Онцлох

Оюу толгойн гэрээ ба Канад руу гарсан 2,9 тонн хулгайн алт

Оюу толгойн  гэрээний талаар  олон жилийн турш амтай болгон  ярив. Эцэст нь монголчууд бараг бүгдээрээ нэгэн дуугаар “Энэ гэрээ хулхиных” гэв.  Үндсэндээ 2004 оноос хойш саяхан болтол Баабар нарын зэрэг цөөн  нөхдийн “Хамгийн үр ашигтай гэрээ” гэдгийг  манайхан  сохроор шахуу дагаж явжээ.  Баабар “Ингэж өгүүлэв”-тэй өнгөрсөн онд  “Энүүн шиг биднийг тэжээх гэрээ алга” ухааны юм бичсэн байлаа. Даган дуурайгчид  учрыг нь сайтар олоогүй атлаа “Баабар  хэлсэн болохоор үнэн байж таараа” гээд чимээгүй болцгоосон юм. Түрүүчийн парламент, Засгийн газрын үед УИХ-ын гишүүдээс  хорин хэдүүлээ эсэргүүцэл илэрхийлж,  сүрийг үзүүлсэн нөхдөөс  ч  аяндаа ухарч амаа хамхиж билээ.  Тэгтэл шинэхэн парламентын гишүүдээс    дахиад  хорин хэдүүлээ “Энэ гэрээг сайжруулахгүй бол болохгүй нь ээ” гээд  гарын үсгээ хөлийнхтэйгөө  хамт  зурах нь холгүй юм болов. С.Ганбаатар, С.Баярцогт нарын мэтгэлцээн  харин  “Хорин мянган хувьсагчтай” гэрээний нууцыг олон нийтэд   нээгээд өглөө.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн УИХ, Засгийн газрын гишүүдтэй уулзахдаа  гэрээний булхайг бүр ч  ил болгосон юм. Гэсэн ч “Рио Тинто”-д хайнагийн шар шиг дөрлүүлсэн Оюу толгой төслийн багийнхан гэдийсээр байна.

Хэд хоногийн өмнө Лондонд болсон хувь нийлүүлэгчдийн тайлангийн хурал дээр Оюу толгойн захирлууд  “Энэ гэрээ бол халдашгүй номлол. Тиймээс үүнийгээ бид Монголын ард түмэнд сайтар тайлбарлаж  байгаа” гэжээ.  “Номлол”  гэх нь тэдний хувьд илүү оновчтой томъёолол байсан бололтой.  Хүчирхэг зэвсэгт хүчинтэй, том гүрнүүдэд  цэрэг дайны номлол гэж бий. Буурай орнууд ч мөн өөрийгөө хамгаалах номлолтой л доо. Гэхдээ Оюу толгой дахь Канад, Англи, Америк эздийн түрэмгий номлолыг хэн ч үгүйсгэх, өөрчлөх эрхгүй бололтой юм, янз нь. Тэд бидэнд луйврын ашгаа “номлол” хэмээн  дээрэнгүйгээр  тулгах болжээ. Энэ удаагийн хувь нийлүүлэгчдийн хуралд нь Монголын иргэний байгууллагуудыг төлөөлж очсон “Оюу толгойн хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Сүхгэрэл хэлэхдээ “Дэлхийн зуны Олимпод алт, мөнгө нийлүүлж байна гээд байсан чинь энэ тухайгаа тайландаа тусгасангүй. Өөр нэг хачирхалтай зүйл гэвэл, Рио Тинто нийт хөрөнгө оруулагч нартаа гэрээг нийтээрээ хамгаалахыг анхаарууллаа. Гэвч  Оюу толгойн гэрээ эрсдэлд орж байгааг хувь нийлүүлэгчид нь мэдэрсэн байна. Өнөөдөр Оюу толгойд ямар ч хяналт байхгүй. Иймээс иргэний байгууллагууд хүчээ нэгтгээд, ядаж мэдээллийн сайн сүлжээтэй болох хэрэгтэй байна. Оюу толгойн үйлдвэрлэлийн нойтон хаягдлын далан сэтэрсэн. Энэ нь технологи зөрчсөнөөс болжээ. Тоосны менежмент тэнд огт алга. Цагаан тоос асар их. Жилд 3,5 тонн цагаан тоос ялгарна гэсэн тооцоо бий. Эрдэнэтээс хэд дахин их. Уул уурхайн олборлох салбарын ил тод байдлын тайланг нь үзлээ. Энд бас нэг сонин юм байна. Юу гэвэл, 2010-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Оюу толгойгоос хандив өгч  байжээ. Мөн Улсын мэргэжлийн хяналтын газар ТОУОТА маркын хоёр машин авсан байна. Ингэж  манай төрийн байгууллагууд 8-25 сая долларын хандив, бэлэг авч байсан байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн гэрээг Олон улсын ГААГ-ийн шүүхэд өгсөнийг манай  их мэдэгчдийн нэг хэсэг нь  их л доогтойгоор угтав. Хүмүүсийг хэрцгийгээр  аймаглан устгасан  цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүдэг шүүхэд өглөө, энээ тэрээ баахан юм ярьцгааж амаа цуулах шахав. Гэтэл уг шүүх түүний гомдлыг хүлээн авахаас татгалзсангүй. НҮБ-ын Олон улсын хэмжээнд мөрдөж буй 1803 тоот зөвлөмжийг хэрэгжүүлээгүй хэмээн үзжээ. Тиймээс С.Ганбаатар “ГААГ бол үнэний шүүх юм билээ” гэж байна. Удахгүй тэр Рио Тинто-г  Лондон хотын тухайн дүүргийнх нь шүүхэд өгнө гэнэ. ГААГ-аас мөн түүнд “Олон улсын арбитрын шүүхэд өгч болно” хэмээн зөвлөжээ.

Оюу толгойн гэрээ нь үндсэндээ өрийн гэрээ гэдгийг  одоо бид сайн мэддэг болжээ. Өр 7,5 их наяд хүрэв. Монголын талын 34 хувь нь 2,3 тэрбум ам.доллар гэсэн үг юм байна. Бас л өр. Монголчууд эндээс ноогдол ашиг бараг авахгүй.

Хаанахын хэн нь үл мэдэгдэх гурван найзтайгаа оффшор дансаа  Швейцари улсад нээсэн нь илэрч баларсан С.Баярцогт Оюу толгойн гэрээг эрсдэлгүй гэрээ гэсэн нь мулгуу амьтан хуурахаас долоон дор юм болов. Үнэндээ Оюу толгойн орчин буюу говь нутаг  тэр чигээрээ эрсдэл дагуулна. Наад зах нь усгүйн зовлонг одоо тус үйлдвэр захаасаа амсаж буй. Б.Бат-Эрдэнэ аваргын улаан цээжээрээ дарж унагасан  “Хэрлэн-Говь” төслөөр уг нь  Хэрлэнгийн гадагшаа хил даван урсаж алга болдог усыг  дамжуулах хоолойгоор Оюу толгой руу татсан бол байдал арай дээр байх байлаа. За энэ ч яая  гэхэв. Санаа төдий юм л даа.

Оюу толгойн орд дээр дураар тонгочсон Канадын “Айвенхоу майнз”-ын луйврыг манайхан мэдсэн ч мэдээгүй царайлж байна. Энтри гоулд хэмээх компанийх нь Оюу толгойн ордын хаяанд хууль бусаар эзэмшсэн лицензийг саяхан цуцалсан нь харин нэг амжилт гэлтэй. Гэтэл  дахиад алтны асуудал сөхөгдөв. Канад руу өнгөрсөн хэдэн жилд таван тонн алт гарчээ.  Тус улсын бүртгэлээр таван тонн гэж байгаа юм.  Харин манай хил гааль дээр 2,1 тонн гээд явуулчихсан байж. Ингээд 2,9 тонн алт дутаад явчихав. Яав ийв болоод хөөцөлдөөд байтал сүүлдээ АТГ-ынхан сүрхий шалгасан дүртэйгээр иргэний байгууллагуудын өөдөөс “Наадах чинь гаалийн бүртгэлийн алдаа л байсан байна ш дээ” гээд өнгөрчээ. Энэ олуулаа хийсэн дээрэм үү, санаатай будлиан уу. Тэрхүү “Энтри гоулд”-ын эзэмшиж байсан талбай асар их алтны судалтай, зэсийн нөөцөөр ариван юм. Иймд эндээс  хардах сэтгэл хар аяндаа төрнө.

Оюу толгой компани бол хөрөнгө оруулагч биш зээл зуучлагч хэмээн С.Ганбаатар саяхан “Оюу толгой -51” хөдөлгөөний хурал дээр хэллээ. Энэ үнэн болов уу. Оюу толгой ХХК-нийн авч буй 4 тэрбум ам.долларын зээлийн 34 хувь нь манайд оногдох учиртай гэнэ. Дахиад л өрийн дарамт. Энэ мэтээр Оюу толгойд бидний толгойн өвчин болж буй олон но-той зүйл хуримтлагджээ. Иргэний байгууллагууд тийш нь “Хариуцлага хяналтын зөвлөл” байгуулан хараа хяналтаа чиглүүлэх тухай ярилцаж буй  нь тун зөв алхам болов уу.

                                                                                                                 Б.Отгонбаяр

Related Articles

One Comment

Leave a Reply

Your e-mail address will not be published.

Back to top button
Close