Онцлох

“Үхэлд хүргэсэн эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтооно”

ХNEWS.MNН

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэргийн мөрөөр хуулийн байгууллагууд шалгалт хийж байгаа бөгөөд өнөөдөр /2019.01.25/ Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб,  хохирогчийн өмгөөлөгч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийг багцлан хүргэж байна.

12.00 цагт: 

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Нэгдүгээр сарын 22-ны өдөр 17.25 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 19 настай А үүрэг гүйцэтгэх хугацаандаа нас барсан” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлтэд гаднаа ил гарах шархгүй гэж бичсэн байсан. Зурган дээр байгаа хүрэн улаан өнгийн толбо, зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй  эсэхийг дахин  нягтлахаар  шинжээч томилж,  үзлэг хийнэ. Шалгалтын комисс Дорноговь аймагт ажиллаж байна.

Тухайн цэргийн алба хаагчийг цэргийн ангиас гаргаж, хашаандаа бэлтгэл сургуулилт хийлгэсэн. Энэ үеэр гар хүрсэн зарим үйлдлүүд дүрс бичлэг дээр үлдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хурааж авсан.  Энэ нь үхэлд нөлөөлсөн үгүйг шалгалт хийж, тогтооно. Мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэлт гаргаж  шалгалтын ажиллагаа цааш явагдана. Ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа үйлдэл бичлэгт бий. Яг ямар үйлдэл хийж байгаа талаар шалгалт эхэлж байгаа учраас олон нийтэд  мэдээлэх боломжгүй. Тэр үйлдэл тухайн хохирогчийг үхэлд хүргэсэн үү гэдгийг бид комиссын бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилж, гарсан дүгнэлтийн дараа болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нягталж байж мэдээлэл хийнэ. Цагдаагийн байгууллагаас цэргийн алба хаагч нас барсан  хэрэг дээр  “Хүнийг санаатай алах” гэсэн гэмт хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналаа прокурорт тавьсан. Мөн  хэрэгт сэжиглэгдэж буй алба хаагчдыг цагдан хорих саналыг хүргүүлсэн” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

 -Гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэн гэж үнэн  үү?

-Мөрдөгчийн болон шинжээчийн баримталж байгаа Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор, мөрдөгч өөрийн санаачилгаар шинэчилгээ явуулах үүрэгтэй. Энэ үүрэг нь аливаа гарсан гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх ажиллагаатай холбоотой юм. Ялангуяа хүн нас барсан хэрэг дээр шуурхай хийх ажиллагааны хүрээнд хохирогчийн ар гэрт танилцуулах үүрэг мөрдөгчид байдаггүй.

– Шинжээч хохирогчийн талаар гадны нөлөөгүй гэх  дүгнэлт гаргасан нь эргэлзээ дагуулж байгаа. Шалгалтын явцад ноцтой зүйлүүд шинээр илэрсэн үү?

-Ер нь мөрдөгч шинжээч хоёр  цогцсын гаднах үзлэгийг хамт хийдэг. Тэмдэглэл үйлдэгч   нь мөрдөгч. Гэхдээ хүний биед нас барсны дараа үүссэн өөрчлөлтүүдийг мөрдөгч тэр бүр таньж мэдэх бололцоогүй учраас шинжээч  эмчийг оролцуулж ажилладаг. Шинжээчийн дүгнэлт   зөрүүтэй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч ирнэ. Урьдчилсан байдлаар дүгнэлт хаана ч гараагүй байгаа. Цогцсын үзлэг хийгдсэн. Үзлэгийн  гаднах шинж тэмдгийг гадны ил харагдах гэмтэл шархгүй байна гээд хэлчихсэн асуудал.

-Тэгвэл өчигдөр ЦЕГ-аас хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ урьдчилсан дүгнэлт гарсан гэсэн шүү дээ. Тэр худлаа гэсэн үг үү?

– Өчигдөр мэдээлэл хийсэн ажилтан маань хуулийн хэллэгийг буруу хэрэглэсэн. Урьдчилсан байдлаар ямар ч  дүгнэлт гараагүй. Бид үргэлжлүүлэн дотор эрхтний байдлаас шалтгаалан нас барсан эсэхийг тогтоохоор эсийн нарийвчилсан шинжилгээг авсан. Шүүх эмнэлгээс нарийвчилсан эсийн шинжилгээний эцсийн дүгнэлтийг 21 хоногийн дотор гарна.

“Бахардаж унасных нь дараа харгисаар зодсоныг цэргүүд гэрчилсэн”

13.00 цагт: 

Өмгөөлөгч Э.Билгүүн “Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангийн байлдагч Б.Алтантулга амиа алдсан хэрэг гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд /ЭХХШ/ зааснаар Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/ ажиллагаа явуулах ёстой байтал золгүй явдал байсан мэтээр ЦЕГ талийгаач нас бараад нэгхэн хонож байхад нийгэмд буруу ташаа мэдээлэл өглөө. Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид өмнө нь цэргүүдийг дэглэж тахир дутуу болгож байсан тохиолдол цөөнгүй бий. Талийгаачийг өөрөө гүйж явахдаа бахардаж унасан гэсэн асуудлыг ярьж байгаа. Бахардаад унахаар нь цэргийн ангийн удирдлагууд дээрээс нь өшиглөж харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилсэн.

Цэргийн ангийн камерын бичлэгт байгаагаар Б.Алтантулгыг тэнхээгүй болтол нь зодоод гүйлгэсний дараа хувцсаа өлгөж чадахгүй ухаан алдаад унахад чирээд орон дээр тавьсан бөгөөд нэг цагийн дараа эмчийн үзлэг хийхэд түүнийг нас барсан гэсэн дүгнэлт гарсан.

Талийгаач Б.Алтантулга нь 19 настай, суурь өвчингүй, бие бялдрын хувьд эрүүл байсан учир цэргийн албанд тэнцсэн. Золгүй байдлаар амь насаа алдах ямар ч үндэслэл байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.1-т мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдалд шалгах ёстой гэж заасан байдаг. Мөн шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн мэдлийн хүрээнд дүгнэлт гаргаж хариуцлага хүлээнэ гэж зааснаас бус шинжээч урьдчилсан дүгнэлт гаргана гэсэн заалт байхгүй.

ЭХХШ тухай хуульд шинжээч урьдчилсан дүгнэлт гаргана гэж байхгүй. Цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хуульд байхгүй хэллэгээр урьдчилсан дүгнэлтээр гаднын нөлөөгүй нас барсан гэж нэг талыг барьсан мэдээлэл цацлаа. Иймд цагдаагийн ажилтныг холбогдох газарт нь шалгуулахаар хандсан. Бид өчигдөр /2019.01.24/ Эрдэнэт хотод очиж талийгаачийн цогцост үзлэг хийж ар гэрийнхэнтэй нь уулзсан.

Биднийг очиход талийгаачийн нуруу хэсэгт үүссэн толбо бол хүүрийн толбо биш ээ. Гаднын нөлөөтэйгөөр толбо үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Хөлийн шилбэний хэсэг хөхрөлт няцралттай, баруун мөрний дээд хэсэгт гаднын нөлөөтэй шарх, сорвитой байсан.

Үүнийг цагдаагийн ажилтан урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан мэтээр буруу мэдээлэл нийгэмд түгээлээ” гэв.

ТАЛИЙГААЧИЙН ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ ГАДНЫН НӨЛӨӨТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА

Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн “Талийгаачийг амьсгалын дутагдалд ороод бахардаж байхад нь эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байтал баашилж байна гээд нэмж зодож тарчлаасан. Энэ үйлдэл нь үхлийн шалтгаан болсон.

Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт тооцогдох бөгөөд зодсон цэргийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын дарга нарт хандсан.

Мөн цэргийн эмч нар нь яаралтай тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч амь насаа алдсан. Тухайн гэмт хэргийг таслан зогсоогоогүй албан тушаалтнуудад хүсэлт гаргаад байна. Уг гэмт хэрэг нь онц ноцтой, хүнд гэмт хэрэг юм. Иймээс ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгуулахаар хандаад байна. Талийгаачийн цогцост үзлэг хийлгэх, үхлийн шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагад гомдол гаргасан” гэлээ.

Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт ирэх Даваа гаригт гарна гэдгийг өмгөөлөгчдийн зүгээс мэдээллээ.

ЗХЖШ: Хариуцлага хүлээхэд бид бэлэн 

16.00 цагт:

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР: Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир хэн нэгний нэрийг дурдах боломжгүй.

Уг хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 14.30-16.00 цагийн хооронд болсон. Энэ хугацаанд ангийн захирагчийн тогтоосон журмын дагуу тав, зургадугаар цагийн хичээл орж байсан. Энэ үед салбарын ахлагч нар цэргийн ангид үзлэг хийсэн. Үзлэгийн явцад эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас олдсон. Салбарын захирагч дотоод журмыг зөрчиж гар утсаар ярьсан байна хэмээн цэргүүдэд сахилгын арга хэмжээ авАхуулах үүрэг өгсөн. Ахлагч цэргүүдийг талбай дээр гүйлгэсэн.

Тухайн үед талийгаачийн дотор эвгүйрхээд гүйж чадахгүй байна гэсэн тайлбарыг өгсөн. Дараа нь талийгаач гүйж байх хугацаандаа дотор нь эвгүйрхэж биеийн байдал нь мууджээ. Талийгаачийн бие муудахад орон дээр хэвтүүлж, дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийн, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Дараагийн хичээл ороход талийгаач таталт өгсөн тул багийн эмчийг дуудаж талийгаачийг Зүүнбаянгийн эмнэлэг рүү авч явсан. Тэгтэл эмнэлэг рүү явах замдаа нас барсан. Ингээд багийн эмч үзээд зүрх нь зогссон талаар хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ар гэрийнхэнд нь бид маргааш өглөө нь дуулгасан.

Ажлын хэсгийн дүгнэлтээр хэд хэдэн зөрчил илрүүллээ. Тухайлбал, ангийн удирдлага сахилга, хяналт сул байсан. Хоёрдугаарт, салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн байсныг тогтоосон. Гуравдугаарт, эмнэлгийн анхан шатны тусламжийг хожимдож үзүүлсэн. Иймээс ажлын хэсгийн дүгнэлтийг салбарын сайдад танилцууллаа. Одоо Зүүнбаянд цагдаагийн байгууллага, тагнуулынхан хэргийн газар ажиллаж байна” гэв.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тухайн байлдагчийг зодож, дарамталдаг байсан гэсэн мэдээлэл цацагдлаа. Таны яриа талийгаачийн төрсөн ахын яриатай авцалдахгүй байна. Үүнд тайлбар өгөөч?

-Эмчийн үзлэгийн тэмдэглэл байгаа. Эмчийн дүгнэлтэд ямар нэгэн гадна шарх, сорвигүй, ил гэмтэлгүй гэж бичсэн учраас зодсон гэж хэлэхэд хэцүү байна. Гүйж чадахгүй байхад нь тухайн хариуцаж байсан ахлагч жагсаал гүйцэхгүй баашиллаа гээд цохисон асуудал байна. Үүнийг нуухгүй. Гэхдээ үхэлд хүргэсэн эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох байх. Цохисон болохыг хажууд байсан цэргүүдийн яриагаар нотолсон. Харин ээжтэйгээ утсаар ярьсныг би мэдэхгүй. Олдсон утас нь талийгаачийн утас биш н.Отгонбаяр гэдэг байлдагчийн утас байсан.

-Цэргийн ангийн ахлагчид хариуцлага тооцсон уу. Өмнө нь тус цэргийн ангид осол гарч байсан тохиолдол бий?

-Д.Өлзийбаяр хурандааг албан тушаал бууруулж байсан. Сахилгын шийтгэл, цэргийн дүрмийн дагуу хоёр жилийн хугацаа нь дууссан учир дахин цэргийн ангийн захирагчаар томилсон нь үнэн. Хэрэг гарах үед Д.Өлзийбаяр хурандаагийн ар гэрийнхэн Улаанбаатарт мэс засалд орсон учраас тэрбээр  нийслэлд байсан.

-Талийгаачийн нуруун тус газар, шилбэ, баруун гарын хэсэгт шарх байсан гэх мэдээллийг өмгөөлөгч нар нь өгсөн. Үүнд тайлбар өгөөч?

-Би цогцсыг үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна.

-Шинэ цэргийг яргалдаг, тамалдаг гэсэн яриа бий. Танай байгууллагаас үүнд ямар тайлбар хийх вэ?

-Тэр тухайд сошиалаар яваад байгаа шиг нөхцөл байдал байдаггүй. Сэтгүүлчид та бүхэн манай цэргийн ангийг үзэж болно. Өдөр бүр дэглэдэг зүйл байдаггүй. Аль болох ийм хэрэг гаргуулахгүй байхын төлөө бид тэмцэж байна. Хариуцлага алдсан бүх албан тушаалтанд арга хэмжээ тооцно. Мөн 2017 онд үүнтэй төстэй хэрэг гарч байсан. Тухайн үед ангийн удирдлагуудыг нийтээр нь сольсон. Тиймээс энэ хэрэгт буруутай хүмүүст хариуцлага тооцно. Цаашид цэргийн алба хаах орчин нөхцөлийг сайжруулна гэж бодож байна.

-Ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоосон уу?

-Ар гэрийнхэнтэй нь цэргийн ангийн удирдлагууд газар дээр нь уулзсан. Шарилыг Зүүнбаянгаас Орхон аймагт хүргэхээр оршуулгын комисс томилогдсон. Оршуулгын комиссын бүрэлдэхүүн талийгаачийн гэрт байгаа.

-Та нар хариуцлага хүлээхэд бэлэн үү?

-Бид хариуцлага хүлээхэд бэлэн.

Э.АРИУН, Э.БУРАМ

Show More

Related Articles

Close