Соёл урлаг

С.Өлзийхүүг Гавьяат жүжигчин цолоор шагналаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээв.

Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Өнгөт инээд” продакшны захирал Санжаагийн Өлзийхүүг шагналаа. 

Тэрээр 1992 онд СУИС-ийн кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгсч, Үндэсний жүжгийн академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ. Үүнээс хойш тасралтгүй 27 жил урлагт зүтгэж байгаа аж. 

Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора түүний анхны “албан ёсны” дүр байсан бөгөөд түүнээс хойш В.Шекспирийн “Ромео Жульетта”, Г.Лоркагийн “Хүслийн таранвай”, С.Маршакийн “Буудлын авхай” зэрэг 30-аад жүжиг, “Их хааны удам”, “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.

Түүнчлэн хошин урлагийн ууган хамтлагуудын нэг “Өнгөт инээд”-ийн уран бүтээлийг түүнгүйгээр төсөөлөшгүй. Тэрбээр “Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм.

Related Articles

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close