Онцлох

​Их хурлын дарга нь илүү мэдээлэлтэй байлгүй дээ

Сайн мэдээ сонсогдож магадгүй боллоо. Сүүлийн хоёр өдрийн турш хөвөрсөн “Монгол Улс саарал жагсаалтад орчихсон уу” гэх мэдээнд эерэг хариу гарч магадгүй болсныг УИХ-ын Тамгын газрын  албан ёсны пэйж хуудаст мэдээллээ. Тэнд:

-“Монгол Улс саарал жагсаалтаас мултарсан бололтой. FATF манай улсыг саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах нь. Түүнд, Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, FATF-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ. “Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдэлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа аж. Улмаар нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болж байна гэсэн мэдээ авлаа” гэсэн байна.

УИХ-ын тамгын газрын албан ёсны пайж хуудас бол сэтгүүлчдийн хувьд эх сурвалж мөн. Тэнд, УИХ-ын дарга Г.Занданшатарынхаа PR-ыг ч мартаагүй, түүний ФАФТ-д илгээсэн захидал нь Монгол Улсыг саарал жагсаалтаас мултрахад нөлөөлсөн гэх утга гаргажээ. Гэхдээ яах вэ, Монгол Улс л саарал жагсаалтаас мултарч байвал нэг улстөрчийн PR бага хэрэг. Бүтэн сарын турш түүнийг алдаршуулсан ч болохгүй юмгүй.

Харин  АН-ын дарга С.Эрдэнэ одоогоос хоёр хоногийн өмнө “FATF-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан байна. Тэнд байгаа баттай эх сурвалжаас мэдээлэл авсан” гэж мэдэгдсэн билээ. Түүний баттай эх сурвалж нь, АН-ын гишүүнчлэлтэй явсан, одоо Францад Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд А.Баттөр байх, иймд С.Эрдэнийн мэдээлэл үнэн байх  магадлалтай гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байлаа.

Харин өнөө өглөө УИХ-ын тамгын газраас таатай мэдээ дуулгалаа. Эрхбиш, УИХ-ын дарга нь С.Эрдэнээгээсээ илүү, бас баттай мэдээлэл авсан байлгүй дээ гэж итгэе.

Дашрамд дурдахад, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага болох FATF-ын бүсийн хурал аравдугаар сарын 13-18-ны өдөр Францын нийслэл Парис хотноо болж байна. Уг хурлаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтад оруулах эсэхийг шийдэх бөгөөд шийдвэрээ Монголын цагаар орой 18.00 цагт албан ёсоор танилцуулах юм.

Related Articles

Back to top button
Close