НийгэмОнцлох

Ж.Батбилэг: Сайжруулсан түлшний барьцалдуулагч ямар ч хоргүй эко бүтээгдэхүүн


“Тавантолгой” түлш компаниас мэдээлэл хийлээ. Мэдээлэлд “Тавантолгой” түлш компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон тус компанийн ерөнхий инженер, зөвлөхүүд оролцож сайжруулсан түлшний асуудлаар мэдээлэл өгсөн юм.

“Тавантолгой” түлш компани долоо хоног бүр үйлдвэрлэлийн горимоо мэргэжлийн байгууллагуудаар хянуулдаг аж. Мөн тус үйлдвэрт гаднын хоёр мэргэжилтэн зөвлөхөөр ажилладаг талаар үйлдвэрийн дарга онцоллоо. Сайжруулсан түлшийг энгийн зууханд ч хэрэглэж болно гэдгийг үйлдвэрийн удирдлагын зүгээс мэдээлсэн юм. Мөн уугиж байгаа гал дээр сайжруулсан түлшийг хийж болохгүй бөгөөд галаа бүрэн асуух ёстой аж. 

“Тавантолгой” түлш компанийн захирал М.Ганбаатар “Одоо үүсээд байгаа нөхцөл байдал өмнөх жилүүдэд ч байсан. Олон мянган хүн зөвшөөрөлгүй уурхайгаас нүүрс олборлож амиа алддаг, нүүрсний хийнд угаартдаг, нийслэлчүүд нүүрсний утаанд хорддог. Энэ хорт утааг үгүй болгох ажлыг бид хийж байгаа. Манай үйлдвэр стандартын төвшинд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ түлшийг бид зохиогоогүй. Дэлхий дахинд бий болоод олон зуун жил болж байгаа” гэв. 

“Тавантолгой” түлш компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг “Би нүүрсний чиглэлээр 30 гаруй жил ажилласан. Манай технологи 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон. Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны техникийн зөвлөлийн хурлаар орц найрлагаа баталгаажуулж авсан. Үйлдвэрлэлийн дараа хэрэглээний туршилтыг жил гаруйн хугацаанд хийсэн. Олон улсын лабаротирийн шинжилгээ ч хийлгэсэн. Нүүрсэндээ нийт 5-6 шинжилгээ хийлгэсэн. Манай барьцалдуулагч ямар ч хоргүй эко бүтээгдэхүүн. Үүнд ямар нэгэн химийн бодис байхгүй” гэсэн юм.

Related Articles

Back to top button
Close