Нийгэм

Н.Отгонбаяр: Олон улсын жишигт нийцсэн ухаалаг такси үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн

-“НӨАТ”-тэй, газрын зураг хаягжилттай, цахим төлбөрийн боломж болон пос машинтай ухаалаг такси дуудлагын үйлчилгээг нэвтрүүлж буй Үндэсний Аппликейшн “UBCAB”-

“Ухаалаг такси үйлчилгээ”-г Монголд нэвтрүүлэн, хөгжүүлж буй Үндэсний компани UBCab-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяртай ярилцлаа.       

UBCab Апп-ын үйлчилгээний онцлог, давуу тал юу вэ?  

-Бид технологийн дэвшил буюу GPS, төлбөр тооцооны ухаалаг системд суурилсан такси үйлчилгээг 2013 онд анх Улаанбаатар хотод нэвтрүүлсэн. UBCAB нэрний хувьд “Cab” гэдэг үг нь такси гэсэн утгатай. Англичууд “Taxi”, америкчууд “Cab” гэж дууддаг. Улаанбаатар хотын такси гэсэн үгний товлол. Гэхдээ бид Дархан, Эрдэнэтэд салбаруудаа байгуулсан. Эрдэнэтэд гэхэд UBCab-ийн 400 гаруй такси үйлчилгээнд нэгдээд байна. Мөн Дархан хотод энэ долоо хоногт амжилттай салбараа нээгээд байна.Мөнцаашдаа Ховд, Баян-Өлгий, Чойбалсан, Даланзадгад хотуудад салбараа нээж Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байна. Үйлчлүүлэгч Эрдэнэт явахаар бол заавал тээврийн товчоо, вокзал очих шаардлагагүй гэртээ сууж байгаад тухайн чиглэлд явах албан ёсны унаагаа дуудаад үйлчлүүлэх боломжтой болох юм. Мөн хот хоорондын хүргэлтийн үйлчилгээ ч илүү найдвартай, хялбар болох боломжтой.  

Бид дараах шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нэгд, такси үйлчилгээний төлбөрийн боломж нэмэгдэх ёстой. Орчин үед иргэд таксинд суух гэж л бэлэн мөнгө авдаг болсон байна. UBCab-ийн таксинд суусан хүн гар утсан дээрээ манай аппликейшныг суулгана. Ингэснээр аппликейшнээ ашиглаад ямар нэг данс, үнийн дүн асуухгүйгээр төлбөрөө төлж болно. Мөн таксинд пос машин байрлуулахаар ажиллаж байна. Интернэт орох боломжгүй иргэд картаараа төлбөрөө төлөх боломжтой болох юм. Таксинд зориулсан, андройд үйлдлийн системтэй пос машиныг  байруулна гэсэн үг.

Хоёрт, төлбөрөө төлсөн бол НӨАТ-ын баримт олгох юм. UBCab-ийн апп-ыг Е-баримтын системтэй холбосон байгаа.  Иргэд UBCab апп-ыг утсандаа суулгаснаар НӨАТ-ын баримт өгдөг таксигаар үйлчлүүлэх боломжтой болно. Гэхдээ баримтыг цаасаар өгөхгүй бөгөөд сугалааны дугаар тухайн хүний Е-баримтын системд шууд бүртгэгдэх боломжтой болж байгаа.

Гуравт, иргэд таксины байгаа газар очих биш такси таны байгаа газарт ирэх боломжийг UBCab такси дуудлагын аппликейшн олгож байгаа юм. Такси дуудлагадаа ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүй бөгөөд гар утасны  аппликейшнаа нээгээд ганц товч дарахад л таны байгаа газар хамгийн ойрхон байгаа такси очих юм. Ямар нэгэн утас руу залгаж дуудлага өгөх шаардлагагүй.  Бидний дараагийн хийж байгаа том ажил бол нийслэлийг хаягжилттай болгохыг зорьж байна. Хот гэдэг бол хаяг юм. Бид өнөөдрийг хүртэл явж ирсэн 700,000 аялал дээрээ тулгуурлаад Улаанбаатар хотыг хаягжилттай болгож байгаа юм.  700,000 аялал гэдэг нь өнөөдрийг хүртэл манайхаар үйлчлүүлсэн хүмүүсийн тоо байгаа юм. Давхардсан тоогоор 700,000 удаа UBCab такси хүмүүст  үйлчилсэн гэсэн үг. Энэ туршлага дээрээ тулгуурлаад нийслэлийн 30,000 хаягийг UBmap систем дээрээ оруулж өгсөн. Ингэснээр иргэд аппликейшнээ асаагаад такси дуудах товчийг дарах үед тухайн хүнийг хаягийн лавлагааг авахгүйгээр шууд очно, мөн тухайн хүнээр газраа заалгах биш такси нь өөрөө газарчилж хүргэж өгөх боломжтой юм.

Дөрөвт, жолооч нарт үнэлгээ өгөх боломжтой болно. Хэрвээ тухайн жолооч хангалтгүй үнэлгээтэй үйлчилсэн бол дахиад дуудлага очих нь багасна гэсэн үг. Үүнийг ямар нэг хүний оролцоогүйгээр систем өөрөө хянахаар шийдэж өгсөн байгаа. Ингэснээр үйлчилгээний стандартыг хэрэглэгчид өөрсдөө тогтооно гэсэн үг.

-Хэдэн км зорчсоноо гар утсаараа хянаж, төлбөр тооцоогоо аппликейшн ашиглан төлөх боломжтой ухаалаг такси үйлчилгээ юм байна. “НӨАТ”-тэй, газрын зурагтай, пос машинтай ухаалаг такси гэж ойлголоо. Хэдэн км зорчиж байгаагаа хэрхэн хянах вэ?    

Такси гэдэг бол өөрөө тоолуур. Бид GPS төхөөрөмж ашиглан тоолуур бүтээж, түүгээрээ туулсан замыг нь тооцоолж байсан.  Аппликейшн нь өөрөө тоолуурын үүргийг гүйцэтгэж байгаа гэсэн үг юм. Бид энэ тоолуураа илүү боловсронгуй, хуулийн шаардлагыг хангах үүднээс  99.9 хувийн нарийвчлалтай такси метрийг Улаанбаатарт нэвтрүүлэх гэж байна. Машины дугуйны эргэлтийг уншдаг төхөөрөмжийг монгол залуус зохион бүтээсэн. Дугуйны эргэлтийг хэмжиж аппликейшнд мэдээлнэ гэсэн үг.  Стандарт хэмжил зүйн газраас албан ёсны тусгай зөвшөөрөл, патентаа авчихсан, энэ жил 1000 таксинд суурилуулахаар өдөрт 50 ширхгийг үйлдвэрлэж байна. Энэ төхөөрөмжийн ард програм хангамжийн болон электроникийн 20 гаруй монгол залуу ажиллаж байна.

UBCab хэдэн такситай вэ. Танай таксины жолооч ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Улаанбаатар хотод албан ёсоор такси үйлчилгээ эрхэлдэг 9 компанийн такси манай үйлчилгээнд явах боломжтой. Одоогоор тус компаниудаас төлөөлөл болсон 400 орчим такси манай үйлчилгээнд бүртгэлтэй байна.

Таксины жолоочийн тухайд Автотээврийн тухай хуулиар мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, стандартын шаардлага хангасан машинтай, дээрээс нь манай компанитай албан ёсны гэрээ байгуулсан тохиолдолд  үйлчлэх эрхтэй болно.    

 UBCab таксигаар үйлчлүүлэхэд км нь хэдэн төгрөг байдаг вэ?

Тээврийн тухай хуулиар гэрээний дагуу тарифыг тогтоосон байдаг. Стандарт, энгийн такси бол хуульд заасан тарифаар үйлчилгээ үзүүлнэ. Манайх стандарт таксинаас гадна VIP такситай болох гэж байгаа. VIP такси нь арай илүү үнэтэй байна. Оргил ачааллын үеэр гэртээ хурдан очмоор байгаа бол манай VIP таксиг захиалж болно.

Түүнээс гадна дуудлагын жолоочийн үйлчилгээг нэвтрүүлж байгаа.

Та бүхний алсын хараа, ойрын таван жилийн зорилго төлөвлөгөө юу вэ?

-Манай UBCab -ийн технологийн эх баригч нь Мизорн технологийн компани. Бид 2009 оноос хойш мобайл систем хөгжүүлж ирсэн. 2013 оны үеэс Мизорн технологийн компанийн залуус өөрсдийн бүтээгдэхүүнтэй болъёо гэж шийдсэн. Ингээд UBCab-ийн кодыг анх бичиж эхэлсэн. Түүнээс хойш олон сорилт хүндрэлүүдтэй тулгарч, мөс хагалж явсаар ирсэн.  Аливаа шинэчлэлт өөрчлөлтийг хийхэд бэрхшээл, хүндрэл учирдаг шүү дээ. Жолооч, хэрэглэгч, төрийн байгууллагуудад бүтээгдэхүүнээ ойлгуулж, таниулж мэдүүлэхийн тулд олон бэрхшээлтэй учирсан. Тэглээ гээд бууж өгөөгүй, өөрсдөдөө шинэ замыг бий болгосоор өнөөдрийг хүрсэн.  UBCab маань UBER, DIDI, YNDEX, Кaкао taxi  гэдэг шиг үндэсний брэнд болгохыг зорьж ажиллаж байна.Үндэсний брэнд гэдэг нь монгол залуучууд дэлхийн хэмжээний бүтээгдэхүүнийг хийж чаддаг гэдгийг харуулаад зогсохгүй дотоодын зах зээлээ хамгаалах, өөрсдийн орны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг бий болгон, хөгжүүлж Улаанбаатар төдийгүй Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах нь бидний эхний зорилго.

-Ярилцсанд баярлалаа.

Show More

Related Articles

Leave a Reply

Close