ОнцлохУЛС ТӨР

South China Morning Post: Ерөнхийлөгч Х.Баттулгын үед Монголын ардчиллын баянбүрд хатаж ширгэх магадлалтай

Хонконгийн хамгийн том хэвлэл болох, “Alibaba” группийн эзэмшлийн “South China Morning Post” сонины саяхны нэгэн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар гаргасан нэгэн нийтлэлийг эмхтгэн хүргэж байна.

Хар бүрх малгай, арьсан гутал, улаан хүрэн дээлээр гоёсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 11-нд Үндэсний их баяр наадмыг албан ёсоор нээн үг хэлэх үеэрээ Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч их эзэн Чингис хаан, үүх түүх, эрийн гурван наадмаараа бахархах Үндэсний их баяр наадам нь хүн бүрийн хувьд жинхэнэ Монгол хүн байхын мөн чанарыг ухааруулдаг чухал үйл явдал болохыг онцолсон юм. Тэрээр залуудаа тулааны спортоор мэргэжлийн төвшинд өрсөлдөж явсан бөгөөд үүнийг булчинлаг, чийрэг бие хаа нь бүрэн илтгэнэ.

Монгол Улс нь сүүлийн 30 орчим жилийн хугацаанд барууны орнуудын хөгжлийн загварыг идэвхтэй хуулбарлагч болон хувирчээ. АНУ болон Европын ардчилсан улсууд Монголыг харьцангуй залуухан ардчилалтай ч, ОХУ, БНХАУ гэж хоёр хөршийнхөө бодлогоос өөр замаар явах хүсэлтэй, тэдний дунд орших эрх чөлөө, капитализмын баянбүрд гэж магтдаг. Энэхүү ойлголт нь барууны олон хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татсаны нэг нь дэлхийн хамгийн амбицтай уул уурхайн бүтээн байгуулалтын нэг, Монголын  говьд орших Оюутолгойн зэс-алтны уурхайн аварга төсөлд “Рио Тинто” хөрөнгө оруулсан явдал юм. Капитализмын энэхүү үр өгөөжийг ч Монголчууд хангалттай хүртсэн нь маргаангүй бөгөөд статистик тоо баримтыг харахад тус улсын нэг хүнд ногдох ДНБ нь өнөөдөр  1994 оноос хойш 10 дахин өсжээ.

Гэвч судалгаанаас харахад улсынх нь байгалийн баялгийг гаднынхан хулгайлсаар байна гэх бухимдал олон нийтийн дунд маш их аж. Ард түмний энэхүү үзэл бодлыг улам өрдсөн популист үйлдлүүд нь бизнесмэн байсан Х.Баттулгыг 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад хүчтэй нөлөө үзүүлжээ.

Тэрээр “Монголчууд ардчилсан улс төрийн тогтолцоотой байх шийдвэртээ тууштай үнэнч байх болно” гэж мэдэгдэж байв. Харин түүний удирдлага дор Монгол Улсын гадаад бодлого, харилцааны чиг хандлага эрс өөрчлөгдөж байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ихэд дотносох болж, мөн улс төрийн дотоод хямралаа намжаах зорилгоор шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг томилох, халах тухай хууль баталсан нь түүний эрх мэдлийг огцом нэмэгдүүлсэн юм. Ингээд хуулийн хүрээнд эрх мэдэлтэй болмогцоо Ерөнхийлөгч Х.Баттулга авлигатай тэмцэх, ардчиллыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж хэд хэдэн шүүхийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах ажлыг түргэвчлүүлжээ.

Нэг талдаа АНУ болон тэдний холбоотнуудын хувьд Монгол Улсын байгалийн баялаг, газрын ховор элементийн нөөц нь ардчиллын үлгэр жишээ орон гэдгээс илүүтэй сонирхлыг нь татаж, хамтран ажиллах шалтгаан болдог. Монгол Улс нь өөрөө газарзүйн хувьд Өмнөд Хятадын тэнгисээс Төв Ази хүртэл үргэлжлэх авторитар дэглэмийн нуман тулгуурын яг голд байрладаг. Геополитикийн өөрчилж болзошгүй энэхүү өгөгдлөөс шалтгаалан зарим либерал үнэт зүйлс нь Монголд тохирохгүй байна гэх үзэл санаа ч тус улсын нийгмийн элитүүдийн хүрээнд нэлээдгүй хүчтэй яригддаг. Харин Х.Баттулгын энэхүү өөрчлөлтийн явцад Монголын ардчиллын баянбүрд нь хатаж, ширгэх магадлалтай болоод байна.

Орчин үеийн Монгол Улс бий болохоос өмнө буюу БНМАУ-ын үед тус улс нь тусгаар тогтносон, бүрэн эрхт улс байсан ч бодит байдал дээр ЗХУ-ын албан бус дагуул, үйлчлэгч орон байсан юм. Харин 1990 онд нийслэл Улаанбаатар хотод залуус нэгдэн ардчиллын төлөө тайван замаар тэмцэж эхэлсэн нь уг систем нуран унах эхлэл болсон байдаг. Ингээд өмнө нь ЗХУ-аас бүрэн хараат байсан Монгол Улсын эдийн засаг нэгхэн шөнийн дотор зах зээлийн эдийн засагт шилжжээ. Гэвч анхнаасаа олон нийт капитализмын үр өгөөжийг хүртээгүй бөгөөд зөвхөн мэдээлэлд ойр байсан тодорхой тооны бүлэг хүмүүст хуучин дэглэмээс үлдсэн асар их боломжууд нээгдсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч тэдгээр мэдээлэлд ойр байсан хүмүүсийн нэг юм.

Гэхдээ тэрээр нийслэл Улаанбаатар хотын хатуу ширүүн захын дүүрэгт өссөн, тулааны спорт, тэр дундаа Зөвлөлтийн Улаан армийн хамгийн шилдэг тулааны урлаг болох самбо бөхөөр 1980-аад онд тив, дэлхийд хүчтэй өрсөлдөж явсан гэдгээрээ бусдаас ялгарч байв. Төмөр хөшиг үгүй болж Монгол Улс нээлттэй эдийн засагт шилжин гадаадын аль ч улстай худалдаа хийх боломжтой болсноор тэрээр деним жийнс, кассет зэргийг импортлох болсон бөгөөд 1972 оны “Загалмайлсан эцэг” киноны мафийн толгойлогч Вито Карлеонегийн оливын тосны халхавч бизнес болох “Genco” гэх нэрээр өөрийн компаниа нэрлэсэн аж. Ингээд түүний Улаанбаатар дахь бизнесийн эзэнт гүрэн зочид буудал, махны үйлдвэр, такси компани, аялал жуулчлалын агентлаг болон аажмаар өргөжжээ. Үүний хажуугаар Коммунизмын он жилүүдэд олон нийтэд хориотой байсан Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч, агуу байлдан дагуулагч Чингис хааны түүх ардчиллын жилүүдэд ахин сэргэж үндэсний эцэг гэх хүндлэлээ маш хурдан эргүүлэн авсан юм. Харин өнөөдөр тус улсын мөнгөн дэвсгэрт дээр түүний дүрийг мөнхөлж, нисэх онгоцны буудал, хамгийн алдартай архийг хүртэл нэрээр нь нэрлэжээ. Х.Баттулгын хувьд ч хамгийн амбицтай, олон түмнээс хүндлэл хүлээсэн бизнесийн төсөл нь Улаанбаатар хотоос хоёр цаг явах зайд орших Чингис хааны морьт хөшөө бүхий аялал жуулчлалын цогцолбор юм. Энэхүү 40 метр өндөр хөшөөг 250 тонн зэвэрдэггүй гангаар хийсэн бөгөөд тал газар байрлах тус байгууламж нь өнөөдөр Монгол Улсыг зорин ирсэн жуулчин бүрийн заавал очиж үздэг аялал жуулчлалын нэгэн онцгой, ер бусын газар болжээ.

Х.Баттулга 2004 онд анх Монгол Улсын парламент буюу УИХ-д сонгогдсон бөгөөд үүнээс дөрвөн жилийн дараа Зам тээвэр, барилгын сайд болсон аж. Тус улсын эдийн засаг нь бараг бүхэлдээ БНХАУ-д гаргах уул уурхайн түүхий эдийн экспортоос шууд хамааралтай. Тэрээр түүхий эдийн экспортын эрэлт өндөр байж, үнэ цэнэ дэлхийн зах зээл дээр огцом өсөж байсан уул уурхайн тэсрэлтийн он жилүүдэд энэ салбартай нэн хамааралтай зам тээвэр болон барилгын салбарыг удирдсан юм.

“Рио Тинто” 2009 онд Монгол Улсын Засгийн газартай 30 жилийн хугацаатай Оюутолгойн асар том ордыг ашиглах хөрөнгө оруулалтын анхны гэрээг хийж, Монголын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч болсон юм. Уг төслийн хэрэгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө нь 2011 онд Монгол Улсын ДНБ-ийг 17 хувиар өсөхөд тусалсан нь тухайн үед тус улсыг дэлхийн хамгийн хурдтай эдийн засгийн өсөлттэй орон болгож байв. Мөн энэ хугацаанд “Рио Тинто”-гийн төлсөн татварын мөнгөөр өөрсдийг нь эргүүлэн гутаан доромжлох дотоодын дайснууд ч ихээр бий болжээ.  

Төд удалгүй уул уурхайн тэсрэлт дэлхийн эдийн засгийн эрэлтийг даган удааширч, түүхий эдийн үнэ 2014 онд унав. Ингэснээр төгрөгийн ханш уналтад орж, иргэд ч өмнө нь хэрэглэдэг байсан импортын бүтээгдэхүүнээ худалдан авч дийлэхгүйд хүрсэн юм. Мөн уул уурхайн өсөлтийн он жилүүдэд ихээр хийгдсэн бүтээн байгуулалт, барилгыг бараадан нийслэлд олноороо суурьшсан цагаачид ажлын байргүй, орлогогүй хоцорсноор зөвхөн уул уурхайгаас хараат  Монгол Улсын эдийн засагт хямрал нүүрлэж эхлэв. Ингээд эрх баригчид төсвийн ажилчдын цалинг танан, дэд бүтцүүдийн төслийг зогсоож Олон улсын валютын сангаас дэмжлэг хүсэхээс өөр аргагүй болжээ. Үүнээс болж ард түмний уур хилэн оргилдоо хүрч “Рио Тинто” болон авлигад идэгдсэн улстөрчдийг хүчтэй шүүмжлэх хэсэг ард түмний дунд олонх болж эхэлсэн юм. Харин тухайн үед Х.Баттулга парламентын гишүүн болсон ч амжилттай бизнесмэн хэвээр байсан бөгөөд төмөр замын төслөөс мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байв. Тэрээр өөрт холбогдсон хэргийг үгүйсгэж ямар нэгэн хариуцлага, шийтгэл огт хүлээгээгүйн дээр харин ч 2016 онд эдийн засгийн шударга бус байдлыг эсэргүүцсэн жагсаал дээр “манай улсын байгалийн баялгийг биднээс далдуур тээвэрлэдэг. Тэр их мөнгө хаачсан бэ” гэх зэрэг үгсийг хэлж байсан юм.

Харин дараа жил нь тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хэрэгжүүлсэнтэй нэлээдгүй төстэй стратеги болон “Монгол ялна” гэх уриа үгээр ялалт байгуулжээ. Түүнийг сонгуульд дэмжсэн иргэдийн дийлэнх нь гаднын хөрөнгө оруулагчдад сайнгүй ханддаг нийгмийн бүлэг байсан юм. Х.Баттулгын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхэнд Монголын улс төрд тус улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх голлох байр суурь эзлэх төлөвтэй байв. Монгол Улсын хувьд Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалыг толгойлдог бол Ерөнхийлөгч гадаад харилцаа, шүүхийн томилгоог хийж, хууль тогтоомжийг танилцуулах үүрэгтэй байдаг. Хэдий Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хоорондоо зөрчилдөж байсан ч хамтран ажиллахад нь саад болоогүй юм. Монголын голлох хоёр нам ч үзэл суртлаараа хуваагддаггүй учир сөрөг хүчний Ерөнхийлөгч тэрээр Ерөнхий сайдын намын тэргүүлсэн парламентын олонхын дэмжлэгийг ихээр татах болсон.

Тэрээр энэ оны эхээр олон нийтийн өмнө өөрийн өмнөх төрийн тэргүүн Ц.Элбэгдоржид холбогдсон авлигын хэргийг шалгахыг Улсын Ерөнхий прокурорт өөрийн биеэр очин даалган, шахсан ч тэрээр мөрдөн байцаалт эхлүүлэхийн тулд хууль ёсны хүчин төгөлдөр үндэслэл хэрэгтэй гэсэн хариу өгчээ. Ингээд тэрээр өнгөрөгч гуравдугаар сарын 26-нд парламентыг яаралтайгаар хуралдуулж шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын спикер нараас бүрдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр эргүүлэн татах тухай хуулийг батлуулжээ. Энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгч Х.Баттулгын намын нөхөд Үндсэн хуульд харшилж байна гэх үндэслэлээр хүчтэй эсэргүүцэж байсан ч парламентын олонхын тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэмжлэгээр ердөө 24 цагийн дотор баталсан бөгөөд үүнийг дэмжиж санал өгсөн гишүүдийн дийлэнх нь тухайн үед өөрсдөө авлигын хэрэгт холбогдоод байжээ.

Мэдээж энэхүү үйлдэлд улс төрийн идэвхтэй бүлэг ихээхэн шүүмжлэлтэй хандсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга уг хууль нь “улс төр-эдийн засгийн ашиг сонирхлын бүлгүүдийг хамгаалдаг хууль, шүүхийн бүрэлдэхүүнийг задлахын тулд зайлшгүй хийгдэх ёстой алхам” гэсэн байр суурь дээрээ хатуу зогссон юм. Тэрээр парламентын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд хандан хэлэхдээ “Шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлага, цагдаа, тэр байтугай тагнуулын байгууллагын удирдлагууд хүртэл эдгээр бүлгүүдийн хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны системийн нэг хэсэг болсон” гэж мэдэгдэж байв.

Ингээд хууль батлагдсаны маргааш тэрээр өөрийг нь эсэргүүцсэн Ерөнхий прокурор болон дээд шүүхийн удирдлагыг авч хаясан бөгөөд тавдугаар сард Авлигатай тэмцэх газрын тэргүүн болон дэд дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Үүний хамтаар түүнийг өмнө нь төмөр замын хэргээр шалгаж байсан хууль, шүүхийн байгууллага, бүрэлдэхүүн ч үгүй болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсад нь нүүрлээд буй авлигын асуудал нь уул уурхай гэх ганц үндсэн эх үүсвэртэй бөгөөд 1990 оноос эхлэн үе үеийн мэдээлэлд ойр буй хэсэг бүлэг парламентын гишүүд, сайд нар уул уурхайн мөнгийг халаасалдаг гэж тодорхойлсон юм. Харин тэрээр өөрийг нь шүүмжлэгчдийн эсрэг хатуу байр суурьтай байж Монгол Улсад Норвеги маягийн байгалийн баялгийг ард түмэндээ тэгш хуваарилдаг байгалийн баялгийн нөөцөд суурилсан эдийн засгийн загвар хамгийн тохиромжтой гэж үздэг.

Яг одоо бол Монгол Улсын байгалийн нөөцийг удирдах тухай асуудал парламентын хэлэлцүүлгийн төвшинд “Рио Тинто”-гийн эсрэг огцом эргэх хандлагатай байна. Анх 2009 онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсанаар Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших бөгөөд 66 хувийг эзэмшигч “Рио Тинто” компани анх оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж дуусах хүртэл хувь хүртээхгүй, байгалийн баялаг ашигласны рояалти болон үйл ажиллагааны татвараас Монголд төлөхөөр заагдсан. Гэвч Монгол Улсын төсвийн томоохон хувийг бүрдүүлж буй Оюутолгойн уурхайн ногдол ашиг тараах хугацаа 2040 он хүртэл хойшлоод байгаа нь олон нийтийн бухимдлыг ихээхэн төрүүлж буй. Тиймээс Монголын эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд стратегийн орд газрын ангилалд багтсан уул уурхайн ордын эзэмшлийн талаас дээш хувийг улсын мэдэлд авах талаар хүчтэй яригдаж байна. Мэдээж энэ нь гаднын томоохон хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн компаниудад сайхан санагдахгүй нь ойлгомжтой учир Монголд оруулах хөрөнгөө татаж, хүлээлтийн горимд шилжжээ. Тус улсын бие даасан судалгааны байгууллага болох “Сант марал” сангийн зүгээс 2019 онд хийсэн судалгааны үр дүнд иргэдийн 89,9 хувь нь Оюутолгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий орд газруудын эзэмшлийн дийлэнх хувийг Монголын ард түмний өмч болгох асуудлыг дэмжсэн байр суурь илэрхийлсэн бол ердөө 0,5 хувь нь гаднын хөрөнгө оруулагчдын мэдэлд байсан нь илүү дээр гэсэн хариулт өгчээ.

Хэдий Х.Баттулга “Рио Тинто” компанитай шууд харьцах албан ёсны эрх мэдэлгүй ч өөрийн улс төр дэх асар том нөлөөгөө ашиглан уг гэрээг дахин хэлэлцэхийг шаардаж байгаа юм. Тэрээр энэ талаар өгсөн ярилцлагынхаа үеэр “Рио Тинто компанитай 2009 байгуулсан Монгол Улсад ашиггүй гэрээ нь харьцангуй залуу ардчилалтай, туршлагагүй орны хувьд хийсэн бидний алдаа бөгөөд үүнийг хэсэгчлэн ахин хэлэлцээр хийхийг дэмжиж байгаа. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөх эсвэл компаниуд шинэ зүйлс олж мэдсэн тохиолдолд заагдсан анхны гэрээг ахин хэлэлцдэг нь олон улсын туршлага” гэжээ. Гэхдээ тэрээр гэрээг шинээр хийх ёстой гэж үзэж буй зарим хууль тогтоогчдоос илүүтэйгээр Монгол Улс ч гэсэн хөрөнгө оруулалтын гэрээний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Учир нь Норвегийн туршлагыг Монголын тал нутагт нутагшуулахын тулд нэн тэргүүнд газар доорх баялгаа ухаж гаргах хэрэгтэй билээ.

Гэвч Монголын либералууд болон гадаадын ажиглагчид Х.Баттулгын сонгосон ирээдүй Скандинавын загвар гэдгээс илүүтэй Орост суурилах хандлагатай болоод байгаад санаа зовж эхэлжээ. Тэдний хувьд хамгийн ихээр анхаарлын төвд орж байгаа сэдэв нь Монгол Улсын төрийн тэргүүний ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тогтоосон харилцаа юм. ОХУ болон Монгол Улсын эдийн засгийн харилцаа нь сүүлийн 30 жилийн дотор ЗХУ-ын үед байснаас тав дахин буурч хоосон үлдсэн орон зайг БНХАУ эзэлжээ. Тиймээс энэхүү алдсан орон зайг нөхөхийн тулд Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хоёр жилийг Владимир Путинтэй сайн харилцаа үүсгэхэд зарцуулсан юм. Тэд хамгийн сүүлд өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх үеэр уулзаж хоёр орны хооронд стратегийн иж бүрэн түншлэл байгуулаад, дараа нь ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд ахин хамт оролцсон нь анхаарал татаж буй. ОХУ-тай дотносох болсон талаар нь  Монгол Улсын төрийн тэргүүнээс асуухад “манай улс нь хойд хөршөөсөө эрчим хүч болон нефтийн бүтээгдэхүүний хувьд бүрэн хараат гэж хэлж болно. Тиймээс харилцаагаа сайжруулах чиглэлд ажиллах нь зүйтэй” гэж хариулжээ.

Үүний хажуугаар АНУ-аас ч Монголыг төв Азийн бүс дэх өөрийн идэвхтэй дэмжигч, байр суурийг хангах хүч болгон ажиллахыг зорьж буй. Тиймээс тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон, Батлан хамгаалахын сайд Марк Эспер нар Монголд айлчилж, Доналд Трамп Цагаан ордондоо Х.Баттулгыг урьж стратегийн иж бүрэн харилцаа тогтоон, гуравдагч хөршийн бодлогыг нь тууштай дэмжихээ илэрхийлж, ноолууран бүтээгдэхүүнийг нь эх орондоо татваргүй оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн юм. Харамсалтай нь энэхүү хууль Конгрессын танхимд дэмжигдээгүй.

Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Сумъябазар “гаднын хөрөнгө оруулагчдын хувьд Монголд үйл ажиллагаа явуулахад өөрийгөө дотроосоо цэвэрлэж чаддаг, гаргасан алдаагаа засах чадвартай системтэй тохиролцох нь илүү дээр” гэжээ.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын бусад олон улстөрчдийн амьжиргаа, амьдрах нөхцөлийг нь сайжруулна гэж амладаг Улаанбаатар хотын нийт 1,5 сая оршин суугчдын дийлэнх нь амьдардаг амьжиргаа тааруу хойд хэсгийн гэр хорооллын утаан дундаас харахад нийгмийн хөрөнгөтэй хэсгийн давамгайллыг үгүй хийнэ гэх төрийн тэргүүнээ дэмжихээс өөр аргагүй юм шиг. Хэрэв та хотын захын гэр хорооллоор явж тэндхийн иргэдтэй уулзах юм бол ардчиллын он жилүүдэд амьдрал нь мэдэгдэхүйц сайжирсан гэх нэг ч хүний яриаг олж сонсохгүй. Мөн тэдний тодорхой хэсэг нь нь уул уурхайн тэсрэлтийн он жилүүдэд нийслэлд ирж суурьшсан хүмүүс юм.

Харин ардчиллын буянаар барууны орнуудад орчин үеийн боловсрол эзэмшсэн үе болон залуус өнөөдөр Монголын дундаж давхаргын дийлэнх хэсгийг бүрдүүлж эхэлжээ. Тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим орчинд хоёрдом үзэл санаа бүхий улс төрийн маргаантай сэдвүүд ар араасаа жагсана. Хэрэв эрх баригчдын үйлдэл ард түмэнд таалагдахгүй бол цаг агаарын байдлыг үл ажран төв талбайдаа хэдэн мянгаараа гарч жагсаж чаддаг гэдгээ ч саяхан харуулсан.

Тус улсын ардчиллын төлөө тэмцэж явсан нөлөө бүхий улстөрчдийн хэлж байгаагаар ардчиллын 30 жилийн хугацаанд хэдхэн хүн үлэмж хэмжээгээр хөрөнгөжиж, Монголын иргэд задгай мөнгөтэй болсон ч хүний наад захын шаардлагад нийцсэн амьдралын орчинтой болж чадаагүй нь олон нийтийг бухимдуулах шалтгаан болж буй. Тиймээс ард түмний олонхын дунд өнөөгийн тогтолцоог шүүмжлэх хандлага гаарч, өөр засаглалын хэлбэрийг эрэлхийлэх нь нэмэгдсэн. Өнөөдөр Монгол Улсад Польш болон Унгар зэрэг орнуудад болж буй ардчиллыг үгүй хийн, нэг хүний дэглэм тогтоох үйл явц алгуурхан өрнөж байна. Ер нь хоёр хөрш, барууны орнуудын хэн нь ч Монголын ардчиллыг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаа. Учир нь их гүрнүүдийн хувьд дарангуйлагчтай харьцахад илүү хялбар байдаг гэсэн юм.

Эх сурвалж: South China Morning Post   

Related Articles

Back to top button
Close