Эрүүл мэнд

Тэд авлигачдын өрийг дарахад эр зориг нь хүрдэг, эмнэлэг барихад зүрх сэтгэл нь дутдаг

Монгол Улсад жилд дунджаар 4000-4300 хүн хавдраар нас бардаг гэвэл та итгэх үү. Харамсалтай нь үнэн. Сүүлийн хэдэн жил ийм байгаа. Өнгөрсөн онд гэхэд л 1800 гаруй хүн элэгний хорт хавдраар нас баржээ. Энэ бол гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд харангын дохио.

Илүү нарийн тоо дурдвал, Монголд жилд дунджаар 6000 хүн шинээр хавдраар өвчилдөг байна. Зөвхөн Хавдар судлалын үндэсний төвийн амбулаториар жилдээ 100 мянган хүн үзлэг, оношилгоонд хамрагддаг. 

Хамгийн харамсалтай нь хавдраар өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь хожуу буюу 3, 4   шатандаа орсон үедээ мэдэж, эмнэлэгт ханддаг байна. Хавдрын нас баралтын төвшин өндөр, дэлхийд тэргүүлж байгаа нь үүнтэй холбоотой. Дээр нь улсдаа ганцхан Халдвар судлалын үндэсний төвийн ачаалал, ор хоногийн хүрэлцээний байдлаас болж иргэд хугацаа алдах, эмчилгээгээ оройтуулах тохиолдол ч элбэг. Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, мэс засал хийлгэх заалттай иргэд хамгийн багадаа 14-30 хоног хүлээдэг. Мэс засал хийлгэх гэж хүлээж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн цөөнгүй тохиолдол ч бий.

Хүнд өвчтэй гэдгээ гэнэт мэдсэн иргэд эмнэлэгт хэвтэх гэж хамгийн багадаа хагас сар хүлээнэ гэдэг бол  сэтгэл санааны маш хүнд орчин. Тэд энэ хугацаанд өвчнөө эмчлэх биш, харин сэтгэл гутралаар өнөөх аюулт өвчнөө “тэтгэж” байдаг. Ялангуяа хожуу оношлогдсон иргэдийн хувьд нэг өдрийн өмнө мэс засал хийлгэх шаардлагатай байдаг. Хэрвээ цаг алдвал мэс засал хийлгэх боломжгүй болтлоо хүндэрнэ. Эмнэлэгт хэвтэх дарааллаа хүлээж, хүлээж болохоор нь иртэл “таны өвчин мэс заслын шатнаас давчиж” гэсэн хариу сонсдог нь цөөнгүй болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна.

Гуравхан сая хүн амтай Монгол Улс иргэндээ шаардлагатай эмчилгээ, мэс заслын үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа нь үнэндээ монгол төрийн эмгэнэл. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын чадвараас бус, Монголын төрийн зөв, оновчтой бодлогогүйгээс болж өвчин нь хүндрэх, амь насаа алдах тохиолдол байна гэхэд буруудахгүй. Манай улстөрчид, төрийнхөн 1982 онд ашиглалтад орсон улсдаа ганцхан байгаа Хавдрын эмнэлгийг хоёр болгож чадсангүй, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарсангүй, өргөтгөхэд ч сэтгэл зүтгэл гаргасангүй 37 жил болжээ. Энэ хугацаанд улстөрчид хавдраар нас барсан иргэдээ тоолж, хатуухан хэлэхэд худлаа матрын нулимс унагаж байснаас биш, Хавдрын эмнэлгийг өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэхэд манлайлж явсангүй.

Харин Хавдар судлалын  үндэсний төвийн хашаанд хувийн хэвшлийн хөрөнгөөр дэлхийн стандартад нийцсэн 12 давхар эмнэлгийг бариад байгаа билээ. Эмнэлгийн сурвалжлагыг ЭНД дарж уншина уу. Хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжтэй, бүрэн автомажсан эмнэлэг гэдгээрээ давуу талтай. Эрүүл мэндийн яам болон Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд мэс заслын тасгийг өргөтгөх, иргэдэд эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс энэхүү эмнэлгийг төр худалдан авч, хавдрын эмнэлэгтэй нэгтгэх саналыг удаа дараа гаргасаар байгаа ч Засгийн газар нааштай шийдвэр гаргаж чадахгүй жил гацав. Хамгийн гол нь улсын төсвөөс их хэмжээний мөнгө улстөрчдийн өөрийнх нь карьер пиарт ашиггүй зүйлд зарцуулагдах гээд байгаад тэд гар татав. Бас төрийн мөнгөөр хувийн хэвшлийн барьсан эмнэлэг худалдаж авлаа гэдэг сошиал хэл ам, шүүмжлэлээс айв. Шүүмжлэлээс нь ч юу байх вэ, уг хэл ам нь явсаар улстөрийн сонгуульд нь нөлөөлчих вий гэснээс л болгоомсжлоод байх шиг байна.

Гэтэл тэд, Монголын төр “Эрдэнэт”-ийг барьцаалсан авлигачдын өрийг 40 сая ам.доллар буюу 106 тэрбум төгрөгөөр барагдуулав. Дундын зуучлагчаа оруулаад тооцвол татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдийг “Эрдэнэт”-ийн өрөнд өгснийг мэдэхгүй. Тэгсэн хэрнээ энэ 40 сая доллараас бараг 2 дахин бага мөнгө болох 23 сая долараар бэлэн хувийн эмнэлэг худалдаж авахаас татгалзаж байна. Хавдрын энэхүү шинэ эмнэлгийн өртгөөс гурав дахин их буюу эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөг сая Капитал банктай дампуурав.

Монголын улстөрчид авлигачдынхаа өрийг бол татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулах эр зоригтой. Бас иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын 135 тэрбум төгрөгийг банктай хамт дампууруулах эр зоригтой. Харин үүнээс гурав дахин бага мөнгөөр иргэддээ эмнэлэг худалдаж аваад өгөх зүрх сэтгэлгүй л байна. Иргэдийнхээ татвараар авлигачдын өрийг төлөхөд гар сунгадаг, иргэддээ эмнэлэг худалдаж авахад иргэдийнхээ татварт гар татдаг улстөрчид Монголд л байна л, энэ УИХ-д л байна. Монголын төр авлигачдын өрийг дарах болохоор мөнгөтэй, бас Эрсдэлийн сантай. Харин эмнэлэг барих юмуу худалдаж авах болохоор төр мөнгөгүй, Эрүүл мэндийн даатгалын сан нь хөрөнгийн дутагдалтай. Энэ цаг хэзээ дуусах вэ?

Өдөр бүр хавдраар 12 хүн нас бараад байхад юу ч болоогүй юм шиг байгаад байхыг ер ойлгохгүй байна. Энэ бол үндэстний аюул.

Л.Баярсайхан эмч

Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Л.Баярсайханаас эмнэлгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

-Хавдар судлалын үндэсний төвд өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ, эмнэлэг болон эмч ажилчид ачааллаа дийлж байгаа юу?

-Өнгөрсөн онд амбулаториор 93040 үзлэг хийгдсэн, дээр нь эхо 34190, дуран 7257, лабораториор 160453 үйлчлүүлсэн гээд тооцвол нийт 294940 хүн үйлчлүүлсэн байна. Ажлын нэг өдөрт дунджаар 1134 хүн үйлчлүүлсэн. Энд хэвтэн эмчлүүлж байгаа тоог оруулсангүй. Үнэндээ энэнээс олон хүнд үйлчлэх бодит боломж байхгүй. Эмч ажилчид бол ажлын цагтаа хуваарийн дагуу үзлэг, шинжилгээ хийж өндөр ачаалалтай ажилласаар байна. Дараалал их байна гээд ажлын бус цагаар ажиллаад байх боломжгүй. Хүн битгий хэл техник хэрэгсэл, байр сав ч гэсэн өөрийн хэмжээ хязгаартай байдаг. Гол асуудал бол ингэж үзүүлэх, шинжлүүлэх гэж иргэд үйлчлүүлэгчид олон өдрийн дараалалд орж, хүлээж, дахин ирэх зэргээр их цаг хугацаа алддаг нь зарим талаар эмчилгээний тавиланд тааламжгүй нөлөөлдөгт байгаа юм.      

-Хавдрын эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орсноор ачаалал харьцангуй буурсан гэж байсан. Яг хэдэн хувиар буурсан бэ, цаашдаа эмнэлгийг дахин өргөтгөх шаардлагатай юу?

-5000 м2 талбай бүхий өргөтгөлийн ажил 2011 онд эхлээд сунжирсаар байгаад долоон жилийн дараа 2018 онд ашиглалтад өгсөн. Анхны гүйцэтгэгч компани хийгээгүй ажлынхаа төлөө хийсэн болгоод 400 сая төгрөг аваад явсан гэдэг. Нийт төсөв 5.4 тэрбум төгрөгөөр боссон. Эмнэлгийн шаардлага хангахгүй, агааржуулалт дутуу, хоёр лифтгүй хоосон хонгил, сантехник доголдолтой, одоо ч суурин давхрын сантехник асуудалтай, ус бороо зайлуулалтыг шийдээгүй барилга хүлээлгэсэн. Энд шинээр хоёр мэс заслын блок байгуулаад мэс засал хийгээд эхэлсэн. Өмнө нь 4 мэс заслын блоктой байсан бол 6 болсон гэсэн үг. Гэхдээ өмнөх шигээ иргэд мэс засалд орох гэж 14-30 хоног хүлээдэг дараалал хэвээрээ байна. Дахиад мэс заслын блок, байр сав, орны асуудал зайлшгүй гарч байна.

-Танай эмнэлгийн хашаанд баригдаад дуусч байгаа 12 давхар эмнэлгийн барилгыг Хавдар судлалын төвд авах шаардлагатай байгааг салбарын яам болон эмнэлгийн удирдлагууд сануулж байгаа. Гэхдээ зайлшгүй авах бодит шаардлагыг дахин тайлбарлаж өгнө үү?

-Дээр хэлсэнчлэн нэг талаас бид яах вэ завгүй, ачаалалтай ажилласаар байна. Өөр байр нэмэгдлээ гээд бидний ажил багасахгүй, нэмэгдэхгүй ачаалалтай хэвэндээ ажиллана. Хамгийн гол нь өөр байр, мэс заслын блок байвал амь насаа авруулах гэж байгаа иргэд 14-30 хоног хүлээдэг явдал багасах юм. Энэнээс өөр бодит шаардлага гэж юу байх вэ. Хорт хавдар гэж оношлогдоод мэс засал хийх заалттай байхад 30 хоног хүлээгээд орно гэдэг бол байж болохгүй асуудал. Тэр үед хавдар бүр хүндэрчихсэн байж болно, эсвэл бүр мэс засал хийх боломжгүй ч болсон байж болох юм. Гол зорилго бол иргэдийнхээ амь насыг аврах гээд байгаа биз дээ. Гэтэл ийм байж болох уу. Ойр дотнын хүмүүс нь манайхаар үйлчлүүлсэн иргэд маань энийг сайн ойлгодог. 

-Хэрвээ 12 давхар эмнэлгийн барилгыг ХСҮТ-д нэгтгэвэл үйл ажиллагаа, үзлэг оношилгоо талаас ямар эерэг өөрчлөлт гарах вэ?

-Мэдээж мэс заслын хүлээгдэл тодорхой хэмжээнд буурна гэж итгэж байна. Хүний амь нас аврагдана. Ийм шинэ, орчин үеийн байр, мэс заслын блоктой болбол хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шинэ үе шатанд гарч хөгжихөд нөлөөлнө. Манай дээр гадаадын эмч нар туршлага судлах, суралцах гэж ирдэг. Мөн гаднынхан хамтарч мэс засал хийдэг. Тэдэнтэй илүү хамтарч ажиллах нөхцөл боломж бүрдэнэ. Мөн тодорхой хавдрын чиглэлээр урд өмнө байгаагүй шинэ тасаг, алба нээж хөгжүүлэх нөхцөл боломж бүрдэнэ. Ийм хэд хэдэн төлөвлөгөө бидэнд байна. Өнөөдрийн хорт хавдар өвчний зонхилох дүр зураг 20-30 жилийн дараа өөрчлөгдсөн байх тул бид тухайн чиглэлээр үндэсний мэргэжлийн чадавхаа бэлтгэсэн бэлэн байх ёстой.

-Нөгөө төлд эмнэлгийг шинээр баригдаж буй эмнэлэгтэй нэгтгэснээр хавдрын эмнэлгийн үйл ажиллагаа өргөжнө. Харин тэнд ажиллах боловсон хүчин хангалттай хэмжээнд байгаа юу?

-Эмчийн тоо хангалттай гэж үзэж байна. Харин сувилагчийн тоо одоо ч хангалтгүй байна. Гол нь орон тооны асуудал. Төсөв орон тоо нэмэгдэхэд боловсон хүчнээ бэлдэх бол байгууллагын асуудал болж хувирна. Гэхдээ эмнэлэг гэдэг зөвхөн байр сав, хана шал биш. Тэнд эмнэлгийн үйлчилгээ явуулах шаардлагатай бүх тоног төхөөрөмж, хэрэгсэл хангагдсан байх нь чухал. Энэ бол бас өөр асуудал.

-Монгол Улс элэг, ходоодны хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, үйлчилгээг хэрхэн  сайжруулах шаардлагатай байна вэ?

-ХСҮТ-ийн үндсэн үүрэг бол хорт хавдар оношлогдсон иргэддээ нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх явдал болно. Мэдээж хавдрын үндсэн мэргэжлийн байгууллагын хувьд хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зэрэг асуудал дээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт, удирдлага зэрэг явуулна. Гэхдээ яг олон нийтэд чиглэсэн мэдээ мэдээлэл, эрт илрүүлэх ажлыг ийм нарийн мэргэжлийн төвшний эмч мэргэжилтнүүд аймаг, орон нутгаар хэсээд хийгээд яваад байх бол зохимжгүй. Бид бол үндсэн хорт хавдартай өвчтөнүүддээ чанартай эмчлэх, эдгэрүүлэх асуудалдаа гол анхаарлаа хандуулах ёстой юм. Тийм болохоор хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, үйлчилгээг сайжруулахын тулд бусад нийгмийн эрүүл мэндийн, олон нийтийн, улс төрийн, хэвлэл мэдээллийн гэхчлэн байгууллагууд идэвхтэй оролцож нийгмээрээ, нийтээрээ энэ асуудалд анхаарлаа хандуулж нөөц боломжоо дайчлах шаардлагатай. Наад зах нь улс үндэстэнд учирсан хамгийн аюулт өвчин гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Өдөр болгон 16 хүн өвдөж, 12 хүн нас бараад байхад юу ч болоогүй юм шиг байгаад байхыг ер ойлгодоггүй юм. Энэ бол үндэстний аюул. Өөр асуудалтай битгий хольж хутгаж, тойруулж, нийгмийн анхаарлыг холдуулаад бай гэж зарим улстөрчид, бодлого боловсруулагчдад хэлмээр байна.   

-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
Close