ОнцлохСоёл урлаг

Б.Бямбадорж: Авсан зураг бүхнээ би уран бүтээл гэж боддог


BB” студийн гэрэл зурагчин Ж.Бямбадоржийг урьж, уран бүтээлийн халуун яриа өрнүүллээ.

-Эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнгийн үеэр таны бүтээлтэй анхлан танилцсан. Үзэсгэлэнгийн танхимд байрласан зургуудаас таны бүтээлүүд олны анхаарлыг илүү ихээр татаж буй мэт санагдсан шүү?

-Өнгөрсөн сарын сүүлээр Монголд гэрэл үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан 13 эмэгтэй гэрэл зурагчны хамтарсан “Бүсгүй мэлмий” үзэсгэлэн гарсан. Энд үе үеийн түүхийг гэрэл зургийн хальснаа буулган мөнхөлсөн, одоо ч буулгаж яваа цөөхөн эмэгтэй гэрэл зурагчидын нэгэн гэгдэж  эдгээр бүсгүйчүүдтэйгээ хамтран бүтээлээ дэлгэн оролцсондоо баяртай байна. Тэдэн дундаасаа би студийн гэрэл зураг авдаг нь юм. Тиймээс хамгийн эхний ялгаа энэ байсан байх. Мөн өнгөрсөн хугацаанд авсан зургуудаасаа зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдийн  зургийг сонгож, энэ үзэсгэлэнд оруулсан. Үүгээрээ мөн бусдаас ялгарсан байх. Үзэсгэлэнд оролцсон бусад гэрэл зурагчдын хувьд ихэвчлэн өдөр тутмын сонин, сэтгүүлд ажилладаг. Тиймээс энэ хүмүүсийн уран бүтээл миний авч буй зургуудаас өөр байх нь мэдээж л дээ. Тэгээд ч гэрэл зурагчин бүрт өөрийн гэсэн арга барил, өгүүлэмж, өнгө аяс байдаг гэж би боддог. Тийм л учраас би энэ удаагийн үзэсгэлэнгээр бусдын адил өөрийн өнгө аяс, өгүүлэмж, ур чадвараа харуулахыг хичээсэн юм.

-Ингэхэд та жирэмсэн бүсгүйчүүдийнзургийг хэзээнээс авч эхэлсэн юм бэ?

Миний аппарат барьж эхэлсэн үе гэвэл 2003 он юм уу даа. Харин 2006 оноос хойш дагнан студид зураг авсан. Студи л юм хойно гэр бүлийн, хүүхдийн, хөрөг гэх мэт зургууд авна шүү дээ.Тэдний хажуугаар ганц нэг жирэмсэн бүсгүй зургаа авахуулдаг байсан. Тэр үеэс л бүсгүйчүүд энэ төрлийг их сонирхдог байсан юм шиг байгаа юм. Энэ нь ч надад сонирхолтой санагддаг байсан.Удалгүй миний авсан зургуудыг харсан хүн ирж, энэ төрлийн зураг авахуулах хүсэлтээ илэрхийлдэг болсон. Хоёр талын сонирхол нийлнэ гэдэг гэрэл зурагт хамгийн чухал. Сонирхол нийлэхээр мэдээж, амьд харилцаа үүснэ.Тухайлбал гэр бүлийн хөрөг зураг гэж яг юу юм бэ… Үүнд хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулах байх. Гэвч өнгөрсөн хугацаанд миний олж анзаарснаар гэр бүлийн тухайн цаг үеийн аз жаргал нандин холбоосыг л  мөнхлөх явдал юм. Ингэж бодоод эхлэхээр гял цал зүйл, хиймэл дүр, эрээн чамин хувцаснаас өөрийн эрхгүй татгалзаж эхэлж байгаа юм. Тэгээд ч хамаг сайхан зүйл энгийн байдлаас эхэлдэг гэдэгт би итгэдэг.

-Жирэмсэн бүсгүйн хөрөг зургийн хувьд гол баатраа өөрөө сонгох тохиолдол байдаг уу?

-Байлгүй яах вэ. Гэвч энэ бол хүсэл сонирхлын нэгээхэн л хэсэг шүү дээ. Энэ их сайхан бүсгүй байна даа гэж бодоод зургийг нь авахаар миний хүлээлтээс тэс өөр үр дүн гарах нь ч бий. Мөн юу ч бодолгүй, эсвэл жирийн л нэг эмэгтэйгийн зургийг авахад уулга алдмаар үр дүн ч гардаг тохиолдол байна. Энэ бүхнээс ажиглаад байхад хүний гэрэл зургийг зөвхөн хараагаар баримжаалах боломжгүй юм л даа.

-Танд яг одоогоор энэ төрлийн хэдэн зураг байна?

-Тоолж үзээгүй.Тоолоход багаггүй хугацаа зарцуулах байх аа.

-Сүүлийн 10 орчим жилээс та мэдээж нийгмийн чиг хандлагын өөрчлөлт гээд олон зүйлийг мэдэрч байгаа. Монгол бүсгүйчүүдийн хувьд 10 жилийн өмнөхөөс яг ямар ялгааг та мэдэрч байна вэ?

-Цаг хугацааны өөрчлөлт хүн бүрт л мэдрэгдэж байгаа. Тухайлбал орчин цагийн монгол бүсгүйчүүд маш нээлттэй, илэн далангүй болсон. Гэр бүлийнхээ зургийг авахуулах гээд ихэнхи хүмүүс шууд л студид хүрээд ирдэг байсан бол харин сүүлийн үед  хүмүүс гадуур явж гол нь судалгаа хийн урьдчилан ярилцаж иймэрхүү байдлаар зургаа авахуулмаар байна гэхчилэн санал бодлоо солилцон сонголт хийдэг болж байгаа. Бүр зохиомжоо гарган төлөвлөчихсөн ирэх нь ч бий. Энэ бүхэн дээр нь санал бодлоо хуваалцаж хамтран ажиллах нь надад их сайхан санагддаг. Яагаад гэвэл сайн зураг гарахад зөвхөн зурагчин зургаа сайн авахаас гадна авахуулж байгаа хүнээ зургандаа оруулан  энгийн эгэл жирийн сайхан төрхийг ил гаргаж харуулахын тулд хамтын ажиллагаа маш чухал.

-Студид гэрэл зураг авна гэдэг зохиомж, ур чадвар зэргээс гадна олон бэрхшээл тулгардаг байх. Гэвч гэрэл зургийн бусад төрлөөс хэтэрхий хялбар биш үү?

-Нийтийн дунд ийм ойлголт бий. Зургаа авахуулъя гээд гүйгээд ирсэн хүнийг суулгаад, эсвэл зогсоогоод хэд хэдэн кадр дараад л болдог юм шиг төсөөлөл ч бас байна. Магадгүй энэ байдал өнөөгийн энэ олон студи үүсэн бий болоход голлон нөлөөлсөн байх. Мөн хувь зурагчин зөвхөн ашиг, орлогоо бодвол хүмүүсийн ойлголтод байдаг арга барилаар ажиллаад ч байж болох биз. Гэвч би гэрэл зурагчин гэдгийг арай өөрөөр ойлгодог. Угтаа гэрэл зураг гэдэг бол урлагын нэг төрөл. Энэ урлагыг хөгжүүлэх гээд явж байгаа нөхдүүд бол гэрэл зурагчин. Тиймээс ч гэрэл зурагчин гэдэг нь мэргэжил гэж хувьдаа бодож явдаг. Би мундаг мэргэжлийн хүн биш л дээ. Гэхдээ нэлээд хэдэн жил энэ салбарт ажиллаж амьдарч байгаагийн хувьд өөрийнхөө мэдрэмж ойлголтоос хуваалцаж байна. Бидэнд нарийсч мэргэших шаардлага бол бий. Барууны гэрэл зурагчдыг харсан ч тэр зайлшгүй мэргэших хэрэгтэй. Харин иргэдийн дунд энэ талын ойлголт тун тааруу байгаа. Байгалийн зураг авдаг гэрэл зурагчнаар “Чи ийм гоё зураг авдаг юм чинь манай гэр бүлийн зургийг авч өгөөч” гэсэн асуудлыг тавьдаг. Үнэндээ байгалийн зураг сайхан авдаг байлаа гээд гэр бүлийн зураг сайн авдаг байна гэсэн ойлголт биш л дээ. Би ч өнөөдөр аппаратаа авч гараад л гоё байгалийн ч юм уу үйл явдлын зураг авч чадахгүй. Огт зураг авдаггүй хүний дэргэд бол дөхүүлээд ямар ч байсан дүрс гаргах л байх. Гэхдээ гарч байгаа дүрс болгоныг ихэнхи хүмүүс шууд утгаар нь зураг гэж ойлгодог. Харин энэ зургийн сайн мууг ялгаж ойлгож нэг ёсондоо зургийг уншиж сурах хэрэгтэй  байна л даа. Мэдээж сайн бүтээл бол тодорхой хэмжээгээр үнэ цэнэтэй байх ёстой. Уран бүтээл хийхийн тулд хүн бүрт л цаг хугацаа, мэдрэмж, шинэ санаа, зохиомж, техник ажиллагаа гэх мэт олон хүчин зүйл хэрэгтэй болно. Би зураг авч байхдаа нэгэн сайхан гэр бүлийн хөргийг бүтээж­­ байна л гэж ажилладаг. Гараас гарч буй бүхнээ уран бүтээл гэж боддог учраасусан “юм” гаргах эрхгүй гэсэн үг биз дээ. Энэ л зарчмаар би ажлаа хийж явна. Тухайлбал ганцхан хүүхдийн зургийг авах гэж бүтэн 2-3 цаг зарцуулах тохиолдол ч гарна шүү дээ.

­

-Тэгвэл таны ажилд ямар хүндрэл үүсдэг вэ?

-Хүндрэл бэрхшээлийн тухай салбар бүрт л яриа байдаг шүү дээ. Тэр болгоныг даваад гарахыг зорьдог учир нэг их бэрхшээл гээд л бодоод явахыг хүсдэггүй. Харин өдий болтол ойлгоогүй сонин зүйл гэвэл байна аа. Би гэрэл зургийн студид байдаг хувцаснуудын учрыг одоо болтол ойлгохгүй байгаа юм. Уг нь чамлахааргүй л хэдэн жил энэ салбарт ажиллалаа. Орж ирсэн хүмүүсийн дунд “Танайд ямар ямар хувцас байна” гэж асуух хүн олон байдаг. Гэтэл би өөрөө хувцас цуглуулж, хүмүүст хиймэл дүр үүсгэхийг боддоггүй. Учир нь гэрэл зураг түүх өгүүлдэг гэж хүн бүр л хэлдэг. Би ч бас санал нийлдэг. Тиймээс энэ түүхийг тухайн цаг үеийнхээ өнгө төрх, өөр өөрийн өмсгөл чимгээр бүтээх учиртай гэж боддог юм. Ялангуяа бага насны хүүхдийг ер нь л хүмүүсийг студийн биш өөрийнхөө хувцастай аль болох зургаа авахуулаасай л гэж боддог. Одоо тэгээд ч хүүхдээ муухай хувцасладаг аав ээж байхгүй дээ. Тиймээс хувцас нь хүртэл түүх өгүүлээсэй гэж хүсдэг юм. “Намайг бага байхад аав маань ‘’Шинэ жилээр энэ цамцыг авч өгч билээ”, “Миний залууд ийм хувцас л моод байж дээ” ч гэдэг юм уу олон олон түүхийг зөвхөн тэр хувцаснаас уншиж болно. Харин студийн хувцас ийм сайхан дурсамж түүхийг агуулж чадах болов уу?.Тэгээд ч тэр хувцсыг өнөөдөр би өмслөө, маргааш өөр хүн өмсөнө гэхчилэн өдөр бүр ээлжилж сольж өмссөөр эцэст нь айл бүрт хүн нь солигдсон ижил хувцастай зургууд гэж бодохоор хувцас цуглуулахыг ер  таашаадаггүй.

-Ийм байдлыг одоо байгаа гэрэл зургийн студиуд бий болгосон биш үү?

-Тийм байж болно. Харин гэрэл зурагчид бий болгоогүй. Тиймээс л ялгаа хэрэгтэй байгаа тухай яриад байгаа юм шүү дээ. Зүгээр л ялгаа хэрэгтэй байна гээд яриад суух биш би өөрийнхөө хэмжээнд уран бүтээлээ хийгээд явж л байна. Өөрөө юу ч хийгээгүй байж, яриад суух нь угаасаа утгагүй. Тиймээс өөрийнхөө хэмжээнд гадна дотны зурагчдын гэрэл зургийг сонирхон, судалж өөрийгөө боловсруулахыг хичээдэг. Ер нь манай гэрэл зургийн хөгжилд хойд хөршөөс гадна хятад солонгосын хэв маяг ихээхэн нөлөөлсөн юм шиг байгаа юм. Зураг авахуулна гэхээр л гоё даашинз өмсөх хэрэгтэй гэж ойлгодог ч юм уу. Ямартай ч хэтэрхий эрээн гялгар орчинг бүрдүүлэх гээд байдаг тал байна. Харин барууны гэрэл зурагт бол өөр шүү. Маш энгийн атлаа хамгийн чухал нь хүмүүсийн хоорондын холболт, дотоод сэтгэлийн илэрхийллийг илүү чухалчилж харуулахыг зорьдог. Тиймээс ч би ийм чиглэлийн зурганд дуртай. Өөрийн авч байгаа зургандаа ч тусгадаг.

-Таны ярьсан бүхэнтэй санал нийлж байна. Гэвч манай улсад гэрэл зураг судлаач, шүүмжлэгч гэж байхгүйтэй адил байна. Мэргэжлийн төвшний энэ шүүлтүүр байхгүй болохоор яаж ялгаа, заагийг нь тодорхойлох юм бэ. Олон хүнд таалагдсан зураг авна гэсэн шалгуураар явбал уран бүтээл гэдэг утгаасаа гажих нөхцөл үүсэх биш үү?

-Гэрэл зургийн салбарт мэргэжлийн шүүмж, судлал үгүйлэгдэж байгаа нь маргаангүй үнэн. Харин Гэрэл зурагчдын холбооноос хойшид үзэсгэлэнгүүд шат дараатайгаар гаргаж, түүнийгээ мэргэжлийн төвшинд шүүн тунгааж, ярилцдаг, энэ чиглэлийн өгүүллүүд бичдэг болохоор ярилцаж байгаа юм билээ. Мэдээж энэ ажил хэрэгжээд эхлэхээр тодорхой үр дүнг бий болгоно л доо.

-Тэгвэл та утга зохиолын хэр их мэдрэмжтэй хүн бэ?

-Би сайхан “юм” бүхэнд дуртай. Б.Лхагвасүрэн гуайн эсвэл Л.Өлзийтөгсийн шүлгээс би гоё ганган үгийг маш бага мэдэрдэг. Тийм атлаа уншихад л бусдыг татах, итгүүлэх увидастай байдаг. Энэ зэргээс эхлэн бодоод байхад сайхан бүхэн хүн бүрийн олж хараад байдаггүй энгийн зүйлээс эхэлдэг юм шиг санагддаг.

Ярилцсан Д.Ганбаатар

Show More

Related Articles

Close