НийгэмОнцлох

Moody’s: Ирэх 20 жилд Монгол тэргүүтэй томоохон уул уурхай эрхлэгч орнуудад усны асуудал хүндээр тулгарна

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны байгууллагуудын нэг болох “Moody’s” шинэ тайлангаа танилцууллаа. Тайланд,  уул уурхай эрхлэгч томоохон орнуудын цэвэр усны нөөц, түүний хэрэглээний асуудал ирэх 20 жилд хамгийн хүнд үетэйгээ тулах талаар дурдсан байна.

Тайланд тусгагдсанаар Монгол, Австрали, Чили, Перу болон Өмнөд Африкийн бүгд найрамдах улс зэрэг томоохон уул уурхай олборлогч орнуудад цэвэр усны нөөц эрчимтэй хомстож байгааг анхааруулжээ. Эдгээр орнуудад уул уурхайн олборлолт болон байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор хүн, малын ундны цэнгэг усны эх үүсвэр мэдэгдэхүйц багасаж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь ундны цэвэр усны нөөцийн өндөр эрсдэлд ороод буй дээрх улсуудад “BHP”, “Rio Tinto”, “Glencore”, болон “Anglo American” тэргүүтэй уул уурхайн дэлхийн тэргүүлэх компаниуд үйл ажиллагаа явуулдаг байна. Мэдээж уул уурхайн олборлолт хийж буй компаниудад хүдэр боловсруулах, хайлуулах, цэвэршүүлэх, тоос шороог дарах, усан цахилгаан станцын үйл ажиллагаа болон ажилчдын унданд жилд хэдэн зуун сая галлон цэвэр ус шаардлагатай.

“Moody’s” судалгааны байгууллагын дэд Ерөнхийлөгч Керол Ковены хэлснээр “дээрх улс орнуудад ирэх 20 жилд уул уурхайн олборлолтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр цэвэр усны нөөц бусад улсуудтай харьцуулахад харьцангуй хурдан хомстох болно. Тиймээс эдгээр улсуудад үйл ажиллагаа явуулж буй компаниудад Засгийн газруудынх нь зүгээс шахалт үзүүлж, цэвэр усны найдвартай эх үүсвэр олох хэрэгтэй.” гэсэн юм. Өөрөөр хэлбэл дэлхийн уул уурхайн томоохон компаниудын хувьд байгаль цаг уурын өөрчлөлт болон өөрсдийн олборлолтын арга техниктэй холбоотойгоор ирэх 20 жилд усны асуудал стратегийн ач холбогдолтой болж ирнэ. Тиймээс Керол Ковен “уул уурхайн тэргүүлэх компаниуд олборлолтын процесст усыг ашиглах технологидоо дэвшил гаргаж, сүүлийн үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай” гэж үзэж байгаа аж.

Судалгааны тайланд дурдсанаар өнгөрөгч 2018 онд зөвхөн ӨАБНУ-ын уул уурхайн салбар дахь нийт усны зардал 535 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь тус улсын нийт уул уурхайн үйлдвэрлэлийн зардлын 3,63 хувийг эзэлж байгаа аж.  

Эх сурвалж: Business Report

Related Articles

Back to top button
Close