ОнцлохУЛС ТӨР

Их хурлыг тараах асуудлаар үе үеийн намын удирдлагууд хуралдаж, санал солилцсон

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өчигдрийн бүлгийн хурал дээр намын генсек УИХ тарах асуудлаар мэдээлэл өгсөн байсан. УИХ-ыг тараах асуудлыг дахиж ярихгүй гэдэг нь үнэн үү?

-Намын бүлгийн хурал дээр манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлэл өгсөн. Мөн Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Генсек “ээлжит бус сонгууль явуулах асуудлыг тодорхой төвшинд ярилцлаа. Энэ асуудалд гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Мөн 51 буюу түүнээс дээш гишүүн энэ асуудлыг дэмжихгүй хандлагатай байна. Тиймээс нийгэмд гал дагуулсан асуудлыг ярихаа болъё. Энэ асуудалд цэг тавъя. Цаашдаа ээлжит бус сонгууль болох асуудал яригдахгүй. Зөвхөн ээлжит сонгуулийн асуудал ярина. Үүний наана Сонгуулийн тухай хууль, Намуудын тухай хууль, Төсөв гээд олон хариуцлагатай хууль батлах учраас үүн дээр гишүүд анхааралтай хандаж, идэвхтэй оролцох ёстой” гэсэн чиглэлээр ярьсан.

-УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлыг намын удирдах төвшинд ярьсан гэдгийг намын генсек хэлсэн. Энэ уулзалт хэзээ болж, хэн хэн оролцсон бэ. Уулзалтад оролцсон хүмүүсийн дийлэнх нь хугацаанаас өмнө тарахыг дэмжсэн гэж ойлгосон?

-10 гаруй хоногийн өмнө Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын генсек, бүлгийн даргаар ажиллаж байсан холбогдох арван гаруй хүн уулзсан. Энэ уулзалтаар ээлжит бус сонгуулийн тухай асуудлыг ярьсан. Намын дарга “та нарын л үгийг сонсъё. Ямар нэгэн байдлаар би шахалт дарамт үзүүлэхгүй” гэдэг байр сууриа илэрхийлсэн. Ингээд ээлжит бус сонгууль явуулах асуудлаар санал солилцоод дийлэнх олонх нь ээлжит бус сонгууль явуулъя гэдэг байр суурьтай байсан. Тэр уулзалтад Ц.Нямдорж, М.Энхболд дарга бид гурав ээлжит бус сонгууль энэ удаад явуулж болохгүй гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд гарсан. Үүний дараа намын генсек гишүүдтэй уулзсан юм шиг байналээ. Ээлжит бус сонгууль явуулахыг би хувьдаа дэмжихгүй байгаагаа тухайн үед ч сүүлд ч удаа дараа илэрхийлсэн. Энэ асуудал бол хувь хүний болоод намын эрх ашиг гэхээсээ илүү улс орны эрх ашгийг хөндсөн асуудал. Тиймээс хувийн болон намын эрх ашгийг энэ удаад доогуур тавьж асуудалд хандах ёстой.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх дээр МАН-ын бүлэг хоёр хуваагдаад, санал зөрөлдөөд байгаа гэсэн мэдээлэл байгаа?

-Ерөнхийлөгчийн хоригт Д.Лүндээжанцан дарга тайлбараа хийсэн. Тайлбар хийхдээ УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн зүйлийг ярьсан. Хуульчид энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй гэдэг дээр нэгдсэн байр сууринд хүрээгүй юм байна гэж бодсон. АН-ын зүгээс хоригтой холбоотой, хоригийг хүлээж авбал яах вэ, хүлээж авахгүй бол ямар нөхцөл байдал бий болох вэ гээд тодорхой асуудлаар манай бүлэгт санал тавьсан юм билээ. Ингээд бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр ахлуулаад таван хүнтэй ажлын хэсэг байгуулаад Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй уулзаж, энэ долоо хоногт багтаан хоригтой холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан.

-Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах үгүйг энэ ажлын хэсэг шийднэ гэсэн үг үү?

-Өчигдрийн бүлгийн хурал дээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна, авахгүй гэсэн зүйл яриагүй. Хоригийг хүлээж авна, авахгүй гэдэг бол гишүүдийн үзэмжээр шийддэг асуудал биш шүү дээ. Хуульчид хуулийн үндэслэлүүдээ гаргаж ирэх хэрэгтэй. Тиймээс энэ асуудлыг хуулийн хугацаандаа нухацтай судлах хэрэгтэй гэж үзсэн.

-Та хувь гишүүнийхээ хувьд Ерөнхийлөгчийн хоригт ямар байр суурьтай хандаж байгаа вэ. Хоригийг хүлээж авах ёстой юу, үгүй юү?

-Би Ерөнхийлөгчийн хоригийг өчигдөр авлаа. Д.Лүндээжанцан даргын тайлбар, бусад зүйлүүдийг уншиж үзлээ. Би Д.Лүндээжанцан даргын тайлбартай санал нэгдэж байна. Өөрөөр хэлбэл, энэ Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Гэхдээ үүнд анхааралтай хандах ёстой. Би өөрөө хуульч хүн биш учраас хуулийн зөвлөх бусад холбогдох хүмүүстэйгээ уулзаж, асууж тодруулна. Ингээд тав дахь хүртэл энэ асуудал дээр өөрийн гэсэн тодорхой байр суурьтай болох байх гэж бодож байна.

-МАН-ын нам Ард нийтийн санал асуулга явуулахгүй чиглэл барьж байна гээд хэвлэлээр гараад байгаа?

-МАН-ын Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэдэг дээр манай 64 гишүүн дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа. Намаас явуулж байгаа судалгааны дүнд ч гэсэн ард иргэдийн 90 гаруй хувь нь Ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэсэн юм билээ. Тиймээс ямар ч тохиолдолд ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа.

-Гэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихвал Ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болно биз дээ?

-Бүлгийн хурал дээр зарим нэг гишүүн янз бүрийн хувилбар дэвшүүлж байналээ. Гэхдээ ажлын хэсэг дээр эцэслэж хуулийн гаргалгаа нь ямар байх вэ гэдгийг л шийдэх юм.

-Ажлын хэсэг энэ долоо хоногт багтаад ямар нэгэн шийдвэрт хүрэх юм байна тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа тав дахь өдөр дуусна. Тиймээс хоригийн асуудлыг маш яаралтай шийдэх ёстой.

Related Articles

Back to top button
Close