Нийгэм

Цус ойртолтгүй аймаг, сум гэж монголд байхгүй боллоо

Шинжлэх ухааны доктор, профессор, хүн судлаач Ж.Батсуурьтай ярилцлаа. 

-Та олон жил монгол хүний генетикийг судалсан. Монгол хүнд генийн талаасаа ямар онцлог, давуу тал байдаг вэ?      

-Миний бие монгол хүний генийн сан судлалыг олон жил хийж байна. Хүний генийн сан гэдэг чинь зүгээр нэг үсний өнгө, хамрын хэлбэр, нурууны өндөр, хөлний уртыг илэрхийлдэг зүйл биш юм.  Хүний ген гэдэг бол тухайн түүхэн бүлэг ард түмний өвөг дээдсээр дамжин ирсэн, байгальд, цаг ууртаа дасан зохицсон өвөрмөц онцлогтой удмын сан юм. Монголчууд бол Төв Азийн эрс тэс уур амьсгалтай, -40 градусаас +40 градусын байгалийн эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай, дэлхийн хаана ч байхгүй гайхамшигтай генийн сантай ард түмэн.    

Нөгөө талаас 100 мянган жилээс өмнөх үед амьдарч байсан эртний хүмүүс Монголын нутагт буюу Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангайн урд хэсэг, Өмнөговийн хойд, Ховд аймгийн урд хэсгээр амьдарч байсныг генетикийн судалгаа болон археологийн олдвороор баталдаг.  Тухайн үед Монголын говиуд олон нууртай, ой модтой, дулаахан, зөөлхөн уур амьсгалтай “амьдралын диваажин” шиг нутаг байсан гэдэг. Учир нь тухайн үед Энэтхэгийн далайн зөөлөн, дулаан уур амьсгал Гимлайн нурууг давж ирдэг байсан байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Гимлайн нуруу өндөр болж далайн зөөлөн дулаан уур амьсгал орж ирэхээ больсон байгаа юм. Ингэснээр хур тунадасны хэмжээ 4-5 дахин буурсан гэж үздэг. Судлаачдын тогтоосноор Гимлайн нуруу 50 жилд нэг метрээр өндөр болдог байна. Үүнийг эртний уур амьсгал судлаач нар судалгаандаа тодорхой харуулсан байдаг. Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтөөр хүмүүс  баруун хойшоо давж, Орхон голын эх рүү давж нүүж орж ирсэн гэдэг. Үүнийг генетикийн болон археологийн судалгаа батлан харуулдаг. 1984 онд ЗХУ-ын археологичид Монголын судлаачидтай хамтран судалгаа хийгээд эртний хүмүүс Орхоны хөндийд нүүж орж ирээд 40 мянган жилийн турш амьдарч чулуун зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсан гэдгийг нотолсон байгаа юм. Тэр үед Орхоны хөндий шилмүүст, навчит ой хосолсон, зөөлөн дулаан уур амьсгалтай, жимс ногоо ихээр ургадаг нутаг байсан байна. Тэгээд Орхоны хөндийд амьдарч байгаад дэлхийн өнцөг булан бүрт тархсан гэж үздэг. Тэр утгаараа Монголын нутаг бол хүн төрөлхтний их нүүдэл суурьшлын өлгий юм. Тэгэхээр монголчуудын генийн сан бол энэ гайхамшигтай түүхийг өөртөө хадгалаад үлдсэн. Монголчууд түүхийн баян, урт настай генийн санг тээж яваа ард түмэн. Дэлхий даяар тархсан бүх хүмүүсийн генийн санг нэгтгэчихсэнтэй адилхан дотоод бүтэцтэй генийн санг өөртөө агуулж яваа ард түмэн.  Энэ бүх мэдээллийг эх орныхоо газар зүйн тархалтад нууцлан хадгалж байдаг.   

-Эртний хүмүүс урт насалдаг, хэр баргийн өвчинд өртдөггүй, хүчирхэг том биетэй, эр чадалтай байсан гэдэг. Харин орчин үед энэ бүхэн өөрчлөгдсөн. Соёл иргэншил дагаад хүний биеийн хөгжил, насжилт өөрчлөгдөж байх шиг?   

-Эртний хүмүүс тийм ч урт насалдаггүй байсан. Харин байгалийн хатуу ширүүн, халуун хүйтэнд дасан зохицох чадвар сайтай байсан. Эртний үеийг бодвол одоо цагт хүн төрөлхтний нас уртассан. Энэ нь хүрээлэн байгаа орчныхоо, байгалийн хатуу ширүүн нөхцөл байдлыг зөөллөж чадсан учраас тэр юм. Нэг үгээр хэлбэл, зэрлэг байгалиас хүн өөрийгөө хамгаалж, соёл иргэншил гэдэг хөнжлөөр хучиж ирсэн. Үүний сөрөг нөлөөлөл нь хүний дархлаа сулраад, байгальтайгаа дасан зохицох чадвар нь муудаж эхэлсэн. Ингээд эхлэхээр төрөл бүрийн өвчин гарч ирж байна. Ер нь хүн байгалиас хөндийрөх тусам өвчинд ихээр өртдөг. Энэ нь дасан зохицох чадвартай холбоотой.          

Сумын сургуулийн нэг ангийн 8-10 хүүхдэд цус ойртолтын шинж илэрч байна

-Ген талаасаа яривал та олон жил цус ойртолтын талаар судалгаа хийсэн. Манай улсын хувьд цус ойртолтын төвшин, өнөөгийн байдал ямар байна вэ. Хүн амын хэдэн хувь нь цус ойртчихсон байна вэ?   

-Цус ойртолт гэдэг бол нуурын ёроолд давсны тунадас хуримтлагдаад жил ирэх тусам бага багаар нэмэгдээд байдаг шиг чимээгүйхэн аюул дагуулж буй үзэгдэл. Өнөөдөр хүн амын доторх цус ойртолтыг тодорхойлбол тодорхой төвшинд цус ойртолтгүй аймаг, сум гэж байхгүй болсон.     

Би 20 жилийн турш цус ойртолтыг судаллаа. Ингэхдээ популяцийн генетикийн шинжлэх ухааны тооцооллын аргыг ашигласан. Судалгаагаар монголчуудын дундахь цус ойртолт өвөг эцэг, эмэг эхийн төвшин рүү дөхөж байгаа нь тогтоогдсон. Өвөө, эмээгээс нь өмнөх үеийн цусан төрлийн хүмүүс хоорондоо гэрлэж, ураг төрөл болж байна гэсэн үг. Эмээ өвөөгөөс урагш, элэнц эмээ, элэн эмээ, хуланц эмээ, хулан эмээ, холбоо эмээ, холбоо эмэг эх, өндөр өвөг эмэг эмээ, тэнгэр өвөг өмөө гээд есөн үе явах ёстой. Гэтэл өнөө үед амьдарч буй хүмүүс өөрөө дээш дөнгөж өвөө, эмээгийнхээ талаар нэр, амьдарч байсан газар, хэдэн хүүхэд төрүүлснийг нь л хэлээд түүнээс цааш мэдэхгүй байна.  Цус ойртолт өвөг эцэг, эмэг эхийн төвшин рүү дөхөж байгаа судалгааныхаа дүнг ном болгож гаргаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон БСШУСЯ-нд хүлээлгэж өгсөн.          

-Цус ойртолтын төвшинг нь ямар байдлаар тогтоож, хэрхэн судалдаг юм бэ?     

-Цус ойртолтын төвшинг хоёр аргаар тодорхойлдог. Нэгд, бүх өрх айлаар ороод угийн бичиглэл хийгээд зураглал гаргаж болно. Үүний тулд Монголын бүх өрхөөр орж судалгаа хийх шаардлага үүснэ гэсэн үг. Миний хувьд Увс аймгийн Тариалан сумын 600 гаруй өрхийн 10 гаруй метр урттай, 3 метр өргөнтэй угийн бичгийг хөтөлж, зураглалаар нь ном болгоод өгч байсан удаатай.

Хоёрт, аймаг бүрт тодорхой тооны хүмүүсийн генийг судлаад ген ижилсэл, алагчлалын аргачлалаар цус ойртолтыг тогтоодог арга бий. Миний хувьд 20 жилийн турш энэ аргаар судалгаагаа хийсэн.  

-Угийн бичиг хөтлөх нь цус ойртолтоос сэргийлнэ. Түүнээс гадна өөр ямар давуу талтай вэ?  

-Угийн бичиг гэдэг монголчуудын ураг төрлийн холбоог зангидаж, эвтэй найртай байлгах, аль болох хоорондоо нэгдэн нийлж биесээ мэддэг, таньдаг, хүндэлдэг байхад асар чухал нөлөөтэй.     

-Монгол Улсын иргэн бүрийн иргэний үнэмлэх дээр ургийн овгийг нь бичсэн байдаг. Энэ нь хэр бодитой, үндэслэлтэй юм бэ. Зарим гэр бүлийн хоёрын иргэний үнэмлэх дээрх угийн овог ижил байх тохиолдол байдаг шүү дээ?     

-1925 оноос Засгийн газрын тогтоол гараад ургийн овог хэрэглэхийг хориглоод, эцгийн овгоор овголдог болгочихсон юм.  Тэгээд 1997 онд монгол хүн овгоо яаж зохиомжлох уу гэдэг Засгийн газрын тогтоол гаргах болсон байна. Тухайн үед нь мэргэжлийн бус хүмүүс зөвлөөд буруу агуулгатай тогтоол гаргуулчихсан байгаа юм. Маш эмгэнэлтэй. Түүнээс нь болоод төрсөн ах дүүс хоёр хүртэл өөр овогтой болчихсон байх жишээтэй.    

Уг нь овог гэдэг зүйл 30-40 мянган жилийн өмнөөс үүссэн юм. Эхийн талын цусан төрлийн холбоон дээр суурилсан ураг төрлийн холбоотой хүмүүсийн нэгдмэл бүлийг нэг овог гэж явдаг байсан.  Яагаад эхийн талын цусан төрлийн холбоон дээр суурилсан овог бүрдэж байсан гэхээр тэр үед гэр бүл гэж байгаагүй хүмүүс сүргээр амьдардаг байсан. 20,30-уулаа сүрэглэдэг, болхи бүдүүлэг хүн сүрэг байсан. Тухайн үед хүүхдүүд сүргийн дотор байгаа эрчүүдээс хэн нь миний аав гэдгийг мэдэхгүй, эрчүүд нь овгийн дотор байгаа хүүхдүүдээс хэн нь өөрийнх нь хүүхэд гэдгийг мэддэггүй байсан. Харин эх нь л өөрийнхөө төрүүлсэн хүүхдээ мэднэ. Тиймээс эхийн талын цусан төрлийн холбоон дээр түшиглэсэн ураг төрлийн холбоогоор хоорондоо холбогдож байсан байна. Ийнхүү овог үүссэн юм.     

Орчин цагт иргэний үнэмлэх дээр бичсэн овгоор бус өөрсдөө угийн бичгээ маш сайн хөтлөх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ үр хүүхдүүддээ ёс төртэйгээр өв уламжлуулан үлдээх нь чухал. Хэрвээ аав ээж нь өөрийнхөө өвөө, эмээгээс цаашхи угийн бичгээ мэдэхгүй бол тэр хүртлээ бичээд түүнийгээ үр хүүхдэдээ өвлүүлээд өг. Угийн бичгийг хүүхэддээ уламжлуулж үлдээхдээ ёс төртэйгээр хадаг сүү бариад, идээ таваг засаад өгөх ёстой юм. Үүнийг айл бүр хийж хэрэгжүүлж чадвал ураг удмаа мэддэг болж, цус ойртолт гэдэг зүйл байхгүй болно.    

Монголд цус ойртолтгүй аймаг, сум гэж байхгүй боллоо

-Цус ойртолтын сөрөг нөлөө хүний эрүүл мэндэд ямар байдлаар нөлөөлдөг вэ?   

-Амин хувиа хичээсэн, бэртэгчин сэтгэлгээтэй байдаг. Аливаа зүйлд уужуу тайван хандах, ухаан сийлэх, сэтгэлийн тэвчээр гаргах тал дээр дутмаг байдаг. Мөн цус ойртсон гэр бүлээс төрсөн үр удмууд өвчин эсэргүүцэх чадвар сул, үхэл даах чадвар маш муу байдаг. Хорт хавдраар өвчлөх нь ч элбэг. Нэг ёсондоо бие мах бодийн дархлаа сул, дасан зохицох чадвар сул байдаг. Энэ бол судалгаа,баримттай зүйл.   

Гаднаас нь харахад цовоо сэргэлэн, эрүүл саруул мөртлөө оюуны чадавхи сул хүүхдүүд байдаг. Энэ нь цус ойртолтын шинж тэмдэг байж болно. Сумын дунд сургуулийн багш нар судалгааны үеэр бидэнд энэ тухай ярьж байсан. Ер нь нэг ангид дор хаяж 8-10 хүүхэд ойлгох, тогтоох, бичих чадвар сул байдаг байна. Гаднаас нь харахад сэргэлэн цовоо, эрүүл саруул мөртлөө энгийн наад захын зүйлийн логик учир холбогдлыг тайлбарлаад ойлгохгүй, сурахгүй хүүхэд олон байдаг гэнэ.  Ийм зүйл эрс нэмэгдэж байгаа талаар багш нар ярьж байсан. Цус ойртохын хэрээр хүн амын оюуны чадавх буурч, оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг.      

-Европын орнуудад үеэлүүд нь хоорондоо гэрлэсэн хэр нь үр хүүхэд нь эрүүл саруул төрдөг, цус ойртолт гэдэг зүйл байдаггүй гэж зарим хүн ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Хүн төрөлхтний генетикийн сургамжууд бий. Хаан угсааны цус харц хүний цустай холилдох ёсгүй гээд дээдсийн хүрээндээ үржиж өсөж байх ёстой гэдэг үзэл баримтлал түүхийн явцад байсан уу гэвэл байсан. Үүнтэй холбоотойгоор хоорондоо гэрлэсээр байгаад хаан угсаа устаж, бүхэл бүтэн овог аймаг мөхсөн нь ч бий. Ийм жишээ олон. 

-Цус ойртолт гэж ярихтай зэрэгцэн монголчууд гадаадын иргэнтэй гэр бүл болох үзэгдэл нэмэгдэж байна. Эрлийзжих нь хэр аюултай юм бэ. Монгол хүний ген алдагдлаа ч гэж ярьдаг болсон?     

 -Гадаад хүнтэй суухаар цус холдоод сүрхий ухаантай, гоц хүүхэд төрчих юм шиг ойлгоод байдаг. Хоёр өөр сумын, эсвэл өөр аймгийн залуус хоорондоо гэрлэчихэд л Монголын оюун ухааны чадамжийг дор хаяж 20-30 хувиар өсгөсөн чадалтай хүүхдүүд төрнө. Үндэсний оюун ухааны чадамж их доогуур байна. Энэ нь цус ойролттой холбоотой. Цус ойртолтын үзэгдэл нэмэгдээд л байвал үндэсний оюун ухааны чадамж доошоо яваад л байдаг.    

Гуравхан сая хүн амд дараагийн үе удмыг нөхөн төлжүүлж байдаг эзлэхүүн гэж бий. Миний судалснаар Монголын нийт хүн амын 27 хувь нь буюу 864 мянган хүн нь л нөхөн үржихүйн насных байдаг. Үүний 432 мянга нь эмэгтэй байна. Энэ эмэгтэйчүүд нь гадаад хүнтэй гэрлээд байвал гуравхан сая хүний удмын сан гадныханд уусаад алга болно шүү дээ. Эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг юм. Эрчүүдээ хамгаагүй үндэстэн сөхөрдөг юм гэдэг өвгөдийн үг бий. Гадаад хүнтэй суулаа гээд эрлийз хүүхэд төрүүлнэ. Монгол хүний удмын сан эрлийзжээд л байна гэсэн үг. Эрлийз хүний элэг элгэн чулуунаас хатуу гэж үг бий. Элгэн чулуу гэдэг нь голын мөлгөр чулууг хэлж байгаа юм. Голын мөлгөр чулуу хагарч бутардаггүй учраас хорхог хийдэг шүү дээ. Эрлийз хүний элэг түүнээс хатуу байх нь байна.       

-Ер нь дэлхийн түүхэнд хүн ам нь цус ойртоод ноцтой байдалд орж байсан жишээ байна уу?

-Японд 1960 оны үеэс эхлээд цус ойртолтын үзэгдэл ихэссэн байдаг. Газар нутаг нь аглаг уулын тогтолцоотой учраас зам харгуй байхгүй. Жижиг уулын бэлийн тосгонд 500,600-аараа аж төрж амьдардаг байсан. Зам харгуй байхгүй, өөр тосгон хот руу явах боломж хомс тул тосгон дотроо л гэр бүл болдог байсан байна. Тэгээд хоорондоо гэрлэсээр байгаад төрөл бүрийн удамшлын өвчин, оюуны хомсдолтой хүүхдүүд төрж эхэлсэн.  Үүнийг Япон улс төрөөс онцгой бодлогоор маш нарийн судалсан. Ингээд Японы төрөөс хуульчлаад хүн амаа хөдөлгөөнд оруулахын тулд төмөр зам, авто зам тавиад хүн амыг хөдөлгөөний сүлжээгээр холбож өгсөн. Манайхаар бол Дорнодын бүсгүй Баян-Өлгийн залуутай учрах боломжийг хангаж өгсөн гэсэн үг. Хүмүүсийг хооронд нь ижилсүүлээд, танилцуулах бодлого хүртэл явуулж байсан байна.        

-Ярилцсанд баярлалаа.

Show More

Related Articles

Leave a Reply

Close