Нийгэм

Ж.Сандагсүрэн: Шүүмжлэлээс айгаад утааны эсрэг алхам хийхгүй, хугацаа алдаж байна

Нийслэлийн  агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Тэр тусмаа СХД-ийн  Толгойт,  Баянхошуу орчим  нэн аюултай  түвшинд байгаа.  Энэ талаар  СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа. 

Агаарын  бохирдол маш их байна.  Сонгинохайрхан дүүргийн хувьд бүр ч их  байгаа. Дүүргийн удирдлагын зүгээс  агаарын  бохирдлын эсрэг ямар арга хэмжээ авч,  ажиллаж байна вэ.  Эсвэл  Засгийн газар,  нийслэлийг  харж байгаа юу? 

-Нийслэлийн  хэмжээнд  агаарын бохирдол ихтэй гурван  цэгийн хоёр  нь  Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Энэ нь Толгойт,  Баянхошуу.  Агаарын  бохирдлын нөхцөл манай дүүрэгт маш хүнд байна. Хамгийн харамсалтай нь  энэ асуудлыг орон нутгийн хэмжээнд шийднэ гэдэг хэцүү.  Утаа үндэсний хэмжээний асуудал болчихоод байна  шүү дээ. Засгийн газар, УИХ-аас  “Агаарын бохирдлын эсрэг яг ийм арга хэмжээ авч ажилла” гэсэн чиглэлийг өгөөгүй. Харин дүүргийн хэмжээнд байгаа бага төсвөөрөө тодорхой ажлуудыг  хийж байгаа. 

-Тухайлбал ямар ажил?  

-Сонгинохайрханд  нэг  бүс гаргаад газын хэрэглээг турших гэж байна. Мөн  утаа шүүх  индукцин төхөөрөмжийг Германаас  авчирж туршъя гэж төлөвлөсөн.  Мөн  зохион бүтээгч Энхтайван гэдэг хүний бүтээсэн гэрийн дулаалга болон халаах төхөөрөмжүүдийг турших гэх мэтээр төлөвлөөд, тодорхой бүсийг сонгосон.  Дүүрэгт төсөв бага. Гэхдээ нийслэлээс,  засгаас  бидэнд утааг бууруулах чиглэл  даалгавар  өгөхгүй байгаа өнөөгийн нөхцөлд ямар нэгэн алхам хийж, шийдэл хайх ёстой.  Тэр  хүрээнд СХД бие дааж дээрх  ажлуудыг хийхээр зэхэж байна.

-Эмнэлэг,  сургуулийн орчинд нөхцөл  хэцүү байна л  даа. 

-СХД ганц л нэгдсэн эмнэлэгтэй.  Би хоёр  жилийн  өмнө ажил авах үед эмнэлэг  ачааллаа даахгүй, хүүхдүүд  шалан дээр  хэвтэн эмчлүүлдэг  нөхцөл  байдал угтсан. Тиймээс  байж болох бүх боломжийг  дайчлаад,  эмнэлгийн коридор,  өрөө, тасалгаа бүрийг  хүүхэд хэвтэн эмчлүүлэх  тасаг  болгосон. Өнөөдөр коридорт  хүүхдүүд хэвтэж байгаа ч, тэнд  тусгай зориулалтын  орыг  нь  тавьж байгаа. Яг одоо бол 150  ортой эмнэлэгт 290  хүртэл  хүүхэд  хүлээн  авч байна. Дүүргийн эмнэлэгт өндөр  хүчин чадалтай агаар шүүгчийг байршуулсан. Тэр бол зөвхөн өрөөний агаар шүүх  биш,  гаднаас  орж ирж буй бүх агаарыг  шүүдэг. 

-Энэ  өвөл агаарын  бохирдлын эсрэг  Засгийн газар  дорвитой ажил  хийсэнгүй. Гэвч саяхан  олон нийтийн сүлжээгээр таныг  “Хүүхдээ дээшээ өргөж яв,  маскаа зүү,  зөв амьсгал. Тэгээд  агаарын  бохирдлын  асуудлаа энгийнээр  шийд”  гэж хэлсэн  гэх  мэдээлэл  яваад  байна.  Та үнэхээр тэгж хэлсэн юм уу? 

-Хоёр  жилийн  өмнө намайг  ажил авах үед өвөл  хаяанд ирсэн байсан. Тиймээс  агаарын  бохирдлын асуудлыг бүрэн  гүйцэт  шийдэж чадахгүй учраас ядаж жирэмсэн  эхчүүд,  өндөр настнууд, нялхас хүүхдүүдээ агаарын  бохирдлоос өөрийгөө хамгаалах энгийн дадлыг  эзэмшүүлэх аяныг хийе  гэсэн юм. Энэ хүрээнд  маск  тараах,  витаминжуулалтад  хамруулах, агаар  шүүгчийг  сургууль эмнэлгийн  орчинд байршуулах, өрхийн  эмнэлгээр дамжуулан хүчил төрөгчийн  коктейлээр хангая  гэх  мэт  олон ажлыг  хийсэн.  Тухайн  үед  “Утааны эсрэг  ээж аавууд” гэх мэт  ТББ-уудтай хэлэлцүүлэгт ороод,  энэ  асуудлаас болж маргалдаж байлаа. Намайг  иргэддээ дээрх  дадлуудыг  эзэмшүүлэх  ажлыг  хийж байна гэж  ярихад “Энэ  бол  бүтэхгүй,  бүгдийг  нь нүүлгэн  шилжүүлэх ёстой” гэх мэт ярьж байсан. Гэтэл хоёр  жилийн дараа бүх хүн маскийг  яаж хэрэглээнд  өргөн  нэвтрүүлэх, гэр  орноо хэрхэн дулаалах талаар  яриад,  сургалт  хийгээд  явцгааж байна. Би  таны асуусан шиг  зүйлийг  огт  хэлээгүй. Тухайн үед  ямар нэгэн  зорилгоор мушгиад,  зураг нэрийг  маань  тавиад  явчихсан.

Ер нь агаарын  бохирдлоос хамгаалах  мэргэжлийн  байгууллагын  зөвлөгөөнд  нам дор  газар  хүнд,  хортой  элементүүд илүү их байдаг нь  батлагдсан.  Гэхдээ хүүхдээ өндөрт  өргөж явах  нь үр дүнтэй арга биш л дээ.  Одоогийн  нөхцөлд хамгийн үр дүнтэй арга нь  хүн бүр,  хүүхэд  хөгшидгүй шүүлтүүртэй маск  зүүх хэрэгтэй байна. Бид  өөрсдөө иргэдтэйгээ цуг утааны голомтод  ажиллаж,  амьдарч байгаа учраас агаарын  бохирдлын  эсрэг байж болох бүх  арга хэмжээг  дүүргийнхээ түвшинд  хэрэгжүүлж байна.  Сая Н.Цэрэнбат сайд  бүрэн  шаталтыг  дэмждэг индукцин төхөөрөмж суурилуулъя гэж яриад,  олон нийтийн  шүүмжлэлээс  болиод  зогсоосон.  Уг нь ингэж цаг хугацаа алдмааргүй байгаа юм. Байгаа бол тэр төхөөрөмжөө бидэнд өгчих гэж хэлмээр байна.  Бид  нэг гудамжны  өрхүүд  дээр туршъя, хэрэгжүүлье. 20-30 хувийн нэмэлт зардал, цахилгааны илүү төлбөртэй гэж шүүмжлээд байх  юм.  Хүний амь,  эрүүл мэндээс үнэтэй  зүйл  гэж байхгүй шүү дээ.  Стандартын  шаардлага хангасан,  агаарын  бохирдлыг  бууруулж чадаж л  байвал тэр  илүү  зардлыг  нь төр  аль нэг түвшиндээ шийдэх л  ёстой.  Ямар  ч зардалгүй шийдэл,  эсвэл одоо  байгаа зардалтай тэнцүү байдлаар  утааг  бууруулж чадахгүй нь тодорхой болсон.  Тиймээс зардал гаргаад, утаа бууруулах  ажил хийх л  ёстой. 

Show More

Related Articles

Leave a Reply

Close