Соёл урлаг

Э.Уртнасан: Үндэснийхээ бүжгээс өдөр бүр эрч хүч, урам зориг авдаг

Монголын урлаг, өв соёл дэлхийд хосгүй сайхан хэмээн үнэлэгдэн, гайхагдаж, донсолгож буй нь үндэсний язгуур урлагийн өвөрмөц атлаа дахин давтагдашгүй байдлаас улбаатай гэж үзэхэд буруудахгүй болов уу. Монгол үндэсний соёл, урлагийн гайхамшиг, үүх түүхийг үзэгчдэд мэдрүүлэн ухааруулж буй Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан Э.Уртнасантай ажил мэргэжлийнх нь онцлог, ардын бүжгэн жүжигчин байхын хамгийн сайхан болоод бэрхшээлтэй талын тухай ярилцлаа. Тэрээр дэлхийд гайхагдсан монгол урлагийн нэг ардын бүжигт хоёргүй сэтгэлээр татагдан, мэргэжлийн бүжигчин болтлоо хүсэл тэмүүлэлдээ тууштай байж чадсан нэгэн юм.

-Ардын бүжигт татагдах болсон түүхээс ярилцлагаа эхэлье. Юу таныг урлагтай холбосон бэ?

-Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өссөн. Бага наснаасаа л спортод дуртай, сагсан бөмбөгт дурлагч байсан. Өдөржингөө л гадаа тоглож өнждөг хүүхэд байлаа. Нэг өдөр үндэсний бүжгийн дугуйланд явдаг хоёр найз маань хамт бүжгээр хичээллэхийг, дугуйланд нь явах эсэхийг надаас асуусан нь ардын бүжигт эргэлт буцалтгүй дурлах эхлэл минь болсон. Хүүхдийн бүжгийн тэмцээнд багадаа их ордог байсан нь бүжгээр шимтэн хичээллэх урам, урлагтай амьдралаа холбох хоёргүй сэтгэлийг надад өгчээ. 2007 онд “Соёлын дээд сургуулийн соёлын коллежид (одоогийн СУИС-ийн харьяа Бадмаараг) хоёр жил сурчихаад Үндэсний Урлагийн их театрт бүжигчнээр ажилд орсон.

-Мэргэжлээрээ ажиллаад 10 жил болсон гэхээр багагүй хугацаа өнгөрчээ. Нэг бүжгэн жүжгийн бүх хөдөлгөөнийг сурахад хэр их хугацаа зарцуулдаг вэ?

-Мэргэжлийн бүжигчин ямар ч бүжгийн хөдөлгөөнийг их хурдан сурдаг. Хамгийн удаандаа гурван хоногийн дотор бүжгийн хөдөлгөөнөө тогтоож авдаг. Гэхдээ тухайн бүжгийн жанр, дүрийн илэрхийллийг зөв гаргахад харилцан адилгүй цаг хугацаа шаардлагатай. Ардын бүжгэн жүжигчний хувьд үг яриагаар бус биеийн хэлэмж, үйл хөдлөлөөр дүрийн сэтгэл, зохиолын үйл явдлыг дүрслэн харуулна. Тийм учраас дүрийн илэрхийлэл, тухайн бүжгийн жанрыг сайн судалж, бэлтгэл сургуулилтыг хангалттай хийснээр сайн уран бүтээлийг үзэгчдэд хүргэж чадна.

-Бүжгийн олон төрлөөс ардын бүжгийн онцлох шинж нь юу вэ. Яагаад ардын бүжгэн жүжигчин гэх мэргэжилтэй болсон бэ?

-Хувь хүний сонирхол, зан төлөвөөс шалтгаалж ямар чиглэлээр явах нь шийдэгдэх байх. Ардын бүжиг надад эрч хүч, өөртөө итгэх итгэл, хувийн орон зайг мэдрүүлдэг учраас ардын бүжгийг би сонгосон. Ихэнх соёл урлагийн их, дээд сургуульд ардын бүжигчнээр мэргэжил эзэмшсэн хүмүүс ардын бүжгэн жүжигчин гэсэн давхар мэргэжлээр төгсдөг.  Бүжигчин хүн дан ганц хөдөлгөөн хийх бус хүнд байх янз бүрийн зан ааш, жүжгийн элементийг гаргах учраас жүжигчний ур чадвар шаардлагатай байдаг. Ардын бүжиг дотроо олон төрөлтэй, баялаг шинжтэй нь бусдаас онцгойрох давуу тал, онцлог нь юм. Монголын үндэсний ардын урлаг дэлхийн аль ч оронд байхгүй урлагийн хосгүй төрөл гэж явдаг. Монголын өв соёл, үүх түүх, ёс заншил ардын урлагт агуулагддаг. Ардын бүжгийн онцлог нь үзэгч болоод уран бүтээлчийн аль алинд нь эрч хүч, омогшил бахархлыг төрүүлдэгт оршино гэж би боддог. Ардын урлаг нь Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэдэл, бие даасан байдлын үндэс гэхэд буруудахгүй ээ.

-Дэлхийд гайхагдсан монгол урлаг тоглолт Үндэсний урлагийн их театрт тоглогдож байгаа. Таны бүжиглэсэн Занабазарын тухай бүжгэн жүжгийг хэн гэдэг хүн дэглэсэн бэ?

-Дэлхийд гайхагдсан монгол тоглолтын Занабазарын тухай зохиомжилсон бүжгэн жүжиг нь Үндэсний урлагийн их театрын ерөнхий бүжиг дэглээч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар багшийн маань дэглэсэн “Нүүдэл” бүжгэн жүжгийн гуравдугаар хэсэг болох өндөр гэгээн Занабазарын хэсгийг монгол цамын дэгтэй хослуулан зохиомжилсон. Үндэсний урлагийн их театрт анх ажилд орж байх үе буюу 2009 онд “Нүүдэл” бүжгэн жүжгийг Үндэсний урлагийн их театрын тайзнаа толилуулж байсан. Уг бүжгэн жүжгийн өндөр гэгээн Занабазарын дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин А.Даваахүү ах маань анх амилуулсан.

-Урд хөршид Монголын ардын уран бүтээлчид мэргэжлийнхээ чиглэлээр ажиллахаар их явдаг. Танд гаднын компани ажлын санал тавьж байсан уу?

-Хувиараа гэхээсээ илүү ажлын шугамаар олон улсын урлагийн фестиваль, соёл, аялал жуулчлалын солилцоо, экспод Монгол Улсаа төлөөлөөн оролцдог. Үүнээс өөрөөр гаднын компанитай гэрээ байгуулж, ажиллахаар хувиараа гадагшаа явж байгаагүй. Ихэвчлэн Хятад, Солонгос гэх мэт Азийн улс орнууд руу ажлын шугамаар Монгол Улсаа төлөөлж явж байсан. Гаднын компаниас гэхээсээ илүү хамт ажилладаг уран бүтээлч, ойр дотны хүмүүс “Мэргэжлээрээ гадаад улсад ажиллаж, амьдрах боломж байна . Хамт явах уу” гэж асуудаг. Гаднын улсад ажиллахад тодорхой хэмжээнд цалин бол өндөр, ядрах нь арай бага гэх мэт таатай зүйл олон байгаа л даа. Гэхдээ Үндэсний урлагийн их театр дундаршгүй их уран бүтээлийн сан хөмрөгтэй, байнга шинэ тоглолт санаачлан хийдэг, хамт олны уур амьсгал дотно байдаг учраас надад гадагшаа явж ажиллах бодол төрдөггүй. Эндээ тууштай ажиллаж, хөдөлмөрлөөд явахад бусдаас дордсон зүйл алга. Эсрэгээрээ би үндэснийхээ бүжгээс өдөр бүр эрч хүч, урам зориг авдаг. Хүн хийж байгаа зүйлдээ дурлаж, хайрлаж л сайхныг нь мэдэрнэ шүү дээ.

-Таны мэргэжлийн сайхан болоод бэрхшээлтэй тал нь юу вэ?

-Бүжигчин байхын хамгийн сайхан тал гэвэл тайзан дээр гараад өөрийнхөөрөө мөртлөө ур чадвараа бүрэн харуулж бүжиглэхэд зрителиэс би бүжигтээ зориулсан эрч хүчээ алга ташилтаар эргүүлэн авч байгаа юм шиг санагддаг. Үзэгчдээс ирэх урмын болоод шүүмжлэлийн үгнээс би илүү хичээх хэрэгтэй гэсэн эрч хүчийг авч, алдаагаа олж хардаг. Үзэгчдийн талархлын үг, сэтгэгдэл уран бүтээлчдийг урамшуулдаг нь урлагийн хүн байхын нэг сайхан нь, онцлог юм даа. Бэрхшээлтэй тал гэвэл янз бүрийн бэртэл гэмтэл авах эрсдэл өндөр байдаг. Гэмтэл авахгүй байхын тулд бэлтгэл сургуулилт байнга хийх шаардлагатай. Өдөрт хамгийн багадаа зургаан цагийн бэлтгэл хийдэг нь заримдаа амаргүй байдаг ч бэлтгэл хийхгүйгээр сайн уран бүтээл төрөн гарахгүй. Энэ нь бэрхшээл гэхээсээ илүү хэт сэтгэлийн хөөрлөөр аливаад хандахгүй байх ухамсрыг төлөвшүүлдэг. Сургуулилт хийж үзчихээд чадах эсэхээ мэдэж авна. Чадаж байгаа юмаа л хийнэ шүү дээ. Бүтээлээ илүү хийх гэж байгаад уран бүтээлчид алдаа гаргадаг.  Бэлтгэл сургуулилтын ачаар тунгийн тохируулж сурдаг.

-Уран бүтээлч хүнд тэтгэвэртээ гарах тогтсон цаг хугацаа гэж байдаггүй. Хэдий тайзан дээр бүжиглэхгүй байсан ч бүжгийн багш хийх боломжтой мэт. Урлагийн их тайзнаасаа буусан бүжигчид  эргээд театртаа бүжгийн багш хийх боломжтой юу?

-Хүссэн хүн бүр нь бүжгийн багш болчихно гэж байхгүй. Бүжгийн багш, дасгалжуулагч гэсэн тусдаа мэргэжил байдаг. Сургуульд нь сурсан тодорхой мэдлэг, боловсролтой хүнийг Үндэсний урлагийн их театрт дасгалжуулагч багшаар ажилд авдаг. Мөн Үндэсний урлагийн их театрын удирдлага, дасгалжуулагч багш болон уран бүтээлчдийн сонголт, дэмжлэгээр цөөн хэдэн хүмүүс л эргээд багшаар үлдэн ажиллах боломжтой. Уран бүтээлчид тэтгэвэртээ гарчихаад өөр ажил хөдөлмөр эрлэх нь түгээмэл байдаг.

-Сэтгэлд тань хоногшсон бүжгэн жүжгийн дүр гэж бий юу?

-Ганцаар тогтохгүй олон болчих гээд байна. Түүхэн болоод орчин үеийн олон сайхан дүрийг бүтээсэн болохоор бүтээж байсан дүр болгондоо маш их талархдаг. Эргээд дурсахад бүгдээрээ л дурсамжтай, сайхан санагддаг. Хамгийн их сэтгэлд үлдсэн бүжгэн жүжгийн дүр гэвэл Монголын хамгийн анхны бүжгэн жүжиг “Нарны домог” жүжгийн Манлайтаванбаатарын дүр болно. Энэ дүрд олон удаа тоглосон учраас сэтгэлд ээнэгшчихсэн, дотно санагддаг. Энэ жүжигт тоглох бүртээ дүрдээ төгс орох хүсэл төрдөг.

-Бүжигт чин сэтгэлээсээ дуртай, ирээдүйд бүжигчнээр ажиллах хүсэлтэй ч ар гэр, ойр дотны хүмүүсийн үл ойшоолтоос  болоод хүсэл сонирхлоо дагаж чадахгүй байгаа залууст хандан урмын үг хэлж болох уу?

-Хүсэж буй зүйлдээ гол нь хичээл зүтгэлтэй, тууштай байх хэрэгтэй. Намайг мэргэжлээ сонгож байх үед эцэг эх маань ч гэсэн тухайн үед бүжигчин болгохгүй гэж ярьдаг байсан. Сонголтыг минь дэмждэг байгаагүй ч би ирээдүйд төгсөөд ажиллахыг хүсэж буй, өдөр бүр дуртайгаар хийж чадах зүйлээ сонгосон. Үүнийхээ үр дүнд зорьсон газартаа хүн хүрч чадна. Урлагт чин сэтгэлээсээ дуртай бол эцсийг нь үзэхийг, хүрч чадах цэг хүртлээ яваарай л гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Ярилцсан: Л.Сайхансанаа

Related Articles

Back to top button
Close