ОнцлохУЛС ТӨР

Махны үнийг зохиомлоор өсгөсөн асуудлыг шалгах үүргийг ТЕГ-т өгсөн

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

-Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Оюутолгой руу явуулсан. Энэ асуудал өнгөрсөн долоон хоногт нэлээд яригдлаа. Их хурлаар хэлэлцээгүй асуудлыг компани руу явуулж болох уу?

-Оюутолгойг шалгах ажлын хэсгийг дүгнэлт Эдийн засгийн байнгын хороон дээр яригдаж байгаа гэж ойлгож байгаа. АТГ болон бусад газар дээр Оюутолгойн гэрээтэй холбоотой, гэрээний дараа авлигал авсан байж болзошгүй нөхцөл байдал 4-5 хүн дээр үүссэн гэсэн мэдээллийг авсан. Одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй. Энэ бүх дүгнэлт Засгийн газар дээр ирнэ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Оюутолгойн компанийн удирдлагуудтай уулзаад цаашдаа яах вэ гэдэг дүгнэлтийг гаргах боломжтой. УИХ яаралтай шалгалтын материалыг цэгцлээд, хэлэлцээд Засгийн газарт ирлүүлэх ёстой.

-Авлига авсан хүмүүс нь УИХ-ын гишүүд үү, Засгийн газрын гишүүд үү?

-Хардагдаад байгаа хүмүүс тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан. Жишээлбэл, зарим нэг компанид давуу эрх олгосон байж болзошгүй гэж үзэж байгаа. Модерн номадс компани яагаад Оюутолгойн хүнс нийлүүлэхэд оров. Зарим нэг шатахуун түгээх газруудтай холбоотой асуудал байгаа. Оюутолгой компанид давуу эрх олгох хэлцэл болсон юм биш биз дээ гэдэг хардах үндэслэл бий болсон гэж хууль хяналтын байгууллага үзэж байгаа юм билээ.

-Танай танхимын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл гараад байна. Үнэхээр ийм зүйл болсон уу. Энэ талаар Засгийн газар дээр ярьсан уу?

-Хэвлэл мэдээллээр тийм мэдээлэл гарсан. Нэр зарлагдсан асуудал байхгүй. Хууль хяналтын байгууллагын удирдлагаас асуухад одоогоор ийм шалгагдаж байгаа асуудал байхгүй байна гэсэн. Нэгэнт ийм мэдээлэл гарсан учраас хууль хяналтын байгууллагынхан нягталж үзэх байх гэсэн тайлбар хэлж байналээ.

-Итгэлийн зээл иргэд олгох хуулийн төслийг нэр бүхий гишүүд санаачилж, өчигдөр бүлгийн хурлаар дэмжсэн байна. Ийм их хэмжээний зээл олгохоор төсөвт дарамт учруулахгүй юу?

-Нэр бүхний гишүүд хуулийн төсөл боловсруулаад Засгийн газарт өгсөн. Итгэлийн зээлтэй холбоотой асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа. Гэхдээ үүн дээр ямар арга замаар хэлэлцэх вэ гэдгээ Засгийн газар хурдан шийднэ. Өнөөдөр хууль зүйн яам руу шилжүүлсэн. Эдийн засгийн хувьд ямар боломжтой, ямар эх үүсвэрээс гарах вэ гэдэг нөхцөлүүдийг судалж үзэж байгаа. Зээлийн хүү өндөр байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Үүнтэй холбоотой цогц арга хэмжээ авах албан даалгавар гаргасан. Мах, гурилтай холбоотой цогц шийдэл оруулж ирэхийг Ч.Улаан сайдад даалгасан. Энэ долоо хоногийн пүрэв юм уу баасан гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярина. Зохион байгуулалттай, 2-3 компани нийлж махны үнэ хөөрөгдсөн гэсэн мэдээлэл ирж байгаа. Үүнийг ТЕГ-т шилжүүлсэн. ТЕГ Засгийн газарт мэдээлэл өгсний дараа зохиомол нөхцөл байдал үүсгэсэн үү гэдгийг Ч.Улаан сайд та бүхэнд мэдээллэх байх.

-Хөгжлийн банкинд хийсэн шалгалт дууссан уу?

-Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан бэлэн болсон. Үүнийг нууцлаад байх зүйл байхгүй. Хөгжлийн банкнаас өнөөдөр тайлан тайлбар хүргүүлэх тухай гэсэн тайлбар ирүүлсэн. Засгийн газар Хөгжлийн банкин дээр 2-3 асуудлыг хөндөнө гэж үзэж байгаа. Нэгд, Чингис, Самуурай гэх мэт бондуудын зарцуулалтын асуудал байгаа юм. Эдгээр бондыг ямар, ямар төсөл рүү оруулав, ямар нэгэн байдлаар авлигатай холбоотой асуудал байна уу гэдгийг гаргаж байгаа. Үүнийг бид АТГ руу шилжүүлнэ. Хоёрт, Хөгжлийн банкийг байгуулсан зорилго нь дэд бүтэцтэй холбоотой, улс орны хөгжлийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг гаргаж ирэх зорилготой банк. Харамсалтай нь сүүлийн үед арилжааны банктай өрсөлдөх жижиг зээлүүд гаргадаг, хэн нэгний лоббигоор зээл өгдөг байж болзошгүй банк болж хувирсан. Тиймээс 20 тэрбум төгрөгөөс доош зээлийг Хөгжлийн банкнаас олгохгүй. Гүйцэтгэх удирдлагатай хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа. ТУЗ дээр нь чиг үүргийн томоохон өөрчлөлт хийнэ. Гаднын менежмент руу орох асуудлыг судалж байгаа. Зээл аваад хугацаандаа төлөөгүй, огт зээл төлөөгүй чанаргүй зээлүүдийг эзэнтэй нь зарлана. Ирэх долоо хоногийг нэгдэх юм уу, хоёр дахиас зарлана. Тухайн компаниудад сарын ч юм уу, хугацаа өгнө. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар эргэн төлөлт хийхгүй байвал хууль хяналтын байгууллагад өгөхөөс өөр аргагүй. Хөгжлийн банкны шинэ удирдлага шилжилтийн удирдлага байна. Одоогийн байдлаар 5-6 хүний нэрийг Засгийн газар гаргаад дуудаж уулзаж байгаа.

-ХУД-ийн 15 дугаар сургуулийн 50 гаруй сурагч сүрьеэгээр өвчилсөн гэсэн мэдээллийг сургуулийн захирал хэлсэн. Харин Эрүүл мэндийн сайд 38 сурагч, нэг багш өвчилсөн гэж мэдээллээ. Энэ асуудлаар салбарын сайдад хариуцлага тооцох уу?

-Сүрьеэ болон бусад асуудалтай дөрвөн сургууль байгаа. Маргааш өглөө эдгээр газарт очиж мэдээлэл авна. Тэгж байж тодорхой мэдээлэл өгнө. Шаардлагатай тохиолдолд хариуцлагын асуудлыг ярьж болно.

Related Articles

Back to top button
Close