БусадОнцлох

М.Нандинцэцэг: Одоо ч гэсэн зарим хүн өддөг л юм

-Анх боксын спортыг сонгоход олон хүн шүүмжилсэн дээ-

Монгол Улсад боксын спорт эмэгтэйчүүдийн дунд хөгжөөд 10 гаруй жил болж байна. Тэгвэл дөнгөж хөгжиж эхэлсэн цагаас нь л энэ спортод өөрийгөө зориулсан тамирчин бол олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг билээ. Тэрбээр улсын аваргадаа есөн жил түрүүлсэн. Бас Азийн наадмаас медаль хүртсэн анхны эмэгтэй боксчин М.Нандинцэцэгтэй ярилцлаа.
-Та улсын аваргад ес түрүүлсэн хүн. Хамгийн анх улсын аваргад түрүүлэх, ес дэх удаагаа түрүүлэх хоёрын хооронд хэр ялгаа байдаг юм бол. Ярилцлагаа эндээс эхлэх үү?
-Тодорхой хэмжээнд байна. Анх удаа түрүүлээд маш их баярлаж байлаа. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн гэхэд болно. Яагаад гэвэл өмнө нь хоёр удаа мөнгөн медаль авсан учраас тэр. Харин одоо бол аварга цолоо хамгаалж байна. Мэдээж ач холбогдол өгч байгаа ч гэсэн өмнөхөө бодвол сэтгэл хөдлөл арай бага болсон юм болов уу.
-Энэ жилийн УАШТ-д таныг дийлэх боксчин гарсангүй. Таны жингийнхэн дандаа залуу тамирчид байгаа харагдсан. Сэтгэлзүйд тань ямар нэгэн нөлөө үзүүлэв үү?
-Улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа найман жинд болсон шүү дээ. Тэр утгаараа миний гол өрсөлдөгчид 48 кг-ын жинд орсон. Харин манай жин залуу тамирчид ихтэй байлаа. Хэдийгээр залуу тамирчид ч гэлээ тийм муу биш шүү. Дажгүй гэж хэлмээр байна.
-Боксын спортыг сонгосон эмэгтэйчүүд янз бүрийн шалтгаантай байдаг юм билээ. Харин та?
-Анх манай сургуулийн биеийн тамирын багш Хүдэрбаатар гэдэг хүн надад боксоор хичээллэх санал тавьсан юм. Намайг их хөдөлгөөнтэй, эршүүд талдаа болохоор энэ спортоор хичээллэхэд тохиромжтой гэж бодсон байх. Тухайн үед нь би хэдийгээр эмэгтэй хүн ч гэсэн бусдаас биеэ хамгаалж сурах зорилгоор боксын спортод хөл тавьж байсан юм. Улмаар тэмцээнд оролцох бүр зорилго маань өөрчлөгдсөөр мэргэжлийн тамирчин болох шийдвэр гаргасан даа.
-Энэ шийдвэрийг ойр дотныхон, гэрийнхэн тань хэр хүлээж авсан бэ?
-Ээж маш их дургүйцсэн. Аав харин дэмжсэн шүү. Эсэргүүцэлтэй тулгарсан болохоор худлаа хэлж бэлтгэлдээ ирнэ. Давтлага, эсвэл өөр шалтгаан хэлнэ. Тэгээд анхны улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцож хүрэл медаль аваад ирэхэд гэрийнхэн бөөн баяр болж билээ. Түүнээс хойш тэмцээн уралдаан бүрийг маань алгасалгүй үзэж дэмждэг болсон. Ер нь анх боксоор хичээллэхэд ээж гэлтгүй олон хүн шүүмжилж, дургүйцдэг байсан.
-Эмэгтэй хүн боксоор хичээллэж байна гэхээр тухайн үед хүмүүс гайхдаг байсан. Ангийнхан, ялангуяа хөвгүүд нь таныг янз бүрээр өдөж хоргооно биз?
-Тийм тохиолдол нэлээд олон удаа гарсан шүү. Одоо ч гэсэн зарим хүн өддөг л юм. Намайг ямар үйлдэл гаргах нь уу гэж хардаг юм байлгүй.
-Боксоос өөр спортоор хичээллэх сонголт байсан уу?
-10 жилийн сурагч байхдаа хөнгөн атлетикаар хичээллэнэ. Боксын хажуугаар хөнгөнөөр бэлтгэл хийдэг байсан. Эцсийн мөчид боксоо сонгосон. Аравдугаар анги төгссөнөөс хойш хөнгөн атлетикийг бүр мөсөн орхисон. Уг нь дунд болон холын зайд гүйдэг байсан юм. Одоо бол сонголтдоо харамсахааргүй л болж байна.
-Хөнгөн атлетикаар ямар амжилт гаргаж байв?
-Хүнд гайхуулахаар амжилт байхгүй ээ. Өсвөр, залуучуудын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авсан байдаг. Улсын дээд амжилтыг эзэмшдэг Мөнгөнтуяа эгчтэй нэг клубт хичээллэж, хамт бэлтгэл хийдэг байсан. Тэгээд би боксоо, Мөнгөө эгч хөнгөнөө сонгож билээ. Ер нь ихэвчлэн өсвөрийн тэмцээнд л их ордог байлаа.
-Яг хэдэн онд боксын тамирчин болсон билээ?
-2004 он. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2006 онд анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцож билээ. Тэр үед би 17 настай байсан. Хамгийн жоохон нь байсан учраас туршлага судлах маягаар л оролцоод ирсэн.
-Анх удаа ДАШТ-д оролцоход ямар санагдав. Танд гоё дурсамж үлдээсэн байх даа?
-Тэгэлгүй яах вэ, сайхан дурсамжтай үлдсэн. 17-той байсан болохоор гаднын тамирчдыг харж сүрдээд л… Дотроо янз бүрийн юм бодно. Харин одоо бол нэг их ялгараад байхгүй болжээ. Хэзээ л бол хэзээ олимп, дэлхийн аваргаас медаль авахад ойрхон ирсэн гэж боддог юм.
-Эмэгтэй хүн тулааны спортоор хичээллэхээр бусдын хандаж байгаа хандлага ямар байсан бол?
-Нэлээд шүүмжилнэ. Бараг л хүн бүр нэг зүйл хэлнэ. Энэ бүхэнд эхлээд маш их эмзэглэдэг байсан. Нэг нь “хамраа хугалав” гэхэд, өөр нэг хүн “мэдрэл муутай болох вий дээ” гэх мэт. Дуугүй өнгөрнө гэж ёстой байхгүй. Хэдийгээр би боксын спортыг сонгосон ч хүмүүсийн буруу ойлголтоос болоод тайван байж чаддаггүй байлаа. Харин сүүлийн үед энэ спортыг хэвлэл мэдээллээр сайн сурталчилж байгаа учраас хүмүүсийн ойлголт харьцангуй өөрчлөгджээ. Одоо бол хүн бүр амжилт хүсч, дэмжиж байна. Сошиал ертөнцөөр л гэхэд “Амжилт хүсье. Эмэгтэй хүн тулааны спортоор хичээллээд амжилт гаргаж байгааг хараад бахархаж байна. Улам илүү өндөрлөгт гараарай” гэх зэргээр урмын үгсийг их хэлдэг учраас сэтгэл хангалуун байдаг. Тамирчин бид энэ бүхнээс л урам авч байна шүү дээ. Дээрээс нь Инчёоны Азийн наадмыг хэвлэл мэдээллийнхэн маш өргөн бүрэлдэхүүнтэй сурвалжилсан нь спорт сонирхогчдод бүр их нөлөөлөх шиг боллоо. Бөхийг бодвол бокс тэс өөр шүү дээ. Тулааны гэдэг утгаараа эмэгтэй хүн нүүрэндээ цохиулахаас эхлээд үзэгчдэд их л эвгүй санагддаг биз. Манай ээж лав миний тэмцээнийг үзэж чаддаггүй юм.
-Яагаад?
-“Охиноо цохиулж байхыг харж чадахгүй нь. Эвгүй юм байна” гэж хэлдэг. Харин аав сайхан дэмжээд сууна. Бараг надад зөвлөгөө өгөх жишээтэй.
-Үзэгчийн суудлаас эмэгтэйчүүдийн тулааныг хараад суухдаа хоёр тамирчны хэн нэгэн нь нүүр, эсвэл гэдсэндээ цохиулахад өөрөө цохиулсан мэт санагддаг. Ер нь рингэнд гараад тулаан хийхэд өвдөлт хэр мэдрэгдэх вэ?
-Анх рингэнд гарахад сандардаг юм. Бүх зүйл хормын дотор л болж өнгөрнө. Харин сүүлийн үед туршлага суугаад харьцангуй гайгүй болсон. Рингэн дээр тактикийн тулаан хийж сурч байна. Бие халсан тохиолдолд рингэн дээр өвдөлт мэдэрнэ гэсэн ойлголт бараг байхгүй. Ямарсайндаа би гараа хугалчихаад гуравдугаар үеийг тэр чигтээ тулалдаад дуусгасан. Гар хугарсан байсныг тулаан дууссаны дараа эмч хэлэхэд л мэдсэн. Гар хугарсныг мэдрэхгүй байгаа хүн өвдөлтийг яаж мэдрэх билээ.
-Бэлтгэл хийж байхдаа шантарч байсан үе байдаг уу?
-Тийм үе зөндөө. Гэвч багш болон хамтрагч нарынхаа буянаар энэ бүхнийг даван гарсан даа. Бидэнд хамтрагч бага болохоор эрчүүдтэйгээ бэлтгэл хийнэ. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба ах маш их тус дэм болж, эрч хүч өгдөг.
-Ингэхэд таны жинд нэг тэмцээнд хэчнээн хүн байна вэ, дотооддоо шүү?
-51 кг-ын жинд өрсөлдөгч ихтэй. Олимпийн жин учраас тэр байх. Олон улсын хэмжээний мастер С.Болортуул бол миний мөнхийн өрсөлдөгч. Харин энэ удаа жин хасч 48 кг-д өрсөлдлөө. Намайг үргэлж хурцалж өгдөг.
-Тамирчин хүний амжилтад үзэгчид хэр нөлөө үзүүлдэг юм бол?
-Бидний амжилтын нэг хэсэг шүү дээ. Үзэгч олон байвал урам авна, баярлана. Аливаа спортын төрөл үзэгч ихтэй байгаа нь хэвлэл мэдээллийнхний ач буян гэж боддог. Энэ жилийн улсын аваргыг л гэхэд гурван телевиз шууд дамжууллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр бүр шинэ мэдээ хүргэж байна. Хэвлэл мэдээллийн буянаар боксын спортыг хүмүүс сайн мэддэг, бас ойлгодог болсон байна.
Өнгөрсөн оныг товчхон дүгнэвэл?
-Сайхан жил байлаа. Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. 2014 оны шилдэг эмэгтэй боксчин болоод шагналаа УАШТ-ий нээлт дээр авлаа. Мөн өнгөрсөн онд үзүүлсэн амжилтыг минь төр засгаас үнэлж “Алтан гадас” одон хүртээлээ. ДАШТ-д харамсалтай хожигдсон. Уг нь өөрийгөө хожлоо л гэж бодсон. Тэмцээн дууссаны дараа бусад орны тамирчин, дасгалжуулагч нар ч гэсэн надтай гар бариад “чи хожсон шүү” гэхэд дотроо огшиж байлаа. Намайг хожсон АНУ-ын тамирчин аварга болсон болохоор жаахан харамсалтай санагдсан. Надад шударгаар ялалтыг өгсөн бол би өдийд медалийн тавцанд зогсч байх байсан ч юм билүү гэж бодсон. Хоёр жил хүлээсний эцэст медальгүй хоцорсон болохоор сэтгэл гонсгор үлдсэн. Гэхдээ чамлалтгүй. Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Энэ бүхэн манай холбооны удирдлагууд сайн ажилласны үр дүн гэж боддог.
-Азийн наадмыг ярихгүй өнгөрч болохгүй байх?
-Тийм ээ, үнэхээр гоё байсан. Яг л Монголдоо байгаа юм шиг. Үнэхээр олон үзэгчтэй. Боксын тэмцээн болсон ордонд нутгийн иргэдээс илүү монголчууд олон байсан шүү дээ. Тийм болохоор дотроо хөөрч л байлаа. Би Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон нь энэ.
-Инчёон хот танд ямар дурсамж үлдээв?
-Хоттой сайн танилцаж чадаагүй. Тэмцээнээс бусад үед байрандаа л байсан. Гэхдээ Инчёоноос хоосон буцаагүй учраас гоё дурсамж үлдэлгүй яах вэ. Азийн наадамд оролцоно гэдэг хүн бүрт олдоод байх завшаан биш. Тиймээс өөрийгөө азтайд тооцож байгаа. Шинэ хот, шинэ орчинтой танилцсан. Дээрээс нь медаль авсан болохоор би бүр ч их азтай. Инчёонд 20 гаруй хоносон мөртлөө хоттой танилцаж чадаагүй нь жаахан тиймэрхүү юм даа.
-Боксоос өөр ямар спорт сонирхдог вэ?
-Хөнгөн атлетикийн тэмцээн уралдааныг алгасалгүй үздэг. Энэ жилийн хөнгөн атлетикийн ДАШТ Бээжинд хотод болох юм билээ. Амжвал тэр тэмцээнийг очих үзэх төлөвлөгөөтэй байгаа.
-Нэг зүйлийг асуумаар байна. Таныг холбооноос тань шийтгэсэн. Шигшээ багаас хөөх шийдвэр гаргаад эцэст нь буцаасан. Тэр үед юу бодож байсан бэ?
-Бүх зүйл болоод дууссан. Тийм болохоор энэ талаар дахин ярих хэрэггүй болов уу. Би одоо бэлтгэлээ хийгээд л явж байна. Ер нь өнгөрснийг сөхөх дэмий байдаг юм. Сайхан дурсамжийг мартаж болохгүй. Гэхдээ зөвхөн урагшаа л харж явбал хүний амьдрал сайн сайхан болно гэж боддог.
Таны зорилго?
-Тамирчин хүн бүрийн зорилго нэг байдаг гэж ойлгодог. Олимпийн аварга болохыг хүсч мөрөөдөж байна. Олимп, дэлхийн аварга болохын тулд бүхнээ зориулах болно. Ирэх он бидний хувьд маш чухал жил. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, залгуулаад олимпийн наадам хүлээж байна. Тиймээс бэлтгэлээ уйгагүй хийнэ дээ. Дэлхийн аваргад түрүүлж олимпийн эрхээ аваад Рио де Жанейрогийн олимпод түрүүлнэ гэж бодож байгаа. Надад боломж бий.
-Эмэгтэй боксчид олимпийн эрхээ яаж авдаг юм бол?
-2012 онд эмэгтэй боксын төрөл олимпийн хөтөлбөрт багтсан. Тэр үед ДАШТ-д эхний наймд багтсан тамирчид эрхээ авсан. Харин 2016 оны олимпийн эрхийг ДАШТ, мөн бага дэлхийн аварга гэсэн хоёр тэмцээнээс өгнө гэж сонссон. Энэ жил ямар нэгэн эрх олгох тэмцээн байхгүй.
-Та жилд хэчнээн тэмцээнд оролцдог вэ?
-Өнгөрсөн жил таван тэмцээнд оролцсон. Дундаж нь энэ болов уу.
-Гэртээ хэр тогтдог вэ?
-Хэцүү дээ. 365 хоногийн 30-д нь л гэртээ байдаг. Тамирчин хүний амьдрал иймэрхүү л хэв маягтай байдаг юм.
-Танд хобби байдаг уу?
-Орон орны олимпийн хорооны тэмдэг цуглуулдаг. Мөнгөн тэмдэгт цуглуулдаг байснаа сүүлдээ больсон. Үүнээс гадна миний мэргэжил болохоор ч тэр үү Монгол орноороо аялах дуртай. Байгалийн үзэсгэлэнт газраар аялж явахыг хүсдэг.
-Бүсгүйчүүд дэлгүүр хэсэх дуртай байдаг. Та тэдний нэг үү?
-Эмэгтэй л болсон юм хойно дэлгүүр хэсэх хүсэл төрөлгүй яах вэ. Гадагшаа явахад тэмцээнээ дуусгаад заавал дэлгүүр ордог. Дэлгүүрийг харин ч нэг сайн хэснэ шүү. Манай найзууд ядраад “одоо больё” гэтэл нь явна.
-Ихэвчлэн юу авдаг вэ?
-Янз бүр. Гэхдээ энгийн эмэгтэйчүүдийг бодвол пүүз, спорт бараа худалдаж авдаг. “Nike” брэндийг бол дуусгана шүү дээ /инээв/. Мэдээж эмэгтэй хүн юм чинь хааяа болзоонд өмсөх даашинз, гоёл чимэглэл авч таарна. Ер нь л миний шүүгээнд байгаа хувцасны ихэнх нь бэлтгэлийнх. Мөн жинс, подволк, эзэлнэ.
-Та өндөр өсгийт өмсдөг үү?
-Өмсөлгүй яах вэ. Гэхдээ ховор. Баяр ёслолын үеэр л өмсөнө. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сургуульдаа багшилдаг байсан. Багш болоод ирэхээр хүн тэр чигээрээ өөрчлөгддөг юм билээ. Хувцаслалт, яриа, бусдын дунд биеэ авч явах байдал гэх мэт. Багшилж байх хугацаандаа үргэлж өндөр өсгийт өмсдөг байлаа. Гоё ч зохино /инээв/. Өндөр өсгийт өмсөхгүй бол би бие жижигтэй учраас оюутнуудаасаа ялгарахаа больдог юм. Бусад үед пүүзтэй явдаг. Пүүз бол төрөл төрлөөрөө байна шүү.
-Сүүлийн үед бүсгүйчүүдийн дунд тод өнгө зонхилох болж. Харин та ямар өнгийг илүүд үздэг вэ?
-Би ч мөн адил тод өнгөнд дуртай. Эмэгтэй хүнийг чимж гэгээлэг, золбоолог харагдуулдаг учраас тод өнгийг илүүд үздэг. Яг одоо ч гэсэн тод өнгийн цэнхэр подволкоор гоёод явж байгаа биз дээ. Ер нь бүсгүйчүүд тарган, туранхай гэлтгүй тод өнгийн хувцас өмсч байвал зүгээр. Бид чинь энэ орчлонгийн гэрэл гэгээ шүү дээ.
-Тамирчид нэлээд завгүй байдаг. Байнгын бэлтгэл сургуулилт гээд. Үүний хажуугаар гоо сайханд орох цаг зав хэр гардаг бол?
-Цаг гаргалгүй яах вэ. Хэдийгээр эр зоригийн спортоор хичээллэдэг ч гэсэн би эмэгтэй хүн шүү дээ. Үүнийг мартаж болохгүй. Тиймээс өөртөө цаг гаргаж гоо сайхны салоноор үйлчлүүлж, дэлгүүр хэсдэг. Ер нь бол гоё байх дуртай. Би спортынх гээд өөрийгөө хаяад байж болохгүй. Тэгэхээр аль алинд зав гаргаж чаддаг байх хэрэгтэй. Би энэ тал дээр сайн шүү.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Энэ завшааныг ашиглаад намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, мөн С.Баттулга, Д.Энхбаатар багш нартаа талархал илэрхийлье. Мэдээж үргэлж дэмждэг Монголын боксын холбоо, “Империал кастль” компанийнхаа хамт олон, хамтрагч нартаа баярласнаа хэлье. Мөн надтай байнга хамт байж, намайг хурцалж байдаг “Хангарьд” спорт хорооныхондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийг хүсч байна. Та нар байхгүй бол би өдий зэрэгтэй амжилт үзүүлэхгүй байсан. Намайг дэмждэг хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд улам их хичээх болно.

Ярилцсан Д.ГАНБААТАР

Show More

Related Articles

Close