НийгэмОнцлох

Ч.Чимэдбат: Орон нутгийн замд хурд хэмжигчээр хяналт тавина

Жолооч нарын түгээмэл гаргадаг замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд ямар хариуцлага тооцож, ажилладаг талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодрууллаа.

-Тасархай зураасгүй газар жолооч нар урсгал сөрж эргэх тохиолдол цөөнгүй гардаг.  Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

-Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-5 хүртэлх хэсэгт эсрэг хөдөлгөөнтэй 2, 4 эгнээтэй буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглодог. Тухайн зөрчлийг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-т заасны дагуу хүнийг 50 нэгжээр торгож, жолоодох эрхийг гурав хүртэлх сараар хасах арга хэмжээ тооцдог. Энэ төрлийн зөрчлийг камерын хяналт, цагдаагийн алба хаагчийн хяналт шалгалтаар болон иргэдээс ирүүлсэн фото, видео зэрэг гомдол, мэдээллийн дагуу хянан шийдвэрлэдэг. Мөн “цахим замын цагдаа” группээр дамжуулан иргэдээс мэдээлэл авч, арга хэмжээ тооцдог.

-Замын тэмдэг, тэмдэглэгээний дүрэм зөрчсөн тохиолдолд яах вэ?

-Үргэлжилсэн цагаан шугам давах буюу замын тэмдэг, тэмдэглэгээг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.48-т заасны дагуу 50 нэгжээр торгох арга хэмжээ авдаг. Гэхдээ цагдаагийн байгууллага торгохоос илүү дүрэм зөрчихгүй байх талаас иргэдэд ухуулга, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг хийж байна. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөний дүрмээ мэддэг хэрнээ дүрэм зөрчих нь гол асуудал болоод байгаа юм. Урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцох нь өөрт болон бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул саад учруулж, ноцтой зам тээврийн осолд холбогдоход хүргэдэг гэдгийг жолооч нар ухамсарлах хэрэгтэй.

-Ер нь жолооч нар замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой ямар алдаа, зөрчлийг түгээмэл гаргаж байна вэ. Түүнд ямар хариуцлага тооцдог талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Бага насны хүүхдийг зориулалтын суудалгүй, хамгаалалтын бүс, хэрэгсэлгүй, харгалзах хүнгүйгээр сул задгай тээвэрлэх зөрчил маш их байна. Бага насны хүүхдийг буруу тээвэрлэж байгаа жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мөн урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Үүнийг дагаад зам тээврийн осол хэрэг ихсэх хандлагатай байдаг. Хамгийн гол нь хурд хэтрүүлсэнтэй холбоотойгоор осол гардаг. Тиймээс 21 аймаг руу явах орон нутгийн зам болон нийслэлийн хэмжээнд зөөврийн хурд хэмжигчээр тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажиллаж байна. Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтаа байнгын нэг цэгт биш, хөдөлгөөнт байдлаар зохион байгуулж байгаа. Учир нь хөдөлгөөнд оролцогчид цагдаагийн алба хаагч байгаа газар дүрэм зөрчдөггүй. Цагдаагийн хяналтгүй гэх газар дүрэм зөрчиж, осол хэрэгт холбогддог. Харин хөдөлгөөнт хяналт шалгалт зохион байгуулж эхэлснээс хойш орон нутагт гарах осол хэрэг тодорхой хэмжээгээр буурсан байгаа.

-Автобусны зогсоол дээр түр зогсвол хариуцлага тооцох уу?

-2018 оны арваннэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгад нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр өглөөний 06-22 цагийн хооронд автомашин ямар нэг шалтгаанаар түр буюу удаан зогсохыг хориглодог. Харин шөнийн цагаар буюу 22-06 цагийн хооронд хүн буулгаж, суулгах хооронд зогсохыг зөвшөөрдөг. Энэ дүрмийн хэрэгжилт хангалт муутай байгаагаас шалтгаалан нийтийн тээврийн хэрэгслүүд зогсоолдоо гүйцэд орж зогсох боломжгүй болгож, замын зохиомол түгжрэл үүсдэг. Үүнд цагдаагийн байгууллага камерын хяналтаар болон биечлэн хянан шалгаж байна. Уг зөрчлийг гаргавал Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгох арга хэмжээ тооцогддог.

-Шар гэрлээр уулзвар нэвтрэхэд торгож байгаа юу?

-Жолооч уулзвар нэвтрэхдээ анхаарах буюу шар гэрэл дохио анивчсан үед уулзварт орох буюу нэвтрэхийг хориглодог. Уулзварт нэвтэрсний дараа анхааруулах шар гэрэл дохио анивчсан тохиолдолд жолооч аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

-Түгжрэл үүсгэдэг уулзварууд дээр шар зураас тавьсан. Түгжрэлтэй үед уг зурааст нэвтэрч зогссон тохиолдолд хариуцлага тооцно гэж байсан. Энэ хүчинтэй хэвээр байгаа юу?

-Шинэчилсэн Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-т уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч, уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран уулзвар руу орохыг хориглодог. Энэ заалтын хүрээнд нийслэлийн дөрвөн цэгт шар тэмдэг, тэмдэглэгээг хийсэн. Тухайн уулзвар бүрт хяналтын камер байрлуулсан. Түгжрэлтэй үед жолооч уулзварын гол руу нэвтэрч, тээврийн хэрэгслээр бүрэн зогсолт хийхийг хориглоно.  Ер нь замын хөдөлгөөний ямар нэг дүрэм заалтыг зөрчиж байгаа үйлдэл нь зам тээврийн осол хэрэгт шууд холбогдох шалтгаан болдог гэдгийг иргэд ухамсарлах шаардлагатай байна. 

Related Articles

Back to top button
Close