НийгэмОнцлох

‘Эрдэнэт’-ийн өрийг хаасан гэх 40 сая долларыг Ш.Батхүү төлөх үүрэггүй болов

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж авсан  “Стандарт” банкны өрийг Засгийн газраас  40 сая ам.доллар гаргаж өнгөрсөн дөрөвдүгээр сард хаасан юм. Энэ үед “Жаст”-ын Ш.Батхүү хуулийн байгууллагаар шалгуулж байлаа.  

Энэ мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргасан гэдийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байсан билээ. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрт Эрсдэлийн сан байсан эсэх, хэзээ хэн Эрсдэлийн сан байгуулсан,  “Стандарт” банкны өрийг яг Эрсдэлийн сангаас төлсөн, үгүй одоо болтол тодорхой бус, маргаантай  байгаа. Үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Эрсдэлийн сан байсан эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад “үйлдвэрийн нууц” гэсэн хариултыг өгч байв. Тиймээс энэ санг хэн, хэзээ, хэрхэн байгуулсан, хэдий хэмжээний хуримтлалтай талаарх мэдээлэл нууц хэвээр байгаа юм.

“Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын өрийг Ш.Батхүүгээр төлүүлэх нөхцөлтэйгөөр төрөөс төлсөн гэдийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тухайн үед мэдээлж байсан юм. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийг гаднын банкинд барьцаанд тавьж, улсад 100 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан Ш.Батхүү нь хамгийн сүүлд Засгийн газраас үүрэгдэж төлүүлсэн 40 сая долларыг төлөх үүрэггүй болов. Учир нь салбарын сайдынх нь ширээн дээрээ хав дарж хугацаа хожсон хуулийн төслийн ачаар Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа саяхан дууслаа. Түүний хэргийг “шүүхээс буцааж цаг хожсоноор хэрэгсэхгүй болгов. Төрийн банк, “Алтжин”-гийн бизнесийн холбоотой Ш.Батхүү нар ялгүй гарч чадав. Алтангийн байранд түрээсээр суудаг гэх  Ц.Нямдорж сайд олон сар хав дарсан хуулийн төслөө өргөн барив. Тэдний хувьд хонь бүрэн, чоно цатгалан.

Харин Батхүүгийн өмнөөс Стандарт банкинд төлсөн 40 сая долларыг хэн төлөх вэ. Хуулийн логикоор бол  “Эрдэнэт” үйлдвэр, Монголын төр 40 сая ам.долларын өрийг төлж, хохирч, Ш.Батхүү төлөх үүрэггүй болж  үлдлээ. Энэхүү 40 сая долларыг төлөх тухай ямар ч шийдвэр Ш.Батхүүд байхгүй. Тэр тухай шүүхийн шийдвэр гараагүй. Ард түмний татвараас төлсөн 40 сая ам.долларыг Ш.Батхүү төлөх тухай ямар ч шийдвэр байхгүй.

Related Articles

Back to top button
Close