Онцлох

Далай лам: Тийм ээ, хойд дүр маань эмэгтэй байх боломжтой, бүх Далай лам хөгшин эрчүүд байх албагүй

Нобелийн энх тайвны шагналт, Буддын шашны тэргүүн XIV Далай лам Данзанжамц саяхан Английн “BBC” телевизэд ярилцлага өгчээ. Өөрийн улс төрийн үзэл бодол, их гүрнүүдийн төрийн тэргүүн нарын талаар нээлттэй ярилцсан түүний ярилцлагыг эмхтгэн хүргэж байна.

-Бидний урилгыг хүлээн авсанд талархаж байна. Та саяхан 84 нас хүрчээ. Хүн бүр л танаас хэрхэн урт удаан, эрүүл саруул аж төрөх талаар заавар, зөвлөгөө авахыг хүсэж байгаа байх?

-Оюун санааны амар амгалан. Үүнд л хамаг учир бий. Гэхдээ эрүүл мэндийг ярихаас өмнө аливаа юмсад бодитоор хандах хэрэгтэй. Чи намайг, бас өөрийгөө хар. Бид яг л ижил бие махбодьтой эгэл жирийн хүмүүс. Хүн өвдөж, өтлөх нь байгалийн сөрөх боломжгүй үнэн. Тиймээс үүнд гомдол тоочих хэрэггүй. Үүнтэй адил нийгэмд байгаа зарим асуудалд гомдлох нь ямар ч утгагүй. Зүгээр л бодит байдлыг хүлээж ав.

-Хятадын эрх баригчид танд тийм ч таатай ханддаггүй. Өөрийг чинь чөтгөр гэж нэрлэж ч байсан удаатай. Хэрэв ийм өнгө аястай ярьж, эсрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн хэвээр байгаа нөхцөлд ямар нэгэн найрсаг харилцаа, эерэг шийдэл гарна гэдэгт та итгэж байна уу?

-Тийм ээ, Хятадын нэг өндөр албаны хүн намайг өмнө нь “чөтгөр” гэж нэрлэж байсан удаатай. Тухайн үед үүнийг сонсоод би “тэгэлгүй яах вэ, би бол эвэртэй чөтгөр” гэсэн анхны хариу үйлдлийг үзүүлсэн. Энэ бол миний хувьд юу ч биш. Үнэндээ бол надад тэдний энэ мунхаглал их өрөвдмөөр, улс төрийн үзэл бодол нь маш өнгөц санагдсан.   

-Тэгээд таны итгэл найдвар бууж өгсөн үү?  

-Мэдээж үгүй. Учир нь Төвдийн ард түмэн надад маш их итгэдэг. Тиймээс би тэдний хүсэл зорилгын төлөө бууж өгч болохгүй. Хятад улс одоо маш их өөрчлөгдөж байгаа. Би сүүлийн хэдэн жилд хятадуудтай, тэр дундаа хэд хэдэн албаны хүмүүстэй нууцаар холбоо тогтоож чадсан. Тэдний дунд тэтгэвэртээ гарсан нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэд гээд одоогийн эрх баригчидтай ойрын холбоотой ажилладаг хүмүүс ч олон бий.

-БНХАУ-ын дарга Си Зинпин тантай биечлэн уулзах хүсэлт ирүүлсэн үү?

-Одоогоор үгүй.

-Таныг дэлхийн улс орнуудад айлчилж, төрийн тэргүүн нартай уулзах бүрт Хятадын эрх баригчид эсэргүүцлээ илэрхийлдэг. Жишээ нь та Английн Ерөнхий сайд асан Дэвид Камерунтай уулзсанаас болж Их Британи болон БНХАУ-ын харилцаа муудсан. Та Төвдийн улс төрийн асуудлаас болж Хятадын Коммунист намын эрх баригчид дэлхий дахин дахь өөрсдийн нөлөөг таны эсрэг ашигладаг гэж боддог уу?  

-Надад хамаагүй ээ. Минийхээр энэ бүхэн Хятадын эрх баригчид өөрсдийн хандлагаа өөрчилж байгаа юм шиг л санагддаг.

-Та өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Тэр тантай уулзах санал тавьсан болов уу?

-Үгүй.

-АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар тантай уулзахыг маш их хүсдэг шүү дээ. Та өмнө нь Жорж Буш, Барак Обама гээд өөр олон Ерөнхийлөгчтэй уулзаж байсан. Гэтэл Доналд Трамп тантай уулзахгүй байгаа нь хачирхалтай санагдахгүй байна уу?

-Ний нуугүй ярихад тэр бага зэрэг… Чи мэднэ шүү дээ сэтгэл хөдлөлийн хувьд маш бэрх хүн гэдгийг.

-Юу гэсэн үг вэ. Та түүний хийж буй ажлуудын талаар юу гэж боддог вэ?   

-Түүний хэлсэн үгс дараа өдөр нь өөрчлөгдчихдөг. Гэхдээ цаад гол зарчим нь өөрчлөгддөггүй. Тэр АНУ-ын Ерөнхийлөгч болоод ид шидийн гэмээр зүйлсийг илэрхийлсэн. Энэ бол маш буруу. Үнэндээ АНУ нь байгаль, цаг уурын өөрчлөлт, дулаарлын эсрэг дэлхийн өмнө үүрэг хариуцлага хүлээх учиртай. Энэ маш чухал асуудал. Гэтэл Доналд Трамп Парист болсон Их гүрнүүдийн төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр үүнийг эсэргүүцсэн нь маш буруу. АНУ бол аж үйлдвэржсэн улс. Тиймээс тэд дэлхийн цаг уурын өөрчлөлт, байгаль хамгаалах асуудалд нухацтай хандах ёстой. Мексикийн цагаачдын асуудал байна. Би Америк-Мексикийн хил дээр зовж буй олон мянган хүүхдүүдийн зургийг харсан. Үнэхээр харамсалтай. АНУ бол хамгийн эрх чөлөөтэй орон. Тиймээс миний бодлоор тэд үүрэг хариуцлага гэдгээс гадна арай илүү энэрэл нигүүлсэл үзүүлэх хэрэгтэй.

Та АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг энэрэнгүй бус байна гэж байгаа хэрэг үү?

-Тэгж л харагдаж байна.

-Их Британийн хувьд өнөөдөр нүүрлээд буй хамгийн том асуудал нь Европын холбооноос гарах тухай “Brexit” үйл явц болоод байна. Үндсэндээ талууд тохиролцоонд хүрч чадахгүй нь бололтой. Та энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?        

-Би нарийн зүйлсийг мэдэхгүй ч хувьдаа Европын холбооны оюун санааны үзэл баримтлалыг биширдэг.

-Тэгэхээр та “Brexit”-ын эсрэг байр суурьтай гэсэн үг үү?

-Дэлхийн I, II дайнд Герман, Итали, Англи, Франц бие биенээ хөнөөсөн. Энэ бүх аймшигт дайны хар сүүдэр бараг зуун жил үргэлжилсэн. Харин Европын холбоо гарч ирснээр ядаж л сүүлийн хагас зуун жилд бие биеэ алж хядсангүй. Өнөөдөр энэ холбоо энх тайвныг тогтоон барьж буй. Хэрэв Европын холбоо үгүй болбол сүүлийн хэдэн арван жилд өмнө нь гишүүн байсан орнуудынх нь хооронд ахин дайн, тэмцэл өрнөх нь гарцаагүй. Би Их Британи хүн биш. Би бол гаднын хүн. Гэхдээ миний бодлоор та бүхэн Европын холбооноос гарахгүй байсан нь дээр болов уу.

-Гэтэл Их Британийг Европын холбооноос гарахыг дэмжиж буй улс төрийн хүчнүүд Цагаачид эх орондоо эргэн ирж улс орноо сэргээн босгоход туслах ёстой. Энэ асуудалд хүн бүр практик байдлаар, бодитой хандах хэрэгтэй. Учир нь цаашид хүн бүрийг шингээгээд байх боломжгүй” гэж хэлсэн таны үгийг өөрсдийн гол уриа, суртал ухуулга болгон ашиглаж буй. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Тийм ээ. Та Африк тивээс Европт цагаачлан ирж буй хүмүүсийн тоог хараарай. Үнэндээ би энэ үгээ Европ тивийн улсуудад хандаж хэлсэн. Миний илэрхийлэх гэсэн санаа бол амьдрал хэцүү байгаа учир хүмүүс өөр улс руу дүрвэж байгаа. Тэднийг багтаах орон зай Европт хангалттай байхгүй. Гэхдээ юутай ч тэднийг хүлээж аваад чадах чинээгээрээ тусалж, нигүүлсэнгүй ханд. Дараа нь өөрсдийн боловсролоо олго. Үүний хажуугаар буцаад гэртээ мэдлэг, чадвартай харих ёстой гэх ойлголтыг өг. Тэгээд тэр хүмүүс эх орондоо буцаж очоод улс орныхоо хөгжил цэцэглэлтэд туслах болно. Хэрвээ асуудал улам даамжирсаар байвал шашин, үндэстний ноцтой асуудлууд үүснэ шүү дээ. Би ийм утгаар л хэлсэн.

-Европт өнөөдрийн байдлаар 70 сая орчим цагаачид цуглаад байна. Тэдний зүгээс хэлж буй гомдол бол европчууд биднийг хүлээж авахгүй байна гэх. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

Цагаачдын асуудал бол шийдвэрлэхэд хэцүү, үнэхээр сэтгэл зовоосон асуудал. Өнөөдөр Ойрх Дорнод, тэр дундаа Йемен, Сири, Афганистанд хүмүүс амьдрах арга байхгүй байна шүү дээ. Гэсэн ч тэнд олон сая хүн зовж, шаналсаар л байна. Тэд шинэ амьдрал хайж Европ тивд дүрвэн ирсэн ч асуудал нь дуусахгүй гэдгийг харах бүр ч хэцүү. Хүмүүст тохиолдож буй энэ бүх золгүй байдал нь бидний л өөрсдөө хийж, бий болгосон зүйлс шүү дээ.

-Тэгвэл цагаачид Европт үлдэх ёстой юу?

-Зөвхөн тодорхой хэмжээнд. Европын орнууд энэ олон сая хүнийг мэдээж хүлээж авахгүй. Тэр дундаа муслым шашинтай болон африк гаралтай хүмүүсийг.

-Та ч гэсэн өөрөө цагаачлан амьдарч буй хүн шүү дээ?  

– Цаг уурын талаас нь ч бодоод үзсэн ч минийхээр тэдгээр хүмүүс өөрсдийн эх орондоо амьдарсан нь илүү дээр.

-Миний эцэг эх ч гэсэн Энэтхэгээс Англид цагаачлан ирсэн. Одоо энэ улс бол манай гэр бүлийн хувьд гэр орон. Ер нь Энэтхэг байна уу, хаанаас ч ирсэн бай ямар нэгэн асуудал гаргахгүй, тухайн орондоо өөрсдийн хувь нэмрээ оруулаад Европт ирж амьдрах чинь зүгээр биз дээ?  

-Их Британи бол Энэтхэгээс хамаагүй жижиг арал шүү дээ.

-Учир нь олон улстөрч нийгмийн эдгээр цагаач бүлгүүдийг гадуурхах хандлагатай байдаг юм л даа. Та ч бас адилхан хэрэг үү?

-Та хувь улстөрчийг шүүмжилж болохгүй. Тэд ч гэсэн тантай адил нийгмийн нэг л давхаргаас ирсэн төлөөлөл шүү дээ. Харин нийгэм өөрөө тэр чигтээ материаллаг хэрэгцээг илүүд үздэг. Тиймээс ч нийгмийн арай баян чинээлэг, эрх мэдэлтэй хэсгээс улс төрчид төрөн гардаг байх. Үүнийг өөрчлөх аргагүй. Дэлхийн аль ч оронд ийм л байдаг.

Ийм учраас бид өөрсдийн боловсролын системдээ анхаарч хүн бүрт тэгш, сайн боловсрол, хүмүүжил олгох нь илүү чухал. Хүмүүс боловсрол, нинжин сэтгэлтэй зөв хүмүүжилтэй болсноор нийгмийн өөр давхарга, шашин, соёл, үнэт зүйлийг ойлгож хүндэлдэг. Ингэснээр хүмүүс өөрийн итгэл үнэмшил болон хүндлэл хоёрын хоорон дахь ялгааг олж харан, нийгмийн үнэт зүйлийг бий болгодог. Итгэл үнэмшил бол чиний өөрийн соёл. Жишээ нь би бол буддист хүн. Тиймээс миний бүх итгэл үнэмшил буддист замаар л явна. Гэхдээ би бусад бүх шашин, соёлыг эн тэнцүү өөрийн адил хүндэлдэг.

-Хүмүүс таныг оюуны санааны манлайлагч гэх байдлаар илүүтэй хүлээж авч хүндэлдэг. Харин та өөрийн залгамж халаагаа хэрхэн харж байгаа вэ?   

-Тэр бол миний асуудал биш. Би үүнд санаа зовох ёстой хүн нь ч биш. Би бүр 1969 онд л энэ талаарх өөрийн байр сууриа тодорхой болгочихсон. Далай ламын институц хойшид хэрхэх нь зөвхөн Төвдийн ард түмнээс л шалтгаална. Тэд л Далай ламыг сонгож, хэрхэхийг шийдэх эрхтэй хүмүүс.

-Та өөрийгөө хамгийн сүүлчийн Далай лам байх магадлалтай гэж хэлсэн удаатай?

-Тийм ээ. Ямар ч асуудал байхгүй. Угаасаа бурхны шавь хүн бүх насаараа суралцдаг, тэгээд үхдэг. Манай шашинд хойд дүр гэж бий.

-Тийм л дээ. Гэхдээ Хятадын тал Далай ламын залгамжлагчийг өөрсдөө тодруулах хүсэлтэй байгаа шүү дээ?

-Тийм ээ. Хятадын эрх баригчид надаас илүүтэй XV Далай ламд илүү анхаарал хандуулж байгаа. Тэд ердөө л өөрсдөдөө байгаа давуу байдлаа ашиглаж буй.

Хэрэв хятадууд дараагийн Далай ламыг тодруулчихвал та хүлээн зөвшөөрөх үү?

-Хятадын Далай лам, Төвдийн Далай лам гэхийн аль нь илүү үнэмшилтэй сонсогдож байна?

-Мөн та Далай ламын залгамжлагч эмэгтэй хүн байхыг ч үгүйсгэхгүй талаар дурдсан. Тэгээд хэрвээ миний хойд дүр эмэгтэй хүн болох аваас их царайлаг бүсгүй байх учиртай” гэж хэлснийг чинь олон эмэгтэй доромжлол гэж хүлээж авсан. Энэ талаар хариулаач. Хэрвээ дараагийн Далай лам эмэгтэй хүн болсон тохиолдолд яагаад царайлаг байх ёстой гэж?

-Тийм ээ. Энэ боломжтой. Хэрвээ миний хойд дүр эмэгтэй хүн байх аваас дур булаам байсан нь илүү дээр шүү дээ. Учир нь хойшид хүмүүс над шиг ийм хөгшин, уйтгартай царайтай Далай ламыг хүлээж авах болов уу. Ер нь бүх л Далай лам заавал хөгшин эрчүүд байх ёстой гэж үү. Тийм ээ, миний ингэж хэлснээс болж нэг энэтхэг бүсгүй намайг хурцаар шүүмжилсэн. Гэхдээ хэн ч нүүрээ будаад хөөрхөн болчихдог биз дээ. Ер нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ямар ч хүний жинхэнэ гоо үзэсгэлэн гадаад төрхдөө бус сэтгэл дотроо байдаг. Дотоод гоо үзэсгэлэн бол хамгийн үнэн зүйл. Эмэгтэй Далай лам гэдгээс хүмүүсийн олж харах ёстой хамгийн чухал зүйл бол хүйсийн эрх тэгш байдал юм. Өнөөдөр эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй яг ижил ажил хийсэн мөртлөө хамаагүй бага цалин авдаг биз дээ. Тэгвэл яагаад эмэгтэй хүн Далай лам байж болдоггүй юм.

-Ярилцлагын төгсгөлд та өнөөдрийн нийгэмд амьдарч буй бүх хүн заавал мэдэх ёстой нэг сургаал айлдаач?

-Өнөөдрийн дэлхий ертөнцөд тулгамдаад буй олон асуудал нь хүмүүс бидний өөрсдийн бүтээл юм. Хүн төрөлхтөн нэгдмэл байж, биесээ хүндлэх ёс суртахуунаа ихээр алджээ. Хэрвээ бид өөрсдийгөө харах юм бол зөвхөн дор бүрнээ амин хувиа хичээсэн мунхаг болжээ. Зөвхөн би, миний гэр бүл, манай улс, миний шашин гэж өөрийн итгэл үнэмшлээ л нэгд тавих юм. Гэтэл энэ ертөнц харилцан тэнцвэртэй хүндлэл, ёс суртахуун гэх үнэт зүйлс дээр тогтдог. Хэрвээ чи Буддист юм бол Буддагийн сургаалыг дагах хэрэгтэй. Тэр огт бусдыг нас хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, гарал угсаа, боловсрол мэдлэг гээд юугаар нь ч ялгаагүй. Тэр бүгдийг нь хүлцэн хүлээж авсан юм. Намайг урьсанд баярлалаа.

-Баярлалаа

Эх сурвалж: BBC

Related Articles

Back to top button
Close