Соёл урлаг

Э.Тэмүгэ: Үүр цайх, нар мандах хоёрын завсархи үед би их дуртай

        

Б.БАЯРМАА

                         -Бүтээлүүд минь миний дотоод ертөнцийн аялгууг илэрхийлсэн юм-

Blue moon галерейн захирал , зураач Э.Тэмүгэ “Аялгуу” уран бүтэээлийн бие даасан  үзэсгэлэнгээ гаргасан билээ.

Тэрээр үзэсгэлэнгийнхээ уран бүтээлийг илэрхийлж “Миний аялгуу маргаашийг өчигдөртэй нь огтлолцуулж

Миний аялгуу сэтгэл татмаар эгшиглэж эхлэхэд өөрийн эрхгүй тайвширан бүүвэйлэгддэг

Миний аялгуу нотоор эгшиглэгдэггүй

Миний аялгуу тэнгэрт татсан солонго шиг өнгө өнгөөр сүлэлдэн уянгалдаг

Бийрний минь үзүүрт бүжих будгууд

Би,бидний сэтгэлийн учиганд хүрч хөг нэмэн сонсдох аж

Булчин хэрэггүй миний аялгуунд хайр, аз жаргалын эгшиг холилдон урсах мэт… хэмээн шүлэглэжээ. Зураач Э.Тэмүгэ нь 2013 онд СУИС-ийн ДУС-ийн Б.Төмөрбаатар багштай Монументаль уран зургийн урланг төгссөн залуухан уран бүтээлч бүсгүй юм. Түүний уран бүтээлийн гараа оюутны ширээний араас эхлэхдээ Монголын урчуудын эвлэлийн шангалт, ээж З.Уянгатай хамтран “Хавар” үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэрээр энэ удаад өөрийн бие даасан үзэсгэлэнгээ “Аялгуу” хэмээн нэрлэн үзэгчдийн хүртээл болголоо. Гэхдээ залуу зураач бүтээлдээ байгаль хүмүүсийн хоорондын харилцааны дүр дүрслэл, өнгө, утга санааг өөрийн өвөрмөц сэтгэлгээгээ онцгой гойд харуулж чаджээ. Blue moon галерейн захирал , зураач Э.Тэмүгэтэй уран бүтээл болон дотоод сэтгэл, ертөнцийн талаар ярилцсан юм.

-Зураач Тэмүгэдээ “Аялгуу” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ  сонирхуулсанд баяр хүргэе. Хоёулаа яриагаа “Аялгуу” нэрийг үзэсгэлэндээ ямар учир зорилготой өгсөн бэ гэсэн асуултаар эхлэе?

-Баярлалаа. Энэ үзэсгэлэнгийн бүтээлүүдээ “Аялгуу” гэж нэрлэсэн. Зохиолч хүн бүтээлээ үгээр, хөгжмийн зохиолч нотоор, зураач хүн бийр будаг, өнгө зохиомжоор аялгуугаа илэрхийлдэг. Энэ утгаар бүтээлүүд минь миний дотоод ертөнцийн аялгууг илэрхийлсэн юм.

-Хэчнээн бүтээл тавигдсан бэ. Үзэсгэлэнгийн гол санаа юу байв?

-Үзэсгэлэндээ нийтдээ 30 бүтээл тавьсан. Ерөөсөө л миний ертөнцийг, амьдралыг үзэх үзэл эдгээр бүтээлүүдээс харагдаж, мэдрэгдэж байгаа. Би өөдрөг үзэлтэй хүн. Юмыг гоё талаас нь харах дуртай. Хүн болгон, бүх юм сайн муу талтай байдаг. Тиймээс заавал муу талыг нь хараад тоочоод байхыг хүсдэггүй. Тэгэхээр би зурагуудаа байгалийн гоо сайхныг хүний дотоод сэтгэл, хүн болгоны дотор байдаг тэмүүлэл, гоо сайхантай хослуулж эрвээхэйгээр илэрхийлж зурсан.Тодруулж хэлбэл, байгалиас мэдэрсэн мэдрэмжээ төсөөлөлтэйгээ хольж зурсан. Бодит байгалийг шууд харж зурах биш төсөөллөөр дүрсэлсэн зургууд үзэсгэлэнд тавигдсан.

             Эрвээхэйнүүд дээшээ нисч байгаа нь эрх чөлөөтэй, гоёмсог байдлыг харуулдаг

-Зургуудын өнгө их зөөлхөн, гоё харагдаж байсан. Өнгө бас чухал илэрхийлэл болдог уу?

-Зургууд маань голдуу завсарын өнгө давамгайлсан. Нэг зурганд олон өнгө хэрэглэдэггүй. Хоёроос гурван өнгийн тоглолт байдаг. Нэг өнгө дотроо өөр өөр тоонотой зурдаг.

Тухайлбал нэг зургаа тайлбарлаж өгөөч. Миний ажигласнаар далайн усан дээгүүр эрвээхэй аажмаар нисч байгаа зураг их сайхан, онцгой мэдрэмж, сэтгэгдлийг төрүүлсэн. Эрвээхэйгээр гол нь хүний амьдралын юуг дүрслэсэн юм бэ?

-Тэр бол “Үүрийн эгшиг” бүтээл байгаа юм. Би энэ үзэсгэлэнгээ юу бодож, юу хүсч хийсэн юм бэ гэвэл миний бүтээлээс хүмүүс гоо сайхан, таашаал, тайвширлыг мэдрээсэй гэж хүсч ийм зохиомжоор бүтээсэн. Ер нь хүн байгалиас маш их таашаал, гоо сайхан, тайвширлыг мэдэрдэг. Байгалийн тэр үүр цайх, нар мандах хоёрын завсархи нэг их гоё үед би их дуртай. Тэр үе бол зөөлөн, сэнгэнэсэн, хүйтэвтэр, чийглэг, манантай юм шиг уур амьсгал юм. Тэр үеийг энэ зургандаа өөрийн төсөөллөөр тусгасан. Бас нар жаргаж байх үе, сартай үдэш, өвлийн цасархаг үе, голын хөвөө, нуур урсч байгаа зэрэг агшнуудад би дуртай учраас уран бүтээлдээ илэрхийлж зурдаг. Харин “Үүрийн эгшиг” бүтээлээр ерөнхийдөө тайван, зөөлөн, сэнгэнэсэн, хүйтэн, чийглэг агаар зэрэг уур амьсгалыг хүмүүст мэдрүүлэх гэж зурсан. Энэ зурганд дүрслэгдсэн хэлхээ холбоотой эрвээхэйнүүд дээшээ нисч байгаа нь эрх чөлөөтэй, гоёмсог байдлыг харуулдаг. Энэ нь хүн өөрийн эрхгүй тэмүүлэлтэй, эрх чөлөөтэй байдаг гэсэн утгатай юм.

-Эрвээхэй бол гоё сайхан үнэртэй, өнгөтэй ургамал, цэцэг, далай, нуурын усан дээгүүр нисэн очиж үнэрлэж, таашаал, мэдрэмж авч нисч явдаг өвөрмөц амьтан. Тэмүгэ ! Тэгэхээр өөрөө эрвээхэй шигээ уран бүтээлийнхээ төлөө эрх чөлөөтэй тэмүүлж бүтээдэг зураач юм  байна. Эрвээхэйгээр илэрхийлнэ гэдэг гайхалтай сайхан санагдах юм?

-Уран бүтээлч хүн юу мэдэрч, хүсч байна тэрийгээ л хийдэг шүү дээ. Би ямар нэгэн зүйлд баригдах дургүй. Мөн хэн нэгний хийсэн бүтээлийг дагаж дуурайх дургүй. Би тухайн агшинд, тэрхэн үед юу мэдэрч байна вэ, юу хиймээр байгаа, хүмүүст юуг мэдрүүлэхийг хүсч байна түүнийгээ л бүтээдэг. Уран бүтээлч хүний зорилго бол юу мэдэрсэн түүнийгээ бусадтай хуваалцах ёстой. Тэгэхээр миний нэг хэсэг бүтээлийн дүрслэл эрвээхэй.

-Тэгвэл бүх бүтээлээс тань хүмүүс юуг мэдрээсэй гэж хүсдэг вэ?

-Хүмүүс миний бүтээлээс эрх чөлөөтэй, тайван байдлыг мэдрээсэй гэж их хүсдэг.             

           Надад урлагийн ертөнцөд байхгүй байх, сонирхохгүй байх боломж байхгүй

-Ямар сэдвээр голлож зурах сонирхолтой вэ?

-Яг гол баримтладаг сэдэв надад байхгүй. Жишээлбэл, миний “Аялгуу” үзэсгэлэнгийн бүтээлүүдэд сүүлийн хоёр гаруй жилийн турш амьдрал, ахуй орчин тойрон, байгалиас авсан мэдрэмж, амьдралыг харах өнцөг, үзэл бодол тэр болгон шингэсэн. Дараагийн хоёр, гурван жилд надаас юу гарахыг би мэдэхгүй. Ямар нэгэн сэдэвт баригдах сонирхолгүй.

-“Аялгуу” үзэсгэлэндээ онцлосон, хайртай ямар зураг байдаг вэ?

-“Би дурласан”, “Үүрийн эгшиг” бүтээлдээ би их хайртай. Мөн “Аялгуу”,“Өчигдөр, өнөөдөр, маргааш” гэсэн нэртэй зураг маш их утга агуулгатай бүтээл болсон.

-“Би дурласан” бүтээлдээ юуг харуулахыг зорив?

– Энэ зургийг маань зарим хүмүүс сонирхоод намайг дурлачихаад зурсан юм байна гэж ойлгодог байж магадгүй. Тэгвэл үгүй юм. Харин би зурж байгаа зургандаа л дурласан байсан учир тэр сэтгэлээ илэрхийлж “Би дурласан” гэж нэрлэсэн юм.

-Залуу уран бүтээлчийн хувьд дурлалын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Дурлал гэдэг заавал эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хооронд явагдах ёстой харилцаа биш шүү дээ. Уран бүтээлч хүний хувьд өдөр бүр шинэ юманд дурладаг. Уран бүтээлдээ дурлаж хийдэг дурлал нөгөө дурлалаас өөр.

-Ингэхэд өөрөө яагаад зураач болохыг хүссэн юм бэ. Ер нь дүрслэх урлагийг сонирхох зөн мэдрэмж хэзээнээс бүрдсэн байсан бэ. Аав ээж хоёр тань зураач. Эмээ нь балетчин. Тэдний нөлөө байсан уу?

-Хүний хүмүүжил юугаар ч сольшгүй байдаг. Бага насандаа мэдэрсэн зүйл хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Надад урлагийн ертөнцөд байхгүй байх, сонирхохгүй байх боломж байхгүй. Эхийнхээ хэвлийд байсан цагаас эхлэн урлагаар амьсгалж өссөн. Ээж, аав маань зураач, өвөө театрын зураач, эмээ бүжигчин.Миний хувьд хийж байгаа зүйлдээ дурладаг учраас зураг зурахгүй байж чадахгүй. Зураг бол амьдралын минь утга учир болж, гол байр суурийг эзэлдэг юм.

        Зурж  байхдаа зургандаа дурлаж, үнэн сэтгэлээсээ хийхэд их гоё мэдрэмж төрдөг

-Анх ямар зураг зурж байсан бэ?

-Дүрслэх урлагийн сургуульд орж Төмөраатар багшийн шавь болж, их зүйл сурсандаа баярлаж явдаг. Гэхдээ анхны зураг гэхээсээ илүү би урлаг төдийгүй дүрслэх урлагт хайртай болж өссөн. Намайг урлагт дурлуулсан хүн миний багш юм. Хайрлах, дурлах хоёр ялгаатай. Дүрслэх урлагийн сургуульд сурч байхдаа зурж байгаа зургандаа хайртай болсон. Зургандаа хайртай байсан бол дурласан. Энэ бол том ололт гэж би боддог. Зурж  байхдаа зургандаа дурлаж, үнэн сэтгэлээсээ хийхэд их гоё мэдрэмж төрдөг. Ээжтэйгээ анх “Хавар” үзэсгэлэн гаргахдаа анхны зургуудаа хүмүүст сонирхуулсан минь ихийг бүтээх тэмүүллийг бий болгосон.

-Танай ээж Уянга Монголын мастер зураач. Анх ээжтэйгээ үзэсгэлэн гаргахдаа юуны тухай зураг зурж байсан бэ?

-Анх ээжтэйгээ “Хавар” нэртэй үзэсгэлэнгээ 2013 онд гурван сард гаргасан. Ээж гэхээс илүү Монголын мастер зураачтай үзэсгэлэнд оролцож байсан минь нэр төр, хүндэтгэлтэй үйл явдал болж байсан. Тэр үзэсгэлэнгийн зураг бүгд цэцэг байсан л даа. Хавар болж байсан болохоор охид бүсгүйчүүдийг цэцгээр илэрхийлсэн 30 гаран бүтээл тавигдаж байлаа.

-Тэмүгэ, зураач хүмүүс их олон төрлийн зүйл сонирхогч, мэдрэгч байдаг. Бясалгал, шашин шүтлэгийн талаарх таны бодол?

-Хүмүүс шашин шүтэх, бясалгал хийхийг би үгүйсгэдэггүй. Гэхдээ миний хувьд хөх тэнгэр, аав ээж, өвөө эмээ, өвгөд дээдсээ л шүтэж явдаг даа. Зураач хүн уран бүтээлээ хийж байхдаа сэтгэж, эргэцүүлж бүтээдэг. Тэр бол нэг ёсондоо бясалгал юм.

-Ямар хөгжим сонсох дуртай вэ?

-Сонгодог, жааз хөгжим сонсдог. Мөн балет, дуурь үздэг.

-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Хоол хийж, гэрт ирсэн зочин, найз нөхдөө дайлах дуртай. Зав боломжоороо хумсаа засч, янзалдаг. Бизнесийн болон урлагийн, уран зохиолын ном уншдаг.

         Хүн хүнийг хэн ч байсан хүндэтгэж явах ёстой. Хүндэтгэл байж л хайр оршдог

– Ямар хоббитой вэ?

-Зургийн каталог,открыт цуглуудаг. Зураг авдаг. Найз нөхөд болон хүмүүсийн гараар бичиж өгсөн мэндчилгээг хадгалдаг гэх мэт хоббитой.

-Ёс зүйн ямар зарчим баримтладаг вэ?

-Хайр гэхээс илүү хүмүүсийн харилцааны дээд хэлбэр бол хүндэтгэл байдаг. Тиймээс би ямар ч хүнийг хүндэтгэж харьцдаг. Ер нь хүн хүнийг хэн ч байсан хүндэтгэж явах ёстой. Хүндэтгэл байж л хайр оршдог.

– Гадаад, монголын ямар урсгалын зураачдыг илүү сонирхож, хүндэлдэг вэ?

-Гадаадын импрессионист зураачдын бүтээлийг их хүндэлдэг. Ийм бүтээлд агаарлаг, тухайн үеийн мэдрэмжийг хүчтэй дүрслэн гаргасан байдаг. Миний сонирхож таашаадаг  уран бүтээлч бол Ренуа, Монет, Ван Гог гэх мэт зураачид юм. Тэднийг дуурайдаггүй ч таашаал авдаг. Харин Монголын үе үеийн зураач, уран бүтээлчдийг хүндэлдэг. Өмнөх түүх байхгүй бол бидний бүтээл төрөхгүй шүү дээ. Бид ахмад үеэ хүндэлж, дээдлэснээр дараачийн үеийн бүтээл хүчтэй гардаг.

-Зарим уран бүтээлчид сэдэв, урсгал баримтласан байдаг. Өөрөө чөлөөт сэтгэлгээний уран бүтээлчийн хувьд тийм уран бүтээлчдийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Тэднийг үгүйсгэж болохгүй. Зарим уран бүтээлчид нэг чиг урсгал, манераа баримтлаж, бүр илүү түвшинд хийхийг хүсдэг. Тэдэнд тэр арга барил нь таалагддаг болохоор тэр манераараа хийдэг. Тэгэхдээ уран бүтээлч хүн үе үе шинэчлэл хийж байх хэрэгтэй. Ер нь байнгын эрэл хайгуул хийж ажилладаг хүмүүс. Өөр өөр зүйлийг туршиж үзлээ гээд алдаа болохгүй. Нэг алхам алхаагүй байснаас алхсан нь дээр гэж  би боддог. Уран бүтээлч өөрийн дуртай зүйлээ хийгээд таашаал авдаг хүсэлтэй шүү дээ. Оюун санааны хувьд  эрх чөлөөтэй ертөнцтэй байх ёстой.

-Танай  Blue moon галерей олон сонирхолтой үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулдагыг олон хүмүүс мэддэг болсон.  Үүнээс гадна өөр ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай арт галерей байгуулагдаад гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нэг үеэ бодвол дүрслэх урлаг сонирхдог хүмүүс манай галерейн үйл ажиллагааг мэддэг болсон. Галерейн гол үүрэг хүмүүст, нийгэмд оюуны үйлчилгээ явуулдаг байгууллага.Долоо, арав хоног бүрт тасралтгүй мэргэжлийн уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байна. Бид уран бүтээлчдээ дэмжихээс илүү үзэгчдийг, нийгмийг бэлтгэх зорилготой юм. Уран бүтээлч хүний  олон жилийн турш хуримтлуулсан, цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулж хийсэн бүтээлийг нь хэн ч үзэхгүй бол үр дүн байхгүй. Уран бүтээлчид 7-10 хоног үзэсгэлэн гаргахын тулд нэг хоёр жилээс илүү хугацаагаар сэтгэл, хөдөлмөр, ур чадвараа зориулсан байдаг. Манай галерейд ирж, үзэсгэлэн үзснээр заавал нэг зураг худалдаж авах шаардлага байхгүй. Өдөр болгон өглөөний есөн цагаас оройн есөн цаг хүртэл нээлттэй байдаг. Ирсэн хүмүүс тодорхой хэмжээнд оюун бодолдоо гэгээлэг ч юм уу, нэг  зүйлийг мэдэрч аваасай гэж бид гол зорилгоо болгодог. Уран бүтээл хийнэ гэдэг асар их тэвчээр, золиос шаарддаг. Гэр бүлтэйгээ байх цаг бага, өөр ажил хийх амжихгүй байдаг. Уран бүтээлдээ цаг, сэтгэл гаргаад ажилладаг залуу, ахмад уран бүтээлчдийг бид дэмждэг. Саяхан бид дөрвөн сард оюуны өмчийн тухай сургалтыг уран бүтээлчдэд явуулсан. Намраас эхлээд оюуны өмчийн тухай сургалтыг шат дараалан явуулна. Манай зарим уран бүтээлчид оюуны өмчийн талаар мэдлэг, мэдээлэл багатай байдаг. Түүнчлэн хааяа лекц зохион байгуулдаг. Сая хавар философич н.Молор-Эрдэнэ багшийг урьж, гоо зүй, философийн талаар уран бүтээлчдэд лекц уншуулсан. Цаг үеэ олсон арга хэмжээ зохион байгуулвал их чухал байдаг.

-Гадаад харилцааныхаа талаар сонирхуулна уу?

-Энэ жилээс эхлэн гадаад харилцаа руу анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм. Цаашид Европ, Азийн орнуудын уран бүтээлчтэй харилцаа холбоо тогтооно. Ялангуяа Азийн орон руу харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа. 21 -р зунд Ази руу дүрслэх урлаг хүчтэй хөгжиж байна. Хөрш зэргэлдээ Хятад Улсаас эхлээд цаашдаа бусад орнуудын уран бүтээлчидтэй хамтран ажиллана.

Show More

Related Articles

Leave a Reply

Close