ОнцлохТүүх шастир

Соён гэгээрүүлэгч доктор профессор Цорос Д.Баяндалай: Манай удам 380 гаруй жил Дарь эхийг шүтэж ирсэн

Таны  удам  угсаа хэдэн үеэрээ Дарь эх шүтэж ачлал буянд нь багтаж ирсэн гэж “Дурсахуйн товчоо” номдоо та бичсэн байдаг.  “21 дарь эхийн ачлал”-ыг бүтээх  санаа анх  хэдийд яаж төрсөн бэ?

-Тийм ээ, Дарь эх бол баруун монголчуудын тэр дотроо өөлдчүүдийн гол шүтээн. Ээ 21 дарь эх минь, ногоон дарь эх минь л гэж ярьдаг. Дарь эх бол өөлдүүдийн гэр орон  өрхийн төрт ёсны тогтолцоонд асар том нягтрал билэг тэмдэг, оюун ухаан сэтгэлгээний том гаргалгаа болон оршин тогтночихсон юм. Тэр нь бүр зан заншилдаа шингээд орчихсон, уулга алдахаараа ээ атаа таван тэнгэр минь, таван шүтээн минь, ээ дарь эх минь л гэнэ. Өөр ямар нэг юм хэлж хазайхгүй. Зөвхөн тэгж л хэлж дотоод сэтгэлээ ариусгаж байдаг ард түмэн л дээ. Манай удам 350-380 гаруй жил Дарь эхийг шүтэж ирсэн юм. Тэгэхээр өөлдийн ногоон дарь эхийг айл айлд хонуулаад явдаг, аштайхан буян заяатай айл байхад  хорь хоноод дараа нь удаах айлд гэсээр дамнан хоноод явдаг, тэр нь гэхдээ нутаг хошуундаа нэлээд нэр хүндтэй лидер сэтгэлгээтэй нутаг орондоо хошуучилж явсан одоогийн хэллэгээр лидершипүүд дамнуулан хонуулж явсаар 365 хоног нутаг орноороо аялуулдаг байсан байна л даа. Хувьсгалаас өмнө энэ нь уламжлал байж  явсаар хувьсгалын жилүүдэд  цөвүүн цаг болоод шүтлэг бишрэлийн асуудал ангийн дайсны маягтай болоод ирэх хэцүү үед миний аав өөлдийн ногоон дарь эхийг хадгалж байсан түүхтэй юм. Ингээд 1968 он хүртэл хадгалж байгаад музейн эрхлэгчээр ажиллаж байсан  Далхжав гуайд өгсөн юм. Түүнээс хойш аниргүй явсаар 1990-ээд онтой залгаж ногоон дарь эхийн асуудал сөхөгдөөд ирэхгүй юу, тэгээд л би ногоон дарь эхийн дуулал хэмээх шүлэг бичье гэж бодсон. Ногоон дарь эхийн өөрийнх нь философи бол амар амгаланг илэрхийлсэн ажил үйлсийн бүтэмжийг илтгэсэн, эхийн сайхан санаашрал түүний бодол санааг эхнэрийнх нь, ээжийнх нь бодол санаа болгож үйлийн үрд нь нэвчүүлж байгаа тухай домог байдаг юм. Тэр домгоос үндэслээд  би 21 дарь эхийн ачлалыг монголын яруу найргийн хэлбэрт оруулж гайхамшигт монгол шүлэгний тогтолцоонд нь жинхэнэ дарь эхийн ачлалын мөн чанарыг тайлсан юм. 21 дарь эх нь 21 үйл явдлыг өөртөө эрхшээж түүний шид увидсыг агуулна. Жишээ нь төрийн амар амгалан байдлыг эрхшээхэд ямар дарь эх илүү оролцдог юм, өвчин зовлон, ад зэтгэр болоод ирэхээрээ аль дарь эх илүү эрхшээдэг юм, дэлхийн дахины амар амгалан байдлыг тогтооход аль дарь эх нь илүү хамаардаг юм гэхчлэн 21 үйл явдлаар нь шүлэглэсэн юм аа. Энэ нь 1997-98 оны үед бичигдсэн үүнээс хойш өнөөдрийг хүртэл интернэтийн ертөнцөд зохих байраа эзэлснийг та нар харж болно. Ер нь 200-гаад мянган хүн байнга сонсдог, 168 оронд байгаа монголын элчин сайдын яамныхан тэр чигээрээ сонсдог, за тэгээд Дээрхийн гэгээнтэн, Ажиа гэгээн, Ванчин гэгээн, Улаан гэгээн, Цагаан гэгээн энэ дэлхийд байгаа олон гэгээнтнүүд сонсож бясалгаж байна. Тэр аялгууг нь үгний шид увидасыг нь бишрэн хүндэлж тахиж явдаг болчихоод байгаа юм. Бүр Дарь эхийн дууллаар бясалгал хийдэг болжээ.

Сүүлд бичсэн 21 дарь эхийн ачлал ном дээр шид увидасын тайлбар  гэж бии л дээ, номон дээр зураг хөрөгтэйгөө хуучин монголоор шинэ монголоор сайхан бичсэн. Тэр дотор ямар тарнийг яаж уншаад яаж бясалгаад ямар байгаад ямар төлөвт оруулах юм бэ гэдгийг нэлээд нарийн бичсэн .Одоо энэ “21 дарь эхийн ачлал” дууллаар бясалгалын том орон зай бий болоод явж байна шдээ. Тухайлбал Эрдэнэтэд Байгалмаа гэж бүсгүй бясалгалын эрчим энергийг нь дээшлүүлэх тийм сургалт бий болгочихсон, 1000 эмэгтэй суугаад бүгдээрээ дуулаад “Ум дари дүдари дүри суухаа” тарниа хэлээд дууг нь дуулаад ирэхээр тэр хүрээлэн байгаа газар орон орчин маш амгалан тайван болж байна. Усанд дуулж өгөхөөр ус нь өөрийнхөө бүтцийг цастай ижил болгож байна. Тэд бүр үлгэр домог шиг юм ярьж байна лээ. Саяхан би лекц уншаад ирлээ л дээ. Бас л энэ 21 дарь эхийн нууц руу яаж орох вэ гэж. Энд тэнд хүмүүс эрэл хайгуул хийж байна, хийхдээ нөгөө л бидний өвөг дээдсээс шүтэж ирсэн нарийн нандин бурхад  байна, бурхадаар дамжуулаад тэрний нууц руу яаж орох вэ гэдэг сэтгэлгээ рүү яваад орчихсон байна л даа. Өнөөдрийн физикчид ч эрэл хайгуул хийгээд явж байна. Ерөөсөө энэ Буддын шашны өөрийнх нь онол нь онол арга зүй бол физикийн шинжлэх ухаанаар өдрөөс өдөрт нотлогдсоор л байна. Улам баталгаажаад л. Буддизм бол үнэхээр Эйнштенийн хэлснээр мухар сүсэг биш байна наад чинь далд ухамсарт бүтээгдсэн асар том мэдлэг байна аа энэ мэдлэгийн зах зух руу явж орох ёстой  юм байна аа гэдгийг л илэрхийлээд  байгаа юм. Энэ тухай одоо дэлхийн сонгодог физикчид хошуураад яваад орчлоо шүү дээ. Сүнсний менежмент, үйлийн үрийн менежмент гэдэг нэр томъёо хүртэл гарчихлаа.Тэгж байж энэ нийгмийг засаглах юм аа. Хүнийг иргэн болгох, хүний сайн сайхан ирээдүйг бий болгох юмаа гэж л үзээд байна. Тэрний нэг илрэл нь 21 дарь эхийн ачлалаар хийгдсэн  Дарь эхийн бясалгал. Үнэхээр хүнийг өөрчилж байна. Хүнийг ороод ирэхэд нь түвшингий нь компьютер графикын аргаар судалж оношлоод дараагаар тэр дууллыг дуулаад сэтгэлээ төвлөрүүлээд буцаад гарахад нь нөгөөхөөр шалгаад үзэхээр бүх эвдэрсэн эрчим хүч нь цэгцэрсэн байгаа юм .Энэ бол үгний шид, яруу найргийн гайхамшигт хүч, хөгжмийн аялгууны шид. Дээр нь Дарь эхийн адис жанлавыг хураасан тэр их нарийн эрчим хүний бохирдлыг цэвэрлэж байгаа юм шүү дээ.

Таны аав багаасаа олон сайн лам хувилгаад, багш нарын ивээл дунд өссөн болохоор мэдлэг мэдээлэл ихтэй байсан гэдэг?

Ер нь би бол өөлдийн том том хувилгаад, соён гэгээрүүлэгчид, эрдэмтэй лам нарын дунд өссөн хүн. Маш азтай нь тэр. Юу гэхээр 1937 оны баривчилгаагаар  манай өөлдийн хувилгаан багш баригдаад явахад аав маань шавь нь байсан. Хамгийн бага шавь нь байж. Хувилгаан багш би танайд эргэж төрнө өө,та нар хичээгээрэй гэж хэлсэн байдаг. Түүнээс хойш 10 жилийн дараа тэр хэлсэн үг гэнэтхэн санаанд нь ороод, би эхнэр авахгүй бол болохгүй юм байна гэж бодоод миний ээжтэй таарч гэр бүл үүсгээд  би мэндэлсэн юм. Нэг нууц дэлгэхэд би эхээс  төрөхдөө энгэр дээрээ номын үсэгтэй тэр тарнийн бичиг нь уншигддаг байсан байна л даа. Ингээд өөлдүүдийн бүх настайчуул нь  үүнийг нуух хэрэгтэй юм байна, хувилгаан багшийн дүр эргээд бидэнд ирлээ энэ их азтай завшаантай юм боллоо гэж нуусаар намайг 7 дугаар анги хүртэл нуусан байдаг юм.

Ингэж явсаар миний авга ах наниа хэмээх лам Хөхөлдэйн Гончигжав аав хоёр нийлж байгаад биенд нь буцаан шингээх  дом засал хийж хожим хүн харвал гайхаж цочирдоно гэж бодсон байх, тэгээд л хэд хоногийн дараа алга болоод биендээ шингэсэн гэдэг юм. Ингэж анх илэрсэн юм. Яагаад ийм уламжлалтай байсан гэхээр аав хувилгаан багшийн хамгийн бага шавь нь, хувилгаан багшийн багш нь миний хөгшин ээжийн ах Рэнцэн хамба гэж хүн байсан. 1937 онд хоёулаа баригдаад явсан байхгүй юу. Ингээд дараа нь хилс хэрэгт холбогджээ гэж хэлээд цагаатгасан тогтоол гараад бидэнд нэг сая төгрөг өгөөд уучлаарай гээд өнгөрсөн. Рэнцэн хамба хувилгаан багш хоёроос үлдсэн хүн нь би л байна шүү дээ.

1927, 1931 оны хүн амын тооллогоор хувилгаан багш, Рэнцэн хамба, манай аав ээж надтай холбогдолтой хүмүүсийг бичсэн материал бий. Миний аавын аавыг Дарьзав гэдэг, Дарьзавын аавыг Өлзий, Өлзийн аавыг Гүнсэн гээд цаашаа явна л даа. Нэг нотолгоотой баримт нь энэ.  Хоёрдугаарт манайх Цорос удмын тэргүүлэгч цагаан ястай удам.Түүхийн шинжлэх ухааны доктор профессор гавьяат Далай гуай манай эмээтэй, аавтай ирж уулзан баруун монголын энэ түүхийн талаар асар их материал цуглуулж байсан хүн л дээ. Б.Ринчин гуай, Ц.Дамдминсүрэн гуай ч уулзаж байсан тэр л одоо баруун монголын хүрээ хийдэд байсан бүх л ном судрыг тэд ачиж авчраад төв номын санд өгсөн юм байхгүй юу. Одоо ч тэр номууд нь байдаг юм. Манайхаар  орж гараад тэнд байдаг номыг үзэж хараад соёрхоод явж байсан удаатай. Ингээд Далай гуай миний удмыг  тодруулаад танайх бол Галдан бошгот хааны Баатар хун тайжийн наймдугаар дүү Бум-Эрдэнээс улбаалсан хүмүүс байна гэж, Бум-Эрдэнэ хэн бэ гэхээр Шар манж гэж том  хүүтэй тэрнээс нь бага Цэрэндондог түүнээс нь  Нэмэхжаргал гэж хүү төрсөн Нэмэхжаргал нь гурван хүүхэдтэй байсны нэг Гунзгай гэж хүүг нь өөлдүүд нууж байгаад Эрдэнэбүрэн рүү аваачсан. Тэнд Буян гэдэг эмэгтэйн охин Сувд хэмээх бүсгүйтэй дэр нэгтгэж Гунзгайн Гүнсэн төрсөн, Гүнсэнгээс Өлзий, Өлзийгөөс Дарьзавь, Дарьзаваас Доржготов, Доржготовоос Баяндалай төрсөн гээд бүгдийг нь бичээд өгсөн байдаг юм. Ийм л бодитой үнэн юм.

Та өөрөөсөө дээш хэдэн үеэ мэдэх вэ?

Пунцагдаш багш нэг ном гаргасан байна лээ. Манайхныг Хар хул хааны  хүртэл явуулсан  байна лээ.Би Баатар хун тайжаас дээшээ 14 дэх хүртэл үеэ мэднэ.Манай Ойрадын нэг том онцлог бол ерөөсөө л угийн бичгийг хөтөлдөг удам угсаагаа нарийн мэддэг ялангуяа долоон дээд эцгийн буян гэдэг бол үнэхээр цаглашгүй юм байдаг юм, долоон дээд эцгийнхээ буянд багтаж яв түүнийгээ битгий сэвтээ гэж миний аав байнга ярина шүү дээ.

Энд тэнд олж үзэж байсан таны номоос аавын тухай илүүтэй харж явж, ээж тань ямар хүн байсан бэ?

Миний ээж Чойрîгийн Дангаажав гэж хүн байлаа.Аав  өөрөөсөө 21 дүү жаахан “хүүхэд”-ийг аваад суучихсан байхгүй юу.Миний ээж бол аавд өөрийнхөө аав шиг ханддаг, аав бол ээжид эрх хүүхэд шүү дээ, өглөө босоод нүүрийг нь угааж өгнө алчуур авчирч өгөхгүй бол хоёр гараа сойгоод л хүлээж байна. Тэгж их хүндэлнэ.Хүнд хайртай байна гэдэг тэрийг л хэлж байгаа юм.Ээж үнэхээр нөхрөө яаж хайрлахын үлгэр  жишээг амьдаар нь гэрчилсэн хүн, аавын үгнээс гарахгүй маш дэглэмтэй, хажууд нь муухай харахгүй аашлахгүй байнга инээмсэглэсэн додомдсон арчилсан тийм л байдаг. Маш сайхан хоол хийнэ, аав ээжийн хийсэн хоолыг л иднэ үү гэхээс өөр хүний хоолыг барагтай бол идэхгүй шүү дээ. Аав айлд очдоггүй хүн байсан юм. Энэ тэрүүгээр хамаагүй явахгүй айл хунар хэсэхгүй зөвхөн ээжийн гарын хоолыг л иднэ. Миний ээж бол монгол эмэгтэйн жинхэнэ төгс шинжийг агуулсан,  бие жижиг ч гэлээ бүх зүйл нь таарсан цаанаа нэг эрхэмсэг тийм эмэгтэй  байсан л даа. 85 наслаад өөд болсон.

Танайханы ам бүл өнөр өтгөн болоо байлгүй?

Одоо 160 далаад хүн болоод байна. Бид эцэг эхээс 10-уулаа.Модон Цогтын Гомбо чинь миний авга ах, яагаав Сүхбаатар кинон дээр гардаг “ховдог” Гомбо. Цогтынх чинь Гомбо Баазар гээд хоёр хүүхэдтэй байсан.Ингээд бодохоор манай удам дандаа хувьсгалтай холбоотой, шинэчлэлтэй холбоотой байдаг юм.

Та аавынхаа буянд зориулж 12 боть ном туурвиж чамгүй олон лекц уншсан гэсэн?

Одоо тэр 12 боть чинь 21 болчихоод явж байна. 1990-ээд оноос хойш л хийсэн ажил. Ямар учиртай гэхээр энийг би бичихээс өөр хүн бичих боломжгүй юм. Яагаад гэвэл нэг давуу тал байгаа юм. Би өөлдийн хамгийн тэргүүний сэтгэлгээтэй хүмүүсийн дунд өссөн. Дарь эхийн мандал шивийг манай удам миний аав хэзээ ч таслаагүй. Зуны эхэн сарын 3-нд хурдаг  бол яг л тэр зуны эхэн сарын 3-ндаа л хурна. Хувьсгалын үеэс эхлээд социализмын үеэр дамжуулаад байнга тасалдаггүй жил бүхэн хурж ирсэн .Дарь эхийг магтсан тухай магтаал л даа. 21 дарь эхийн ачлал  бол үүний үргэлжлэл бөгөөд  дарь эхийн мандал шивийг хурж байгаагийн нэг шинж.Тэрийг хүн сонсоод ариусч байгаа сайхан болж байгаа явдал бол дандаа тэр дарь эхийн шид увидас хүнд хүрч байгаагийн илэрхийлэл юм аа.

Таны бичсэн  бүтээл дотор “Гурван эрдэнийн дуулал”,”Билгийн цагаан суварга, “Долоон бурханд өргөх дуулал” гээд гол төлөв шашны тухай илүүтэй зонхилох юм?

Ер нь бурханы шашинтай холбогдолтой олон шүлэг бичсэн. Жишээ нь Говийн ноён хутагт Данзан Равжаагийн Хамрын хийдэд очоод “Говийн тахилга” гэж шүлэг бичсэн. Данзан Равжаа бол өөлд хүн. Манайхан говьд байснаар нь хэлээд ойлгоод байгаа болохоос уг гарлыг нь судалбал баруун монголын хүн байгаа юм. Долоон бурханы тахилгын тухай шүлэг бас бичсэн л дээ. Долоон бурхан гэдэг бол баруун монголчуудын үнэхээр бурхан нь. Долоон бурханы тухай үйл явдал бол 1333 оноос улбаатай. Төгстөмөр хааны үед долоон бурханы тахилгын судар гэж зохиогоод монгол хэл дээр тэр нь 2000 хувь хэвлэгдээд явсаар явсаар төвд рүү орчуулагдаад ганжуур данжуурын 108 ботид орсон байдаг юм. Энэ бол угаасаа төвдиийнх биш, хятадынх биш, энэтхэгийнх ч  биш, энэ бол монголчуудын сав шим ертөнцтэй энэ сансар огторгуйн од эрхэстэй хэрхэн холбогдож өөрийнхөө амь амьдралыг даатгаж түүнээсээ эрчим хүч авч байсных нь нууц.

Мал хотондоо ирэхгүй бол долоон бурхандаа залбирч сүүгээр цацал өргөөд хоноход л маргааш өглөө нь мал нь эсэн мэнд чоно нохой зэрэгт ээрэгдээгүй элдэв барцадгүй хүрээд ирдэг. Үр хүүхдийхээ төлөө долоон бурхандаа даатгадаг, миний үр хүүхдийг дааж харж яваарай хэмээн залбирч сүсэглэдэг гэх мэтчилэн долоон бурхантай холбоотой олон зүйл байна. Арван хоёр жилийг чинь долоон бурханы одууд хоёр гурваар нь хариуцаад авсан байдаг шүү дээ. Тэр болгон чинь сансар хорвоотой хүний хувь тавилан, зам мөр, ажил үйлс  ямар нэгэн холбоотой байдаг юм байна  аа гэж нэн  дээр үед  ухаарч байсны билэг шинж нь тэр. Тэгээд од тус бүр өөрийн гэсэн сайхан тарнитай уншиж бясалгана.

SONY DSC

Мөн “Арван хангалын дуулал” гэж арван сахиусанд нь зориулж дуулал бичсэн. Миний энэ олон юм бичсэний  цаад учир шалтгаан нь ерөөсөө баруун монголчуудын байгаль орчинтойгоо нийцэн амьдарч түүнийхээ үр шимийг хүрээлэн авдаг хүртэж байдаг түүндээ баярлаж талархснаа илэрхийлж байдаг гайхамшигтай зан заншил байхгүй юу даа. Энэ зан заншилд зориулж байгаа юм л даа. Энэ бүхэн явсаар Эе эвийн хүрээлэн болж төлөвшөөд Галдан Бошгот хааны түмэн өлзий гийсний 370 жилийн ойгоор  /бошготын худаг гэдэг замтын хөтөл дээр байгуулсан юм л даа/./ Галдан бошгот хааны/ түүний адууны жүчээ байсан тэр газарт нь Хүслийг хангагч Цагаан өвгөн шүтээн, Билиг билгүүнийг үүсгэгч бодь суврага үтэр түргэн аврагч Дарь эхийн цогцолбор босгож шүтээний орон үүсгэсэн юм.

Цагаан өвгөнийг Цэрэндүг гэдэг. Энэ бол бурхан багшаас өмнө байсан бурхан. Манайхан урт наслахын бэлгэдэл гэдэг. Цагаан өвгөн гэдэг бол сав шим ертөнцийн бүгдийг нь захирч бүгдийг нь зохицуулж бүх үйлийн үрийн сайн мууг нь ялгаж байдаг ийм гайхамшигтай тэнгэр. Үүнийг зүгээр нэг жижигхээн юм гэж ойлгож болохгүй. Бурхан багштай анх уулзаад бурхан багш та үнэхээр гайхамшигтай эрдэм төгс тэнгэр байна аа таны оршиж байгаа орон зай тань хийж байгаа ажил үйлс тань юу вэ гэхээр, би 24 дагуултай энэ ертөнцийн сайн мууг бүгдийг нь шинжиж байдаг цаашлаад үйлийн үрийнх  нь дагуу эдлэх жаргалыг нь эдлүүлж хүртээх гэсгээлийг нь хүртээлгэж байдаг ингэж энэ ертөнцийн үйлийг зохицуулж байдаг юм аа гэж хэлсэн тухай паян домог байдаг юм.

Энэ домгийн дагуу 108 бадагтай залбирлын дуулал бичсэн юм. Тэр дуулал интэрнэтэд бий, олон хүн сонсдог,  их сайхан клип хийсэн. Тэр дотор ороогүй хүний  төрөл, ороогүй хүний харилцаа гэж байхгүй.

1990-ээд оны үед монголын нийгмийн ороо бусгаа үед тайван амгалан байлгах тухайд “Гурван эрдэнийн дуулал”-ыг зохиогоод хөгжмийг нь Н.Жанцанноров гуайгаар бичүүлэх гэж өгөөд чимээгүй болсон тухай бичсэн байдаг?

Уг нь яг Жанцанноровоор  л хийлгэх гэж зориулж бичсэн. Жанцанноровын бие муудлаа гэхийг сонсоод тэгээд зүүдлээд тэр зүүдэндээ миний энэ аялгууг зохиож байна аа Жанцанноров л зохиож байна гээд тэгээд энэ дуулал маань амь орох юм байна ер нь өвчин нь илаарших юм байна гэж бодоод дараа эмчлүүлээд ирснийх нь хойно “Гурван эрдэнийн дуулал”-ыг өөрт нь атгуулсан юм. “Гурван эрдэнийн дуулал”-д Бурхан багш, Арьяабал, Дарь эх гурав багтана. Энэ бүхний  шид увидасаар эдгэрсэн. Одоо бол мартсан байж магадгүй. Санавал бичих л байх л даа. Ер нь тэрнээс хойш түүний бичсэн хөгжим аялгуу  “Цагаан суварга”-аас эхлээд сайхан сайхан монгол аялгуунууд байна шүү дээ. Тэр бүхэн дандаа миний мөрөөдөж бодож байсан зүүдэнд орсон мэт аялгуунуудыг биччихсэн байгаа юм л даа. Тэгэхээр бараг түүнийг бичсэнтэй ялгаа байхгүй л гэсэн үг л дээ.

Ш.ГЭГЭЭ

Show More

Related Articles

Close