Онцлох

Батаарыг хилээр гаргасан сэжигтнүүдийг тогтоожээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Нэмэгтийн хөндийгөөс 1946 онд олдсон үлэг гүрвэлийн араг яс АНУ-аас эх нутагтаа ирээд хэдхэн хонож байна.  Монголын хилийг хэзээ, хэрхэн давсан нь тодорхойгүй байсан Батаарыг  Монгол болон АНУ-ын хамтарсан ажлын хэсэг бүтэн жилийн турш ажилласны хүчинд ийнхүү буцаан аваад байгаа билээ.

Үлэг  гүрвэлийн араг ясыг Монголоос АНУ-д аваачиж, дуудлагаар худалдаалах гэж байсан Эрик Прокопи, Крис Мур нарыг Америкийн шүүх шүүж гэм буруутайг нь тогтоосон. Гэвч эдгээр хүмүүс монголчуудын тусламж дэмжлэггүйгээр энэхүү түүхийн их хэмжээний үнэт олдворыг гаргана гэдэг боломжгүй зүйл. Тэр утгаар нь ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийн даалгавраар Монголын талаас тусалсан этгээдүүдийг хайхаар Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлсэн.

Тухайн үед ажлын хэсэг МУИС-ийн багш, доктор, профессор А.Пэрлээ, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Р.Барсболд нарыг энэ хэрэгт холбоотой хэмээн сэжигтнээр татаж, байцааж эхэлсэн ч  дээрх хүмүүс эл хэрэгт холбоотой болохыг нотлох баримт олдоогүй гэх мэдээлэл гарч байсан юм.

Тэгвэл саяхан Монголын талаас үлэг гүрвэлүүдийн ясыг хууль бусаар хил давуулахад тусалсан гэмт хэрэгтнүүдийг УМБГ, Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж тогтоосон байна. Тодруулбал “Чингисийн говь” ТББ-ын захирал н.Түвшинжаргал, түүний эхнэр н.Болортуяа, МУИС-ийн  ректор  байсан  н.Болдсүх нарын хүмүүс оролцсон болох нь тогтоогджээ. Гэвч өдгөө  н.Түвшинжаргалын эхнэр н.Болортуяагаас бусад нь  нас барсан байна. Мөн хувиараа яс олборлогч н.Өлзийсамба түүнтэй хамтран оролцсон А.Өлзийбат, н.Даваадорж, М.Отгонтөгс, Э.Ганхуяг, Х.Эрдэнээ, н.Идэрхүлэг нарын бүлэг хүмүүсийг шалгаж байгаа аж.

Түүнчлэн үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар хилээр гаргахад оролцсон албан тушаалтнууд тодорхойгүй байгаа  учир  цаашлаад холбогдох байгууллагын өндөр албан тушаал эрхэлж байсан  хүмүүсээс тайлбар авах шаардлагатай болжээ. Тухайлбал Гаалийн ерөнхий газрын даргаар  ажиллаж байсан Д.Цэвээнжав, Хилийн цэргийн удирдах газрын  штабын дарга асан, Бригадын генерал Ц.Сэргэлэн, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр нарын хүмүүсээс тайлбар авч эхэлсэн байна.

Г.Долгорсүрэн

Show More

Related Articles

Close