Онцлох

Энэ сонгууль их аваргуудынх


Хүмүүний итгэл алдарна гэдэг ямар хэцүү зүйл байдаг юм бэ. Итгүүлэх гэж байдгаараа хичээгээд ч оюун санааны сүүдэрт нь ямар нэгэн хар толбо үлдчихээд арилахгүй бололтой юм. :Сонгуулийн хууль дүрэм яриад ч нэмэр алга. Саналын хуудас залгих орчин үеийн дэвшилтэт технологи харуулаад ч дэвшил алга. Адаглаад л өнөөгийн УИХ-ын 76 эрхэмд хэдэн хувь нь итгэж байна вэ? гэсэн арга ядсан үзүүлэлтээр шүүвэл гомдмоор тоо гарах нь ойлгомжтой. Маш товчхондоо өнөөгийн улс төрд суудалтай нөхдөөс ард түмэн залхсан гэсэн үг л дээ. Тэгэхээр ирэх сонгууль их аваргуудынх ч болж мэдэх л юм.
Тэднийг мэдээж дархан аварга Б.Бат-Эрдэнэ газарчилж, сүмоч Д.Батбаяр санал хэрхэн авах тухай өнгөрсөн удаагийн туршлагаасаа хуваалцах нь бол гарцаагүй.
За тэгээд Сонгинохайрхан дүүргийн сайчуудыг шагнаж ч нэг үзээд, согтоож ч бас ханасан арга барилаараа Д.Сумъяабазар болоод түүний үе тэнгийн аварга, гарьдуудад төрийн ордоны ширээ дэрлэж унтах хүсэл бий л дээ. Тэгээд ч бөхчүүд гэдэг утгаараа бусдаас их иддэг боловч улс төрчдөөс ямартай ч бага шуналтай байж таараа.
Одоо манай оронд сайн улс төрч гэж бараг үгүйтэй адил юм чинь сайхан эрчүүд, сайн бөхчүүдийг сонгоход лав буруудахгүй.
Дээрээс нь өнөө цагийн “хүчит харууд”-аас Б.Гантогтох энэ тэр гээд олон нөхөр одоогийн УИХ-ын гишүүдийг болдогсон бол алсын сүвээний барьцнаас атган бүгдийг нь авч шидээд ордонд суух хүсэлтэй байгаа нь харваас илт. А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр лав татгалзахгүй. Хэрэв тэд ирэх сонгуульд нэрээ хавчуулчихаад том дээл, улаан залаат малгайнаасаа салахгүй байвал ялалт байгуулах өндөр магадлалтай. Ядахад л төв цэнгэлдэхэд хэдэнтээ үзэгдэж, телевиз радиогоор багагүй дуудуулсан учраас нүүрний буян гээч нэг юм байна даа.
Хэрэв УИХ-д суудал аваад гараад ирвэл А.Сүхбат аваргаар Байгаль орчны яам толгойлуулах нь зөв. Учир нь Бугын сангийн аж ахуйд үржүүлэг хийхийн зэрэгцээ Булган аймгийн Бүрэгхангай суманд худаг өмчилчихөөд ойр хавийн малчдад ус хуваарилж суугаа шүү дээ цаадах чинь. Сураг дуулах нь ээ, уурыг нь хүргэвэл усгүй хонох дээрээ тулдаг юм уу даа янз нь. Аргагүй л уран барилддаг байсан хүн шиг уран сэтгэж, цэвэр усны нөөцөө барж буйгаа итгэл алдсан “76”-аас түрүүлж анзаарч.
Харин өндөр аварга Г.Өсөхбаярыг ямархан хор шартай эр болохыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Яагаав А.Сүхбатыг тээр жил аарцаг дүүрээ рүү нь тийрээд алчих шахаагүй юу. Тэгэхээр энэ удаад чанартай барилга барьж сурах гээд Барилга хот байгуулалтын яам толгойлж мэдэх юм. Ядахад Урт цагааны орчимд барьсан барилга нь хэмхэрч, нурж фактлаад байгааг хэлэх үү. Тэгээд ч байшин барих А.Сүхбаттай барилдах хоёр асар өөр зүйл байна гэдгийг одоо нэг юм ойлгосон байлгүй дээ. Тиймээс дараагийн удаа дахиж гэнэдэхгүй байх гэж найдаад хүссэн суудалд нь суулгахад ч буруу нь юу байхав. Дэлхийн аварга Х.Баттулга ч гэсэн өөрөө бөх хүн учраас найр тавиад Ерөнхий сайдын суудал руу зүтгэх байх.
Д.Сумъяабазар аваргыг болохоор БСШУ-ны сайдаар томилоход гэмгүй юм биш үү гэсэн бодол мөхөс надад төрөх юм. Эхнэр нь мисс, дүү нь циркийн эзэн, өөрөө банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа гээд бусдыгаа бодвол арай илүү урлаг соёлын мэдрэмжтэй.
Тэгэхээр хүссэн хүсээгүй сүмо бөхийн дэлхийн аварга Б.Гантогтохыг Батлан хамгаалахын яам руу томилохоос өөр гарцаагүй. Түүнтэй адил сумын заануудаар сургуулиа дүүргэсэн нөхөр байхгүй учраас харуул хамгаалалтыг ч гаргаахгүй л дээ. Б.Бат-Эрдэнэ аварга бол яах вэ, Байнгын хороо, Хэрлэн голыг хамгаалах хөдөлгөөн, Сангийн болоод хууль зүйн яам алинд нь ч очсон гэмгүй царайлаад суугаад байж дөнгөнө.
Явж явж харин хэнд ч хэрэггүй амьтан болохоороо дуудуулж, хэлгүй дүлий царайлж яваагаар нь хөөрхий “муу” сүмоч Д.Батбаярыг Хөдөө аж ахуйн яам руу ямар нэгэн салбарын даргаар томилсон нь дээр зөв байх аа даа.
Тэгээд ч өөрөө Ховд нутгийн хүү, морь маланд бол нугасгүй юм биз дээ. Үүнээс гадна японд яаж сүмогийн бөхчүүдийг таргалуулдаг учрыг мэдэх цорын ганц хүн тул тэр жороороо таван хошуу малаа тэжээгээд өвлийг өнтэй давах байлгүй. Харин их аварга Д.Дагвадорж энэ жилдээ баяр наадмын хурдан морины комиссын даргаар ажиллаад, отгон аварга С.Мөнхбат ойрын хэдэн жилдээ нам сонгох уу, бие даах уу гэдгээ нэг мөсөн шийдчихэд гэмгүй дээ.
Бидний итгэлийг алдаж, амаар минь шороо үмхүүлэх нь холгүй сэнхэрүүлж байж гарч ирсэн “76”-г дахин сонгож баларч байхаар сайн бөхчүүдээр УИХ-ыг том модон сандалыг дүүргэвэл яасан юм бэ.

Д.БУЛГАН

Show More

Related Articles

Close