ОнцлохУЛС ТӨР

Н.Баяртсайхан: Эдийн засгийн асуудлаар улстөржмөөргүй байна. Би хариуцлага хүлээхэд бэлэн

УИХ-ын чуулганы хуралдаанаар Мөнгөний бодлогын талаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Чуулганы хуралдааны үеэр гишүүдийн олонхи нь саарал жагсаалттай холбоотой асуудлаар Монголбанкны удирдлагуудаас асуулт асууж, хариулт авлаа.  

-УИХ-ын гишүүн О.Содбилэг: Юуны өмнө саарал жагсаалттай холбоотой асуудлаар тайлбар авмаар байна. Саарал жагсаалтад орсон нь арилжааны банкуудад хийсэн шалгалттай ямар холбоотой юм бэ. Нөгөө талд УИХ дээр Оюутолгойн асуудлыг хэлэлцэх гэж байгаа учраас Оюутолгойнхон саарал жагсаалтад оруулахад нөлөөллөө. Одоо саарал жагсаалтад оруулсан юм чинь ганц том төслөө оролдоод яах вэ гэсэн яриа гарч байна. Одоо Оюутолгой ХК 3000 туслан гүйцэтгэгч компанийн ажилчдаа халж байна, гүний уурхайгаа хийж чадахгүй байна. Гүний уурхайн ажлыг 30 сараар хойшлуулсан. Өртөг нь 2.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн гэж яриад байгаа. Энэ нь саарал жагсаалтад ямар хамаатай юм бэ. Тусдаа асуудал холилдож яриад байгааг тодруулмаар байна. 

Н.Баяртсайхан

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Хөтөлбөрийн хүрээнд банкуудад Активын чанарын үнэлгээ хийлгэх байсан 514 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор нөхөх даалгавар өгсөн 436 тэрбум төгрөгөөр зургаан банк нэмэгдүүлсэн. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй нэг банк байсан. Тэр нь Капитал банк байсан. Монголбанкнаас арга хэмжээ авч, эрх хүлээн авагч томилж, татан буулгаж байгааг зарласан. Өөрийн хөрөнгө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг магадлан шалгах аудитын шалгалтын дүнг 2019 оны есдүгээр сарын 25-нд Монголбанкинд ирүүлсэн.

Харин Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах асуудал наймдугаар сард Бангкокт болсон FATF-ын бүс нутаг хариуцсан бүлгийн хурлаар манай тайланг хэлэлцээд, түүнээс гарсан үр дүнг сая Парист болсон FATF-ын нэгдсэн хурлаар хэлэлцэж шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ хоёр асуудал цаг хугацаа болон агуулгын хувьд ямар ч холбоогүй гэдгийг хэлье. Энэ хоёрыг хооронд нь битгий холбоосой гэж хүсч байна.

Банкуудын асуудлыг сая Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хуралд оролцож, танилцуулсан. Дараагийн шатанд юу хийхээ тохирсон байгаа.

Саарал жагсаалтыг Оюутолгойн үйл ажиллагаатай холбож ярьж байгааг би сайн мэдэхгүй байна. Ямар хүмүүс ийм учиртай яриа гарсныг мэдэхгүй.

-О.Содбилэг: Асуултдаа гүйцэт хариулт авч чадсангүй. Банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн аудитын шалгалтад ямар нэгэн сөрөг нөлөө байсан юм биш үү. Саарал жагсаалтад юунаас болоод орсон юм бэ?

-Н.Баяртсайхан: Олон улсын мөнгө угаах, терроризимын эсрэг тэмцдэг FATF-ийн зөвлөмж өгсөн дөрвөн асуудал нь банкуудтай холбоогүй.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: FATF-ын хуралд оролцоход манай ЖДҮ-чин гишүүдийг ярьж байна уу.

-Н.Баяртсайхан: Монголбанкны дэргэд санхүүгийн мэдээллийн алба гэж байдаг. Банкууд сэжигтэй гүйлгээ бүрээ Санхүүгийн мэдээллийн албанд хүргэдэг. Санхүүгийн мэдээллийн алба Тагнуул, шүүх, хууль сахиулах байгууллагуудад хүргэдэг. Олон улсын байгууллагууд манай дотоод амьдралд болж байгаа мэдээллийг сошиал мэдээллээс их авдаг юм байна. Түүгээр биднийг дүгнэдэг юм байна. Тиймээс бид энэ асуудал анхаарах ёстой болсон байна. 

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Саарал жагсаалтад багтах болсон дөрвөн үндэслэл ил тод хуультай холбоогүй байна. FATF-аас тэр хуулиа хүчингүй болго гэсэн нэг л үг байхгүй байна. Хойд Солонгосын 200 ажилчныг нэг мөр гарга, хилээр дамжиж бэлэн мөнгө Монгол руу ороод алга болж байна. Танайхан торгоод явуулах биш үүнийгээ нэг мөр шийдэж, арга хэмжээ авдаг бол гэсэн байна ш дээ. Дээр нь мэдээлэх үүрэг хүлээдэг байгууллагууд, хэд хэдэн санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа сайжруул гэсэн байна. Үүнийгээ л сайн ярихгүй байна.

Монгол Улс саарал жагсаалтад оруулсонд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нээх буруутай биш. Энэ дээр хэн хамгийн их буруутай вэ гэвэл Ц.Нямдорж ш дээ. Та нарыг эхэлж гаргаж, баахан мэдэгдэл хийлгэж анхаарлыг төвлөрүүлж байгаад ард нь өөрөө цэвэр үлдэх гэж байгаа юм. Сайжруулах ёстой ихэнх заалт нь Ц.Нямдоржтой холбоотой байна. FATF-ын төлөөлөгч нар наймдугаар сард ирж, ажлаад явахад нь тэр хүмүүсийг хүлээж аваад өөдтэй тайлбар тавьж чадаагүй явуулсан байн лээ. Улстөрчид АН-ын ажилтай холбоод саарал жагсаалтыг ярьж байна. Өнөөдрийн бүх үйл ажиллагаа чинь МАН-тай холбоотой шүү.

Хоёрт, өнгөрсөн онд Монголын ААН, иргэнээс хэчнээн тонн алтыг Монголбанкинд тушаасан бэ. Өнөөдөр байдал ямар байна вэ?

-Монголбанкны нөөцийн удирдлага санхүүгийн газрын захирал Энхжин: Монголбанк 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авсан байна. Харин энэ оны аравдугаар сарын 24-ны өдөр 12.2 тонн үнэт металл худалдан авсан байна. Өнгөрсөн оны өдийд бид 17 тонн алтыг ААН, иргэдээс худалдан авсан байсан. Тэгэхээр өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад алт тушаалт таван тонноор буюу 30 хувиар буурсан байдалтай байна.

-Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар: 2016 онд маш хүнд эдийн засгийн хүлээж авсныг бүгд мэдэж байгаа. Өнөөдөр эдийн засгийн үзүүлэлт сайжрахад Монголбанк болон тухайн үеийн Засгийн газруудын бодлогын нөлөө чухал байсан.

Өнөөдөр бид хөрөнгийн зах зээлийг хөгжүүлээгүй байж банк санхүүгийн чадан ядан явж байгаа системийг шүүмжилж байгаа нь зөв биш. Хөрөнгийн зах зээлээ босгож, банкны салбартайгаа балансжуулаад явбал санхүүгийн зах зээл чинь эрүүлжинэ. Ингэхгүйгээр банкны зээлийн хүүг хүчээр бууруулах асуудыг хүчээр оруулбал зах зээлээ л савлуулна.

Ийм хүнд нөхцөл байдал Төв банкны удирдлагууд амаргүй ажиллаж байгааг гишүүд болон холбогдох хүмүүс зөв ойлгоорой. Алтны нөөцтэй холбоотой асуудлыг 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр оруулсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам санаачлан оруулсан. Алтны татварыг 2.5 хувь дээр байлгаад өгөөч, нэмбэл бид 20-30 хувиар тушаалтаа алдах гэж байгааг хэлсэн. Өнөөдөр бодит байдал яг л тийм байна. Өмнөх оны мөн үед 18 тонныг авч байсан бол өнөөдөр 12 тонн байна. Бид зургаан тонныг алдсан байна. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн болоод улсын хилээр гарч байна. Хил гаалийн шалгалтыг сайжруулж, чангатгаж, давхар хуулийн төсөл өргөн бариад, гаргаж байгаа алтны хэмжээгээ хянадаг ёстой гэдгийг олон хэлсэн. Алтны татвар 2.5-аараа үргэлжлүүлсэн бол алт тушаалтын нэг тэрбум ам.долларт хүргэх зорилт биелэх боломжтой байсан. Тиймээс Монголбанкны удирдлагуудтай ярилцаж байж хуулийн төсөл оруулсан. Аль нэгэн компанид бид лоббидуулаагүй, улсынхаа нийтлэг эрх ашгийг, улсынхаа валютын нөөцийг бодсон. Тэр хуулийг дэмжээгүй гишүүдэд тоо баримттайгаар чуулган дээр дахин сануулж, нэртэй нь зарлана. Ингэж улсаа хохироож болохгүй. Улсаасаа олборлож байгаа алтаа бид барин тавин алдаж байна. Яг үнэн чанартаа цаана хулгайч нарыг дэмжиж байгаа хэрэг. Дээр нь бид Оюутолгойн асуудал дээр болгоомжтой хандах ёстой.

FATF-ын хурал дээр Монголд хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын гомдлын асуудлыг хүртэл ярьсан

-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Сая саарал жагсаалтад оруулсан асуудал нь манай улсыг дүгнэж байгаа гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудаас өгсөн үнэлгээ боллоо шүү дээ. Энэ ганцхан дотоодод хэдэн хүн, дөрвөн банкнаас болсон асуудал биш. Энэ бол улс орны эдийн засагтай холбоотой чухал асуудал. Тодорхой бодлогын асуудлыг тодорхойлж шийдэх  ямар арга зам байна вэ. Нэг хүн хариуцлага хүлээгээд шийдэгдэх асуудал юм уу.

-Н.Баяртайхан: Миний хувьд саарал жагсаалтын асуудлаар хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ УИХ-ын даргад мэдэгдсэн байгаа. Надад ажил албан тушаалтай зууралдаад сууя гэсэн бодол алга. Таны хэлсэн нэг чухал зүйл байгаа. Сая FATF-ын хурлаар гурван улс саарал жагсаалтад орлоо. Нэгд нь Исланд. Исландыг саарал жагсаалтад оруулахгүй гэж Скандиновын орнууд, Европын холбооны маш олон орнууд тэмцэж зүтгэж ажиллалаа. Хоёрт, Пакистаныг саарал жагсаалтад оруулах уу, хард оруулах гэдэг асуудлыг ярилцаж байгаад сааралд нь үлдээсэн. Пакистаныг цээжээрээ хамгаалсан улс маш их байсан. Гуравт, Монголын асуудлыг ярихад хэн ч дуугараагүй. Энэ дээр бид маш том дүгнэлт хийх болсон. Үүний цаана гадаад харилцааны асуудал гарч ирсэн. Ер нь саарал жагсаалтад оруулсан асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дээр хэлэлцэх ёстой, тэндээс маш тодорхой чиглэл гарах ёстой гэж үзэж байгаа. Дахиад яривал олон зүйл байгаа. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдлын асуудал гарсан. Энэ бүгдийг чинь нээлттэй хуралдаанаар яриад байж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яръя. Эсвэл УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар нөхцөл байдлыг яръя. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад амиа аргацаах гэсэн үйл ажиллагаа явж байгаад би үнэхээр их харамсалтай байна. Энэ чинь улс орны хувь заяа, үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой  асуудал шүү дээ.

-Ж.Энхбаяр: Хурал даргалагчид горимын санал тавьж, санал хураалгахыг хүсч байна. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг бид сонсох ёстой. Монгол Улсын гадаад, дотоод бодлогоор тодорхой шийдвэр гаргах бүрэн эрх УИХ-д бий. Гэтэл улс орон эдийн засгийн маш амаргүй нөхцөлд байгаа энэ үед Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсох ёстой. Шаардлагатай бол хаалттай болгож байгаад мэдээллээ сонсъё.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хаалттай хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсох асуудлыг даргын зөвлөлийн хурлаар оруулж, ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулахаар боллоо. 

Related Articles

Back to top button
Close