Эрүүл мэнд

Харшлын үед баримтлах хамгийн зөв гурван дэглэм бий

Харшил өвчин болон түүний сэдрээгч хүчин зүйлс, эмчилгээний талаар хүний их эмч, дархлаа судлаач, доктор Д.Мандахнарантай ярилцлаа.      

– Харшил гэж юу вэ. Харшлын өвчлөл үүсэх гол шалтгаануудыг хэлж өгөөч? 

-Харшил өвчин гэдэг нь дотроо харшлын өвчнүүд хэмээх бүлэг өвчнүүдийг агуулсан өргөн хүрээний нэр томьёо юм. Энэ нь хамар битүүрэх, загатнах зэрэг хөнгөн шинжүүдээс эхлээд харшлын шалтгаант астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин хүртэл олон бүлэг эмгэгийг агуулна. Харшлыг анагаах ухааны хэллэгээр “аллерги” буюу хэт мэдрэгшил хэмээн нэрлэдэг. Харшил хөдлөх үед тухайн хүний дархлааны эрхтэн тогтолцоо нь ихэнх хүний биед хор болдоггүй тодорхой зүйлийн эсрэг хэт эрчимтэйгээр мэдэрч идэвхжиж байна гэсэн үг. Ингэж идэвхэжсэн дархлааны эсүүд нь өөрөөсөө гистамин гэх мэт химийн дохиоллын олон төрлийн бодисуудыг ялгаруулах бөгөөд ялгарсан тэдгээр бодисын биологийн идэвх, нөлөөгөөр харшлын шинжүүд үүсч байгаа юм. Энгийнээр тайлбарлах юм бол,  хүний дархлааны  эрхтэн тогтолцооны гол хэсэг болох дархлааны эсүүд нь  хоол болон агаарт агуулагдах, мөн арьстай хүрэлцэж буй хэсгээр биед нэвтрэн орж ирж буй гаднын буюу өөрийн биш бодисуудыг таньж идэвхжин довтолж устгана. Гэвч тэр тоо томшгүй олон бодисын аль нь хортой устгах шаардлагатай, алийг нь устгалгүй “зөнд нь орхиход” асуудалгүйг ялган таних чадвартай байдаг юм. Энэхүү ялган таних чадвараа уг эсүүд дархлааны эрхтнүүдэд үүсэж боловсрох явцдаа олж авсан байна. Гэвч гаднаас орж ирж буй харьцангуй хоргүй бодисыг хортой хэмээн таньж, зүгээр энгийн бус хэт хүчтэй идэвхжин өөрийн биедээ сөрөг нөлөөг гаргахуйц урвал үүсгэх буюу “байлдааны үйл ажиллагаа” явуулж байгааг харшил гээд байгаа юм. Энэ нь ихэвчлэн тухайн хүний удмын мэдээлэлд бичигдсэн байдаг учир удамших хандлагатай. Өөрөөр хэлбэл харшил гэдэг нь таны бие “би энэ зүйлийг хүлээж авахгүй, эсвэл би энд байж тэвчихгүй. Тиймээс эндээс холдоцгооё” гэх юм уу эсвэл “дахиж энийг идэхгүй шүү”, “дахиж никель гинж зүүхгүй шүү” хэмээн хариу урвал үзүүлж буй хэрэг гэж ойлгоход болно.

Харшил буюу аливаа зүйлд хэт мэдрэгших урвал аль замаар биед нэвтрэгч ямар бодис, нэгдлээс болов гэдгээсээ шалтгаалаад арьс салст, амьсгалын зам, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зэрэг өөр өөр хэсгүүдийг цочроохоос гадна харшилтай хүн болгоны харшлын сэдрээгч хүчин зүйлсийн нэр төрөл, харшлын урвалыг өдөөх тун хэмжээ зэргүүд нь ойролцоо хэмжээтэй боловч харилцан адилгүй байдаг.    

Харшил цөс цэвэрлээд эсвэл шар тос идээд огт эмчлэгдэхгүй. Хамгийн сайн эмчилгээ бол…

 -Харшлыг эмээр биш зөв дэглэмээр эмчилж болно гэдэг. Зөв дэглэмийг хэрхэн барих вэ. Харшлын үед ямар хоол хүнсийг хориглодог вэ?  

-Харшил өвчнийг ингэж, тэгж эмчлэнэ гэсэн аман яриа олон байдаг боловч тэр бүгд яг таг батлагдсан зүйл хараахан биш. Харин ч сөрөг үр дагавартай байж мэдэх тул болгоомжлох нь зүйтэй. Учир нь нэг л олдох эрүүл мэндээ нэгмөсөн сүйтгэвэл дараа нь харамсаад барахгүй хохирол болно. Ямар ч “цөс цэвэрлээд”, яаж ч “шар тос идээд” эмчлэгддэггүй эмгэг хэт идэвхжлийн урвал юмаа харшил нь. Хамгийн сайн эмчилгээ нь харшил үүсгэж байгаа орчноос хол байх, хлорфенамин гэхчлэн “баталгаатай” анагаах ухаанаар нотлогдсон харшлын эмүүдийг хэрэглэх явдал л юм.   

Тиймээс манай улсад харшлын мэргэжлийн эмнэлэг, эмч харьцангуй хүрэлцээтэй болсон өнөө цагт харшил өвчнөө эмчлүүлэх, хянуулахдаа нарийн мэргэжлийн эмч, эмнэлэгт хандаж байх нь зүйтэй гэдгийг нэн түрүүнд заавал хэлмээр байна. Харшил өвчин нь хөдлөх, сэдрэх үед баримтлах хамгийн зөв дэглэм гэвэл нэгд, харшлын зовиур намдаах эмээ цаг тухайд нь хэрэглэх. Хоёрт, харшил үүсгэгч зүйлээсээ аль болох татгалзах буюу хол байх. Гуравт, амьсгал боогдох, даралт унах зэрэг ховор тохиолдох хүнд хэлбэрийн хүндрэл үүссэн тохиолдолд эмнэлэгт хандаж хүндрэлийн эсрэг эмчилгээ хийлгэх хэрэгтэй.  

-Цөс өтгөрөх нь харшил үүсэхтэй хамаарал байхгүй-

-Цөсний өтгөрөлттэй хүн арьсны өвчин, харшил тусах магадлал өндөр байдаг гэдэг нь үнэн үү?

– Их сонин асуулт байна. Эхлээд цөс гэж юу болох талаар товчхон авч үзье. Цөс гэдэг нь хүнийг оролцуулаад бараг бүх сээр нуруутан амьтдын элэгнээс ялгарч нарийн гэдсэнд орон хоолны өөх, тосны боловсролтод оролцдог хар ногооноос шаравтар өнгөтэй шингэн юм. Хүний хувьд цөс нь дунджаар 97 хувь нь ус, 0,7 хувь нь цөсний давс буюу цөсний хүчил хэмээх бодис, 0,2 хувь нь биллирубин, 0,50 хувь нь өөх тос болон түүнээс ч бага хэмжээний органик бус давс зэрэг олон бодисоос тогтох ба цөс нь элэгнээс ялгармагц цөсний хүүдийнд орж хуримтлагдан хоол идсэний дараа бага багаар нарийн гэдэс рүү орон өөх тосыг задлахад оролцож байдаг зүй тогтолтой. Мэс заслын болон дотрын эмч нарын үздэгээр хэт их өөх тостой хоол тогтмол удаан хугацаагаар хэрэглэх, цөсний хүүдийн хөдөлгөөн удаашрах гэх зэргийн шалтгаануудаар цөсний хүүдийн дэх цөс аажимдаа өтгөрч хөдөлгөөн урсгал нь удааширсны улмаас доторх эрдсүүд нь тунаж чулууждаг.  Үүний дүнд эхлээд цөс өтгөрөх буюу цөс зогсонгоших улмаар бидний цөсний чулуу гэж нэрлэдэг цөсний хүүдийнд чулуу үүсдэг юм. Ямар нэгэн тохиолдлоор цөсний чулуу хүүдийнээсээ гарч элэг-цөсний хүүдийнээс нарийн гэдэс рүү орсон цөс дамжих сувгийг таглах буюу эсвэл уг суваг хажуугийн өөр эрхтний хавдар гэх зэрэг ямар нэгэн зүйлээр дарагдсан тохиолдолд гэдсэнд орох ёстой цөс уг сувгийг дүүргэж улмаар элэгнээс нэмж гадагшилж чадахгүй дүүрч эхэлдэг бөгөөд ингэж илүүдсэн цөс элэгний судсаар дамжин цусны урсгалд орох үед арьс цөсний өнгөөр шар ногоон болох зэрэг олон зовиур илэрдэг. Үүний  нэг нь арьсны загатнаа юм. Харин цөс өтгөрөх нь харшил үүсэхтэй ямар нэгэн хамаарал байхгүй.  Одоогоор хамаарлыг нь  илрүүлж баттай нотолсон судалгаа гараагүй байна.      

-Ер нь бие физиологийн хувьд ямар төрлийн хүн харшилд өртөмтгий байдаг юм бэ?

Өнөө цагийн анагаах ухааны үзэж байгаагаар тухайн хүний өвөрмөц биологи гэхээсээ илүүтэйгээр өссөн орчин, амьдралын хэв маяг нь харшил өвчинд өртөх, эсэхэд шийдвэрлэх нөлөөтэй гэж үзэж байна. Тухайлбал барууны орнуудын судалгаагаар  харшлын тухай “цэвэр байдлын онол” хэмээх онол ихээхэн хүчтэй байдаг.  Уг онол ёсоор бага насандаа хотын цэвэр орчинд өссөн хүүхдийн дархлаа нь хөдөө ферм дээр өссөн хүүхдийнхтэй харьцуулахад цөөн тооны харь бодистой харьцаж амжсан байдаг учраас ургамлын тоосонцор гэх зэрэг гаднын зүйлд илүү мэдрэг, илүү хүчтэй хариу урвал өгч харшилд өртөмтгий байдлыг бий болгодог гэж үздэг юм.      

-Арьсны өвчин, харшил, ханиадыг хэрхэн ялгаж эмчлэх вэ. Харшлыг ханиадтай андуурч буруу эмчилгээ хийх эрсдэл байдаг шүү дээ?

-Арьсны өвчнүүд дотроо үүсч хөгжиж буй шалтгаан, механизмаасаа шалтгаалан халдварын, гэмтлийн, харшлын гэх зэрэг олон төрөл байх бөгөөд түүн дотроо олон төрлийн арьсны өвчин нь харшлын шалтгаантай  байдаг. Үүсч буй арга замаасаа шалтгаалан эмчилгээний сонголт өөр өөр байх тул арьсны нарийн мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв шийдвэр гэдгийг дахин хэлье.

Ханиадны тухайд харшил ханиад хоёр хэдийгээр зарим шинжүүдээрээ төсөөтэй байдаг боловч ялгагдах онцлог шинжүүд бүхий шал өөр өвчнүүд юм. Хүмүүс бидний дунд элбэг тохиолддог хамрын ханиад нь халдварын гаралтай учраас бие өвдөх, халуурах зэрэг халдварын шинжүүд илрэх бөгөөд үүний дараа  хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиах зэрэг шинжүүд гарч дунджаар 5-10 хоног үргэлжлээд эдгэрдэг. Харин түгээмэл тохиолдох харшил өвчний үед халуурах шинж гарахгүй ба харин бие сулрах, идэвхгүй ноомой болохоос гадна нүд загатнаж, нулимс гоожих, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиах зэрэг зовиурууд гарч харшил үүсгэгч хүчин зүйл, нутаг орон, цаг агаартай холбоотойгоор харьцангуй удаан үргэлжилдэг юм.   

-Харшлын нэг шинж тэмдэг нь хамар битүүрэх байдаг. Гэтэл нөгөө талаас хамар битүүрэхийг дархлаа сульдах, ханиад хүрэх үед илэрдэг шинж тэмдэг гэдэг. Хэрхэн ялгаж таних вэ?

-Хамар битүүрэх нь дархлаа суларсан гэсэн үг огтхон ч биш. Харин ч дархлаа тогтолцоо эрчимтэй ажиллаж байгааг харуулах нэг шинж гээд хэлэхэд бараг буруудахгүй. Харшлын үед харшил үүсгэгч хүчин зүйлсийг уушгиндаа оруулахгүй гэсэн үүднээс хамгаалах хариу урвалаар хамрын салст хөөж битүүрч байгаа бол хамрын ханиадны үед тухайн хэсэгт байгаа ханиад үүсгэгч бичил биетнийг устгах зорилгоор салст хөөн томорч багтаамжаа нэмэгдүүлэн дархлааны эсүүдийг цусаар тээвэрлэн авчирч байгаа хэрэг юм.   

-Харшил өвчин удамших хандлагатай байдаг –   

-Амьсгалын замаар дамждаг харшил халдварлах уу. Ер удамших тохиолдол бий юу?

-Бие махбодын удмын мэдээлэл буюу генд кодлогдсон эмгэг хариу урвал болохынхоо хувьд харшил өвчин удамших хандлагатай байдаг боловч эцэг эхийнхээ нөгөө талаас шалтгаалан нэг айлын хүүхдүүд харшилд өртөх эрсдэлээрээ харилцан адилгүй байдаг.

-Ярилцсанд баярлалаа. 

Related Articles

Back to top button
Close