ОнцлохУЛС ТӨР

Б.Энхбаяр: Бид энд хууль гаргалаа гээд Фэйсбүүк компани мөрдөх үүрэггүй

Иргэд фэйсбүүкт регистрийн бүртгэлээ оруулж, эсвэл хурууны хээгээ уншуулж нэвтрэх зохицуулалт бүхий хуулийн төсөл болосвруулж буйгаа УИХ-ын төвшинд өчигдөр гишүүд мэдэгдлээ.  Уг зохицуулалтын талаар Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяраас тодрууллаа.

-Таныхаар иргэд фахим орчин, фэйсбүүкээс заавал хуулиар зохицуулах хэмжээний хамааралтай байгаа юу?

-Манай улс дэлхийд бүх юмаараа сүүл мушгиад байдаггүй л дээ. Сошиал хэрэглээгээрээ бол Ази тивдээ манлайлдаг. Тавхан жилийн өмнө хүмүүс хамгийн их мэдээллийг телевизээс авдаг байсан бол хамгийн сүүлд, 2019 оны эхээр хийсэн судалгаагаар цахим орчноос авдаг гэсэн байна лээ. Мэдээллийг авч буй анхдагч эх сурвалж нь цахим орчин гэж нэрлэсэн харагдсан. Үндсэндээ хотод машинаа бариад явж буй таксины жолооч, оффистоо ажиллаж буй төр, хувийн хэвшлийн ажилтнууд, хөдөө малаа хариулаад явж буй малчид бүгд адилхан мэдээллийг ижил цаг хугацаанд нэгэн зэрэг авдаг цаг үе нэгэнт бий болжээ. Үүнээс хамгийн их хэрэглээтэй нь фэйсбүүк. Мэдээж тэнд хуурамч хаяг, давхардал олон бий. Өөрөөр хэлбэл, иргэд цахим орчноос авч буй мэдээллийнхээ ихэнхийг, бас анхдагч эх үүсвэрийг файсбүүкээс авч байна гэсэн үг. Тэр утгаараа фэйсбүүкийн эзэн Зукерберг бол Монголын оюун санааны “Удирдагч” нэгэнт болсон байна гэсэн үг.

-Гэхдээ хууль гаргаж зохицуулах нь зөв үү?

-Фэйсбүүкт нэр нүүрээ нуусан хуурамч хаягтай, улс төрийн болон бусад зорилтотой хувь болон бүлэг хүмүүс олон бий. Тэд цахим орчинд хуурамч мэдээллийг санаатай болон санаандгүй тарааж байгаа, хувь хүмүүсийн нэр төр, алдар хүнд, цаашлаад хувийн орон зай, үнэт зүйл рүү нь эрээ цээргүй халдаж байгааг бүрэн зогсоодоггүй юмаа гэхэд хязгаарлах, хянах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, цахим орчинд үнэн зөв мэдээлэл бүхий эрүүл зөв, ил тод хэрэглээ, оролцоог бий болгохын тулд зохицуулалт хэрэгтэй. Тэр нь заавал бие даасан хууль байх уу, фэйсбүүк компанитай хамтарсан бүртгэлийн шийдэл байх уу гэдгээ сайн бодож оновчтойг нь сонгох хэрэгтэй байх. Миний бодлоор хууль гаргаад хэзээ ч энэ цахим орчны хурдыг гүйцэхгүй. Өнөөдөр гаргасан хууль технологийн шийдэл, фэйсбүүкийн өдөр тутмын хөгжүүлэлтэд маргааш хоцрогдож магадгүй. Ер нь бол манайд мэдээллийн технологийн салбар хаа очиж дажгүй хөгжөөд, бүх салбарт хөгжлийг дэмжигч болж чадсан нь хууль тэдэнд нэг их саад тотгор болоогүйд оршдог. Зөнд нь хаячихсан байсан салбар шүү дээ. Тэр ч утгаараа дэвшилтэт сайн нь ч, тэвчишгүй сөрөг нь ч хамт орж ирээд нутагшчихсан. Одоо яах вэ гэдгээ хуульчлах гээд л нэг халгаад л, нэг мугуйдлаад л, нэг толгой нь эргээд л байж байгаа. Өчигдөр Байнгын хорооны төвшинд яригддаг хуулийн төсөл ч нэг тийм шиг санагдсан. Зарчмын хувьд Мэдээллийн аюулгүй байдлын хууль гарах ёстой. Наад зах нь л төрийн мэдээллийн Үндэсний Дата төв гэхэд л ямарч хууль эрх зүйн орчингүй, зохицуулалтгүй өдийг хүрлээ. Дата төвийн талаар лав ямар ч хуульд байхгүй. Анх удаа сая Бүртгэлийн шинэ хуулинд нэг өгүүлбэр оруулсан. Урьд нь Засгийн газрын тогтоолоор л байгуулаад орхичихсон байсан. Гэтэл тэнд хуримтлагдаж байгаа мэдээлэл, түүний хадгалалт, түгээлт, иргэдэд хүргэж буй үйлчилгээ нь гэхэд л ямар том далайцтай болсон байгаа билээ дээ.

-Хууль гаргалаа, журмаар зохицуулллаа гэхэд регистрийн бүртгэл, хурууны хээг ашиглах нь хэр зөв бэ?

-Нэг зүйлийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Фэйсбүүк хэний өмч вэ. Аль улсын хуулийн үйлчлэлд багтах вэ. Монгол Улс фэйсбүүкийг ингэж тэгнэ гэж хууль гаргадаг газар мөн үү, фэйсбүүк Монгол Улсын хуульд захирагддаг, тэр хуулиар хөгжүүлэлтээ хийх газар мөн үү. Манайх хууль гаргалаа гэхэд нөгөөх нь биелүүлэх үүрэг хүлээх үү гээд. Иргэд нь регистрийн дугааргүй улс орон ч байгаа. Тэгэхээр ийм энгийн ойлгомжтой юманд цаг үрээд, олон нийт дагаж ханараад юу хийнэ вэ. Харин Монгол Улс фэйсбүүктэй хамтарч ажиллах бүрэн боломжтой. Энэ чиглэлээр ч Засгийн газрын байгууллагууд үр дүнтэй, ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж буй нь сайшаалтай. Жишээ нь, Д.Цогтбаатар сайд PEACEBOOK гээд маш гоё санаачилга гаргасан байна лээ. Нийгмийн цахим сүлжээний эерэг ач тусын үр шим ямар их байна вэ. Хүмүүс гудамжинд хог хаяхгүй, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, ядарсан зүдэрсэн нэгэндээ хамтаараа туслах гээд л. Хүүхдүүдэд туслах ид шидийн орон гэхэд л тэгж боссон. Хотын даргын зөвлөх байсан хуульч Д.Мөнх-Эрдэнэ гэхэд л явган хүний гарцыг чөлөөлье гээд л иргэдийнхээ мэдээллийн дагуу шуурхай ажиллаж байсан. Нөгөө, замын цагдаа руу салаавч гаргадаг сахилгагүй Баярцогт гээд нөхрийн бичлэг цахимд гарсанаас хойш болсон болоогүй дуут дохио хангинуулаад давхиад байсан дарга нар бүр байхгүй болоод өөрсдөө дуут дохиогоо машинаасаа авчихсан шдээ. Иргэдээсээ айгаад. Тэгэхээр цахим орчинд сайн сайхан зүйл маш их байна. Энэ хүчийг зөв л ашиглах асуудал. Цахим орчинд, ялангуяа фэйсбүүкт хуурамч хаяг нээж бусдыг гүтгэдэг, бүр магадгүй тухайн улс орны сонгуулийн дүнд нөлөөлдөг асуудал ганц манай улсын биш, дэлхийн зовлон болчихоод байна. Улс орон бүр янз бүрээр л тэмцэх гэж, хянах гэж оролдож байна. Манай урд, хойд хөрш үүнийг яаж шийдэж байна вэ гэхээр өөрсдийн үндэсний нийгмийн сүлжээг бий болгох замаар гаднын нөлөөллийг саармагжуулж байна. Хятадад гэхэд фэйсбүүк ажилладаггүй. Тэнд өөрсдийн, өөрийн улсын тийм цахим сүлжээтэй. Тэр нь улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлсан, үндэстнийг хагалан бутаргахад чиглэсэн, экстремизм, терроризм гэх мэт аюулыг урьдчилан сэргийлэх, таслан зосооход ихээхэн үр нөлөө өгч байна. Гэтэл манай улсад төрийн тусгай албан хаагч нь хүртэл олон сая төгрөгөөр олон дэмжигчидтэй фэйсбүүк аккаунтууд худалдан авч, төрийн зүтгэлтнүүд, улстөрчдийг зохион байгуулалттай тогтмол гүтгэж, харлуулж байгаад баригдаж байх жишээний. Тухайн гүтгүүлсэн нэг хувь хүнээсээ энэ асуудал нэгэнт халиад ерөөсөө л Монголын төр засагт нэг ч нэр хүндтэй хүн байх ёсгүй, цаашилбал Монголын төр хүчгүй, нэр хүндгүй байх нь сүүлдээ хэний эрх ашигт нийцэх гээд байна вэ. Лав л Монголын эрх ашигт нийцэхгүй. Тэр тусмаа сонгуулиар зохион байгуулалттай, сонгуулийн үр дүнд зориуд нөлөөлөх зорилготой мэдээллүүдийг дийлэнх нь хилийн гаднаас түгээдэг юм шдээ. Манай хил дотор түгээвэл баригдаад Эрүүгийн хариуцлага яригдах учраас тэр. Тэгж л байг гээд бид дуугай байж лав таарахгүй.

-Тэгээд таныхаар ямар хувилбар хамгийн оновчтой вэ?

-Хүн өөрөө л гэмт хэрэг хийхгүй бол төр хэнийг ч оролдохгүй гэдэг л зарчимд цахим сүлжээ нь суурилж чадаж байна гэхүү дээ. Тэгвэл тийм үндэсний цахим сүлжээ байхгүй манай улсын хувьд асуудлыг шийдэх гарц бол бий. Жишээ нь фэйсбүүк хаяг нээхэд хоёр зүйлийг заавал нэхдэг биз дээ. Нэг нь мэйл хаяг. Нөгөө нь гар утасны дугаар. Энэ хоёр бол фэйсбүүкт нэвтрэх түлхүүр гэсэн үг. Бид фэйсбүүк гээд цоожны учрыг олох гээд ухантаад байх ямар ч шаардлагагүй. Учрыг нь олохчгүй. Харин түлхүүр бидний гарт байх ёстой. Түлхүүрийг бид өөрсдөө учрыг нь олж болно. Чадна. Үүнд, нэгд үндэсний цахим шуудангийн сүлжээтэй болох ёстой. gmail, yahoo.com гэдэг шиг chinggis.com mongol.com гэдэг шиг. Гагцхүү тийм үндэсний шуудангийн хаягаар фэйсбүүк хаяг нээх талаар фэйсбүүктэй ойлголцож болох байх. Хоёрт, гар утасны дугаар авахад бүгд регистр, бүртгэлтэй бичиг баримтаараа авдаг. Бүртгэлгүй дугаарууд бий л дээ. Тэрийг харин хуулиар хязгаарлаж болно. Тэгээд зөвхөн  бүртгэлтэй дугаараар фэйсбүүк хаяг нээх, нэвтрэх талаар мөн фэйсбүүк компанитай ойлголцож болно. Тэрнээс биш, иргэдийн регистрийн дугаар сайн хувилбар биш. Нууц энэ тэрдээ тулж байгаа бол хурууны хээний сан л хамгийн нууц шүү. Бүртгэлийн шинэ хуульд ч тийм байгаа. Латин Америкт нэг нөхөр улсынхаа иргэдийн хурууны хээний санг гаднын тагнуулынханд зарсан асуудал гарч л байсан. Энэ бол тоглоом биш л дээ.

Related Articles

Back to top button
Close