авна..

Related Articles

Back to top button
Close