ОнцлохСоёл урлаг

22 жилийн дараа энд суугаад, энэ концертоо үзээрэй…

2

Өдрийн ажилдаа алжаасан нэгэн гэрлээ унтрааж, цонх нь харанхуйлах ахуйд дахиад л хачин сайхан тэр хөгжим чихэнд сонсогдоно. Хэн нэгний хэлснээр бус зөвхөн өөр өөрсдийнхөө сэтгэл, зүрх, эд эсийг чагнан бодлоо дотогшоо чиглүүлэх тийм боломжийг өгөх гоё мэдрэмж. Үүнийг л сонсох гэж Соёлын төв өргөөнд хуран цуглажээ. Ингэх­дээ гуниглана, огшино, дуулна, уйлна гэдгээ ч урьдаас мэдэн бэлтгэлтэй ирсэн юм шиг.

Зарим нь гэрэл аажуухан унтарч, тайз­ны зүгээс нүргэлсэн хөгжим сонсогдох мөчид сэтгэл нь тавгүйтэн суудлаа засна, урь­дын дурсамжаа уудласнаа бушуухан буцаа­гаад далдлаад ч байх шиг. Яруу найрагч Б.Галсансүхийн хэлдгээр сэтгэл гэдэг эрхтэн “сэнсэртэл” хөглөгдсөн тийм сайхан орой. Алс хол, цаг хугацаа, ахуй соёл, амьдрал хагацал, хорвоог таних өнцөг, хайр, харуусал, жаргал, зовлонгоос нь ундран гарсан бүтээлээр үзэгчдийг өөртөө ховсдсон эрхмийн уран бүтээ­лийн гайхалтай цэнгүүн. Бидний хэлдгээр хөгжимд сэтгэл хөглөгдөж, өөрийнх нь тодор­хойлс­ноор бултаараа “сэтгэлийн хөгөө алдсан” тийм гайхалтай үдэш 22 жилийн дараа дахин тохиов.

Нүүрэнд нь мишээл тодорч, буй биеэрээ бүхнийг мэдрэхээр анхаарлаа төвлөрүүлэх гэхдээ нүдээ анисан хэрнээ сэтгэл догдлон хэзээ ч унагааж мэдэх нулимсаа арчихаар нус­ны­хаа алчуурыг зэхсэн эмэгтэй амар амгалан­гийн оронд очсон мэт ард минь тухлан сууна.

22 жилийн тэртээд дэлхийн сонгодог урлагийг үндэсний найрал хөгжимтэй хослуулан хөрвүүлэн толилуулсан түүний тоглолт энэ удаад огтоос өөр.

…Дэлхийтэй хөл нийлүүлэх гэхдээ бусдыг хуулбарлаж, хуулж, тоть мэт дахин дахин даган давтаж, тахин шүтэгч, эцгийн өгсөн нэрнээс хүртэл татгалзагчид нь олширсон дэлхийн бөөрнөө орших гуравхан саяулаа Монголын эд, эс бүрт Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн хошой шагналт, урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноровын шивнэх гэсэн “мессэж” нь үндэстний үнэт зүйлс, бусдаас ялгарах өв соёл, нэгдэн нягтарших, оршихуйн, бүрэн бүтэн байхын гүн ухааны тухай. Үүнийг л хөгжмөөр хэлэхийг зорьсон гэлтэй.

Ингэхдээ өөрөө хөтлөж, уг дуу, бүтээлээр юуг чухалчлахыг зорьсон, түүгээр юун тухай өгүүлэхийг хичээснээ хэлж, зүглүүлнэ. “Ардын дуунаас хулгай хийдэг гэж намайг ярьдаг. Түүнээс л хулгай хийнэ шүү дээ” гэсэн түүний ёжтой хэрнээ нэгийг бодогдуулах үгний дараа хорвоогийн мөнх бусыг таниулах,   

-Аргалд явсан ээжий минь та

Арай дэндүү удлаа шүү дээ

Аагтай цайг чинь санан санасаар

Ангаж явна даа муу хүү чинь

Ээж минь ээж минь энэрэлт тэнгэр минь

Эргээд ирэх тань болоогүй юу… дууг эсвэл,

-Сэрүүн булгийнхаа усыг рашаан чинээ санасангүй

Сэгсгэр буурал ээжийгээ бурхан чинээ бодсонгүй…-г нь сонссон хэн ч ардын дуунаас дутахааргүй бүтээл гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

“Аргалд явсан” ээжийг анх МУАЖ А.Долгор цэл залуухнаараа 22 жилийн өмнө дуулж байснаараа дэлгэцнээ дахин “дуулсан” бол энэ удаад түүний шавь Ц.Шинэбаяр үзэгч­дийн сонорыг мялаав. Харин Н.Жанцанноров “IV курсын оюутанд энэ дуу чанга даваа л даа” гэснийг “магтаал” гэж үзэгчид хүлээн авна лээ.   

…Би, бид, тэр, тэд хэн бэ? Бидний, тэдний гарал үүсэл, зан заншил, соёл урлаг, сав шимийн ертөнц юусан билээ? Иргэншлийн ололт болсон шилэн “жунгли”-д хамт хоригдогсдодоо бид уусаад үгүйрэх үү, ялгаа заагаа мэдрээд ялгарч үлдэхийг хичээх үү. Бид хаашаа яарна вэ гэх асуултыг “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Жамуха, Тэмүүжин хоёрын уулзалтын хэсэгт эгшиглэдэг “Агтны хурдаар” бүтээл эрхгүй тавих шиг.

-Мөрөөдөх л юм даа чамайгаа

Мөрөөдлөө гээд чиг яахав дээ

Мөнхийн энэхэн орчлондоо

Мөнхрөх ч биш дээ хоёулаа… гэж дахиад л хорвоогийн явдал, учрыг таниулах “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” дууг дэлгэцнээ МУГЖ С.Эрдэнэцэцэг 22 жилийн өмнө дуулснаар үзүүлсэн бол тайзнаа СТА Д.Үүрийнтуяа дуулсан. Гавьяат маань ухаарал хайрласан энэхүү дууг аргадангуй дуулсан бол шавь нь багшаасаа арай “доторгүй” дуулчих шиг санагдсан. Харин үүнийг нь ажиглаж суусан тоглолтын эзэн “Эрдэнэцэцэгийг тэвдэж байгааг та нар харсан байх. Гэхдээ Эрдэнэцэцэг ямар нэгэн маяг байхгүй, нэг тийм гоё дуулсан. Үүрийнтуяа маань их хатуу дууллаа. Хохь чинь шүү гээд байгаа юм шиг” гэсэн нь хоёр дуучинг нэлээд сандраагаад амжив.

Бидний дархлаа юу юм бэ? Бидний хамгийн ихээр хүсэмжлэх болсон мөнгө үү эсвэл… гэх гүн бодлыг ар араасаа хөврөх тоглолтын дэс дараалал төрүүлнэ.

Хоёр эсвэл нэг дууны араас Үндэсний найрал хөгжимчид Н.Жанцанноров гуайн хөгж­мийн шилээвэрүүдээс сонирхуулах нь утга, уянгын яруу сайхныг мэдрүүлэхээс гадна бүгдээрээ яарсан энэ нийгмийн биднийг амасхийж, бодох боломжийг олгоно. Энэ удаад “Чилүүгэн”-д үзэгчид уусав. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмийн нэгээхэн хэсэг болох энэхүү бүтээлээ хөгжмийн зохиолч маань ардын дуунаас сэдэв авч хийснээ хэлсэн.

Дахиад л “Ардын дуунаас хулгай хийдэг гэж намайг ярьдаг. Түүнээс л хулгай хийнэ шүү дээ. Дуурь бүжгийн залуу дуучин Энхтай­ван дуулна” гэхэд заал харанхуйлж дэлгэц­нээ Ардын жүжигчин бус залуухан дуучин А.Энхтайваны “Богтолж болохгүй тавилан” дууны бичлэг гарч, араас нь түүний шавь УДБЭТ-ийн гоцлолт дуучин Б.Гомбо-Очир үргэлжлүүлэн тайзнаа амилуулж, мундагчуудын дараагийн халаа гэдгээ нотлон, үзэгчдийг удтал алга ташуулсан.

Үзэгчид ч хүссэнээ авч дараагийн удаад Төрийн шагналт зохиолч Ч.Чимидийн “Усны шувууд” дуугаар Б.Гомбо-Очир үзэгчдийг ёстой л эзэмдэх шиг болно лээ. Дээр нь, УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатараас эхлээд Ц.Шинэбаяр гээд мундагчуудын үргэлжлэл болсон олон сайн дуучин төрөн гарч буйг магтахгүй өнгөрч болохгүй.

22 жилийн дуучдын солигдсон ялгааг сонирхвол,

Г.Эрдэнэбат-Б.Батжаргал “Ботгон нулимс, “Өүлэн ээжийн дуулал”, АЖ А.Долгор-Ц.Шинэбаяр “Аргалд явсан ээжий”, “Ухаан ч үгүй байгаа юу даа”, МУГЖ Ц.Түвшинтөгс-Э.Анхбаяр /Глинкийн шагналт/ “Отгонтэнгэр минь”, МУГЖ С.Эрдэнэцэцэг-Д.Үүрийнтуяа “Мөнхрөх ч биш дээ, хоёулаа”, “Ганцхан чи минь”, А.Энхтайван-Б.Гомбо-Очир “Богтолж болдоггүй сэтгэл”, “Усны шувууд” Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж-О.Хүрэлбаатар “Бодлын үзүүрт”, АЖ Х.Уртнасан-М.Бямба-Эрдэнэ /эгч дүүсийн хүүхдүүд/ гэсэн байдлаар өөрчлөгджээ.

…Тоглолтын дараагийн хэсэг анд, нөхдийн ариун холбоо, түүний үнэ цэнийн талаар үргэлжилнэ. “Жамуха андтай” гэх энэхүү бүтээлийнхээ талаар Н.Жанцанноров дурсахдаа “Бадраа гуай Жамухыг эр бор харцага шиг л хүн байсан” хэмээн уушги нээсэн. Бидэнд үгүйлэгдсэн бас л чухаг сэдэв. Энэ бүтээл албан тушаал, эрх мэдлийн төлөө анд нөхдөө хөнөөж, эхнэр, хүүхэд, эх орноо арилжихаас буцахгүй болсон бидний сувдаг сэтгэлийн чөтгөрийн галыг цурамлах шиг болж, тоглолт дууссаны дараа залуу нь ахмадаа, залуус нь бүсгүйчүүдээ хүндэтгэн зай тавьж, хүн бүхний нүднээс уярал, ухаарал мэдрэгдэх шиг болсон. Харин тоглолт эхлэхэд инээмсэглэн суусан арын суудлын аниа алчуураараа нулимсаа арчин, нусаа татсаар хоцорсон. Н.Жанцанноров гуайн хэлдгээр “хөгөө алдсан” байх аа, хөөрхий.

Тийм ээ, бид чинь энэ хорвоод ирсэн шигээ хоосон буцна. “Үхэл үүдэнд отож байна гэдгийг мэдрэх шиг гайхамшиг байхгүй. Үхэл яг дэргэд байгааг ойлгох, үхэл миний хажууд байгааг надад мэдрүүлсэн нь гайхамшигтай” гэж  Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн хошой шагналт, урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров нэгэнтэй хэлжээ. Тийм ч болохоор тэр өнгө, мөнгөнөөс илүү үнэт зүйлс, утга учрыг бодогдуулж, өгүүлэх гайхамшигт уран бүтээлээ туурвисан биз. “22 жилийн дараа энд суугаад, энэ концертоо үзээрэй” гэж тэр тоглолтынхоо төгсгөлд хэлсэн. Тийм ээ, түүний тоглолтын тасалбар ердөө 15000-20000 төгрөг. Гэхдээ энэ нүсэр тоглолтыг хийсэн зардалаа бараг л нөхөж чадахгүй байх аа. Харин ажилгүй, орлогогүй, амьдрал тааруухан нэгэнд нь хэдэн өдрийн өл залгуулах мөнгө гэдгийг  хөгжмийн зохиолч маань “Миний тоглолтыг үнэтэй гэж бодож буй хүмүүс ч бий” гэх ганцхан өгүүлбэрээр тайлбарласан.

Тийм ээ, бид ийм суутантай энэ цаг үед амьдарч буй азтай улс. Тоглолтын төгсгөлд,

-Хурын усанд цэлмэсэн байгаль нэгэн заяа

Хуурын эгшгэнд цэнгэсэн сэтгэл нэгэн жаргал

Хүний заяа тэтгэсэн ээжий нэгэн заяа

Хүлгийн дөрөөнд хүргэсэн аав нэгэн жаргал… хэмээн түүний охин нь эхлүүлж, ахмад болоод шинэ цагийн мундагчууд түрэн дуулж, дахин хөг алдуулах нь үнэндээ биширмээр. 

Өнгөрсөнд эхэлж өнөөдөр үргэлжилсэн энэхүү тоглолт гурван цагийн хэлхээс болон 22-оос 22 жилд өртөөлөн үр хойчийн минь нүд, чих, сонор, сэтгэлийг  сэргээн донсолгосоор байх болтугай.  Бид азтай ард түмэн.

Show More

Related Articles

Close