ОнцлохСоёл урлаг

Н.Жанцанноров: Бидний насан туршдаа зүтгэсэн хөдөлмөрийн үнэ цэнийг Монголын төр баталгаажууллаа

Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн  баатар цолоор  Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарыг шагналаа. Хөдөлмөрийн баатруудын сэтгэгдлийг хүргэж байна.   

Монголын хөгжмийн урлагийг өндөрт өргөж яваарай гэж хүсье

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Шарав: Том баярын өдөр тохиож байна.  Монголын үндэсний урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний маань үр шим над дээр болон манай урлагт ирж байна гэж бодож байна. Гэхдээ энэ бол ганцхан миний гавьяа биш. Надтай хамт ажилладаг манай нөхдийн, уран бүтээлчдийн бүгдийнх нь гавьяа. Дээр нь Монголын минь ард түмний хийж бүтээсэн их урлаг. Ард түмнийхээ амьдралыг турлгуурлан, тэрийгээ гол үзэл  баримтлалаа болгосны маань ач буян юм. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, үргэлж дэмжиж байдаг төр засагтаа үнэхээр их баярлаж байгаагаа хэлье.  Энэ том шагнал бол миний уран бүтээл ирж байгаа, хамтарч ажилладаг нөхдөд минь ирж байгаа хөдөлмөрийн минь  үнэ цэнэ гэдгийг дахин хэлье.  Монголын хөгжмийн урлагийг өндөрт өргөж, хөгжүүлж яваарай гэж хүсье.

Бид энэ оронд маш их өртэй

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров: Монголчуудын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гарамгай хөгжмийн зохиолч Б.Шаравын хамт төрийн дээд Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Бид төрийнхөө хишгийг гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй гэдгийг баталгаажууллаа. Төрийн дээд шагнал гэдэг бол хувь хүний овог, нэр гэхээсээ илүү түүний бүтээсэн бүтээлийг үнэлж, цэгнэж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч бөгөөд түмэн олноо ийм бүтээл тууривал хийж, мэргэжил бүрээр өөрийнхөө авьяас чадварыг сорьж ажиллаж байхын уриалан дууддаг чухал зүйл.

Би Монголынхоо үндэсний соёл, урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Өчигдөр шагнал авахаа сонсоод “татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сурсан. Төрдөө төлөх өр дуусаагүй л байгаа юм байна” гэж хүүдээ хэлж байлаа. Бид зөвхөн төрд биш өөртөө, энэ оронд маш их өртэй. Бид энэ эх оронд маш их өртэй шүү. Энэ өрөө дарахын тулд хүн бүхэн зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай. Аль бүтээлдээ илүү хайртай вэ гэж асууж байна. Хэдэн хүүхэд төрүүлээд хэнд нь илүү хайртай гэдэгтээ яг ижил асуулт. Хийсэн бүтээлийг маань дуучин, хөгжимчин, ард түмэн хайрлаж л байгаа бол тэр миний хайртай бүтээл. Би хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Батхүүд зориулж “Ах минь та” гэсэн дууг бүтээлээ.

Related Articles

Back to top button
Close