ОнцлохУЛС ТӨР

​Элчин сайдуудын томилгоо ба горилогчид

Бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа 19 Элчин сайдын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, томилно гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдсэн. Ирэх долоо хоногт 10 гаруй оронд Монгол Улсыг төлөөлөх Элчин сайд нарыг томилох асуудлыг УИХ хэлэлцэх товтой байна. Зарим улс Элчин сайдгүй удаж байгаа учраас яаралтай томилох шаардлага гараад буй. Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд, Австрали зэрэг улсад суугаа Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа юм. Ирэх долоо хоногт МАН-ын бүлэг болон Засгийн гарын хуралдаанд шинээр томилох Элчин сайд нарыг нэрсийг танилцуулах хүлээлттэй байна.

Өнгөрсөн онд Казахстан, Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа дууссан байна. Дээр нь, энэ жил хугацаа нь дуусаад байгаа Итали, Египет, Энэтхэг, мөн удаан хугацаанд хойшилсон Канад, БНСУ, Швед улсад суух Элчин сайд нарыг томилно.

Элчин сайдаар томилох магадлал өндөр, нэр нь яригдаж байгаа хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.

Австралид суух Элчин сайдаар Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярыг

-Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж буй  Н.Анхбаярыг Австрали Улсад суух Элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлж байгаа юм байна. Түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү гэдэг талаас нь илүү онцолж байгаа. Улстөрч аавын нөлөөгөөр Элчин болох уу эсвэл Элчин сайдын шалгуурыг үнэхээр хангаж байгаа мэргэшсэн дипломатч уу гэдэг асуулт гарч таарна. Тэгвэл Н.Анхбаяр гэж хэн бэ.  

Н.Анхбаяр нь хуульч мэргэжилтэй, 2000 онд УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлж байсан байна. Харин 2007 оноос Гадаад харилцааны яам, дипломат албанд тасралтгүй 12 жил ажиллажээ. Тодруулбал, 2007-2012 онд Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газар мэргэжилтэн, атташе, дэд захирлаар, 2012-2014 онд АНУ-ын Сан-Франциско хотод Ерөнхий консулаар, 2014-2016 онд Гадаад харилцааны яамны Хуулийн хэлтсийн дарга, Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирлаар, 2016 оны сонгуулийн дараагаас ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Англи хэлний мэдлэгтэй юм байна.

Өмнө нь Австрали улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилсон ч Ерөнхийлөгч дэмжээгүй учраас нэрийг эгүүлэн татсан билээ.

ОХУ-д суух Элчин сайдаар Г.Өлзийбүрэнг

-ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг Элчин сайдаас нь эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж дэмжсэн билээ. Дээр нь Б.Дэлгэрмаагийн Элчин сайдаар томилсон хугацаа энэ онд дуусч байжээ.

Тэгвэл ОХУ-д суух Элчин сайдаар МАН-ын Бага хурлын гишүүн Г.Өлзийбүрэнг томилуулахаар нэр нь яригдаж байгаа юм байна. Түүнийг УИХ-ын гишүүн асан С.Одонтуяагийн нөхөр, АН-ын Засгийн газарт Газрын тосны газрын захирлаар ажиллаж байснаар нь олон нийт илүү мэднэ. Г.Өлзийбүрэн гэдэг эрхэм аль ч Засгийн үед албан тушаалд томилогддог. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, газрын тосны салбарт нэлээд хугацаанд ажилласан туршлагатай, энэ салбартаа нэр хүнд сайтай нэгэн.

Монгол Улс ОХУ-аас нефть бүтээгдэхүүний 100 хувийн хамааралтай гэж хэлж болно. Энэ талаас нь харж Г.Өлзийбүрэнг ОХУ-д суух Элчин сайдаар томилуулах саналыг гаргасан байх талтай. Харин түүнд гадаад харилцаа, дипломат албанд ажиллаж байсан туршлага тун бага юм.

Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж, УИХ-ын гишүүнээр сонгогдон, Үйлдвэр, худалдааны сайдаар томилогдож явсан Х.Наранхүү ОХУ-д Элчингээр томилж магадгүй байгаа гэнэ.  

Турк улсад суух Элчин сайдаар Э.Мөнх-Очирыг

-УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг БНТУ-д Элчин сайдаар томилохоор яригдаж байгаа аж. Э.Мөнх-Очирын хувьд УИХ-ын дарга асан Л.Энэбишийн хүү гэдгээрээ олонд илүүтэй танигдсан. Тэрээр одоо Истанбул дахь Монголын ерөнхий консулаар ажилладаг бөгөөд Элчин сайд Р.Болдын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учраас түүнийг томилохоор тохирч байгаа бололтой. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, турк, англи хэлтэй.  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан аж. Улс төрийн албан тушаалуудад ажиллаж байсан туршлагатай ч гадаад харилцаа, дипломат албанд ажилласан туршлага багатай.

БНСУ-д суух Элчин сайдаар ТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Эрдэнийг

-С.Эрдэнэ нь өдгөө Хонконгод Ерөнхий консулаар ажиллаж байгаа юм. С.Эрдэнэ нь Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал цолтой. Тэрээр 2013 онд ТЕГ-ын дэд даргаар ажиллахаас өмнө Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байжээ. 
С.Эрдэнийн хувьд Элчин сайдын яам болоод Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан туршлагатай гэгддэг. Гэхдээ түүнийг 2002 онд буюу Австрид атташегаар ажиллаж байхдаа ХБНГУ руу их хэмжээний тамхи нэвтрүүлсэн хэрэгт холбогдож, саатуулагдаж байсан талаар мэдээлэл байдаг юм.

Мэргэжлийн томилгоо

Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан туршлагатай, одоо яамандаа захирал, газрын даргын алба хашиж байгаа нэлээд хэдэн албан хаагчийг Элчин сайдаар томилж магадгүй байгаа аж.

Тодруулбал, НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчөөр ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаа В.Энхболдыг, Тайландад суух Элчин сайдаар ГХЯ-ны Гэрээ эрх зүйн газрын захирлаар ажиллаж байгаа А.Төмөрийг, Унгарт суух Элчин сайдаар ГХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байгаа Б.Баярсайханыг, Италид суух Элчин сайдаар ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэгийг, Энэтхэгт суух Элчин сайдаар ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байгаа Э.Сарантогосыг, Египетэд суух Элчин сайдаар ГХЯ-ны Европын газрын захирал  М.Цэнгэгийг, Шведэд суух Элчин сайдаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Ц.Даваасүрэн нарыг томилуулахаар нэр нь яригдаж байгаа юм.

Эдгээр эрхмүүд нь гадаад харилцаа дипломат албанд олон жил ажилласан туршлагатай, төрийн албан мерит зарчмын дагуу албан тушаал ахисан мэргэшсэн албан хаагчид харагдаж байна. Гадаад харилцааны яамны вэб сайтад байршуулсан тэдний намтрыг харахад бүгд 2-3 гадаад хэлтэй, дипломат албанд олон жил ажилласан туршлагатай харагдаж байна.  

Related Articles

Back to top button
Close