Нийгэм

Б.Бямбасайхан: Монгол Улс боломжийг ашиглахын тулд дэд бүтцээ сайжруулах ёстой

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөл нэгдүгээр сарын 16-ны өдөр хуралдаж, ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх хорооны гишүүдээ шинэчлэн томилжээ. Зөвлөлийн ТУЗ-ийн даргыг нэг жилийн хугацаатай сонгож байхаар тогтсон бөгөөд МБЗ-ийн ТУЗ-ийн даргаа Нова Терра компанийн захирал Б.Бямбасайхан улиран сонгогдсон байна. Монголын бизнесийн зөвлөлд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг 250  гаруй компани багтдаг юм. Тус зөвлөл энэ жил ямар бодлого чиглэл баримталж ажиллах талаар ТУЗ-ийн дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

-Монголын бизнесийн зөвлөлийн гол зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл юу юм бэ?

-Монголын бизнесийн зөвлөл нь бизнесийн орчныг илүү тунгалаг, эдийн засаг идэвжилтэй байх тал дээр анхаарч ажилладаг. Бизнесийг бүтээдэг, үнэ цэнэ, ажлын байр бий болгодог, улсдаа татвар төлдөг компаниуд хоорондоо мэдээллээ солилцож, илүү үр дүнтэй, ашигтай бизнес хийх, Монголын бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн судалгаанд үндэслэсэн дүгнэлтүүдээ олон нийтэд хүргэх зорилготой. 2018 онд зөвлөлийн эрхэм зорилго, дүрэм, Удирдах зөвлөлөө шинэчлэн сонгосон. 2019 онд бизнесийн орчинд тулгарч байгаа асуудлууд, хөрөнгө оруулалтын орчинд үүсч байгаа нөхцөл байдлыг дүн шинжилгээтэйгээр судлаж, гишүүддээ хүргэхээр ажиллаж байна.

-Ер нь өнөөгийн Монголын бизнесийн орчныг ямар байна гэж харж байна вэ. Богино болон дунд хугацаанд тулгараад байгаа ямар шийдэх асуудлууд байна вэ?

-Том зургаар нь харвал Монгол Улсад бизнесийн боломж маш эерэг харагддаг. Учир нь бид дэлхийн хамгийн их хүн амтай, хэрэглээтэй, хамгийн том эдийн засгуудтай бүс нутагт оршдог. Үүнийг дагаж бизнесийн маш олон боломж байна. Боломжийг ашиглахын тулд дэд бүтцээ сайн хөгжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа бүс нутгийн эдийн засгуудтай холбогдох дэд бүтэц болох төмөр зам, цахилгаан эрчим хүчээ сайжруулах бодит шаардлага байна. Үүнээс гадна дотоодын дэд бүтцээ сайжруулбал Монголд бизнес эрхлэхэд бага зардалтай, өрсөлдөх чадвартай болох ёстой. Энэ чиглэлд бид гол анхаарлаа хандуулахгүй бол олон судалгаагаар манай улсын бизнесийн орчин дэд бүтэц, санхүүжилт, өнөөгийн улс төрийн эрсдэл зэрэг нь эргээд эдийн засгийг өрсөлдөх чадвар султай болгож байгааг сануулж байна. Өнөөгийн нөхцөл байдал биднийг хаашаа явах вэ гэдгийг илүү тодорхой харуулж байна шүү дээ. Тиймээс бид энэ нөхцөл байдлыг өөрчилж, сайжруулах ёстой. Үүний эхлэл нь компани бүр өөрийн гэсэн бизнесийн зорилготой, бизнесийн боломжийг бий болгохоор зорьж байна.

-Бизнесийн орчныг сайжруулахад төр засгийн зүгээс үзүүлэх нөлөө, бодлого нь ямар чиглэлд байх ёстой вэ?

-Аливаа бодлогын шийдвэр гаргахдаа ажлын байр бий болгож, татвар төлж байгаа компаниудын нөхцөл байдал, тэндээс гарч байгаа судалгаа шинжилгээг нь сайтар ойлгож, төр хамтарсан шийдвэр гаргаж байх нь эдийн засагт илүү үр дүнтэй байдаг.

2019 оны МБЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, албан тушаалын хамт:

1.Баянжаргалын Бямбасайхан, НоваТерра ХХК-ийн Гүйцэтгэх захирал – УЗ-ийн дарга

2.Рандолф Коппа, ХХБ-ны Дэд ерөнхийлөгч – УЗ-ийн дэд дарга

3.Камерон Макрае, Кинкора коппер ХХК-ийн ТУЗ-ийн дарга – УЗ-ийн дэд дарга

4.Бадангийн Батбаатар, Шарын гол ХК-ийн Гүйцэтгэх захирал – Сангийн хянагч

5.Пүрэвжавын Ганхүү, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал 

6.Тацуяа Хамада, Мобиком Корпорацийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал 

7.Дашдаваагийн Хулан, Таван Богд группын Дэд ерөнхийлөгч

8.Дугарын Жаргалсайхан, Гүнд инвестмент болон ТУСС Солюшин ХХК-ийн ТУЗ-ийн дарга

9.Жон Лайонс, Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн Дэд ерөнхийлөгч

10.Дөлийн Мөнхтүшиг, Рио Тинто группын Монгол Улс дахь суурин төлөөлөгч

11.Энхцэцэгийн Орчлон, Клин Энержи Ази ХХК-ийн Гүйцэтгэх захирал 

12.Баярсайханы Солонгоо, Авинекс Партнерс ХХН-ийн хамтран үүсгэн байгуулагч

13.Армандо Торрес, Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал

14.Цэвэгмидийн Түмэнцогт, УУХҮЯ-ны Сайдын зөвлөх

15.Энхмөнхийн Тэмүүлин, Прайсуотерхайз Куперс Aдвайзори ХХК-ийн Зөвлөх үйлчилгээний менежер 

Show More

Related Articles

Leave a Reply

Close