НийгэмОнцлох

Д.Бадарч: Их дээд сургуулийнхаа системд өөрчлөлт хийхгүй бол чадвартай залуусаа гадагшаа алдана

УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх профессор Д.Бадарчтай их дээд сургуулиудыг нэгтгэх асуудлаар хийсэн судалгааны талаар ярилцлаа. Төрийн өмчит найман их, дээд сургуулийг нэгтгэн, судалгааны  томоохон сургууль бий болгох бололцоо байгаа эсэхийг судалсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан  юм. 

-Төрийн өмчийн найман их, дээд сургуулийг нэгтэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь та ажилласан байна. Ажлын хэсгийн зорилго юу байв?

-БСШУС-ын сайдын шийдвэрээр төрийн өмчийн их, сургуулиудын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах асуудлаар судалгаа хийх ажлын хэсгийг өнгөрсөн долдугаар сард байгуулсан. Гол зорилго нь төрийн их дээд сургуулиудынхаа өнөөгийн байдалд судалгаа хийж цаашид яавал үр өгөөжтэй болгох, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тавигдсан судалгааны их сургуулиудтай болох зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг судлах байсан. Судалгаанд төрийн өмчийн найман их сургуулийг авч үзсэн. Үүнд цэргийн ч юм уу хуулийн сургуулиудыг оруулаагүй. Төрийн өмчийн 17 сургууль байдаг. Эндээс тусгай үйлчилгээний сургуулиудыг оруулаагүй. МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, СУИС, Улаанбаатар их сургууль, ХҮИС гэсэн найман сургуулийг оролцуулан судалсан.

-Тэгвэл ажлын хэсэг эдгээр найман сургуулийг нэтгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан гэж байсан. Судалгааны өөр үр дүнгээс дурдахгүй юу?

-Би нэг жишээ хэлье. Харвардын их сургуулийн Ерөнхийлөгч Чарльз Элиот гэж хүн байсан. 40 жил энэ сургуулийг удирдсан хүн. 1869-1909 он хүртэл. Энэ хүн Харвардын их сургуульд маш их зүйл хийсэн. Бидний яриад байгаа кредит систем гэдгийг анх хийсэн хүн. Нөгөө талаар Рокфеллер гэж их баян хүн байсан. Энэ хүн Элиотоос “танай сургуулийг дэлхийн төвшний том сургууль болговол хэдэн жил хэрэгтэй вэ, юу хэрэгтэй вэ” гэж асуусан байгаа юм. Тэгсэн Чарльз Элиот “50 сая ам.доллар, 200 жил хэрэгтэй” гэж хэлсэн байгаа юм. Гэтэл Рокфеллер 1900 онд Чикагогийн их сургуульд 80 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Ингээд Чикагогийн их сургууль 20 жилийн дотор дэлхийн төвшний их сургууль болсон. Өнөөдөр дэлхийн төвшний сургууль яаж болж байна вэ гээд харахаар Хятад 1990 оны дундаас эхлээд их сургуулиудаа дэмжих арга хэмжээ аваад 15 жилийн дотор дэлхийн топ 100-н сургууль дотор дөрвөн сургууль нь багтаж чадсан. Мөн Орос 1990 оноос эхлээд Үндэсний судалгааны их сургууль, Холбооны их сургуулиудаа нэгтгэн байгуулаад 15 жилийн дотор дэлхийн топ 500 сургуульд 15 сургуулиа оруулсан. Саудын Араб цоо шинээр маш их хөрөнгө хаяад арваадхан жилийн дотор дэлхийн төвшний их сургуультай болсон. Дэлхийн төвшний их сургууль гэж мода хөөхдөө гол нь биш. Монголынхоо үр хүүхдэд чанартай боловсрол олгохгүй бол манай залуу үеийнхэн Монголын төрийн их сургуулиудыг сонгохоо больчих гээд байна. Манай монголчууд боловсролыг их дээдэлдэг. Тиймээс ямар ч өндөр үнэтэй байсан хувийн дунд сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ өгөх гээд очерлоод байна. Харин дээд сургуульд тэгэхгүй байгаа биз дээ. Учир нь дээд сургуульд тийм төвшний сургууль байхгүй учраас л тэр шүү дээ. Тиймээс төр үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Хүн ардынхаа эрх ашгийг хамгаалах, сургуулиа чанаржуулах хэрэгтэй. Өнөөдөр ерөнхийд нь харвал төрийн сургуулиуд маань оюутны хойноос л хөөцөлдөж байна. Гэтэл дэлхий нийтээрээ дээд боловсролын салбарт маш том өөрчлөлт орох гээд байна. Хамгийн наад захын жишээ гэхэд лекцийн хичээл 2030 он гэхэд алга болно гэж байна. Технологийн дэвшлийг дагаад сургалтын арга барил өөрчлөгдөж байна. Маш олон онлайн сургалт бий болж байна. Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд хичээлээ онлайнд тавьж байна. Хэрвээ 10 жилийн хүүхэд англи хэл их сайн мэддэг бол манай сургуулиудад сурснаас онлайнаар шалгалт өгөөд, хичээлийг нь үзээд гэрээсээ сураад Монголын их сургуульд сурснаасаа хямдханаар ч тэр сургуулийн диплом авчих боломжтой болж байна. Хоёр дахь сэтгэл зовоож байгаа асуудал нь манай их дээд сургуулиуд хүнд суртлын том аппарат болчихсон. Дэлхийн жишгээр гурван багшид нэг багш биш хүн оногддог. Манайд нэг багшид нэг багш биш хүн оногдож байна гэсэн судалгаа гарсан. Үр дүн нь харагдахгүй олон орон тоо байна. Нөгөө оюутны сургалтын төлбөрөөр л тэжээж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг тогтолцооны хувьд гажуудал гэж үзэж байгаа. Ер нь их сургууль гэдэг авьяастай, чадвартай хамгийн сор болсон хүмүүс сурдаг газар. Дэлхийн сургуулиуд авьяастай, чадвартай, сор болсон хүмүүсийг татах гээд хойноос нь хөөцөлдөж байна. Монгол дотроо их сургуулиудаа цэгцэлж чадахгүй бол залуучуудаа алдана.

-Ё.Баатарбилэг сайд Засгийн газрын хуралдаанд судалгааны дүнг танилцуулсан гэсэн. Хэрвээ Засгийн газар дэмжвэл манай улс төрийн өмчийн хэдэн их дээд сургуультай болох вэ?

-Монгол Улс хэдэн их дээд сургуультай байх уу, цаашаагаа хэрхэн явах вэ гэдэг нь гол асуудал биш. Бид бол судлаач хүмүүс. Судлаачид судлаад үр дүнгээ гаргаад өгч байгаа юм. Цаашаа үүнийхээ үр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх, ямар арга замаар хэрэгжүүлэх вэ гэдэг нь Засгийн газрын бодлогын асуудал. Засгийн газар судалгааны дүнг хэлэлцээд энэ асуудлыг сонирхож байна. Дээд боловсролын салбарынхаа чанарыг дээшлүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авах цаг болсон байна гэдгийг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсож, хэлэлцүүлэг хийе гэсэн. Үүний дагуу УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцүүлэг хийсэн. УИХ-ын дарга ч нэлээд дэмжиж байгаа.

-Хэрвээ их дээд сургуулиудаа нэгтгээд судалгааны том сургууль байгуулъя гэвэл урт хугацааны ажил уу?

-Дэлхийн чиг хандлагыг харахад судалгааны сургууль байгуулдаг гурван чиглэл байгаа юм. Нэгд, цоо шинээр сургууль байгуулдаг. Энэ бол асар их мөнгө шаардана. Хоёрт, байгаа сургуулиа сонгоод, төрөөс нэлээд сайн дэмжээд өгөх ёстой. Энэ манайд бүрэн хэмжээгээр хэрэгжихэд хэцүү. Манай сургуулиуд нарийн төрөлжсөн. Жишээлбэл, МУИС-д анагаах байхгүй. Инженерийн анги байхгүй. ШУТИС-д урлаг ч юм уу тэр чиглэлийн анги байхгүй. Гуравт, их сургуулиудаа нэгтгэх арга байна. Бид гурав дахь буюу их сургуулиудаа нэгтгэх арга замыг сонгох нь зөв гэдэг санал гаргасан. Гэхдээ их сургуулиудыг нэгтгэнэ гэдэг тийм амар ажил биш. Урт хугацаа шаардана. Нэг хоног, нэг жилийн дотор хийдэг ажил биш. Хүмүүс мэдээлэл бага байгаа учраас буруу ойлгоод байх шиг байна. Наад зах нь сургуулиудыг нэгтгэхээр ажлын байр байхгүй болно гээд бодоод байх шиг байна. Удирдлагын аппаратыг мэдээж цомохтгоно. Харин хичээл заадаг багшийн тухайд өөр. Өнөөдөр манай их дээд сургуульд нэг багшид 24 оюутан оногдож байна. Дэлхийн дунджаар үнэхээр сайн судалгааны сургуульд нэг багшид 15 оюутан оногдож байгаа. Тэгэхээр нэг багшид 15 оюутан оногдоно гэж тооцвол багш дутагдана. Тиймээс үүнийг зөвөөр ойлгох ёстой. Бүх сургуулиа нэгтгээд нэг сургууль болгох уу, хоёр сургууль дээрээ төвлөрөх үү гэдэг бодлогын сонголт бол Засгийн газрын эрх мэдлийн асуудал. Бидний тооцоолсноор манай Засгийн газар судалгааны сургууль байгуулах ажлыг одооноос эхэлбэл 15 жилийн дараа Монголын нэг сургууль дэлхийн шилдэг 500 сургуульд багтах магадлал байна. Манай их дээд сургуульд ажиллаж байгаа залуу эрдэмтэд, ялангуяа гадаадын их дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалаад төгсөөд ирсэн залуучууд судалгаа хийж байна. Энэ залуучуудыг зөв дэмжээд ажиллуулах боломж байна. Ер нь манай их сургуулиуд зөвхөн хичээл заадаг. Судалгаа хийх боломж байхгүй. Харин их дээд сургуулийн багш нар Монгол Улс нийгэм, эдийн засагтаа хэрэгтэй дорвитой судалгаа хийх хэрэгтэй.

-Их сургуулиудаа нэгтгэхийн тулд төрийн дэмжлэг маш их хэрэгтэй байх. Тиймээс сургалтын төлбөр ч нэмэгдэх шаардлагатай болох уу?

-Төрийн талаас маш том дэмжлэг хэрэгтэй. Төрөөс оюутнуудад сургалтын зээл олгож байна. Тогтмол зардлыг нь өгөхөө больсон. Төрөөс тогтмол зардлыг нь ч өгөх ёстой, том хэмжээний хөрөнгө оруулалт ч хийх ёстой. Гэхдээ төрийн мөнгө гэдгийг зөв ойлгох ёстой. Ганцхан шууд мөнгө өгөхдөө биш. Төр их дээд сургуулиудаа дэмжээд Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын төсөл хэрэгжих гэж байна. Энэ төрийн л мөнгө шүү дээ. Энэ мөнгө очих ёстой газраа очиж чадвал судалгааны их сургууль байгуулахад төрөөс өгч байгаа 30 сая ам.доллар болно. Ер нь бол ганцхан эх үүсвэртэй байж болохгүй. Манай их сургуулиудын төсвийн 70-80 хувь нь оюутнуудын төлбөрөөс бүрдэж байна. Энэ маш буруу. Олон эх үүсвэртэй болоод сургалтын төлбөр төсвийнхөө 50-60 хувийг бүрдүүлбэл манай сургуулиуд эдийн засгийн хувьд тогтвортой болно.

Тэгэхээр чанартай сургуульд чадвартай хүүхэд нь орох юм байна?

-Тийм ээ. Төлбөр ч гэсэн тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Төлбөрөө нэмэх хэрэгтэй, багш нарынхаа ч цалинг нэмэх хэрэгтэй. Судалгаанаас харахад манай их дээд сургуулиудын багш нарын дундаж цалин 1.3 сая байна. Үүнийг дор хаяж гурван сая болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Оюутны төлбөр 1000 ам.доллар орчим байгаа. Бид бол эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжлүүдийн төлбөр бусдаасаа жаахан өндөр байна. Дор хаяж эхний ээлжид хоёр дахин нэмэгдэх ёстой. Эрэлт хэрэгцээ багатай нь төлбөр нь арай бага байх хэрэгтэй гэж үзэж байгаа. 

Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
Close