Нийгэм

Монгол Улсын хоёр сая дахь иргэн Л.Хосбаяр: Би нэрэндээ хайртай

Монгол Улсын хоёр сая дахь иргэн Л.Хосбаяр: Би нэрэндээ хайртай

Монгол Улс 1988 оны долдугаар дугаар сарын 10-нд хоёр сая дахь иргэнээ өлгийдөн авч байсан бол гурван сая дахь иргэнээ 2015 оны нэгдүгээр сарын 24-нд өлгийдөн авсан билээ. 1988 онд аймаг, дүүрэг бүр хоёр сая дахь иргэнээ тодруулж байжээ. iToim агентлаг Булган аймгаас төрсөн хоёр сая дахь иргэн Л.Хосбаяр, түүний ээж Ж.Дэнсмаа нартай ярилцлаа. Хоёр сая дахь иргэн болон мэндэлсэн хувь зохиол түүний нэрийг хүртэл хайрласан сонирхолтой түүхтэй юм билээ.

Монгол Улсын хоёр сая дахь иргэн Л.Хосбаяр: Би нэрэндээ хайртай

Л.Хосбаяр

-Ямар сургууль төгссөн бэ, одоо хаана, ямар ажил хийж байгаа вэ?

-Би Булган аймгийн Булган суманд төрж өсч, 10 жилийн нэгдүгээр сургуулийг төгссөн. Хүүхэд нас минь Булган аймагт өнгөрсөн. Нэг ах, нэг дүүтэй айлын дунд хүүхэд. МУИС-ийн Хятад хэлний ангийг  2011 онд, Хөх хотын багшийн их сургуулийг 2013 онд төгссөн. Одоо хятад хэлний орчуулагчаар ажилладаг.

Хүүхэд байхдаа хоёр сая дахь иргэн гэдгээ мэддэг байсан уу?

-Хүүхэд байхдаа мэддэггүй байсан. Хоёр сая дахь иргэн гэж юу байдгийг ч ойлгохгүй шүү дээ. Том болоод л мэддэг болсон.

-Хосбаяр гэхээр эрэгтэй хүүхдийн нэр гэж хүмүүс хэлдэг байв уу. Нэрнийхээ тухай яриач. Аав, ээжийн тань өгсөн нэр үү?

-Хосбаяр гэхээр эрэгтэй хүүхэд гэж хүүхдүүд шоолдог байсан болохоор жаахан байхдаа нэрэндээ дургүй байсан. Харин одоо бол нэрэндээ хайртай. Багш нар ч эрэгтэй хүүхдүүдтэй хамт дуудаад байдаг байсан юм. Аав, ээж минь нэрийг минь өгөөгүй ээ. Уг нь эх барьж авсан эмч маань хоёр сая дахь иргэндээ нэр өгнө гээд ээжээс “Давхарбаяр гэж нэр өгөх үү, Наадам гэж нэрлэх үү” гэж асуусан юм билээ. Ээж Давхарбаяр гэж нэрийг нь сонгосон боловч тухайн үедээ сонин дээр Булган аймгаас тодорсон хоёр сая дахь иргэн Лхагважаргалын Хосбаяр гээд гаргачихсан юм билээ. Тэгээд л аав ээж хоёр минь Хосбаяраар нь үлдээсэн гэсэн.

-Өмнө нь өөр шигээ хоёр сая дахь иргэнтэй уулзаж байсан уу?

-Үгүй ээ уулзаж байгаагүй. Тухайн үед аймаг бүхэн хоёр сая дахь иргэн тодруулсан юм билээ.

Дараа нь Монгол Улсын хоёр сая дахь иргэний ээж Ж.Дэнсмаатай ярилцсан юм.

Ж.Дэнсмаа: Хоёр сая дахь иргэн болж төрсөн хувь заяа миний охинд насаараа дуудуулах алдрыг нь хайрласан

Тайлбар

-Тухайн үед хоёр сая дахь иргэн төрүүлэх гэж байгаагаа та мэдэж байсан уу. Эмч нар юу гэж байв?

-Намайг 1988 оны долдугаар сарын 10-ны өглөө 06:00  цагт  аймгийн төрөх эмнэлэгт өвдөөд очиход хоёр сая дахь иргэнээ бүртгэж байсан. Үүрийн 03:00 цагаас бүртгэж эхэлсэн гэсэн. Миний өмнө гурван ээж төрсөн байсан. Нэг нь ихэр хүүхэд төрүүлээд гурван ээжийн дөрвөн хүүхэд төрчихсөн байсан юм. Эмч нар “За өнөөдөр хоёр сая дахь иргэнийхээ үе чацуутныг төрүүлнэ шүү” гэж хэлсэн. Тэгээд би долдугаар сарын 10-ны өглөө 09:00 цагийн үед охиноо төрүүлсэн. Шөнө хоёр сая дахь иргэнээ бүртгэнэ гээд 10-нд төрсөн хүүхдүүдийнхээ мэдээллийг төв рүүгээ өгсөн юм билээ. 23:00 цаг болж байхад Цэрэндорж эмч ирээд “Ж.Дэнсмаа гэж хаана байна. Танай хүүхэд хоёр сая дахь иргэн болсон” гэж хэлсэн. Маргааш өглөө нь аав, ах хоёр нь эргэлтээр ирэхэд би “манай хүүхэд хоёр сая дахь иргэн болсон гэнэ ээ” гэж хэлэхэд манай хүн үнэмшдэггүй. Ээлжийн сувилагч хэлэхэд л итгэсэн. /инээв/ Долоо хоноод бид хоёрыг эмнэлгээс гар гэхэд цайны цаг таарчихсан юм. Гэрийнхэнтэйгээ хэл авалцаж амжаагүй байтал эмнэлгийн бохир ус соруулдаг машин ирээд муу усаа соруулж байхыг хараад жолоочийг нь гуйгаад гэртээ хүргүүлж билээ. Тэр үед машин, тэрэг одоогийнх шиг элбэг байгаагүй. Таарсан машинд суугаад л эмнэлгээс гарна шүү дээ. /инээв/ Тэгтэл намайг гарсны дараахан аймгийн захиргааныхан “Эмнэлгээс гарахгүй байж байхгүй, сумын захиргааны хуриманд хэрэглэдэг машинаар гаргаж авах гэж очсон. Гараад явчихсан байх юм” гэж хэлсэн. Хоёр сая дахь иргэнээ гаргаж авах гэж машинаа гоёод очиход нь бид хоёр бохир усны тэргээр гэртээ хүргүүлчихсэн байсан юм. Эмнэлэгт байхдаа хоёр сая дахь иргэн гэж юу байдгийг ч мэдэхгүй, үнэмшихгүй байсан. Тэгсэн гэртээ гараад ирэхэд үндэсний радиогоор Булган аймгаас хоёр сая дахь иргэн Лхагважаргалын Хосбаяр төрлөө гэж ярьсан. Тэгээд л өөрөө ч гэсэн бүрэн итгэсэн дээ. Тухайн үед хүмүүс хоёр сая дахь иргэн гэдгийг сайн ойлгож, мэддэггүй байлаа. Манайхыг хоёр ихэр охинтой болсон гэж ойлгосон. Тэгээд дараа нь тэрсхэн нэг охин төрүүлээд хоёуланг нь ихрүүд шиг ижил хувцасладаг байсан болохоор хүмүүс хоёр ихэр охинтой л гэж боддог байсан шүү. Одоо хүртэл танай хоёр ихэр охин сайн уу гэж асуудаг юм.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Уугуул Булганы айл уу?

-Манай нөхөр Булган аймгийн хүн. Харин би Өмнөговь аймгийн Гурвантэс сумынх. 1980 онд долдугаар ангидаа, төрсөн эгчийнхээ гэр бүлтэй Булган аймагт ирж байсан. Түүнээс хойш л Булганы хүн болсон доо. Одоо бол хүмүүс аль нутгийнх  вэ гэж асуухаар Булганых л гэж хэлдэг. Манайх нэг хүү, хоёр охинтой.

-Тухайн үед хоёр сая дахь иргэнд орон сууц өгч байсан гэдэг?

-Тийм ээ, гурван өрөө орон сууц аймгаас манайд өгсөн. Гэхдээ манайх аваагүй. Эмнэлгээс гараад байж байхад манай нөхөр цайны цагаараа ирээд “Нийтийн ахуйн үйлчилгээний газраас  хоёр сая дахь иргэндээ гурван өрөө байр өгч байна. Байр авах уу” гэсээр ирсэн. Тэгэхээр нь би байр хүйтэн,  аваад яахав дээ гэж хэлээд аваагүй. Нөхөр бид хоёр тухайн үеийн Ахуйн үйлчилгээнд хамт ажилладаг байсан юм. Түүнээс хойш 21 хоногийн дараа Эрүүл мэндийн Сайд П.Нямдаваа, Нийтийн ахуйн үйлчилгээний дарга Цэрэнхүү, Үйлдвэрчний зөвлөлийн дарга Баасанхүү, Залуучуудын эвлэлийн хорооны дарга Байгальмаа нар ирж хоёр сая дахь иргэний медаль гардуулсан. Хоёр сая дахь иргэний үе чацуутан 13 хүүхдийг хүлээн авч байсан. Манайх охиноо угждаг байсан юм. Аймгийн хүүхдийн сүүний газраас дугаарлуулахгүйгээр сүү өгч, ясли цэцэрлэг ховор байх үед саадгүй явуулж өгдөг байсан. Нийтийн ахуйн үйлчилгээний оёдлын бригадаас хоёр сая дахь иргэнийг халамжлан хүмүүжүүлэгч гэж хүн гаргаж өгч байлаа. Энэ мэтээр хоёр сая дахь иргэн төрүүлсэн аз баяныг их хүртсэн шүү.

-Охиныхоо нэрийг хэн өгч байсан вэ?

-Миний охины нэрийг жижүүрт гарч байсан хүүхдийн эмч Мөнхбаяр өгсөн юм. “Хоёр сая дахь иргэндээ би нэр өгнө өө. Наадам гэх үү, Давхарбаяр гэж нэрлэх үү” гэж асуусан. Би Давхарбаяр гэж нэрийг сонгосон юм. Уг нь Хосбаяр биш Давхарбаяр гэдэг нэр өгсөн юм шүү дээ. Гэтэл сонин сэтгүүл, радиогоор Лхагважаргалын Хосбаяр эрэгтэй Монгол Улсын хоёр сая дахь иргэн боллоо гэсэн мэдээлэл гарчихсан юм. Тэгээд л би бичиг баримтууд нь  зөрчихнө гэж бодоод эрэгтэйг нь эмэгтэй гэж өөрчлүүлээд нэрийг нь хэвээр үлдээсэн юм. Хоёр сая дахь иргэн болж төрсөн хувь заяа миний охинд насаараа дуудуулах алдрыг нь хайрласан юм шүү дээ.

Өдгөө Монгол Улсын хоёр сая дахь иргэн Л.Хосбаяр маань айлын гэргий болж, хоёр сайхан хүүхэдтэй болжээ. Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье.

Танд санал болгох ярилцлага

Show More

Related Articles

Leave a Reply

Close